2025年6月30日月曜日

Дадлага аялал

Уламжлалт бичвэр. Том зулзагаа дунд ангид нь байхад бичиж л байсан байх. 

Дүү зулзагуудын тухай нь их л бага бичээд байгаа шиг санагддаг л юм. Шинэ соргог санагдахаа болиод, аан нээрээ нэг ийм арга хэмжээ болдог доо гээд л өнгөрчих гээд байдаг болж.

2 хоног 3 өдрөөр Кансаи бүс яваад ирсэн. Киото хот, Осака хотын USJ гэх мэт газраар орсон. Сургалт авах зорилгоор бөөндөө нэг газар орно. Юу гэдэг газар орсон гэлээ дээ. Ер нь хоёр дахь, гурав дахь зулзагууд дээр нэлээд хайнга, танхай л ээж болоод байна шүү. Хэ хэ

Мөн хэсэг бүлэгт хуваагдаж чөлөөт зугаалга гэж явна. Дураараа найзуудаараа нийлэхгүй, цаанаас нь хуваарьлана. Бие биенийхээ сонирхлыг хүндэтгэн, үзэх гэсэн газраа сонгоцгооно. Санал зөрөх асуудал ч гарна. 

Төгсгөлд нь USJ буюу паркаар зугаална. Дуртай юм болохоороо Харри Поттерийн хүрээлэнгээр орсон гэсэн.Тэндээс өөртөө жижиг сажиг зүйл авсан л гэсэн. Одоогоор би үзэж амжаагүй л байна. 

Бодвол сонин зүйл авдаг юм гэж үглэхээс минь халшраад үзүүлэхгүй л байх шиг. Хэ хэ. 

Тээр жил гэрээрээ нэг явахад эгч нь шидэт саваа авах гээд, би хог болно шүү дээ, дараа нь тоохгүй тэгээд хаяна гээд авахуулаагүй юм. Хи хи. Зангиа авсан гэж хальт дурдаад өнгөрсөн, саяхан. 

За тэгээл баахан л хүнд бэлэг авсан. Гэртээ хоёр шиг амттантай ирсэн. Гэртээ хэрэггүй дээ гэж хэлсэн ч авсан байлаа. Дүүгээ идэж чадахаар амттан авчээ.  

Дунд сургууль дахь хамгийн том, хамгийн сэтгэл догдлуулсан арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Одоо 8 сард дугуйлангийнх нь нэг тэмцээн бий, хэрэв муждаа шалгарвал цаашаа бүсэд явна. Бүсэд шалгарвал улсад явна. 

9 сар буюу намраас ерөнхийдөө ахлах сургуулийн элсэлтэнд бэлдээд, толгой өндийх завгүйгээр хичээллэнэ. Гэртэйгээ хамгийн ойр улсын сургуульд орно шүү гэж хэлээд л байгаа. 

Эгч нь ч орж төгссөн сургууль. Наана нь бүр маш ойрхон нэг хувийн сургууль бий. Гэхдээ ээжид тухайн сургуулийн "алсын хараа" нь таалагддаггүй юм. Улсын сургуульд л оруулчих санаатай. 

Уг нь ч ахлах сургуулиудын төлбөрийг үнэгүй болгосон л доо. Гэхдээ төлбөрөөс гадна элдэв зардлын мөнгө татагддаг. Тэр нь төлбөрөөсөө өндөр байдаг юм. Тэгэхээр яаж ч бодсон улсын сургууль нь зардал бага.

Гарчигаасаа жаахан зөрөөд байна шүү. Дадлага аялалын зардал нэлээд өндөр гарсан. Юмны үнэ өсч буйтай холбоотой. Гарын мөнгө нь өссөн. Хэ хэ. Манай энэ зулзага нэлээд хэлтэй амтай, а гэхээр б гэдэг. Нэг үг хэлэхээр өөдөөс арван үг сөргүүлж хэлдэг юм. 

Цаана чинь дэлхий нийтээрээ юмны үнэ өсөөд, та хоёрын надад өгөх гээд байгаа гарын мөнгө чинь хаанаа ч хүрэхгүй, би тэгээд аялалдаа сэтгэл ханамж муутай л дурсамж үлдээх байх даа? Бла бла гэсээр байгаад овоо хөөрхөн мөнгөтэй явсан. 

Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэж мөн айхтар хэлсэн байгаа юм шүү. Хи хи. 

Ээжийн үглэж дуулж байж хадгалсан өөрийх нь хэдэн цаас бий, түүнээсээ бас нэмсэн л дээ. Тэгээд авч явсан бүх мөнгөө үрээд дуусгасан гэнэ шүү. Үлдээгүй юм уу? гэсэн чинь өөдөөс "Энэ арга хэмжээнд л үрэх гэж авч явсан юм чинь юу гэж үлдээх вэ дээ? Эсрэгээрээ хайран юм биз дээ?" 

Хань ижил бид 2 чинь үлэг гүрвэлийн үеийн хүмүүжилтэй юм болохоор хоёр биен лүүгээ харц шидэлцээд л өнгөрөх шив? Аминдаа одоо энэ үеийн залууст диван галвынхаа үзэл бодлыг тулгачихгүй байх санаатай үзэж тарж л байна. Хэлээ хазаад өнгөрнө. Заримдаа ч чадахгүй, үглэж уурыг нь хүргэнэ. Ха ха. 

Үүнээс сургамж авсан би, гурав дахь зулзагынхаа аялалд бэлдэж иен хадгалах минь болов одооноос. 6 жилийн дараа бага сургуулийн дадлага аялал, тэгээд дунд сургуулийнх гээд л явна. 

Хүүе нээрээ наана нь энэ гайхал минь ахлах сургуулийн дадлага аялал гээд гадаад улсад аялна шүү дээ. Эгч нь Тайвань явж байсан юм. 

Ингээд бодохоор зулзагуудынхаа аялалд бэлтгэсээр л миний амьдралын нэгээхэн хэсэг...

