2024年8月31日土曜日

Гадаад хоол 2

Солонгос хоолны газар орсон. Бас л гадуур явж байгаад. Угтаа би хоол идэхгүй байж болох байсан л даа. Ерөнхийдөө мах бол хүнд талдаа орчихож байгаа юм. 

Тэгсэн дүү загнаад өө, наад жин энэ тэрээ хасах ажиллагаагаа харьж байгаад л хий, битгий маяглаад бай гэж. Би чинь дүүгийнхээ үгэнд ордог сайн "өрөм" эгч. Ха ха.

Гэснээс та нар энэ өрөм гэдэг үгний учрыг ойлгож байна уу? 

Нүүрномоор нэг залуу ярьж байна шүү. 

"Гадаадад манай монголчуудын дан өрөмнүүд нь байдаг юм билээ. Шилдгүүд нь, сайнууд нь гэсэн үг л дээ" гэж ирээд л. Тэгсэн тэр залуу нь Камертон хамтлагийн Мээдээ гэсэн. Би таниагүй л дээ. Угаасаа ч нэг их сонсдоггүй. Ха ха.

2 бүсгүйд энэ мах бол хангалттай. Болсных нь дараагаар хайчилчихдаг. Амар тийм ээ? Гэснээс манайх саяхан гэртээ бас махны хайч худалдаж авсан. Энэ хавар, зун найз нөхөд ирээд мах шарж идэхэд маш их хэрэг болсон. Тун зүгээр юм билээ.

Солонгос хоолны гоё нь энэ тийм ээ? Олон жижиг жижиг хачир ирдэг. Бараг хачраа идэхэд л цадчихаар. Хэ хэ. 

Энэ олон хачрыг нь гэртээ өөрөө хийгээд сурчихвал ч гэж бодно оо, идэж байхдаа. Гэртээ харьж ирээд ном минь нүдэнд харагдвал өнөөх хүсэл, мөрөөдөл нь шууд алга болоод, номоо тэврээд суучихна. Хи хи. 

Олон төрлийн жижиг амттай ногоонуудад дуртай гэж юүхэв.

Энэ уурыг нь сордог "яндан?" нь содхон санагдаад зураг дарсан бололтой. Заримдаа ч дарсан зурагнуудаа сүүлд хараад, юу нь сонин санагдав? юу хэлэх гэж зураг дарав? гэж боддог болчихсон байна лээ шүү. Ай насны намар аа гэж. Хо хо. 

Яг махаа шарах үедээ доош нь татаж буулгаад хайруулын тавагтайгаа ойртуулчихаж байсан.

Эндхийн зарим нэг хоолны газартай төстэй санагдаад. Ийм газар бий болчихож төрөлх хотод минь гэж бодоод л зураг дарсан байх. 

Ойлгоно биз дээ? Би чинь нутгаас гараад 20-иод жил болчихсон. Намайг байхад иймэрхүү газар бараг байдаггүй, Сансрын түнээлийн дээхэн байдаг "Сэкитэй" гэдэг япон хоолны газар ийм ширээ сандалтай байсан шиг санаад байна. 

Гэхдээ тэднийх доошоо хөлөө жийж сууж болдог ч байл уу? Сайн санадаггүй ээ. 

Ажлаар ирсэн "гүзээтэй" дарга нар лав ийм ширээнд суух гэж үйлээ үздэг байсныг санаж байна. Гутлаа тайлах гэж гүзээ нь тулна, хөлөө жийх гэхээр гүзээ нь тулна. Гүзээгүй байсан ч хатуу талдаа хүмүүс, бүр завилж сууж чаддаггүй хүмүүс ч байдаг юм билээ.

Хэдэн жилдээ нэг удаа очдог би чинь ингэж гадуур хоолоод явах нь бага, дандаа л айлаар хэсээд л бууз хуушуур, хорхог боодог идэж байгаад ирдэг хүнд энэ удаагийн Улаанбаатар дахь "аялал" минь тун хөгжилтэй, сонирхолтой байлаа. 

Амттай сайхан хоолоор дайлсан дүүдээ энэ завшааныг ашиглаад дахин дахин баярлалаа, гялайлаа гэж хэлье өө. 

За за хоолны тухай бичиж байснаа юу ч гээд бурчихав даа. Хэ хэ.

2024年8月30日金曜日

Ясан зүрх

Нэг хөөрхөн ном уншаад дууссан шүү. 

Ойрын хэд хоног тувт идсэн уусан тухайгаа бичээд сонирхолгүй байсан уу? уншигч олон минь. Хэ хэ. 

Хайр дурлалд дуртай, гоё төгсгөлд дуртай хүмүүст дажгүй ном санагдсан шүү. Багадаа "Цагаан бээлий", "Морь унасан толгойгүй хүн" зэрэг номнуудын яг тэр хайр дурлалын хэсгийг байн байн сөхөн уншдаг байж билээ.

Тухайн үеийн номнуудад бол хайр хийх тухай ил тод, дэлгэрэнгүй бичдэггүй байсан. Харц тулгараад л, үнсэлцэх төдий л зүйл бичдэг байж.

Ном уншдаг болох, уншдаг болгох гэж толгойгоо гашилгадаг өвсөр насныхан, шилжилтийн насныханд сонирхуулж болохоор ном. 

Мэдээж +13 ч юм уу? Бэлгийн хүмүүжил, нөхөн үржихүйн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй хүүхдүүд уншвал тийм ээ? 

Бэйя, Сэмсон хоёр цаашдаа яах бол? Хэдийд дотносох бол гэж шимтэн уншина. Олон хоног ч зарцуулахгүй. 

Хэдий өссөн орчин нь хэлэхийн аргагүй хүнд хэцүү, бохир заваанаар дүүрэн байсан ч хүн өөрөө л зөв байж чадвал яаж ийгээд зөв замд орж болдгийг бататгасан агуулгатай байлаа. 

