2025年8月31日日曜日

Өвөл хавар 2

Хошин романаа уншаад дууслаа. Цайныхаа цагаар бага багаар уншлаа. Ойрын хэд хоног нэмэх 35 хэмээс буудаггүй, буух нь байтугай түүнээс дээш нэмж халаад, юун ном уншихтай манатай. 

Нойр хүрээд, номын санд ширээ дэрлээд 10 минут ч болов дуг хийж байгаа. Тэгснээ гэнэт "хийгээ гаргачихаад" сандран сэрж энэ тэр. Хэд хэдэн удаагийн тохолдолд. Ха ха. 

Уншигч олон минь би чинь хүн шүү, махан биебодтой тул та нарын хийдэг бүхнийг л хийнэ. Ха ха. Ном л уншаад, гоё гоё амттан идээд, гоё гоё ундаа уугаад л явж байдаг, өөр юу ч хийдэггүй гэж андуу эндүү ойлгов доо. Хи хи. 

Азаар номын сангийн 2 давхар дахь жижигхэн өрөөг ганцаараа эзэгнэнхэн суудаг юм. Учир нь тэр өрөөнд дан гадаад ном, гадаадын уран зохиол гэх мэт ном өрөөстэй байдаг. Хүн бага үйлчлүүлдэг тулдаа л гаргасан хийгийн минь дуу, үнэрийг хүмүүс мэдээгүй өнгөрөв. Хэ хэ. а

Хошин роман уншиж байгаа хүн чинь номныхоо нөлөөнд автаад бас жаахан хошигнож бичмээр санагдаад өө. 

Түүнээс би хийгээ гаргадаггүй шүү гэж худлаа ярихгүй ээ. Соц нийгмийн нэгээхэн он цагт бага насаа үдсэн хүн чинь тийм ёс бус зүйл хийхгүй шүү дээ. 

Пионерийн тангарагт харш. Цаашлаад озоны давхаргын цоорол, дэлхийн дулаарал зэрэгт ч муугаар нөлөөлж, асар хортой. Тиймээс аль болох өөрөөсөө "ёс бус" зүйл гаргахгүйг хичээж буй болно гэхгүй юу. Ккк. 

Пионер гэснээс би ч бас пионерт элсээд амжсан шүү дээ. Онц сурлагатан байсан тул наснаасаа жаахан түрүүлээд элссэн. Ленины музейд очиж учиргүй тангараг өргөж, гэртээ байсан хамгийн гоё тасалгааны ургамлаа бэлэглэн байж элссэн билээ. 

Ленины музей одоо "Байгалийн түүхийн музей" болсон байсан. Бага насаа өнгөрөөсөн "дош" минь танигдахын аргагүй болсныг хараад жаахан харамссан шүү. 

За тэгээд улаан галстукаараа яасан гэхээр ангиараа нэг кино үзээд, уйлж муйлаад, нус нулимсаа арчсан шиг л... Угааж индүүдэх гэж бас л хөөрхөн ажил болдог байж. Нэг аятайхан нь халуун индүүгээр дарахад шууд хатдаг нь. 

Хөдөөгийн суманд иргэдийг усанд оруулах гэж сумдын удирдлага, намын дарга нар толгойгоо гашилгаж байхад, хотынхон ч мөн хүүхдүүдээ усанд оруулах гэж бөөн л ажил болдог байсан байх шүү. 

Би лав усанд орох тийм ч дуртай бол байгаагүй ээ. Ээж угааж байна гээд хамаг арьсыг минь үрчихдэг байсан болохоор тэр. Одоо өөрийгөө угаахдаа бас ээж яаж үрдэг байсан тэрэн шиг үрж угаадаг. Ха ха. 

За тэгээд матаас, хор шар, атаархал зэрэг их далдуур, нууцаар оршсоор л байж. Өдийд нэлээд ид тод болсон ч юм шиг. Аргаа өөрчлөөд улам л зэвүүн болсон ч юм шиг. 