Ха ха. 

Үртэй хүний жаргал юм даа гэж бидэн хоёр бие биенийгээ цаашлуулна. Эрүүл саруул төрөөд, ингээд аашлаад, баашлаад явж байгаа нь их юм шүү гэж өвөр хоорондоо ярилцана. Ккк. 

Бидний багын хүмүүжилтэй асар зөрөөтэй л юм. Одоо яалтай? Жавхлан юм даа. 

За өсвөр насны болон бага насны зулзагуудтай ээж аавуудад амжилт хүсье. "Одооны хүүхдүүд" гэдэг үг чинь аль Платоны үед л яригддаг байсан гэнэ лээ шүү. Ха ха. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт. 

2025年6月29日日曜日

Үйлчилгээний газруудын соёл

Зээ, энэ удаагийнхаа бичвэрээр монгол дахь үйлчилгээний байгууллагуудын соёлын талаар бичнэ ээ. 

Үйлчилгээнийхээ соёлоор дэлхийд тэргүүлдэг япон улстай харьцуулж бичих хэдий ч наад захын соёлын тухай бичнэ. 

Нэгэн жуулчны баазад очлоо. Товлосон цагаасаа 1-2 цаг гаран хоцорч очсон. Учир нь онгоц саатсан. Гэгээ тасарчихсан байсан. 

Биднийг хүлээж авах ямар ч бэлтгэл хангагдаагүй байсан. Гэрийн түлхүүрийг бэлдээгүй, зарим нэг гэрийн цэвэрлэгээ хийгдээгүй. Хүлээн авагч нь нэг хар станцтай. Түүгээрээ за би асуугаадхая гээд л ярина. Яриа нь ил тод бидэнд сонсогдоно. 

Зарим нэг хүмүүс нь биднийг илт тээршаасан байдалтай ярина. 

Гэрнүүд нь бороо уснаас сэргийлээд өндөрлөөд барьчихсан, бид чемаданаа өргөж оруулах гээд дийлэхгүй байхад нэг л их ханхар цээжтэй, бадриун залуу өргөө оруулаад өгчихгүй, гуйлгаж байж нэг юм өргөж гэрт оруулж өгсөн. 

Хамт явсан охидын минь нэг гэр дотроосоо цоожгүй. Цоожгүй байна гэж хэлээд, ямар нэгэн арга хэмжээ авч өгөх шинжгүй болохоор нь өөрийнхөө гэртэй сольж оруулаад, "монгол хүн өөр шүү, эх орондоо байгаа юм байна гайгүй байгаа" гэдэг үүднээс би тэр цоожгүй гэрт нь хоносон. 

Нэлээд удаж байж цоож олж ирсэн ч бүтэн тогтоож чадаагүй, чадахгүй байна аа гээд өнөөх гоё залуу хэлээд явсан. Дахиж ирээгүй, маргааш өглөө нь ажлаасаа буучихсан байсан. Өөр нэг залуу ирсэн, гомдол тавьсан. 

Ажлаар гадуур явж байгаад орой нь ирэхэд цоож засагдаагүй л байсан. Охиноо үнсэхээр ирсэн аав минь санаа нь зовоод чемаданыхаа бүсээр ханатайгаа уяад хоноорой гэсэн. Ханатай уях гэсэн хүрэхгүй болохоор нь уньтайгаа холбож уясан болоод л унтсан. Ха ха. 

Гэрийнхэнтэйгээ ойр зуур яриад суусан чинь салхилаад гэрийн хаалга онгойчихсон. "Орой ганцаараа унтаж байсан чинь ингээд онгойвол яана? Аав нь хамт хоночихмоор байна шүү" л гэсэн. Хэ хэ. 

Хоночихдог, аягүй бол өглөө нь мөнгө нэхээд хэвтчихнэ тийм ээ? Өөрсдийнхөө ажлыг хийгээгүй байж. 

Миний бодлоор: Ямарваа нэгэн албан байгууллага тухайн өдрийнхөө ажил эхлэх цагт хамгийн түрүүнд тавхан минутын хурал? уулзалт? зохионо. Тухайн өдөр болох дотоод ажлынхаа тухай бие биедээ халлт танилцуулаад, ажлынхаа үүрэг даалгавар, чиг шугам зэргээ ярилцаад, гүйцэтгэх. 

Жишээ нь манай байгууллага гадны хэд хэдэн оронтой харилцдаг. Өглөөд ажил эхлэхэд 8:30 гэхэд бүгд босч зогсоод өглөөний мэнд мэдээд, тэр өдөр болох ажлын төлөвлөгөөгөө бие биедээ мэдээллэдэг. Тухайлбал хариуцсан хариуцсан улсынхаа, ажилчдын амралт, томилолт зэргийг мэдээллэнэ. 

Мөн тухайн өдөр гаднаас хэн нэг хүн ирэхээр өглөөний "уулзалт" дээр хэлнэ. Ингэснээр яг хүлээж авч уулзах ёстой ажилтан нь 00 орох гэх мэтээр түр суудлаасаа холдсон үе таараад цаг авсан хүн нь ирвэл бусад ажилтан нь мэдэхгүй өнгөрч ёс алдах, тоохгүй ёс алдах зэрэг явдал гаргахгүйгээр, "та түр хүлээнэ үү, манай тэр одоохон хүрээд ирнэ" гэх мэтээр харилцагчдаа хүндэтгэнэ. 

Японы зочид буудал, дэн буудал нь захиалга орсон л бол ирэх хүмүүсээ оройтсон ч, эрт ирсэн ч түлхүүрээ, өрөөгөө бэлдчихсэн байдаг. Өглөөдөө бууж байгаа ажилтан, өдөр нь гараатай ажилтнууд хоорондоо ажлын тухай мэдээллээ маш сайн өгч авалцдаг. 

Үүнийг манайхан сэтгэл байвал хийчихмээр, болгочихмоор л асуудал шиг санагддаг. Нэг их улс төр лүү чихээд, техник технологи руу чихээд байх асуудал биш шиг тийм ээ?