Мөн зөв хүнээ олж нөхөрлөвөл, дотносвол гарцаагүй сайнаар нөлөөлж болдгийг ойлгуулах байх аа, залуу хөөрхөн уншигчдад. 

...Бэйяг багад нь ээж аав нь салчихна. Салчихна ч гэж дээ, бараг л ганц удаагийн ойртолтоор хүсээгүй жирэмслэлт болчихоод, аав ээж нь хоорондоо суудаггүй. Гэхдээ аав нь хариуцлагатай нэгэн байж, хүүхдийн тэтгэмжээ том болтол нь төлнө. Мөн үе үе уулзалдана. 

Харин ээж нь донтогч. Хар тамхи шиг байгаа юм. Мансуурах юу л байна, түүнд донтдог шиг. Тунгаа хэтрүүлээд, нас барчихна. 

Ээжийгээ нас барсны дараагаар аав дээрээ очно. Хойд ээж, хойд ээжийн охин, түүний найз, аав нь гэх мэт хүмүүс харин их аятайхан хүмүүс байна. 

Хажуугаар нь өөрийнх нь "шархтай сэтгэл зүрх"-ийг нь өөртөө татаад байдаг нэгэн залуу гарч ирнэ. Сэмсон. Яагаад ч юм тэр хоёр бие биендээ татагдана. Тэр шалтгаан нь сүүл хэсэг рүүгээ тодорхой болж ирнэ.

Аан тийм, байгалийн сайхан нь, сүрдмээр чанар нь хүнийг эмчлэх увидастайг, чадвартайг өгүүлнэ, далд утгаар. Далай гээч нь цаанаа л нэг эрч хүчтэйгээр ховсдоод л...

Мөн хүн ямар нэгэн зүйлд шамдах, хичээллэх нь ч сэтгэл зүйг нь далдуур эмчлээд, чиглүүлээд явдаг шиг байна шүү. Хүнтэй харилцах, нийгэмд ямар нэгэн хэмжээгээр оролцох, өөрийг нь гэдэг хүн байдаг, эрх эдлэхийн хажуугаар үүргээ ч гүйцэтгэх тухай өсвөр насныханд ойлгуулах байх өө. 

За тэгээд, өнөө цаг үед "дурлалцах" нь ядаргаатай, адармаатай гэдэг үзэл газар авч буй хэдий ч залуусыг зоригтойгоор дурлаасай, хэн нэгэнд татагдаасай, алдсан ч хамаагүй. 

Дараа нь түүнээсээ сургамж аваад, дахин өөр харилцан хайрлан, харилцан хүндлэх хүнтэй учраасай гэж хүснэм, өнөөдрийн өндөрлөгөөс хэлэхэд. Хи хи. 

Сэмсон залуу харин ухаалаг нэгэн байлаа. Түүний хэлсэн зарим нэг үг хөөрхөн. Жишээ нь "Үнэндээ сайхан эд зүйлс зүрх сэтгэлийн онгорхой цоорхойг хэзээ ч нөхөж чаддаггүй". 

Мөн нэлээд царайлаг шиг байна лээ. Би крашлана аа, яадаг юм. Хэ хэ.  

Яагаад "Ясан зүрх" гэж нэрлэсэн тухай уншиж байж л мэднэ.

Зээ, боломж гарвал уншина биз дээ? 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年8月29日木曜日

Амттан

Тувт дайлуулсан хүн чинь хааяадаа бас дайлна аа. Мэдээжийн зүйл тийм үү? Ичих, санаа зовох булчирхай минь бас л овоо ажиллана шүү дээ. Хэ хэ.

Нэг ийм амттан байдаг юм байна. Хэний ч билээ нэвтрүүлэгт их сурталчилдаг гэнэ. Би мэддэггүй. Хань ижил хаа холоос л хүүхдүүдэд тэр амттанг авч өг гэж лүндэгнээд. 

Утасны цаанаас олигтой сонсогдхгүй. Ядаж байхад гадаад нэртэй. Ха ха.

Захиалаад хүргүүлсэн. Энэ үйлчилгээ, түгжрэлтэй хотод бол их аятайхан тийм ээ?

Хөөрхөн зулзагууд нүд нь гэрэлтээд л хөөрхөн. Амтны хувьд яахав дээ гэсэн шүү. Та нар чамин гоё үгтэй сурталчилгаанд нь хууртагдав аа. 

Гэхдээ байна аа, мэдээж дуртай, амтыг нь таалдаг хүн байхыг үгүйсгэхгүй шүү. Харах өнцөг, амтлах өнцөг хүн бүр өөр өөр тийм үү?

Үүгээр дүү минь бидэн хоёрыг дайлсан юм аа. Халуун кофетой хамт идэхэд тансаг. Жингээ хасах гэж хичээж буй би бага зэрэг л амссан. 

Гэснээс би харьцангуй гайгүй жин нэмж ирсэн шүү. Одоо түүнийгээ хичээж байгаад хасаад, нэмээд дахин хэдэн кг хасчихвал ч алаад өгөх гээд байна шүү. Ха ха. 

За тэгээд төрөлх хотод минь кофе шоп их нээгдэж ээ. Худалч хүнд тав алхаад л байсан шүү. Бас тэр CU, G25 ч тав алхаад л байсан. Нэг бодлын амар, нэг бодлын онцгүй. Яг аль нь юм бэ? Ядаргаатай тийм ээ. Хи хи.  

Одоо ингээд бичээд сууж байхад, хөгжилтэй гоё явжээ. Хайртай хүмүүс минь, дотно найз нөхөд минь тэнд байна. Уулзалдаж буу халаад сайхан байсан. 

