Уламжлалт бичвэр. Том зулзагаа дунд ангид нь байхад бичиж л байсан байх.
Дүү зулзагуудын тухай нь их л бага бичээд байгаа шиг санагддаг л юм. Шинэ соргог санагдахаа болиод, аан нээрээ нэг ийм арга хэмжээ болдог доо гээд л өнгөрчих гээд байдаг болж.
2 хоног 3 өдрөөр Кансаи бүс яваад ирсэн. Киото хот, Осака хотын USJ гэх мэт газраар орсон. Сургалт авах зорилгоор бөөндөө нэг газар орно. Юу гэдэг газар орсон гэлээ дээ. Ер нь хоёр дахь, гурав дахь зулзагууд дээр нэлээд хайнга, танхай л ээж болоод байна шүү. Хэ хэ
Мөн хэсэг бүлэгт хуваагдаж чөлөөт зугаалга гэж явна. Дураараа найзуудаараа нийлэхгүй, цаанаас нь хуваарьлана. Бие биенийхээ сонирхлыг хүндэтгэн, үзэх гэсэн газраа сонгоцгооно. Санал зөрөх асуудал ч гарна.
Төгсгөлд нь USJ буюу паркаар зугаална. Дуртай юм болохоороо Харри Поттерийн хүрээлэнгээр орсон гэсэн.Тэндээс өөртөө жижиг сажиг зүйл авсан л гэсэн. Одоогоор би үзэж амжаагүй л байна.
Бодвол сонин зүйл авдаг юм гэж үглэхээс минь халшраад үзүүлэхгүй л байх шиг. Хэ хэ.
Тээр жил гэрээрээ нэг явахад эгч нь шидэт саваа авах гээд, би хог болно шүү дээ, дараа нь тоохгүй тэгээд хаяна гээд авахуулаагүй юм. Хи хи. Зангиа авсан гэж хальт дурдаад өнгөрсөн, саяхан.
За тэгээл баахан л хүнд бэлэг авсан. Гэртээ хоёр шиг амттантай ирсэн. Гэртээ хэрэггүй дээ гэж хэлсэн ч авсан байлаа. Дүүгээ идэж чадахаар амттан авчээ.
Дунд сургууль дахь хамгийн том, хамгийн сэтгэл догдлуулсан арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Одоо 8 сард дугуйлангийнх нь нэг тэмцээн бий, хэрэв муждаа шалгарвал цаашаа бүсэд явна. Бүсэд шалгарвал улсад явна.
9 сар буюу намраас ерөнхийдөө ахлах сургуулийн элсэлтэнд бэлдээд, толгой өндийх завгүйгээр хичээллэнэ. Гэртэйгээ хамгийн ойр улсын сургуульд орно шүү гэж хэлээд л байгаа.
Эгч нь ч орж төгссөн сургууль. Наана нь бүр маш ойрхон нэг хувийн сургууль бий. Гэхдээ ээжид тухайн сургуулийн "алсын хараа" нь таалагддаггүй юм. Улсын сургуульд л оруулчих санаатай.
Уг нь ч ахлах сургуулиудын төлбөрийг үнэгүй болгосон л доо. Гэхдээ төлбөрөөс гадна элдэв зардлын мөнгө татагддаг. Тэр нь төлбөрөөсөө өндөр байдаг юм. Тэгэхээр яаж ч бодсон улсын сургууль нь зардал бага.
Гарчигаасаа жаахан зөрөөд байна шүү. Дадлага аялалын зардал нэлээд өндөр гарсан. Юмны үнэ өсч буйтай холбоотой. Гарын мөнгө нь өссөн. Хэ хэ. Манай энэ зулзага нэлээд хэлтэй амтай, а гэхээр б гэдэг. Нэг үг хэлэхээр өөдөөс арван үг сөргүүлж хэлдэг юм.
Цаана чинь дэлхий нийтээрээ юмны үнэ өсөөд, та хоёрын надад өгөх гээд байгаа гарын мөнгө чинь хаанаа ч хүрэхгүй, би тэгээд аялалдаа сэтгэл ханамж муутай л дурсамж үлдээх байх даа? Бла бла гэсээр байгаад овоо хөөрхөн мөнгөтэй явсан.
Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэж мөн айхтар хэлсэн байгаа юм шүү. Хи хи.
Ээжийн үглэж дуулж байж хадгалсан өөрийх нь хэдэн цаас бий, түүнээсээ бас нэмсэн л дээ. Тэгээд авч явсан бүх мөнгөө үрээд дуусгасан гэнэ шүү. Үлдээгүй юм уу? гэсэн чинь өөдөөс "Энэ арга хэмжээнд л үрэх гэж авч явсан юм чинь юу гэж үлдээх вэ дээ? Эсрэгээрээ хайран юм биз дээ?"
Хань ижил бид 2 чинь үлэг гүрвэлийн үеийн хүмүүжилтэй юм болохоор хоёр биен лүүгээ харц шидэлцээд л өнгөрөх шив? Аминдаа одоо энэ үеийн залууст диван галвынхаа үзэл бодлыг тулгачихгүй байх санаатай үзэж тарж л байна. Хэлээ хазаад өнгөрнө. Заримдаа ч чадахгүй, үглэж уурыг нь хүргэнэ. Ха ха.
Үүнээс сургамж авсан би, гурав дахь зулзагынхаа аялалд бэлдэж иен хадгалах минь болов одооноос. 6 жилийн дараа бага сургуулийн дадлага аялал, тэгээд дунд сургуулийнх гээд л явна.
Хүүе нээрээ наана нь энэ гайхал минь ахлах сургуулийн дадлага аялал гээд гадаад улсад аялна шүү дээ. Эгч нь Тайвань явж байсан юм.
Ингээд бодохоор зулзагуудынхаа аялалд бэлтгэсээр л миний амьдралын нэгээхэн хэсэг...
Ха ха.
Үртэй хүний жаргал юм даа гэж бидэн хоёр бие биенийгээ цаашлуулна. Эрүүл саруул төрөөд, ингээд аашлаад, баашлаад явж байгаа нь их юм шүү гэж өвөр хоорондоо ярилцана. Ккк.
Бидний багын хүмүүжилтэй асар зөрөөтэй л юм. Одоо яалтай? Жавхлан юм даа.
За өсвөр насны болон бага насны зулзагуудтай ээж аавуудад амжилт хүсье. "Одооны хүүхдүүд" гэдэг үг чинь аль Платоны үед л яригддаг байсан гэнэ лээ шүү. Ха ха.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт.
0 件のコメント:
コメントを投稿