Хамгийн гол тухайн хүний ажилдаа хандаж буй сэтгэл л гэж хараад байгаа. За тэгээд үйлчилгээний байгууллагад, ямарваа нэгэн байгууллагад ажилладаг бол та сэтгэлтэй хандаж байгаарай гэж хүсье өө. 

Намайг авч ажиллуулбал ч би сэтгэлээ дэвсэж өгнө өө. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年6月28日土曜日

Ичгүүр

6 дугаар сарынхаа номыг уншиж дуусаагүй байтал өнөөх л дугаар дайрдаг зангаараа урдуур орж ирээд уншигдчихсан. Ингэж дураараа аашилдаг нь нэг л орчуулагч хүний номнууд. Хэ хэ. 

Номын клубын минь санаачлагч, ангийн минь дарга Доржийн Болортуяа. Түүний орчуулсан номнууд хэмжээ жижиг, нимгэвтэр хэрнээ агуулга нь цаанаа л нэг "зэвүүн", "нэгийг тунгаалгасан", "өөрийн дотогш руу өнгийлгөсөн, гэх мэтээр жинтэй.

Анни Эрно зохиолчийн "Ичгүүр". Өмнөх хоёр номтойгоо яг ижилхэн хэмжээтэй, зузаантай. Өнгө нь л өөр. Гурвууланг нь зэрэгцүүлж тавиад зураг дарвал бас л хөөрхөн өнгө алаглал. Даанч номын сангаа ухахаас залхуурав. Хо хо. 

Ер нь монгол номтой бяцхан өрөөгөөрөө бараг шагайдаггүй, номоо хураах, унших номоо олж авах, хаа нэгтээ хувцсаа хайх гэх мэтээр цөөн л орж шагайдаг жижигхэн өрөө бий. Ирээдүйд тэр өрөөгөө бүхэлд нь ном болгоно гэж мөрөөддөг. 

Оршил өндөрлөв...

12 настай, шилжилтийн насандаа яваа охины гэр бүлд тохиолддог тэр нэгэн зураглал өөрийг нь ч мэдээгүй байхад дотор нь оршсоор. 

Өсөлтийн насны, их мэдрэмтгий үедээ яваа охиныг далдчуур өөрчлөөд байж...

Гэр бүлд нь тохиолддог ч гэж дээ, ерөнхийдөө өдөр тутамдаа эсвэл хаа нэгтээ гаргадаг, үйлддэг ээж аавын үйлдлүүд, үглээнүүд хүүхдийн сэтгэл зүрхэнд хар дарсан зүүд, хар толбо, эмзэглэл, айдас, "ичгүүр" болж үүрд хадгалагдан үлддэг байх нь. 

Тэр нэгэн өдөр ээж аав нь муудалцана. Эцэстээ тэр муудалцааных нь аав нь ээжийг нь алахаар сүх барьчихсан зогсоо дүр зураг өсвөр насны бээлийн чинээ охины сэтгэлд, ой тоонд тамгалагдан үлдчихнэ. 

Цаашлаад далдуур түүнийг нүдэнд үл үзэгдэх айдастай болгоно. 

"Эл өдөр 1952 оны зургаадугаар сарын 15. Хүүхэд насны зуу зуун өдрөөс өчүүхэн ч атугай эргэлзээгүй тодхон санаж буй цор ганц өдөр. Үүнээс өмнөх өдөр хоногууд ангийн самбар, хичээлийн дэвтэр дээр минь бичигдээд л нисэн оддог байж дээ."

Гэж бичжээ. Өсвөр насных нь дурсамжууд яаж ийгээд л тухайн "тодхон санаж буй ганц өдөр"-тэй нь ямар нэгэн байдлаар, ямар нэгэн жимээр холбогдчихно. Холбогдчихно гэхээсээ илүү зохиолч өөрөө тэр ганц өдөртэйгөө яаж ийгээд л холбоод бодчихдог гэлтэй. 

Ээж хүнийхээ хувьд би зулзагууддаа ийм хар толбон "дурсамж" үлдээчихсэн л яваа даа. Яанам бэ? гэж өөрийн эрхгүй бодогдов. Миний өөрийн бага насны дурсамжуудаас эргээд санахад эмзэглэм, ичгүүртэй дурсамж бий бий. Мэдээж жаргалтай өдрүүд нь олон...

Мөн энэхүү "Ичгүүр" номд 1950-иад оны үеийн "дунд давхарга"-ынхны амьдралын хэв маяг, байр байдлыг өөрийн бага насныхаа дурсамжаар дамжуулан уншигч олонд илэн далангүй уудалж бичжээ. 

Очиж үзэх юмсан гэж мөрөөддөг, цагийн сайханд хэл усыг нь сурч явсан Франц орны тухай ийнхүү илэн далангүй, нууж хаалгүй бичсэнийг унших нэг бодлын гунигтай ч олон олон бүсгүйчүүд, охидын мөрөөдлийн оронд ч бидний оршин буй оронтой адил элдэв асуудал байдгийг мэдэж авах юм даа. 

"Хүн ямар ч цочирдом хэрэг, үйл явдалтай тулгарсан бай хамаагүй түүнийгээ ил гаргаж ярьснаар хэвийн болж орхидог юм шиг ээ."

Нээрээ л тийм байх шүү. Сэтгэлээ уудал, гадагш нь гаргаж ярь гээд л их ярьдаг, бичдэг дээ. 

"Улс амьтан юу гэж бодох юм билээ." 

Энэ хэллэгтэй хоёр ч удаа таарсан. Тухайн он жилүүдэд ч энэ амьтан хүний хэл амнаас айдаг, жийрхдэг явдал байж шүү. Ганц манай улсад ч биш. 

Эдүгээ үед ч оршсоор буй нь хачирхалтай...