Түгжрэлийг эс тооцвол, худалдааны ганц нэг үйлчилгээг эс тооцвол...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年8月28日水曜日

Гадаад хоол

Гадуур ганц нэг ажил хөөцөлдөөд, түгжрээд явж байхдаа хоол иднэ ээ. Дан монгол хоол идээд явсан намайгаа арай өөр хоол ид гэж дайлсан дүүдээ баярлалаа. 

Угтаа эх орныхоо жижиг дунд бизнесмэнүдээ дэмжмээр тийм ээ. Гэм нь би өөрөө төлөөгүй, тувт даалгаад явчихсан. 

Дараа нэг очихоороо банкныхаа каартыг ашиглаж сурна аа. Код энэ тэрээ цээжлэж байгаад л. Хо хо.

Турк хоол. Испани гээд бичсэн байсан, гадаанаа. Байршлыг нь бичих гэсэн мэддэггүй ээ. Их л мэддэг газар байсан, эргэн тойрон нь. 

Гэснээс хот минь танигдахгүй, хуучнаар нь асуусан ч мэдэхээ байсан байна лээ. Осолдохгүй монгол хэлээр ярьдаг хүмүүстэй, гэхдээ харь хотод яваа мэт сэтгэгдэл төрнө. Хэ хэ.

Их махан хоолны дунд хэсэгхэн ногоо ч амттай. Салмон буюу яргай загастай. 

Арван хэдэн жил бараг хориод жилийн өмнө нэг япон өвөө монголд айлчлаад, луувангаас өөр ногоо байхгүй, би лууванд дургүйг хэлэх үү? гэж билээ. Энэ цаг үеийг бодвол бас ч гэж их төрлийн ногоо иддэг болжээ. 

Одоо өнөөх өвөөтэйгөө таарвал зөндөө олон хүнсний ногоо иддэг болсон шүү, дахиад нэг монгол яваа гэж хэлэх юм шүү. Хи хи.

Үндсэн хоол. Ногоотой, оливтой тул дажгүй байсан. Ходоод минь баярласан байх.

Хүүхнүүд амар тийм ээ? Бага иднэ, хэ хэ. Хань ижилтй гадуур хооллохоор, ер нь л хамт хооллохоор цадах болов уу? гэж их хоол захиалж, их хоол хийж, түүнийгээ уралдаж идэхээр чинь би жин нэмэх нь ойлгомжтой тийм ээ? Ха ха.

Хоолны дараах амттан. Жингээ хасах зорилготой тул дундаа нэг амттан аваад, 2 талаас нь сэрээдээд идчихсэн. Хэ хэ. 

За тэгээд дүүдээ эрхэлсэн эрхэлсэн. Өөр хоолонд ч даалгасан. Баярлалаа, гялайлаа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年8月27日火曜日

Дарс

Худалч хүнд орой болгон уусан байвал яах вэ? Аавынхаа гэрт бол уугаагүй л дээ. Гэхдээ байна аа, би гэртээ гуравхан хоносон байвал яах вэ? Энэ одоо ариун явдал уу? Ха ха.

Дүүгийндээ уусан. Гэхдээ их томоотой, нэгийг л уусан. Хов базангаа, хол ойрын сонин сайхан ярингаа соёлтой уух чинь л тэгээд өнөөх жаргаж хүртэнэ гээч нь биз дээ. 

Манайхны нэг гэм байна. Жаргаж биш хордож хүртээд байна. Ялангуяа энэ эрчүүд. Эхнэрийнхээ үгэнд орцгоож бай. Эхнэртээ базуулж бай. Та нарын л эрүүл мэндийн төлөө үглээд байгаа шүү дээ...

Намбалаг найзтайгаа уусан нь. Найз минь угаасаа насан багын л улаан дарсанд дуртай байсан. Одоо ч хэвээрээ. Би бол юм юм л уучихдаг байснаа, одоо найзыгаа дуурайж улаан дарсанд дурладаг болсон. 

Сайныг дагавал сарны гэрэл... Хи хи.

Найзууд уулзалдаад. Нэлээд өндөр дээрх газраас төрөлх хотоо тольдонхон уугаад. Сүртэй уугаагүй ээ. 3 бүсгүй нэг шил улаан дарсыг шимэнхэн ууж, буу халцгаав. 2 залуу нь ч их даруухан, нэг нь нэг данх цай, нөгөөх нь 2 стакан шар айраг.

Угтаа ингэж л уумаар санагддаг юм. Заавал давраад л, маргааш нь хэдэн шил хоосолсныгоо ам уралдан бардамнаж яриад л... Утгагүй л санагддаг. 

Найзууд тэгсэн чинь "энэ удаад япон зочинтой уусан тул хүн шиг ууцгаалаа" гэсэн. Тэр япон зочин нь би. Ха ха. 

Энэ их сонирхолтой. Хар цагаанаараа тусдаа мөртлөө хундагалахаар тэнцвэр нь яг л тохирч хундагалагддаг юм билээ. Амт нь ч дажгүй. Мэдээж нялуундуу л даа. Гэхдээ амттай юм билээ. 

Найзтайгаа хоёулхнаа уусан. Ёроолыг нь харсан. Ха ха. Гэхдээ давраагүй шүү. Тэгээд л сайхан унтаад өгсөн.

Энэ мэтээр даруухан сайхан ууж болж байна шүү, манайхаан. Заавал даврах хэрэг байхгүй шүү. Надаас суралцаарай. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年8月26日月曜日

Хол биш

Угтаа мөнгө байвал эх орон, элгэн садан минь хол биш л дээ. Хоёр жил дарааллан нисэхэд бодогдсон зүйл бол "мөнгө" шүү дээ. 

Өнгөрдөг жил гэр бүлээрээ явсан, энэ жил хоёулаа явсан. Зоос их орсон, хэлүүлэлтгүй. За тэгээд та нар минь тоо бодно биз? Нэг хүний онгоцны тийз хэд билээ? Тэдээр үржээд тэдэн сая гээд. Ха ха.

