2024年12月16日月曜日

Хараацай зогсолт 1 үргэлжлэл

Орсон ч гарсан ч, боссон ч суусан ч барьж гүйж байгаад уншаад дуусгалаа. Гэхдээ өмнөх "ид жилбэ"-тэй номныхоо завсраар бараг талд нь хүртэл уншчихсан байсан юм өө. 

Мөн бидний 12 сард уншиж ярилцах ном тул, эртхэн уншиж л байх минь гэж бодоод л. 2 дэвтэртэй. Одоо хоёр дахиа эхэллээ. 

Зээ, эхний дэвтэрт сүүл хэсэгтээ нэлээд гомдол, тайлбар маягийн агуулгатай бичвэрүүд зонхилно. 

Зохиолч тэр бүр сонин хэвлэлээр ярилцлага өгдөггүй, элдэв хов жив хөөж тайлбар өгдөггүй болохоороо тэр байх, тухайн цагт тохиолдсон ганц нэг хов живт хариулт тайлбар өгсөн ч юм шиг санагдав. 

Энд тэнд хэрүүл хийгээд байлгүй ингээд чимээгүйхэн, уран зохиолын хэлбэрт оруулаад, бүр ном болгон хэвлээд гаргачих чинь тун догь арга ч юм шиг...

Би бас ганц нэг гомдол, зэвүүцэл, хорслоо уран зохиол болгоод, хэн нэгэн дүр гаргаж ирээд бичдэг ч юм билүү. 

Суугуул мужид минь байдаг монголчуудыг "малууд" байдаг, бид л өөрсдөө хүн нь гэж боддог, яриад явдаг ИКС, ИГРЭГ гээч хүмүүсийн тухайд гээд бичвэл бичнэ шүү дээ. 11 шиг л чимээгүй, орхичихоод байгаа болохоос. Ха ха. 

Тун дажгүй ишлэлүүд олж уншсаныгаа түүж бичье дөө. Зүгээр суухаар зүлгэж суух минь. 

Зөвхөн бие махбодоороо ойр байхыг гэрлэлт эсвэл хайр гэхгүй шүү дээ. Чимээгүйхэн хайрлана гэдэг жинхэнэ, бүтэлтэй хайр ч байж мэдэх юм...

Бууж өгөхөд харамсмааргүй хоёр төрлийн л хүмүүс байдаг. Эхнийх нь сайхан сэтгэлтэй хүмүүс. Удаах нь хурц ухаантай хүмүүс.

Үлгэр мэт яруухан төгсөлтийг хүлээвч кино мэт яаж ч төгсөж мэдэх тоглоомыг гэрлэлт гэдэг шүү дээ.

...Гэвч үлдэгсдийн өвдөлт маш удаан үргэлжлэх болно. Дэндүү удаан...

Ихэнх хүн бичвэрийн цаадах бичвэрийг уншиж чаддаггүй. Наадахыг л... Бид үсэглэгдэж буй үгсийг л уншдаг юм. Үсэглэгдэхгүй байгаа, харагдахгүй байгаа, зөвхөн мэдрэгдэж буй тэр бүдэг чичирхийлэл ч яруу найраг шүү дээ. 

Мянган тэнэгийг араасаа дагуулснаас нэг ухаантанд тоогдсон нь дээр.

Сонссондоо биш харсандаа л итгэ гэдэг билүү? Үгүй дээ, нүд үнэндээ зүрхнээс харалган эрхтэн юм шүү. 

Энэ хорвоог азтай, амжилттай туулж яваа "хэвийн" бид хэвийн бус нэгэнд хэтэрхий харгис зангаа гаргахаас ер ичдэггүй нь ичмээр явдал билээ.

Зүгээр л харц! Гэвч хүний нүд хамгаас айхавтар хүчирхийлэгч, дарангуйлагч, эзэрхийлэгч эрхтэн...

Байхын жаргалыг мэдэхгүй бол байхгүйн зовлонг мэдэхгүй шүү дээ. 

"Эмэгтэй юм байж" хэмээх энэ зэмлэл эм хүний сэтгэлд зүүдэг маш том, хүйтэн цоож юм. 

Гээсэн он жилүүд, хаясан эд зүйлс, мартагдсан чадварууд, үүрд арилсан мөрөөдлүүд.

Урилгагүй зочин татараас дор. 

Суралцах ёстой болохоос барьцах ёсгүй. Хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй. 

Номыг зүгээр л унш! Дүн тавихын төлөө бус. 

Зээ ийнхүү эхний дэвтрээ хаан, хоёр дахь дэвтрийг нь сөхөв. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