"Хүүхэд насныхаа тухай ухаж төнхөх тусам амьдралд ямар их хүч, нөлөөтэйг нь ухаарч гайхах юм."

Тэгж байгаад бага насныхаа тухай ухаж төнхөх сэдэл төрөв. Эндээ блогтоо бичих үү? Эсвэл дэвтэрт бичих үү? Яг ямар дурсамж сэдрээд, хэрхэн нөлөөлснийг нь олж харахад зүгээр мэт санагдав. 

"Онц байхын хэнээ туссан орчлон хорвоо"

Энэ явдал ч эдүгээ 21 зуунд хэвээрээ гэж бодохоор, би ч өөрөө тэрхүү онц байхын хэнээнд нь автсан нэгэн тул энэхүү "хэнээ"-нээс хэрхэн яаж салах юм бол? Хэн салгаж өгөх юм бол? 

"Ой санамж гэдэг далайн сэвшээ салхи, намар эхний навчсын үнэр зэрэг газар дэлхийн эргэлт сэргэлтэд байдаг, хүн төрөлхтөн хувиралгүй бат оршсоор ирснийг батлах хүнээс ангид тусдаа хүчин зүйл юм." Марсел Прүст 

Ой санамж гэдэг угтаа тухайн хүнийг бүтээж байдаг, оршиход нь дэм өгч байдаг асар хүчтэй зүйл юм шиг ээ. Ялангуяа бид чинь өнгөрснөөрөө, дурсамжаараа амьдардаг гэхэд хилсдэхгүй. 

Нэг их ирээдүй руу тэмүүлээд, хойчийнхоо амьдралд санаа тавих биш, өнгөрсөндөө л яваад байдаг нь их шиг ээ.

"Ичгүүрийн тухайд "Ичиж шившигтэй байдалд орж үзсэн хүн надад юу ч тохиолдож болох юм байна, би ичихээ яавч болихгүйгээс гадна намайг улайлгах өөр үйл явдлыг араасаа дагуулах юм байна" гэж боддог болчихдог."

"...Ичгүүр өдөр тутмын амьдралын минь шинэ хань хамсаатан болон хувирсан юм."

Ичгүүрийн муу тал нь ичиж буй хүн л гав ганцаараа уг зовлонг эдэлдэгт оршино."

Энэ мэт зүрхэнд нэвт шувт түрэн орж ирэх үгс, өгүүлбэртэй таарна. 

Дурсамж, дурсамж. Эргээд олон зүйлийг дурсан санахыг хичээе. Ялангуяа бага насныхаа тухай. 

Энд ирж үдсэн 20-иод жилийнхээ амьдралыг эргэн дурсахад блогоо уншихад, ухаалаг утасныхаа зургийн цомгийг сөхөхөд л нүдний өмнө тодхон байх байх. Түүнээс өмнөх үеийн дурсамжийг сэргээнэ гэдэг нэлээд ажил болох биз ээ?  

Төгсгөлд нь орчуулсан номоо бэлэглэсэн Болортуяа эгчдээ баярлалаа. Маш өвөрмөц дэлхийн бүтээлтэй танилцуулдагт үргэлж талархнам. 

Та бүхэн ч гэсэн авч уншаад, өөрийн бага нас, ой санамж, дурсамж руугаа нэг өнгийгөөд, аялахыг хүснэм. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年6月27日金曜日

Онгойхоосоо өмнө угаая

За юу бичих билээ? 

Идсэн ууснаа бичих үү? Үзсэн харснаа бичих үү? Хэ хэ. 

Улаанбаатар хотын үйлчилгээний газрыг сайн мэдэхгүй байна. Учир нь ихэвчлэн оройн цагаар үйлчлүүлсэн юм. 

Харин орон нутаг, жуулчны баазын ресторан нь онгойхоосоо өмнө цэвэрлэгээгээ хийсэн байх ёстой атал, жуулчидтайгаа зэрэгцээд шалаа шүүрдээд, арчаад, угаагаад байдаг юм билээ. Ха ха. 

Бүр нэг орой жуулчны баазын гэр нь цэвэрлээгүй, биднийг очсон чинь цэвэрлээд, хуурайгаар нь шороо босгоод л. Угтаа бид нэлээд олон хоногийн өмнө захиалгаа өгсөн. Бас яг тэр өдрөө онгоц бага зэрэг хойшлоод, очих цагаасаа нэлээд хоцорч очиж байгаа юм л даа. 

Тэгээд л яваад очиход биднийг хүлээж авах ямар ч бэлтгэлгүй, "асуугаадхая" гэдэг хариулттай угтах юм. Угтаа бол өглөө нь ажил эхлэхээс өмнө дотооддоо хуралдаад, хэдэн хүн, хаанаас ирж буудаллах тухайгаа нягтлаад, бэлтгэл ажлыг хангасан байх ёстой тийм ээ? 

Ямар гэнэт одоо яваад очлоо шүү гэж байгаа биш, гэнэт яваад орж байгаа биш дээ? 

Аймгийн төвийн сүүлийн үед бий болсон ресторанд оров оо. Хар үүрээр биш л дээ. Цайны цаг нэлээд дөхчихсөн, онгорхой байна аа гэхээр нь яваад очсон чинь, цэвэрлэгч нь учиргүй шалаа угаагаад л байна шүү. 

Угаалгын нунтаг нь нэлээд хурц үнэртэй. 

Бас нэг инээдтэй нь бидний суусан ширээний ойрхон нэг халбага уначихсан байлаа. Түүнийг нь үйлчлэгчид нь хэллээ. Аан за гэснээ авдаггүй ээ. Цаашаа яваад өгсөн. 

Цэвэрлэгчид нь хэллээ. Аан за гэснээ бас авдаггүй ээ. Ха ха. 

Японд бол гялс гүйж ирснээ "уучлаарай" гээд л бөхийх байсан байх даа? Гадаад орон гэдэг утгаар нь л хүлээн зөвшөөрч байна, түүнээс манай японд ингэж бидэнтэй зэрэгцээд шалаа арчаад, халбага унасныг ч тоохгүй гүйгээд байвал шууд гараад явах юм байна гэж хамт явсан залуу хэлсэн. 