Чадраабалын Ганжавхлангийн "Хол биш" номын борлуулалтыг нь сонсчихоод хүмүүс тоо бодоод, үржүүлээд, баяжсаныг нь гайхаад байх шиг байсан. 

Би эсрэгээрээ, тоо бодуулчихаад түрийвчин дэх хэд минь цөөрнө. Хи хи. 

Агуулгыг бичих илүүц биз. Учир нь энэ ном маш их "уншигдаж" байна. Тэмдэглэлийн уралдаан хүртэл зарлагдсан. 

Анх удаа уншиж байна Ганжавхланг. Нүүрном дахь бичсэнүүдийг нь бол байнга шахуу уншина. 

Номыг нь анх удаа. "Аавынх манайхаас хол биш" эссэ нь таалагдсан учир уншмаар санагдсан. Хөөрхөн бичсэн байсан. 

Би ч олон жил хол байсан ижий аавдаа хоёр жил дарааллан очихдоо нэлээд олон зүйл ажиглаж мэдсэн. 

Нас намбыг нь бодоод, одоо энэ хулгана хөеөгөө цуглуулдаг шиг цуглуулсан олон сонин зүйлээсээ сал, хэрэгтэй хүнд нь өг гэж "захьсан". 

Хоёулхнаа байж хорин хүн амьдардаг юм шиг их олон "новш"-той байсан. Заримыг нь би эндээс өгч явуулсан. Одоо дахиж элдэв новш өгч явуулахгүй гэж бодсон.

Эвэрест явсан хэсэгт тэр аав бол үнэхээрийн бахархмаар юм тийм ээ? Төдий насандаа тэр их өндөрт гарчихдаг. Зорилт тавиад зориглочиход л бүх юм хол биш. Бүр Эвэрест хүртэл хол биш.

Ингээд бодохоор японд очиж үзэхсэн гэж боддог хэд хэдэн газар бий. Хэзээ нэгэн өдөр зориод, зориглоод "алхчихна аа". 

За тэгээд эргэн тойрон дах ь сайн хүмүүс, сайн зүйл, сайхан мэдрэмж цаашлаад сайхан нийгэм "ХОЛ БИШ" гэдэгт итгэнэм. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年8月25日日曜日

Цагаан идээ 2

Монгол нисэхээсээ өмнө л ээж ээ та бяслагаа хатаагаарай гэж гуйсан. Аятайхан, амттай бяслаг олох гэж хичээсэн гэсэн. 

Намайг очиход л хэрчиж дэлгэсэн.

Ингэж зүсэж, дэлгэж хатаасан бяслаг ямар тансаг амттай гэж санана? Эндээс хур бороогоо аваад оччихсон чинь хатаж өгдөггүй, жаахан сандаргасан. Нэг бүрчлэн эргүүлж тойруулж, сэврээнэ. 

Хүсэхээр ингээд бороо ороод, хурдан хатаж өгөхгүй юм гээд л үглэж суусан хөөрхий ижий минь...

Хайртай шүү, өгөх юмаа олж ядаад л, ядаж дуртай бяслагийг нь өгөөд явуулчих гэж зүтгэж байгааг нь харахаар өрөвдөнө өө...

Тэгэхгүй бол дорхноо хээгрэх янз ороод, энд тэндээ хар толбо үүсчихнэ. Хар толбо үүсээгүй ч дотроо бас жаахан амт орчихсон нь ч байдаг юм билээ.

Хатсаны дараах бяслаг. Нэг нэгээр нь амруу хийчихээд хүлхэнэ. Зөөлрөөд ирэхээрээ үнэн гоё. Юун чихэр, юун шоколат. Хэ хэ.

Ямартай ч ээждээ эрхэлж, төвөг удаж байж 2 уутыг авчирсан. Одоо бага багаар идээд, нэг нь дуусах дөхчихсөн. Сүүлдээ хөлдөөгчнөөсөө гаргалгүй, өөрөө л байн байн хөлдөөгчөө онголзуулаад нууцаар ганц нэгийг амруу хийгээд байгаа. 

Хань ижлээсээ харамлаад тэр. Ха ха. Зулзагууд идэхгүй байгаа тул, монголд төрж өссөнөөрөө бидэн хоёр л бие биенээсээ уралданхан идэж байна дөө.

Нэгэн найз минь, 40 кг цагаан идээ аваад явчихсан, ёндоотой шүү гээд байсан. Хи хи. 

Дуртай юмыг яалтай? 

Янз бүрийн гадаад чихэр, еэвэн авчраагүй. Ха ха. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年8月24日土曜日

Цагаан идээ

Цагаан идээнд, аарууланд, бяслаганд, айрганд, өрмөнд, хайлмагт дуртай. Хотод малгүй бидэнд олж идэхэд жаахан тийм. Нутаг ус нь хол л доо, аавын, ээжийн. Хөдөөнөөс ирсэн жаахан цагаан идээгээ их л нандигнан хадгалдаг юм билээ. 

Охиндоо хадгалдаг...

Ижийгийн минь охиндоо зориулж хийж буй хайлмаг. Өглөө орондоо нойрмоглон сэрэхэд л үнэр нь ханхийгээд л. Эрх бяцхан охин "Ямар гоё үнэр вэ? Талх бий юу?" гэж хошуугаа дэвсэж эрхлээд л. 

Аав тэнд талх бэлдэж цүндийж гүйгээд л...

Шар тос нь хөвөөд, янзын тансаг амттай байсан. Ганцаараа шахуу идсэн. Зулзага ямар идэх биш. Ямартай ч ааруул иддэг болгох гэж их хичээж буй, би. 

Сүүтэй цай ч уухгүй. Ааруулыг үе үе шахуулж байж ганц  нэг мэрнэ. Цар тахлын үеэр ааруулаа таслаад, цагаан идээний амтыг мартуулчихсан. Харамсмаар...

