Зулзага лимбэ үлээж байгаа гэж хэллүү?
Бүтэн сайнд хотын хэдэн дунд сургуулиудун сурагчдын үлээвэр найрал хөгжмийн дугуйлангийн хүүхдүүдийн фестибал концерт болоод. Очиж үзлээ.
Хөөрхөн л юм болдог юм байна. Их богино хугацаанд хичээллэж байгаа гэхэд дажгүй шүү үр минь.
Их л ядардаг бололтой. Нойр хоолонд их сайн байна өө. Гэм нь жаахан сонин цагт унтаад, сонин цагт босоод, даалгавар энэ тэр хийж байна гэж суугаад, уур хүргээд байх юм.
Өглөө сэрэх гэж бас л дуудуулна. Би ч өөрөө нойртойг хэлэх үү?
Энэ шилжилтийн нас гэх үү? Өөрчлөлтийнх нь насыг аятайхан давчихмаар байдаг. О.зулзага яг яаж байсан юм бол доо? Хүн гэдэг амьтан чинь яасан ч мартамхай юм бэ дээ?
Нэг эхээс төрчихөөд эсрэг тэсрэг ааш араншинтай хүмүүс байдаг даа, яг л тэр нь болж байх шиг байна. Хэ хэ.
Заримдаа ч яаж харьцахаа мэдэхгүй, зүгээр л дуугай л аан за, аан тэгээ юу? гэж байна. Тэгэхээр тоосонгүй гэх. Тоодог баатар болоод үглээд эхлэхээр үглэлээ гэх. Хо хо.
Юу бичих гэж орж ирлээ? Аан тийм, хичээж буй зүйлийх нь тухай магтах гэж. Магтах хэрэгтэй. Өөрт нь ил магтаж урамшуулах хэрэгтэй. Тийм үү? Заримдаа ч магтах аргаа бас олохгүй л байна.
Жаахных шиг нь өө яасан хөөрхөн юм бэ? Өө яасан авъяастай юм бэ? гэж хэлчихэж чадахгүй, шууд л үглэхээ урдаа бариад байгаагаа мэдээд хэлээ хазна.
Ямартай ч лимбээ хөөрхөн үлээдэг л болж. Тэрүүхэндээ хөөрхөн гунхаж энэ тэр. Хөгжмээ мэдрээд байх шиг байна шүү. Багш нь тэгж зөвлөсөн гэсэн. Тэгвэл өөртөө итгэлтэй, хөгжмээ мэдэрч буй мэт харагддаг гэсэн гэнэ. Хи хи.
Эд нарын энэ дунд, ахлах сургуулиудын урлаг уран сайхан, спортын дугуйлангууд үнэн чадварлаг, худалч хүнд бараг мэргэжлийн гэж хэлж болохоор л чадварлаг сургана.
Арга ч үгүй юм биз дээ? Өдөр бүр бага багаар нүдэх юм чинь тийм ээ? Амралтын өдөр бараг байдаггүй байсныг сүүлийн хэдэн жил ажиллах арга барилыг өөрчлөх тухай хуульчилж, сургуулийн багш нарын ачааллыг мөн багасгах зорилготойгоор заавал нэг амралтын өдөртэй болгосон.
Мөн оройн цагаар эцэг эхчүүдийг сургууль руу утасдахыг цөөлөхийн тулд цаг заасан байсан. Жаахан л юм болоход сургууль руу утасдаад багш нарыг загнадаг эцэг эх их олон байдаг гэж сонссон.
Гэснээс энэ хөгжмийн дугуйлангийн багш нь о.зулзагыг сурч байхад шилжиж ирсэн багш. Таниад сүрхий. Би тэгсэн мартчихсан байдаг шүү. Дүүг нь эгчтэйгээ их адилхан, хааяа нэрийг нь андуурч дуудаад байдаг гэж хэлсэн. Ккк.
Энэ лимбэ хөгжим бас хөөрхөн аялгуутай юм тийм ээ? Нэг их тоодоггүй байсан чинь өөрийн зулзага үлээж эхлээд л юу билээ? гэж тоож эхлэв. Хи хи.
О.зулзагын ачаар бас тэр trumpet хөгжмийг амьдаар нь харж мэддэг болсон. Энэ удаад энэхүү flute хөгжмийг мэддэг болов.
Охид ч спортод нэг их ур чадваргүй, эсрэгээрээ урлаг уран сайханд дуртай, тэр чиглэлээр нь бага зэрэг хөгжүүлчих санаатай. Мэргэжлээ бол өөрөөр сонгоод байх шиг.
Амьдрал нь тэр хэмжээгээрээ баялаг болох байх гэж найдах юм. Би өөрөө ямар ч урлаг уран сайхны авъяасгүй учир зурдаг, дуулдаг, хөгжимддөг хүмүүсийг биширдэг, атаархдаг, бахархдаг.
Бага зулзагаа мөн ажиглаад л явж байна.
Уншигчдынхаа зулзагуудад амжилт хүсье. Мөн ээж аавууддаа ч амжилт хүсье.
Түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