Уншихыг санал болгох хөөрхөн ном байлаа. Жензэгийнхэнд ойлгомжгүй, Х үеийнхэнд дурсамж сэдрээсэн хошин хөөрхөн агуулгатай байлаа. Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年8月30日土曜日

Уусаар л

Уусаар л. Хэ хэ. Ажлаа сольсон гэж хэлсэн дээ. 4 сараас хойш худалч хүнд сард нэг удаа шоудаж байна аа. Эхний удаад миний биеийг оролцуулаад шинэ ажилчдаа хүлээж авна гэж ууж идэв. 

Дараагийн удаад нь хуучин ажлын хэсэг хүүхнүүд намайгаа гаргаж өгч байна гэж ууж идэв. Би ч хуучин ажлынхандаа нугасгүй юм болохоор хүн болгонд аяга угаагчаа бэлэглэсэн. 

Монгол явсан томчуудтайгаа ууж идсэн. Бас л аяга угаагчаа бэлэглэсэн. 

Монголчуудтайгаа наадамлаж ууж идсэн. 

Шар айраг нэг их уудаггүй юм. Улаан вино, хааяа цагаан вино ууна. Ажлын хүүхнүүд харин есөн жорын юм ууж байна шүү. Нэлээд чихэрлэг санагдаад, захиалдаггүй юм. 

Харин сүүлийн үед өдөр бүр нэмэх 35-с дээш хүрч халаад, цаанаасаа нэг тийм сонин сонин юм уумаар санагддаг юм байна. Бүгчим халуун, өдөр бүр саунд сууж байгаа юм шиг л...
Янз бүрийн жимсний хольцтой лекорнууд. Хааяа бас зүгээр юм байна шүү. Дандаа л ууж идэхээ хорьно гэдэг чинь тэгээд ч бөөн стресс биз дээ? Би ч гэхдээ тэгж стресстэн барин хорьдог нь биш ээ. 

Уух үедээ уучихна, идэх үедээ идчихнэ. Ер нь жаахан дуртай талдаа "эгч" нь байгаа шүү. Ха ха. 
Орж гараагүй өдрөө гэртээ бас нэг иймэрхүү хундаганд хүйтэн ундаа бэлдээд уучихна аа. Мөс хийж байгаад л. 

Гэхдээ саяхан нэг өдөр гостоод, бөөлжөөд, нэг сүмо дүүг базаад, нэлээд атман зан гаргасан гэсэн. Ха ха. 

Маргааш нь шартаад үхэнгээ алдана биз дээ? Өвөл нэг тэгж гостсон юм. Тэрнээс хойшхи архинаас гарчихсан л явсан чинь гэхгүй юу? Дахиж архи амсахгүй юм шүү гэдэг дээрээ яваа болно. 

Нэг өдрийн шоун дээр огтоосоо ч амсаагүй. Угаасаа машинтай ч очсон юм дөө. Тэрнээс хойш цуглаан дээр ганц нэг хундагыг бол уусан уусан. Их соёлтой. Ингэж эрүүл саруул, соёлтой уух чинь тун аятайхан юм билээ гэхгүй юу. Хи хи. 

За за аймар дуртай гар шиг л биччихлээ. Гэхдээ намайг яг ямрыг эргэн тойрныхон минь хэлнэ дөө...

Халуунд жаахан манарсан хүн ийм л зүйл бичилүй, өөр хэн ийм зүйлийг ингэж ил тод бичихэв? Уусан зүйлдээ манарав уу? Байгалийн халуунд манарчихав уу? Бүү мэд...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.  

2025年8月29日金曜日

Жоом

Суугуул мужийн музейд шавжны тухай булан нээгдээд, нэлээд удаж байгаа юм. Хүүхдүүд үнэгүй тул хоёр зулзагаа үзээд ир гэж оруулчихаад, ээж өөрөө номоо уншингаа хүлээсэн. Нэг цаг гаран сайхан номоо уншиж, аз жаргалын даавраа ялгаруулсан. 

Эгчид нь гар утсаа өгч оруулаад, зураг дараарай гэсэн. Хэдэн хөөрхөн зураг дарсан байв. Би түүнээс нь сонгож нүүрном, инстадаа оруулсан. 