Яахав, саяхан гарсан хүмүүсийн суусан ширээг бол цэвэрлэх тохиолдол байдаг. Түүнээс учиргүй шалаа угаахгүй. Шалан дээр юм хум асгаж цутгасан бол мэдээж гялс гүйж ирээд арчина. 

Мөн манай үйлчилгээний байгууллагынхан их удаан. Яст мэлхий шиг л. Өмнөөс нь би өөрөө гүйгээд үйлчилчихмээр санагдана. Хэ хэ. 

Би энэ ажлаа 20-иод жилийн өмнө хийж байсан. Хамгийн сүүлд 2017 онд япон хүмүүстэй хамт явж байсан. Өөрчлөгдсөн зүйл бага л харагдсан. Машин, барилга л ихэссэн. 

Үйлчилгээ бол яг л хэвээрээ. Таксины үйлчилгээ харьцангүй сайжирч байгаа юм билээ. Төлбөр нь ч хөөрхөн үнэтэй. Үнэдээ таарсан үйлчилгээ үзүүлбэл бас болж байна. 

Энэ удаад нэг иймэрхүү зүйл ажиглалаа. Шүүмжиллээ гэж харна уу? Нээрээ бид үүн дээрээ анхаармаар юм байна гэж харна уу? Таны сонголт...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年6月26日木曜日

Ойрын сонин сайхан

Уулзалгүй, бичилгүй уджээ. Уншигч олон түмэн минь сайн байцгаана уу? Зуншлага сайхан уу?

Угтаа маш идэвхтэй амьдарч байна л даа. Хувь хувьсгалын ажил ар араасаа ундарна. Үүндээ заримдаа их тааламжтай хандана, үе үе бага зэрэг ядрана. 

Хамгийн том сонин нь гэвэл ажлаар монгол яваад ирэв. Нутаг сэрүүхэн сайхан, сэвэлзсэн салхитай, өдөртөө халуун, өглөө оройдоо бага зэрэг даарах маягтай шүү. 

Олон жил яваагүй монгол дахь томилолт. Их догдолсон, их ч бэлдсэн. Монгол дахь эрсдлийг л тооцоолоод, хамт яваа сурагчдынхаа ачаа барааг, ухаалаг, утас, мөнгө түрийвчийг нь суйлуулчих вий дээ гэж л хардаад, сэрдээд, мөрдөгч, бие хамгаалагч хийх юм байна даа гээд л төсөөлөөд байлаа. 

Тэгсэн чинь биднийг японд маш том асуудал хүлээж байсан. Тэр нь дотоодын онгоц саатсан явдал. Түүнээс шалтгаалаад МИАТ-ын онгоцонд амжиж сууж чадаагүй. 

Маргаашийнх нь төлөвлөсөн ажил бүгд цуцлагдав. Монгол дахь захиалсан зочид буудлаа ч цуцлав. Бүх төлбөрөө авна гэсэн гэнэ лээ. Арга ч үгүй байх даа, тулгаж байгаад цуцалсан тул...

Хоцордог гайхал чинь

Наритад тансаг зочид буудалд буув. Даатгалын компани захиалж өгсөн. Түүнээс дотоодын нислэгийн авиа компани ямар ч хариуцлага хүлээгээгүй. Тухайн өдрийн хоолны мөнгө гэж 2000 иен өгсөн. Хэ хэ. 

Даатгалд хамрагддаг тулдаа л хохирол багатай өнгөрөх шив. Гэхдээ бидний захиргааны байгууллага мэдээж нэлээд том гарзтай. Яалтай...

Япондоо барцад нь гарчихсан бидний монгол дахь ажил дажгүй амжилттай болсон. Мэдээж жижиг сажиг паагтууд байсан л даа. Энэ тухай бичээд явна аа. Эх оронд минь үйл ажиллагаа явуулдаг хүмүүс уншвал анхаарна биз дээ? 

Нэг эгнээндээ 9 суудалтай их том онгоц ирсэн.

Ингэхэд миний блогийг яг ямар төрлийн хүмүүс уншдаг бол гэж үе үе боддог л юм. Би ийм ажил эрхэлдэг, чиний блогийг уншдаг шүү гэж сэтгэгдэл бичдэг бол ч, тийм ээ? Хэ хэ. 

Ямартай ч японы саун шиг бүгчим халуунаас сэрүүхэн сайхан эх орондоо хэд хоноод, эрч хүч аваад, ижий аавдаа үнсүүлээд, цагаан идээ идээд, багагүй цагаан идээтэй ирээд гээд л сэтгэлд өег л байна. 

Улсын мөнгөөр эх орондоо хальт ч болтугай хариад ирнэ гэдэг чинь дээдийн заяа шүү дээ. Бүгдэд талархаад, ажлыг гялалзуулаад өгнө дөө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年6月10日火曜日

Гар урлал

Нэгэн арга хэмжээгээр эмэгтэйчүүдийн бүлгийн хамт олон оролцсон бүх хүмүүст ийм гар урлалын цүнх тараасан. Би бас нэгийг авсан. Яаж зүгээр байхав. Хэ хэ. 

100 хэдэн оролцогч нэг бүрт өгсөн. Мөн их хөдөлмөр өө гэж бодов. Жил бүр л нэг зүйл бэлэглэж тараадаг юм. Өмнөх жил юката буюу зуны кимоно бэлэглээд байсан. Би монголчууддаа хэлж, тэд сонирхоод авцгаасан. 

Зарим нэг нь япон хэл сонирхдог хүүхэддээ, хамаатныхаа хүүхдэд гээд л үзэж хараад авсан. Би бас зүгээр байгаагүй, нэгийг авсан. Япон хэл сурдаг, хааяадаа надтай хичээллэдэг хамаатныхаа шавьдаа. Дэл сул ном энэ тэр байвал тэр хамаатны хүүхэд нүдэнд харагддаг болсон байна лээ. Хо хо. 

