Улаанбаатарт борооноор нэг оройхон гадуур явж таарсан. Найзынхаа зуслангаас доош уруудаад, аав минь жолооч. Аймар, аймар. Эсэн мэнд гэртээ хүрэх минь гэж бодсон.
Замын хөдөлгөөнд оролцогчид бүгд шахуу их бүдүүлэг, бусдадаа төвөг удахаа юман чинь ээ боддоггүй санагдсан.
70 шүргэж яваа хүн хотын тэр их эр зориг шаардсан замын хөдөлгөөнд оролцож байна гээд төсөөл дөө. Хөөрхий минь хичээсэн.
Бага зулзага зуслангийн замд жаахан зайлагдсан уу? Бөөлжөөд. Борооноор бид түр зогсож бөөлжөөд. Хөөрхий аав минь бүр сандарчихсан. Одоо бодохоор өрөвдөөд, нулимс цийлэгнээд...
Аавыгаа яаралгүй, сандралгүй яваарай бид зүгээр гэж замын турш тайвшруулж байж арайхийн гэртээ эсэн мэнд хүрсэн. Тэр хооронд дүү маань тувт залгаастай, хаана байна? гээд л. Аавыгаа айгаад, сандарчихаж байгаа гэж мэдсэн хэрэг...
Тэгсэн хамаатнуудын ганц нэг нь аав руу минь яриад, зүгээр үү? Харьж амжсан уу? Үер болж байна гэнэ гээд, бид зурагтаа асаагаад мэдээ харсан чинь юу вэ? Бидний дайрч өнгөрсөн, Дарь эхийн зам битүү ус, том автобус хойшоо урсах нь халаг, жижиг тэрэг бол зүгээр л хөвж харагдсан.
Аав минь мэдээ үзээд бас л сандарчихсан, азтайд л тооцлоо, өөрсдийгөө.
Түүнээс ч 50 нэлээд гарчихсан хойноо жолооч болсон, угийн жаахан аймхай аавд минь бол тэр үер ус бол сүнсийг нь аваад хаячихна биз дээ?
Үүнийг уншиж буй монголд байгаа жолооч нар настай хүмүүс машин барьж байвал жаахан хүлээцтэй хандаж сураарай л гэж хүсэх байна.
За тэгээд үнэндээ бид өөрсдөө үнэн соёлгүй юм билээ. Би заримаас нь гуйна, заримтай нь шөргөөцөлдсөн.
Мэдээж аргаа барсан үедээ, цаад талын буруу үед шөргөөцөлдөнө.
Зарим нэг том ганган машинтай залуус, ах нар, хүүхнүүд, эгч нарын ухамсар дорой байна гэж дүгнэсэн. "Би би-гээсээ салаагүй.
Нэг жишээ: Бид грашнаас гараад жаахан явж байтал өөдөөс нэг том машинтай ах орж ирснээ, ухрахгүй тулаад зогсчихсон. Бидний араас хэд хэдэн машин бас гарах гээд зогсоостой.
Өнөөх өөдөөс ирсэн ахын ард хэн ч байхгүй. Гүрийгээд л зогсоод байна. Ээж маань бүр буугаад хэлсэн, учирласан.
-Чи залуу хүн байна, ухраад энэ машинуудаа явуулчих.
-Би грааш руугаа ормоор байна.
-Би граашнаасаа гармаар байна.
Сүүлдээ ээж маань бас гэдэн нь хөдлөөд, манай хүн буугаад том дуугарах гэж үзээд. Зүгээр ярихдаа ч чанга дуутай хүн л дээ. Ха ха.
Өнөөх ах чинь олон хүний өмнөөс ганцаараа гэдгээ мэдсэн шиг ухраад, би яг харц тулгарч таараад, баярлалаа ах аа гэж эелдгээр мишээгээд л зөрөв. Бүр албаар мишээж, талархсанаа хэлсэн. Ккк.
Ихэнх тауны гадаах машины зогсоол бол үнэндээ л арай хэтэрхий давчуу, бөгс эргэх зайгүй, хүүхдүүд болон хөгшдөд халтай юм билээ. Улаанбаатарчууд та нар яаж тэсдэг байна аа. Бахархам...
Хоёр жишээ: Нэг нэгхэн урсгалтай зам. Эсрэг усргалын нэг машин зам дээр машинаа зогсоочихоод жолооч нь алга. Хажууханд нь нэг жижиг дэлгүүр. Бодвол тийшээ орсон байх. Тэгсэн арынх нь машин бидний явж байсан зам буюу урсгал сөрж орох гэж зүтгээд.
Бид чинь дүрмийнхээ дагуу явж байж мөргүүлчихээгүй золтой л. Би ч тэсэлгүй "хүүе та хүлээж байгаад гарах ёстой шүү дээ. Аашлаад хараамаар бол буугаад урдах машиныхаа жолоочийг тэр дэлгүүрээс нь гаргаж ирээд хараа" гэж мөчөөрхсөн.
Зам дээр машинаа зогсоочихоод алга болчихдог, хүнтэй буу халаад зогчихдогоо л больчихмоор. Нэг их олон урсгалтай өргөн замтай юм шиг л аашлахаа больчих хэрэгтэй...
Гэх мэт замын хөдөлгөөний дүрмийн талаар шүүмжлээд, бухимдахаар зүйл их байсан.
Аяа тэр түгжрэл бол үнэхээр хүсэхийн биш. Зулзагууд бие засмаар байдаг, охид бол тэсээд л гүрийсэн. Арай ч өмдөндөө авчихаагүй. Бага нь эр юм болохоор шил зэрэгт аргалж байгаа юм.
Хотод машиндаа шил, коршонк, зөөврийн жорлон авч явдаг гэхээр үнэндээ л өрөвдөлтэй санагдсан. Ингэж хэлэхээр өөрөө монголд байгаагүй юм шиг гэх байх.
Үнэн үнэн, намайг байхад арай ч ингэж түгжирч байгаагүй юм өө...
Урдаа машин оруулалгүй урагшилна гэж л эр зориг шаарддаг юм билээ тийм ээ? Хүн бүгд л яарч байгаа, тэгэхээр урдаа нэг ч машин оруулахгүйн тулд бүр тулж ирээд л зогсоно, шүргэх нь холгүй зөрнө гээд л аймар аймар.
Би ч орилохгүйг маш их хичээсэн. Жолоочид халтайг маш сайн ойлгоно шүү дээ. Ха ха.
Сайн, сайхан зүйлийн хажуугаар энэ мэт хэцүү зүйл байсан шүү. Худлаа хоосон магтаад ч яалтай. Хэлж ярьж засна шүү дээ...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