Дунд зулзага "хөлний улны үнэр" гэж авсан, хайлмаг хайлж байх үеийн үнэрийг. Яалтай. Тэдний буруу биш, бидний буруу...

Энэ, хайлмагаа хайлахаас өмнөх тос. Хөлдүү байхад нь тэсэлгүй идэж буй байдал. Хэ хэ.

Гэснээс хар талх л идүүлмээр байхад зулзага гэж гайхал цагаан талх нэхээд. Энд би хар талх олохгүй л байгаа. Гадаад худалдааны тасагт мэр сэр харагддаг, тэр гэхдээ шинэхэн талх биш тул худалдаж авдаггүй юм өө. 

Цагаан идээгээ түлхүү идээрэй, манайхан. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年8月23日金曜日

Хатуу юм

Хатуу юмаа манайхан арай л түлхүү уугаад байх юм. Одоо өөрчлөгдмөөр цаг нь болсон л баймаар өө. Та нарын эрүүл мэндийг л бодоод үглэж байгаа юм шүү. 

Айраг, шар айраг, дарс гээд арай зөөлөн нь их байна шүү дээ. Заавал хор хөнөөл нь их хатуу архиа л сонгоод уугаад байна аа. Больцгооё оо...

Говь-Алтай аймгийн нэрийн бүтээдэхүүн. Хавар нэгэн дүү бидэнд бэлэглэсэн юм. Уугаагүй, хадгалчихсан. Ирэх жил чавганыхаа дарсыг хийхдээ хэрэглэнэ дээ.

Амтыг нь сайн санахгүй байна өө. Гэхдээ хатуу архинууд бүгд нэг амттай тийм ээ? Та нар энэ олон архиа яаж ялгаад, уугаад байдаг юм бэ? Ха ха.

Монгол нэр нь "Хосын хорвоо". Ха ха. Дуудлагаар нь монголчилчихсон. Ёс болгоод амсахгүй, ероолыг нь харж санаа нь амраад, давраад дахин нэгийг задлах гэдэг зангаа больцгооё оо, манайхаан. 

Мэдээж бүгд биш л дээ. Мэр сэр тийм хүмүүс байна. Ганц уулзахдаа үглээд яахав гээд тэссэн л дээ. Хи хи. 

Шимийн архи. Шар тос хийгээд халаагаад уувал ядаргаанд их сайна гэнэ шүү. Би гэхдээ тэгж уугаагүй ээ. Нэрсэн авга эгчийнхээ хөдөлмөрийг үнэлээд жаахныг жаргаж хүртсэн. Хо хо.

Айраг, цагааны улирал ч таарсныг хэлэх үү? Сайхан айраг их уусан. Айрагаар таслаагүй ах эгч нартаа баярлалаа. Би бүр хань ижилдээ ч авчраад амсуулчихсан шүү дээ. 

Хань ижил айрганд нугасгүй ээ, алтны дэргэдэх гууль шарлаад би ч айрганд дурладаг болсон. Цагаан идээ шүү дээ... 

За тэгээд айрагаан сайн уугаад, эрүүл энх байцгаая өө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.

2024年8月22日木曜日

Шар айраг

Уулзсан бүх хүмүүсээрээ сайхан дайлуулаад явчихсан. Санаа зовмоор. Үе үе боломж гарвал дайлахыг хичээсэн л дээ. 

Манайд ирвэл сайхан дайлна шүү. Манайд ирээрэй, манайд ирээрэй...

Энэ бол хоёрхон цагийн визтэй гарахдаа дайлуулсан. Хоолонд ороё гэсэн л дээ. Идсээр байгаад, бие бүр хүндрээд байсан тул хоол идэхгүй ээ, кофе ууя гэсэн чинь онгорхой газар олдохгүй, аргагүйн эрхэнд шар айраг уув.

Хажуугийн мужаас нэг таньдаг япон хүн ирж таараад. Бид жил гаран уулзаагүй тул уулзалдав. Монголд уулзах ерөөлтэй байжээ гээд шар айраг ууцгаав. Чингис шар айраг. Ойрд уугаагүй, аятайхан л санагдсан. Хи хи.

Энэ өдөр бас би хоол идээгүй. Тувт мах идээд, гэдэс жаахан хямраад, өтгөн маань шингэрсэн үе таараад. Хэ хэ. 

Их сургуулийн ангийнхаа намбалаг найзаараа дайлуулсан газрын ус. Иймэрхүү савлагаатай ус их хэрэглэдэг болжээ. Рашаан нь ч байна. Би гэхдээ рашааныг нь нэг их ууж чадахааргүй юм билээ. 

Усаа л сайхан ууна. Мөн шар айрагаа ч сайхан уучихна өө. Ха ха. 

Илүү үглэхэд үр зулзагууддаа хэт их ундаа, чихэрлэг зүйлс өгөөд байна шүү, манайхаан. Анхааралдаа аваарай... 

Би ч шар айрагныхаа хэрэглээнд анхаарна аа. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年8月21日水曜日

Онгоцонд уусан нь

Онгоцонд ус л уугаалд сууна гэж байхгүй тийм ээ. Бүр цаанаасаа нэг сахилгагүйтмээр санагддаг гэхгүй юу? Хо хо.

Угтаа насан багын нэгэн найзынхаа шаардлагаар бага зэрэг жингээ хасаад л, гуалиг гэгч нь эх орондоо буух хүсэлтэй бүсгүй онгоцонд суусан юм аа. Хоол ундандаа анхаарсных бага зэрэг хассан л даа...

Миатын энэхүү эмблем бүхий зурагтай бүхний зургийг дарлаа. Хажууд суусан нэгэн цоглог эмээгийн захиалсан шар айраг. Дайлаад, ганцаараа арай л ууж барахгүй нь гээд.