Энэ жил нэг ном өгөх гээд бэлдсэн байгаа. Аминдаа өөрийнхөө хэмжээнд хэл ус сурахыг нь дэмжээд байгаа санаатай юм өө. 

Цүнхнийхээ зургийг оруулах гэж оршлоо их урт бичив. 

Ийм шар өнгөтэй. Оруулга хээ нь хар хөх өнгөтэй нь их гоё хослол болсон байхаар нь сүүлд сольчихсон. Ха ха. 

Цуг явсан хятад хүүхэн бас аваад, тэр цаана харагдаж байгаа оцон шувуунуудаа хийгээд байсан. Хүүхдүүд нь юм гэсэн. Оцон шувуунд нугасгүй дуртай, бүх юм нь оцон шувуутай. 

Нэг зүйлд дурлаж, мөнгө, сэтгэл зүрхээ зориулж буй тууштай занг нь үнэлмой. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年6月9日月曜日

Ногоон цай

Маччя буюу ногоон цайнд дуртай. 
Хааяа ингээд таарвал буцахгүй. Ажлаар ийш тийш явахын нэг гоё нь иднэ, ууна. За тоглосон юм аа, юм үзэж нүд тайлна. 
Хамт ирдэг амттанд нь нэг их дуртай биш ч гашуун амттай цайтайгаа зохицно гэж юүхэв. Идчихдэг. Хэ хэ. 
Цайныхаа энэ аяганд их ач холбогдол өгнө. Хийж өгч буй хүн нь ч, амтархан уух хүн нь ч. 

Уухдаа аягаа гартаа их л хүндэтгэлтэйгээр бариад нар зөв нэг эргүүлж аяганы хээ угалзыг харж баясан, шагшин магтах ёстой. Хэ хэ. 
Дараагийн өдөр нь япон амттан дууссан гээд ийм ууттай амттангаар дайлсан. Хатуу чихэр иддэгүй тул хамт явсан хүмүүстээ өгчихсөн. 

Бага зулзагын цэцэрлэгт бас цайны ёслолын өдөрлөг сард нэг удаа болдог байж билээ. Гашуун болохоор ярвайж ирээд амсаж байгаа зураг нь байдаг юм. Багш нь бас их л өхөөрдөөд байсан. 

Зарим нэг дунд болон ахлах сургуулийн дугуйлангийн төрөлд цайны ёслолын дугуйлан байдаг юм билээ. 

Та бүхэн ч гэсэн японд ирээд энэ ногоон цайтай таарвал заавал амсаж үзээрэй. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年6月8日日曜日

Ажлын хажуугаар

Ажлынхаа хажуугаар идэж уух ажил хийчихнэ ээ. 

Даргаараа дайлуулсан нь. Шинэков. Төрийн албанд шинээр орж ирж байгаа хүн. Би түүнээсээ асууна, манай хүн надаасаа асууна. Хоёулаа өмнө өөр ажил хийдэг байсан хоёр. Заримдаа ам нийлж төрийн албаны дүрэм журмын хачин жигтэйг гайхна. Хо хо. 

Нэгэн ахлах сургууль дээр очиж яриа хийх гээд явах замд жаахан цаг гараад, ойрхон кофе шопод оррод, намайг дайлаад, миний дарга юм болохоороо. Хи хи. 
Зулзагыг минь элэг нэгтэн минь дайлсан. Ээж хажуунаас нь ганц нэг халбагадсан. Ер нь амттанаа багасгаад, хүмүүсийнхээс бага зэрэг амсдаг болж байна. Яваандаа нэг их дуртай биш бол амсахгүй өнгөрч сурах санаатай. 
Дарга харьж явахдаа раамэнгаар дайлаад. Би угтаа гоймон идэхгүй байх санаатай ч өөр хоол байгаагүй тул захиалсан. Гэрийнхэн үүнд дуртай, идэхээр болбол би өөр юм захиалдаг юм. 

Гоймон идэхгүй байх санаатай. Хааяадаа бол иднэ. 

Бүтэн цагийн ажил хийгээд жаахан ядарч байгаа ч хааяадаа нэг иймэрхүү сэргээш хэрэглэчихээд л гүйж байна дөө. 

Халж эхлэх гээд л айдас хүйдэс...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年6月7日土曜日

Хөзөр

Сая энд нэг олон улсын хэмжээний тэмцээн болсон юм аа. Ахмад настан голцуу хүмүүс, ганц нэг залуус ирж оролцов оо. 

Залуус нь хөзөр тоглоод суух юм аа. Цэнцэрэн минь. Үзэж харсан зүйлс нь дээд цэгтээ тулаад, ханаад цадчихсан бол нэг өөр хэрэг л дээ. Нэг дажгүй залуу байсан. Унадаг дугуй зээлж унаад буусан буудлынхаа ойр орчимтой танилцана гээд гарч харагдсан. 

Миний бодол. Гадаад хүмүүстэй ярьж хөөрөөд, хэл ус үздэг бол түүнийгээ ашиглаж, улс эх орноо сурталчлаад, гадаад найз нөхөдтэй болоод, гадны хүмүүсийн бодож санаж буйг танадаад гээд л нэлээд дипломат маягаар хандвал гэж бодоостой. 

Бодит байдал дээр ширээ тойрч сууснаа мөрийтэй бололтой хөзөр тоглоостой. Болоогүй ээ ширээн доороо япон сакэний цаасан сав нуугаастай. 

Тэгэхэд зохион байгуулж буй хүмүүс нь аятайнхан зохион байгуулчих гээд л, аятай тухтай байлгачих гээд л. Унаа хуншийг нь зохицуулчих гээд л. Улсынхаа аятайхан зүйлсийг таниулчих гээд л бөндөгнөөстэй. 

