2024年7月1日月曜日

Монгол амт

Монголоос гийчидтэй, монгол амттантай 6 сар өндөрлөв. 

Дэнж хотойтол нааддаг 7 сар минь сайн байна уу? Хуушуур л бодогддог. Бөх бол онц биш, хамгийн дэмбэрэл нь наадмын дараа доппинг гээд шуугина. Үзэхээ ч байсан...

Амттанаа мөнхөлж зураг оруулав. Намайгаа аарууланд дуртай гээд гэртээ байсан өнгөт ааруулаа хамаад ирсэн гэсэн. Хөөрхөн байна уу? Мөн гоё бор ааруул ч байсан. Хамгийн түрүүнд дуусдаг нь шүү дээ. 

Наана нь байгаа нь ааруулан үрэл. Зулзагууд дуртай. Гэхдээ бас дур сонирхол нь өөрчлөгдсөн нь ажиглагдсан. Ээж л ганцаараа шахуу идэв.

Багадаа иддэг байсан 100-гийн жигнэмэг шиг санагдсан. Бүхэл үртэй, зузаавтар байсан. "Аз хур" гэдэг нэртэй. Цайнд дүрээд идэхэд амттай байлаа. 

Дараа дэлгүүрээс хайж үзнэ ээ. Мэдээж монголд. Гэхдээ нүд эрээлжлээд, яг монгол бүтээгдэхүүнээ олж харахад энерги шаардах юм билээ.

Хамгийн тансаг нь энэ тос. Талхан дээр түрхээд идсэн, өглөөд. Цөс минь баярласан байх аа. Өглөөдөө шар тос байвал иднэ, ихэнхдээ масло иддэг юм. 

Зээ, хэсэгтээ нам жим байна, гэхдээ бас нэг зүйлд бэлтгэнэ. 

Борооны улирал утгаараа үргэлжилж байна. Өнөөдөр бол үе үе аадар бороо цутгаж байна.

Хот төлөвлөлт, ус зайлуулах тогтолцоо сайн тулдаа усанд автчихалгүй "орших" юм энэ улс. Биширмээр, хүндэлмээр...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