Нийслэл гэж бичээстэй байхаар  нь зураг дарлаа. Монголд үйлдвэрлэсэн эсвэл гадаадаас оруулж ирснийг нь мэдэхгүй бид хоёр хаанахых юм бол гэж ярилцав. Жижигхэн үсгээр бичигдсэн тул сайн харагдахгүй, ядаж байхад онгоцны гэрэл муу. Ухаалаг утсаараа томруулж байж олж уншсан.

Монгол бичгээр Нийслэл гэж бас бичжээ. Монголд үйлдвэрлэв гэж байна шүү. Эмээд энэ тухай нэлээд бардам хэлэв. Манайх архи, архины төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ гаргууд гэж. 

Уухдаа ч гаргууд, хэрэглээ өндөр шүү гэж арай л хэлж зүрхэлсэнгүй. Ха ха.

Угтаа хоолныхоо даруулга болгож халбага улаан дарс л уух гэж захиалсан юм. Цоглог эмээд уруу татагдаад, шар айраг нэмчихсэн л болохоос. Эмээ бас улаан дарс захиалж уусан.

Газардтлаа бидэн хоёр хөөрөлдсөн. Эмээ бол олон газраар явсан, жаатай хүн байсан. 

Бодлоо, би өдий насандаа ингээд цоглог гэгч нь инээж хөөрөөд, халбага дарс уугаад л явж байх юмсан гэж. Чадна аа би. Өөртөө амжилт хүсье.

Гэм нь эмээгийн одот тэнгэр харах гэсэн хүсэл нь биелээгүй ч байж магад. Учир нь хур бороо ихтэй, бүрхэг өдрүүд үргэлжилсэн. Намайг суугуул нутгийнхаа бороог аваад иржээ гэсэн хүмүүс. 

Утсаа солилцсон юмсан. Нэг залгаж мэнд мэднэ ээ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年8月20日火曜日

Онгоцны хоол

Дүрмийн дагуу онгоцонд өгсөн хоолны зургийг авсан. Жилийнхээ ойн дээр шахуу онгоцонд суув. Зулзага сэтгэл нь нэлээд хөөрсөн байдалтай...

Ийм савлагаатай ирсэн. Хажуугийн тугалган цаастай нь их халуун. Үйлчлэгч "гараа түлчихэв ээ" гэж сануулж байсан. 

Жижигхэн ширээн дээр багтаах гэж бас л авъяас шаардана.

Цаасан хайрцган доторх нэг иймэрхүү. Тэр цаасан уутан дахь нь модон халбага сэрээ, хутга. Зулзага талхыг нь амтархан идсэн. Минийхийг хүртэл нэмсэн. Харин тэр "тирамисү"-г нь амсаад л орхисон. Би идэлгүй авч буусан. Хэ хэ.

Тугалган цаастай нь үндсэн хоол. Би хариад тувт мах идэх юм чинь гэж бодоод далайн бүтээгдэхүүнийг нь сонгосон. Амт дажгүй л санагдсан.

Зулзагын сонгосон хоол. Тахианы махыг бүрээд шарсан. Амт яахав дээ? Хэ хэ. Ногоог нь идэхгүй, маяглаад. Ээж бүх ногоог нь хамж шимж идсэн.

Дараагийн бичлэгт хоолоо юугаар даруулсан тухайгаа бичнэ ээ. Хи хи. 

Хажууд нэгэн цоглог эмээ суусан. Буун буутлаа буу халсан бидэн хоёр.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年8月19日月曜日

Эрдэнэт хот

Дархан хотоор дайраад цаашаа Эрдэнэт хот орох нь гол зорилго байлаа. Аавын талын үеэлүүд, хаяалууд минь амьдардаг юм. Мөн ганц нэг найзууд ч ажиллаж амьдарна. Зарим нэг найзуудын ижий аав ч энэхүү хотод амьдардаг.

Гэх мэтээр би энэ хотын тухай их сонсож байснаас очиж үзээгүй байлаа. 

Оройхон хүрсэн тул, өглөө эртлэн гарч нутгийн удирдлагын ордны өмнөх талбайгаар оров. Үеэлийх минь ойрхон амьдардаг юм билээ. Урд орой нь дайлуулж, цайлуулчихаад шөнийн Эрдэнэт хотоор зугаалсан.

Санаснаас том хот байсан. Дээхэн үеийн 3, 4 дүгээр хороололд явж байгаа ч юм шиг, энэ зураг. Микр гэж ярьдаг юм билээ. 1, 2, 3, 4, 5 микр гээд л. 

Мөн нэг найзтайгаа уулзаж, кофегоор дайлуулав. Бэлэг авав. Баярласан шүү. Эрдэнэт хот болон Японы хооронд гүүр болж ажиллаж байгаа нэгэн сүрхий бүсгүй бий. Ажлын амжилт хүсье ээ.

Эрдэнэт хотын олон хөөрхөн жаалууд японы бага ангийн сурагчдын үүрдэг цүнхийг үүрэн, эрдэм номдоо шамдан суралцахад бидэн хоёр хамтарч ажилласан. Би зүгээр л туслах л даа...

Дарга нь буюу санаачлагч нь миний найз.

Шөнийн Эрдэнэт. Аймаг болгон төвдөө гэрэлт гудамжтай болсон гэж сонссон. Төв аймгийн төвд бас хэсэгхэн ийм гэрэлт талбай байсан. Бусад аймгийг сайн мэдэхгүй байна л даа.

Энэ гудам овоо урт юм билээ. Залуус их алхаж харагдсан. Эх орон минь яахын аргагүй залуусын орон...

Энэ талбайд хүүхэд залуус бужигнаад, хөл ихтэй байсан. Харанхуй болчихоод байхад эрт унтана, бяцхан жаалуудыг эрт унтуулна гэдэг ойлголт тун ховор. Би ч ирээд овоо хэд хоночихсон тул дасах янзандаа орчихсон. Ха ха. 