Хувиараа зугаалж яваа бол хамаа алга өө. Юугаа хийнэ надад хамаагүй л дээ. Гол нь найрамдалт харилцааны хүрээнд, олон улсын тэмцээнд ирж байгаа хүмүүс шүү дээ. 

Монгол эрчүүдийг би гайхдаг. Гэрээсээ гараад, эхнэрийнхээ хараанаас гарахаараа "уудаг". Шинийг мэдэх юмсан, соргог зүйл олоод сонсчих юмсан гэж боддоггүй, мэрийдэггүй. Гэрээс гарахаараа л ууж иддэгийг нь эхнэрүүд нь мэддэг болохоороо гэртээ дэргэдээ уях дуртай. 

Гэртээ байгаа хүмүүс чинь хөгжихгүй, улсдаа хэрэгтэй зүйл олж сонсохгүй нь ойлгомжтой тийм ээ? 

Дэргэдэх хань ижил ч өнгө ижил дүү. Гэхдээ тоглоомд тааруухан. Монголд хаа нэгтээ очиход нь багын найзууд, тэр найзууд гээд дагуулж яваад идэж уугаад байдаг. 

Уудгийгаа, наргидгийгаа нэг л их сонирхолтой амьдраад байна гэж ярьцгаадаг. Япончуудын уйтгартай амьдраад байгааг гайхацгаадаг. Хоёр өөр ард түмэн, аливаа зүйлд өгч буй үнэ цэнэ, үнэлэмж нь асар өөр улс байж. 

Би японд амьдарч байна гээд нэг их уйдсан юм алга. Харин ч өөрийнхөө дуртай ажлаа, дуртай хоббигоо хөөгөөд л явж байна. Харин ч энд байгаагийнх хүмүүс хэрхэн хоббитой болдог, хэрхэн түүндээ цаг гаргадаг гэх мэт аргыг нь бодит жишээн дээрээс нь суралцаад л явж байна. 

За баахан бурчихлаа. Үнэхээр тэр үед надад тэр хөзөр цаг үеэ олоогүй санагдаад, хэлээд л тавьчихсан. Тиймээс эндээ ч бас бичиж үлдээмээр санагдаад өө. 

Биднийг дэлхий хараад байхад шүү дээ. Гоё ном бариад суусан бол гэж бодогдсон. Адаглаад л ганц нэг япон үг, ганц нэг солонгос үг цээжлэх гээд толь бичиг тэврээд суусан бол биднийг харах гадны нүд, биднийг үнэлэх үнэлэмж өөр байсан байх гэж харамсаад болдоггүй ээ. 

Энэ харамслаа эндээ л бичиж тайлав. 

Саяхан нэг орой томилолтоор очсон газрынхаа өртөөний буудлын гадаах цэцгээр энэхүү харамслын бичвэрээ зөөллөж, өнгө оруулав. Удахгүй дахин нэг очиж буудаллана. Зочид буудлын өглөөний цай нь анхаарал татаж буй болно. 

Ойрын хэдэн жил зочид буудлаар яваагүй, тэсэн ядан хүлээнэм. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年6月6日金曜日

Ойрын сонин сайхан

Бичиж тайлагнах зүйл бол асар их. Үүнд уламжлалт арга хэмжээнүүдийн тухай ч бий. Шинэ соргог зүйл мэр сэр бий. 

Зулзагууд дор бүрнээ хичээгээд л. Бухимдах үедээ бухимдаад, инээх үедээ инээж хөөрөөд, хөөрөх үедээ хөөрцгөөгөөд л...

Бага зулзагын тамирын өдөрлөг болоод өнгөрөв. Хагас сайнд болох байсан чинь бороотой өдөр таарч хойшлоод, бүтэн сайнд ч бороотой тул дахин хойшлоод. Нэг өдөр ажлын өдөр зохион байгуулав. 

Ээж үдээс өмнө ажлаасаа чөлөө аваад л очиж үзэв. Аав чөлөө авч чадахааргүй чухал ажилтай тул гээд зулзагынхаа хэрхэн гүйснийг харж амжсангүй. Дараагаар нь хальт бичлэг л үзэв. 

Цар тахлаас хойш их төсөр зохион байгуулдаг болчихсон. Нэг бодлын их амар. 

Дунд зулзагын сонирхон хичээллэдэг үлээвэр найрал хөгжмийн зуны концерт болж өндөрлөв. Хотын дунд, ахлах сургуулиудын үлээвэр найрал хөгжмийн дугуйлангийн сурагчид оролцдог. 

Мөн ганц нэг томчуудын хамтлаг ч оролцоно. Очиж үзэв. Энэ жилээс бага сургуулийн сурагчид үзэхэд төлбөртэй болсон байв. Бид эхэндээ мэдэхгүй 2 л билет худалдаад авчихсан байсан чинь нэг нь үлдэх, эсвэл нэмж билет худалдаж авах болов. 

Хоёр залуугаа хөөж оруулчихаад, би өөрөө гадаа нь ширээ олж суугаад номоо дэлгэв. Үдээс хойш би багатайгаа хамт ганц нэг сургуулийн тоглолтыг үзсэн. 

Энэ зурагт харагдаж байгаа тэр дугуй ширээнүүдийг эзэгнэнхэн суух дуртай.Учир нь ажлын газрын ойрхон байдаг. Хүүхнүүд хэд хэдээрээ суугаад өдрийн хоолоо идэж харагддаг.

Би номын сан орохоосоо өмнө хааяа энд суудаг. Өдрийн хоолоо ажил дээрээ идчихдэг. Заримдаа гарч худалдаж авах үед энэ дугуй ширээнүүдийг түрүүлэн очиж эзэгнэх гэж хурдан хурдан алхана шүү дээ. 

Мөн яг энэ үеэр манга зураг зураачдын үзэсгэлэн гаргаж байсан. Үнэ төлбөргүй. Суугуул мужийн "ордон" энэ саруул гэрэл гэгээтэй барилга нь. 

