2024年2月21日水曜日

Хүүгийн яриа

Хань ижил хааяа оройтно оо. Харих болгондоо утасдаж, захих юм байна уу? гэж утасддаг юм. Учир нь би заримдаа зулзагуудыг хүргэж өгөх авах гээд ажилтай үедээ дэлгүүр орж амждаггүй.

Мөн зулзагуудтай хамт орохоор заавал нэг төлөвлөгөөнд байгаагүй зүйл авчихдаг талтай. Амттан гэх мэт. Аль болох ганцаараа шур хийж ороод л шур хийгээд гараад ирэх нь туйлын зөв байдаг. Хи хи. 

Тэгээд нэг орой залгаад л харьж явна, захих юм байна уу? гэв ээ. Би спикер дээр нь тавьчихсан ярьж байсан юм. 

-Аав аа, та яагаад оройтоод байна вэ? Оройтоод байвал өөр ааваар солчихно шүү. 
-Юу???

Би наана нь бас гайхаад л сонсож байлаа. Бас юу билээ? Надад тийм хүн бий билүү гэж бодоод амжсан. Ха ха. 

Харьж ирээд хоорондоо ярьж байна аа. 
-Чамд сольчих өөр аав байгаа юм уу? 
-Үгүй ээ, байхгүй ээ. 
-Ээж нь заагаад өгчихдөг юм байх даа?
-За болиод өгөөрэй. Би юу гээд л тийм сонин юм зааж өгөх вэ дэ? 

Одооны энэ хүүхдүүд бас л айхтар болж байна шүү тийм үү? 

Алтан загасны үлгэр сонсчихоод, өвгөний төмсийг нь гайхаад, эмгэнээ л сольчихгүй мангар юм бэ? гэдэг шиг л. 

Гэрийн бараа харахгүй оройтоод, нэг бол гэртээ гар утас маажаад суучихдаг аав нар бодууштай л юм. Эхнэр нь чамайг сольчихдоггүй юм гэхэд хүүхдүүд чинь аавыгаа солих нь байна шүү дээ. Хо хо. 

Өхөөрдөөд инээгээд л өнгөрсөн. Бодоод байсан чинь хүүхдүүдэд ээж аавтайгаа гэртээ хамтлаа тоглоод л, эрхлэлдээд л байж байх нь аз жаргал байх нь ээ. 

Яахав шилжилтийн насан дээр бол өөр  л дөө. Аль болох ганцаараа, найзуудтайгаа байх дуртай болно. Ээж аавын үглээ ядаргаатай санагдана. Хи хи. 

Зээ, нэг иймэрхүү халуун яриа эрчүүдийн хооронд болж өндөрлөөд, би мартахгүйн тулд блогтоо бичив. Багынх нь хөөрхөн үг, үйлдлийг мартчихна шүү дээ, хүн чинь. 

Ямар сайндаа о.зулзагыгаа хэрхэн яаж хүмүүжүүлснээ мартчихаад байхад. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