Удирдлагатай, удирдлагагүй машин унаж их тоглодог болжээ хүүдүүд. Түрүү жил бид Улаанбаатар хотынхоо төв талбайд бас унасан. Зулзага анх удаагаа болохоор сайн биш ээ. 

Энэ удаад Эрдэнэт хотын энэхүү усан оргилуур бүхий талбайд бас л машин унав. Дүүгийн бага охин гэж адтай, сэргэлэн охиныг алдахаа шахсан. Золиг чинь сурмаг гэгч нь машинаа жолоодоод түрүүлээд алга болчихсон. 

Харанхуйг ч хэлэх үү? Адилхан бага насны охид ч их байсныг хэлэх үү? Хэсэгхэн хором ч бүх хүмүүс сандралдав. Дүүдээ загнуулав. Хэ хэ. Гар бөмбөг тоглож байсан ах эгч нарын дундуур гарч чадалгүй буланд хашигдсан байсан. 

Түүнээс хойш хашраад, өөрийн хүүхдээс илүү л харж хандлаа. Хи хи. 

Биднийг сайхан дайлаад, цайлаад, зөндөө гоё бэлэг өгсөн төрлүүддээ баярлалаа, гялайлаа. 

Бас нэгэн бэргэнтэйгээ танилцсан. Төрөлтэйгөө ч уулзаад, яг одооныхоо царай царайгаа харалцаад, дахин танилцав шүү дээ. Хи хи. 

За тэгээд төрлүүдтэйгээ уулзсан хүн чинь жаахан хөөрөөд, уугаад, гостсон байдаг юм аа. Ха ха. Дуулсан, уйлсан, нэг юмаа их олон ярьсан, өөр яасан гэлээ? Дараа нь сонсоход ичмээр. Ккк. 

Би дахиж уухгүй ээ...

Айрагаан л сайн ууцгаагаарай, манайхаан.  

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年8月16日金曜日

Дархан хот

Эрдэнэт хот орох замдаа Дархан хотоор дайрав. 

Авга талын минь хаяал ажиллаж амьдардаг юм. Их сүрхий, ажил амьдрал нь цэгцэрчихсэн. Би багадаа л хаа нэгтээ уулзаж байсан. Багын төрх нь хэвээрээ, ижийтэйгээ адилхан залуу болсон байна лээ. 

Биднийг дайлаад, цайлаад, гол нь бэргэнтэйгээ танилцав. Хаа хаанаа өсөөд үржээд, өнөр өтгөн болцгоож буй тул танихгүй "хамаатан" их их. 

Хоёр жил дарааллан явсных ганц нэг төрөлтэйгөө амжиж танилцах зорилгоор Эрдэнэт, Дархан орохоор зориг шулуудсан нь тэр. 

Хотын үүдэн дэх энэ төмөр хүнтэй золгож зураг дарав. Эхэндээ ямар сонин "хөшөө" хийдэг юм бэ? гэж бодоод явав. Дараа нь учрыг нь олсон. Төмөрлөгийн үйлдвэртэй газар, төмрийн "хаягдал"-р хийсэн гэж сонсов. 

Энэ чулуун дээр нь хүүхдүүд авирч гараад, үсэрч буугаад байна шүү. Зулзага гарна гэнэ шүү. Дороосоо түшүүлэн байж авираад гарлаа. 

Тэгсэн буух гэсэн чадахаа байчихлаа. Миний үр зулзагад ахдана шүү дээ, аргагүй. Аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, хянаж байдаг япон улсад энэ мэт өндрөөс хүүхэд үсэрнэ гэдэг байж боломгүй зүйл. Хэ хэ. 

Ингээд бодохоор монголд өсч буй хүүхдүүд нэлээд адал явдалтай, эрсдэлд ороход хэзээд бэлэн өсөх юм даа гэж...

Энэ зүрх эргэдэг юм билээ. Бас л жаахан хүүхдүүд зүүгдээд л эргээд байсан. Зулзага айгаад чадаагүй ээ. 

Тэгээд бодов, гадаадад өсч буй хүүхдүүд "аймхай" болж өсдөг юм байна даа, монголд өсч буй хүүхдүүд чухам зоригтой өсөөд, бас л эрсдэлд өртөх магадлал өндөр юм даа гэж. 

Зориулалтын бус "тоглоом"-оор наадаад байна шүү дээ. 

Хотынхоо төвөөр зугаалж амжаагүй ээ, хаяалындаа айраг бууз гэж байгаад л таарав. Дараа тухтайхан зугаалахыг хичээнэ ээ. 

Мөн алдарт Дарханы замаар явахдаа бяцхан айдас хүйдэстэй. Дүүдээ "Яараад яахав дээ" гэх мэт уриа лоозонг хэлж үглэнхэн явсан. Хи хи. 

Хань ижил бас санаа нь зовсон ббайх, галт тэргээр явбал зүгээр биш үү? л гээд байсан. Хэ хэ. 

Зам нь аятайхан, шулуухан, 2 эгнээ байсан. Гол нь бид өөрсдөө "нисгээд" байдаг шиг билээ шүү. Болгоомжтой таминь минь. Юундаа ч яардаг байна? Мөн жаахан соёлд сурцгаая аа. Хэдий болтол бие биенийгээ, өөрсдийгөө "хөнөөхөв" дээ. 

Ямар одоо ид дайнтай байгаа Судан, Израйль зэрэг улс байгаа биш дээ? Судан оюутнуудын яриаг сонсохоор үнэн аймар, дараа энэ тухай цуглуулж бичнэ ээ. Тэд эх орондоо очиж чадахгүй, өдөрт нэг хамаатан садан нь хядуулж байдаг гэнэ. 

Хажууд нь бид үнэн жарлагтай хүмүүс. Түүнийгээ ухаарах л хэрэгтэй байна өө. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年8月15日木曜日

Идсэн нь уусан нь

Эх орондоо очсон хүн чинь идэхийг үзүүлж өгнө биз дээ? 

