2025年1月16日木曜日

Momentum

Төрсөн өдрийн минь тансаг бэлэг. За яахав дээ гээд зургийг нь оруулж, дэлгэрэнгүй бичлээ шүү. Хи хи. 

Тэмдэглэлийн дэвтэр. "Momentum" гэдэг нэртэй.
 
Сүүлийн 2 жил би огт дэвтэртэй найзлаагүй. Худалдаж аваагүй, хүмүүс ч бэлэглээгүй. Ном ном гэж чихэнд нь чийртэй санагдтал нь бичдэг, ярьдаг тул ном бэлгэнд авах нь ихэссэн. Үүндээ ч дуртай байдаг шүү.
 
Зарим нэг найз нарынхаа зүүдэнд ч ордог байж магад. Уучлаарай. Мөн баярлалаа, гялайлаа.

Томилолтоор орж гадраг ажилтай байхдаа дэвтрийг маш сайн хөтөлдөг байжээ. Багыгаа төрүүлээд, 3 жил хөтлөх дэвтэр аваад, нэг хэсэг маш идэвхитэй хөтлөөд, онгодтой байж байсан чинь цар тахал гараад, нэг тийм айдас хүйдэс, яг таг гэрийн хорионд ороогүй ч цаанаа л нэг зогсонги төлөвт орчихсон.

Тэгээд л 3 жилийнхээ эхний жилийг маш сайн хөтлөөд, удаах жилийг нь алдаг оног, сүүлийн жилийг нь бүр таг чиг. Дэвтэр минь одоо хаана явааг бүү мэд.

Тэгээд л сүүлийн 2 жил тэгээд л нэг урсгалаараа толгойдоо л бүхнийг төлөвлөөд явлаа. 

Тэгсэн энэ жилээс чи ингэж болохгүй ээ, дэвтэр энээ тэрээ ашиглаж эхэл, онгодыг чинь дуудаад өгөмз гэж номын клубын бүсгүйчүүд минь шаардаад, уриалаад, нөлөөлөөд.

Төрсөн өдөр минь тохиож буйг мэдээд зохиогч нь өөрөө бэлэглэсэн шүү. Би эхэндээ санаа зовсон л доо. Төвөг удчихгүй гээд л. 

Тэгсэн чинь энд сурдаг дүү нар яг харьж ирэх хугацаа нь ерөөлөөр таараад. Тэр хэддээ эрхлээд бас хэдэн ном дайчихсан байсан ч хаягийг нь авч байгаад хүргүүлчихсэн. Хэ хэ. 

Дүү нар хөөрхийс, зүгээрээ эгч ээ, аваад очно оо гэдэг юм. Баярлалаа, гялайлаа.

Харьж ирснийхээ орой нь хэдэн номнуудыг минь хүргэж ирээд, ширээн дээрээ өрж тавьж байгаад л зураг дарав. 

Хамгийн дээр нь энэ хайрцагтай дэвтэр. Дан ганц дэвтэр юм байх гэж бодсон чинь их хөөрхөн хатуу хайрцагтай. Дотроо балтай. Наадаг цаастай.

Хэрэглэнэ гэсэн чинь эхэндээ хайр хүрээд, баахан илж суусан. Дуртай нил ягаан өнгөө сонгосон.  

Хэрэглэнэ гээд авсан байсан бал, тодруулагч зэргээ гэрийнхээ энд тэндээс хайж цуглуулав. Ингэхэд гэртээ би их замбараагүй суудаг хүн нь байна өө, энд тэндгүй цаас, бал, харандаа, ном хөглөрнө. 

Үүнийгээ засна гэж дэвтэртээ бичье байз. Удаан дэлгээгүй болохоор бичих зүйл олдохгүй байсан юм. Хэ хэ.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