Яг тэр бүтэн сайнд баг хорооны гал унтраах тухай сургалт болсон. Мөн бага сургуулийн нэрэмжит дахин ашиглагддаг хог цуглуулах арга хэмжээтэй байлаа. Нэг өдөр маш их зүйл амжуулсан, оролцсон, асар идэвхтэй өдөр байв. 

За тэгээд л нэг мэдсэн нэгдэх, нэг мэдсэн баасан гэх маягаар цаг хугацаа жирийж байна. 

Би нь өглөө, оройдоо ажлаа тараад алхаж байна. Нэг талдаа 25 минут. Одоогоор нэг их мэдэгдсэн зүйл алга. Нэг л мэдэхэд асар гуалиг болох байгаа гэсэн гэнэхэн мөрөөдөөд л алхаж байна. 

Блогчин Пиглет маань буцаж ирж байгаад баяртай байна. Бусдынхаар нь үе үе шагайгаад л явж байгаа шүү. Бичээд л яваарай та хэд минь. Аятайхан гэгээлэг зүйл уншмаар л байдаг шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年6月5日木曜日

Тарган муур

Шинэ сарын мэнд ээ. ЕС-аа аваад хаячихлаа, одоо сайхан хариуцлагыг нь хүлээлгээд, орлогыг нь нотлуулаад, нотолж чадахгүй бол төлүүлээд, хөрөнгийг нь хураагаад гээд л явчихбал тийм ээ. 

5 сард Японд Хөдөө аж ахуйн сайд нь "би будаа худалдаж авч үзээгүй ээ, бэлгэнд авдаг" гэж хэлээд огцорчихсон шүү дээ.

Гэх мэтчилэн улс төржлөө хэд хоног. Холоос бас л их л идэвхтэй бичлээ. Хэ хэ. 

За ойрд монгол зохиолчийн номыг уншаагүй байсан болоод ч тэр үү? Ойрд ч гэж дээ, сүүлийн хоёр сард уншсан болон уншиж буй номнууд минь хэл ам сугалчих гэсэн нэртэй номнууд байлаа л даа. 

Мөн төрөлх хот Улаанбаатарт минь үйл явдал өрнөдөг нь цаанаа л нэг аятайхан мэдрэмж төрүүлэв. 

1 дүгээр сард бэлгэнд авсан. Баярлалаа, талархлаа. Уншаад эхлэхэд бас л өвөрмөц юм аа. Хоёр талаас нь ээлжилж уншина. Нэг гарчиг уншиж дуусгаад нөгөө талаас нь дараагийн гарчгийг уншина. 

Хөгжимчин хүний сэтгэл дотор ийм л байдаг гэмээр сонин сонин бодлуудыг уншив. Тоглодог хөгжим шигээ заримдаа уярам, заримдаа догшин, заримдаа гунигтай, заримдаа цоглог байдаг байх нь гэж бодогдов. 

Зохиолч хүн л ийм балай балай зүйл бодож, эргэлздэг байх гэмээр зүйл ч уншив. Бичих гэж буй, бичмээр буй зохиолынхоо агуулгыг үе үе бодож, самуурдаг, үймэрдэг бололтой юм гэж өмөөрөв.

Эцэстээ зохиолч, хөгжимчин хоёр нийлэн сүлэлдээд бүр ч утгагүй, бүр ч замбараагүй, бүр ойлгомжгүй болдог юм байна. "Зохиолчийн өөрийх нь хэлснээр хөгжим уран зохиолтой хурьцаж байгаа нөхцөлд ор дэвсгэр нь философи байвал зохилтой." гэдэг нь үнэн байх нь. 

Бусад яруу найргийх нь түүврийг уншиж үзнэ ээ. Анх удаагаа уншиж буй тул сонирхол татав. 

"Бичнэ гэдэг төсөөлөхөөс хамаагүй ярвигтай, тэр хэрээрээ амттай зүйл." 

"Хамгийн харамсалтай нь юу вэ гэхээр, хэн их хайрлана тэр нь илүү харуусаж, хэн их итгэсэн нь сэтгэл зүрхэндээ сэв сэмэрхийтэй хоцорно."

"Итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг." А.Дюма

"Ганцаардал гэдэг бол өөртэйгөө байхын нэр. Тэгээд ч өөртэйгөө байсаар өөрийгөө таньсан хойноо бусдын байр байдлаас, магадгүй өөрийнх нь ч олж таниагүй байж мэдэх үнэн төрхийг нь олж хардаг."

"Эмэгтэй хүн ганцаардахаараа ээжийгээ биш, эр хүнийг л мөрөөсдөг юм билээ." 

Эмэгтэй олон янзын эр хүн хэрэгтэй гэж байна шүү. Хийл хөгжмөөр төлөөлүүлэн илэрхийлсэн нь оносон ч юм шиг. Ингэхэд надад ямар хийл хөгжим шиг эр тохирох юм бол гэж бодоод амжив. 

Маагийн ээжид тохирох эр буюу пластирь хийл шиг халамжтай эр байх. Хэ хэ. 

"Ганцаардал биднийг сул дорой болгодоггүй, ганцаардал биднийг бусдыг ойлгоход сургадаг."

-...эцэг эхдээ өгсөн амлалтаа зөрчиж байж өсөж том болно шүү дээ."

"Эмэгтэй хүн ургаж цэцэглэх гэж шороотой мөн ч их хутгалдах юм даа."

Гэх мэтээр хөөрхөн юм бодогдуулах үгс таарна. Зөвхөн миний харах өнцгөөс харахад л ийм байна. Та бүхний харах өнцөг бас нэг өөр тийм үү? 

Нэг зузаан хөөрхөн ном эхэлчихсэн. Дуусах дөхөөд л байна. Өөр чинь юу билээ? 

Сайхан зав гаргаж байгаад өмнөх шигээ өдөр бүр бичих юмсан гэж мөрөөдөөд л сууж байна. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.