Энд амталж чаддаггүй "монгол амт" гэсэн болгоныгоо л идэхийг зорьсон. Аав минь толгой шийр чанаж өгсөн, эхний өдөр. Жилийн ойн дээрээ шахуу идсэн амт үнэхээрийн тансаг байсан. 

Энэ зурганд харагдаж буй бүхэн амттай гэж юүхэв. Зулзага иддэггүй ээ. Ам руу нь ганц цус хийчих гээд бараагүй. 

Гэснээс хотод өсч буй "жаахан" төрлүүд минь хүртэл иддэггүй юм билээ. Харамсмаар. Дурлаад байдаг тахианы мах, пиццанаас нь хэдэн зуун хувь илүү эрүүл гэдгийг ухаарахгүй байна өө. 

Аав минь хэрчиж өгөөд л, би ам руугаа явуулаад л, дараа нь хуруугаа долоогоод л. Хи хи. 

Өвөл ирвэл адууны умс чанаж өгөхгүй юу гээд л эвий минь. 

Таваг нь япон. Надад нэг өвөө бэлэглээд, түүнийг нь би ижийдээ бэлэглээд. Нэлээд дээхнийх, өвөө нас өндөр болсон. Нэг очиж уузлана гээд, амждаггүй шүү. Сэрүү орохоор л явна даа...

Багад, зах зээлд шилжсэн гээд бараа таваар ховор. Цувдайгаар бууз хийж их иддэг байлаа. Толгой шийр ч мөн их идсэн дээ. Одоо бодоход эв эрүүл, зөв хооллоод байж дээ гэж боддог юм.
Тагнай иддэг байсан охид их биз дээ? Дээл оёх хэмжээний уран болж чадаагүй ээ. Ер нь л паг даа. Оёдлын машин маань хань ижлийнх. Ха ха. Тэгэхээр их л худлаа хэлж биднийг юм идүүлдэг байжээ энэ томчууд. 

Шүүрхий элэг. Нэлээд шүүрхий байсан ч идчихсэн. Төмрийн бэлдмэл гээд худалдааны нэмэлт ууж байснаас л дээр гэж бодоод. Би тиймэрхүү витамин, нэмэлт бэлдмэлүүдийг нэг их сонирхдоггүй юм. Тэгсэн ууж байх хэрэгтэй гэж сонсдог болчихлоо, ойрноос. Насных уу? Хо хо.

За гадаадад байдаг "өрөм"-нүүд минь арааны шүлсийг нь гоожуулсанд уучлаарай. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年8月14日水曜日

8 сарын мэнд ээ

Таг болсон шалтгаан ойлгомжтой тийм үү? 

Эх орондоо, ижий аав, элгэн садандаа оччихоод ирсэн. Сэрүүхэн сайхан байсан. Бороо хур ихтэй зун байлаа. Салхи нь цаанаа л нэг уужуу, сэнгэнэсэн шүү. Та нар мэдэрдэг л биз дээ? 

Хотод дүрмийн дагуу түгжрээ, ус шалбааг ихтэй. Машины зогсоол, замын хөдөлгөөний дүрэм гэх мэт нь эмх замбараагүй. Засгийн газрын гар харалгүй, биднээс шалтгаалах зүйлс л санагдах...

За тэгээд бага багаар сонин сайхнаасаа зураг хөрөгтэй оруулна аа. Хорхойг нь хүргэсэн зураг их байж магад шүү. Харахаар л уур хүрээд, атаархал төрөөд байвал алгасаарай. Хэ хэ. 

Бага зулзагатайгаа явсан, бусад томчууд гэрээ хараад, тус тусынхаа албанд шамдацгаан, халуунд урсанхан үлдсэн. Эгч бол сэрүүхэн сайхан газар, зулзагаа үлдээчихээд л "шоу"-дсан. Ха ха. 

Суугуул нутагтаа буцаад ирсэн чинь халуун гэж юүхэв, өдөр бүр сауна л гэсэн үг. Ажилгүй бол дахиад хэд хоночихмоор...

Ажилдаа ирсэн чинь ажлууд намайгаа хүлээгээд л, амттан ч миний ходоодыг хүлээсээр угтсан. Хи хи.

Зураг дээрх шиг, бүр миний нэрэмжит хайрцаг нугалаад, дотор нь энэ мэтээр амттан хийжээ. Тэр амттанг нь тэр, энэ амттанг нь энэ хүн гээд л тайлагнасан. Би ганцыг ёс болгож идээд, бусдаар нь гэрийнхээ тавгийг дүүргэв. 

Манайх өнөөдөр зочинтой тул. Хо хо. 

Гэснээс энэ хайрцгийг би ч гэсэн нугалаад, гэрийнхээ ширээн дээр байлгадаг. Ойр зуур хогоо хийж байгаад л хогийнхоо уут руу хаячихдаг. Их амар. Үргэлж гар хөлийнхөө үзүүрийг хөдөлгөж, ямар нэгэн юм хийж байдаг надад тун дажгүй. Нугалахад ч амархан.

Эх орондоо очоод, нэг тийм гэмийн мэдрэмж төрүүлээд байсан зүйл бол хогоо ангилахгүй хаях явдал байлаа. Өөрийн эрхгүй хогоо ангилж гүйгээд, эцсийн шатандаа нэгтгээд л хаячихна. Бүр нэг тийм сонин, харамссан, харамласан, гэмшсэн мэдрэмж төрөөд болдоггүй ээ...

Эмзэглэм, шүүмжлэм зүйл их байсан л даа. Бусдаар ч тэгээд ижий аавынхаа гэрт өглөө сэрэх мэдрэмж бол үнэн тансаг байсөөн. Зоослог бол жил бүр, давраад жилд 2 удаа очоод ирмээр...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.