2024年11月23日土曜日

Зурахдаа

Будахдаа гаргуун хүүхэд чинь өөрөө зурахдаа нэг иймэрхүү л байна дөө. Ээж жаахан голонгуй байгаа ч түүнийгээ ил гаргахгүй ээ. Магтаад л байна, магтаад л байна. 

Эрэгтэй хүүхдийг сайн магтаж өсгөх ёстой гэж уншсан. Магтуулаад байгаа хүн маань өөртөө мангар итгэлтэйгээр шулаганадаг.

Үзсэн кинотой нь л холбоотой дүр байх. Байлдсан, хядсан дүр. Хүүхэлдэйн кино гэхээсээ илүү сэлэм, буу болсон кино үзээд. Сүүлийн 7 хоног зурагтаа барагтаа асаагаагүй. 

Баасан гарагт л нэг кино үзэх гэж асаана. Өөрөө тэгж хэлсэн, хэлсэн үгээ хэрэгжүүлж л байна.

Хүн аалзанд дуртай хэвээрээ л байна. Гэхдээ саяхан нэг өөр дүр хэлж байсан. Би сайн мэдэхгүй юм билээ.

Ангийх нь найзуудын нөлөө байх. 

Ийм хав дөрвөлжин цээжтэй зураад байх юм. Тэгснээ улаан хар өнгөний хослол голлоно. Хүн аалзны нөлөө. Хэ хэ. 

Охид багадаа дандаа эмэгтэй хүн зурдаг байсан шиг санаад. Эрэгтэй хүн барагтаа зурахгүй. Блогийнхоо архивыг уудалбал тэдний минь багадаа зурдаг байсан зурагны зураг нь байгаа л байх. 

Ирэх жил сургуульд элсэн орно гэж бодсон чинь хаяанд ирчихэж цага хугацаа. Харвасан сум шиг өнгөрч байна. 

Сургуульд орохоосоо өмнө сайн тоглож аваг дээ гэж нэг бодох. Нэг бол юм юм оролдуулж, чадваржуулах гэж нэг бодох.

Яг яах ч ёстой юм бүү мэд. Ямартай ч өвдөлгүй, эрүүл саруул бойжих нь нэн түрүүний асуудал юм даа, тийм ээ? 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