Япон жаалууд хорхой шавжтай их ойр өснө өө. Бүр тэжээдэг нь ч бий. Би бол нэг их дуртай биш ээ. Гэснээс яг одоо нэг хөөрхөн дуугардаг шавж гарч ирдэг улирал тул гэрийн гадаах модонд суучихсан, орж гарахдаа дууг нь сонсон таашаал эдэлнэ. 

Байгальтайгаа ойр гэж өөрийгөө баясгаж байгаа царай нь л даа. Хэ хэ. 
Хүрэлзгэнэ гэдэг шавж. Юу билээ гэж хэсэг бодлоо шүү дээ. Яг мартах гэж байна. Японоор нь мэдээд байгаа хэрнэ ээ. Ямартай ч эндээ бичиж үлдээлээ. Дараа мартахаараа орж ирж хайна. Японоор нь коороги. 
Нэг ийм хөөрхөн өнгийн эрвээхийн зураг дарсан байсан. Багадаа гоёмсог өнгөтэй эрвээхий харахаараа хөөж гүйдэг, хөөрөн баясдаг байж билээ. 

Эрвээхэй эрвээхэй 
Эргэн эргэн нисээрэй

Гэж дуулаад л. Гэснээс эрвээхэй, шавьж гэж бичдэг байсан санаад байгаа юм. Яг аль нь зөв эсэхийг мэдэхгүй, хааяа бичихдээ монгол толь бичигнээс хардаг юм. Ялангуяа орчуулга, албан захиа гэх мэтийг бичихдээ. 
Энэ хэсэг хамгийн хөөрхөн нь байсан. Жоом ч гэсэн хорхой. Нэг ажилтан нь ийм хувцас байгаа, өмсөж зургаа авахуулж болно гэсэн гэнэ. Эгч ч сахилгагүй зан нь хөдлөөд, дүүдээ өмсгөөд зураг дарж, бичлэг хийсэн байсан. 

Тэгснээ аав ээждээ, "Дүү жоомтой уулзаж үзээгүй байгаа. Дараа тааралдахаараа сайн байна уу? Жоом гуай гээд таньдаг байх хэрэгтэй. Жоом ч хараагүй, нялцгай бацаан" гэж авсан. Бид хоёр ч татаад унасан. 

Нээрээ л ойрд жоомтой байлдаагүй юм байна. Түй түй. Ингэж даапаалж бичих амархан ч, яг жоом гуай айлчлаад ирвэл пүү паа болоод аавыгаа л урдаа барина даа бид ч. Ха ха. 

Одоо ашгүй, эр баатар зулзагатаа даатгачихаад, орилоод сууж байх минь. Хо хо. Хөөрхий эрчүүд ээ гэж. Өрөвдчихлөө. 

Аягүй бол ээж нь хүүгээ өрөвдөөд, хайрлаад, эрхлүүлээд өөрөө урдуур нь орчихсон, алив тэр жоом гуай хаана байна гээд ханцуй шамлан дайраад, аягүй л бол нүцгэн гараараа барьж аваад бяцлах вий дээ. Чадна шүү, цаадах чинь. Ха ха. 

За ингээд өндөрөхгүй бол бие арзаганачихлаа. Шөнө жоом зүүдлэх вий дээ. Холуур холуур...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年8月28日木曜日

Өвөл хавар

Тэрбишийн Бибиш гэх нэг элдэвтэй нөхрийн тухайн хошин роман. 300 гаран хуудастай, үсгийн хэмжээ жижиг энэхүү бүхэл бүтэн романыг ингэж хошин бөгөөд ёжилж бичнэ гэдэг айдаа мөнчиг авъяас юм байна өө. 

Уншихаас өөр ид шидгүй би үе үе инээд алданхан уншив. Соц нийгмийн үеийн орос үг, өвөрмөц хэллэгийг доор нь тайлбарлаад биччихсэн байсан. Сонин мэдрэмж төрөв. Уйтай ч юм шиг мэдрэмж...

Нээрээ л тун удахгүй үлэг гүрвэлийн үеийн хүн нь болоход тун цөөхөн жил үлдсэн бололтой дог шүү. Бидний үеийнхэн мэддэг, мэдээжийн зүйлийг тайлбарласаныг бодоход ирээдүйн уншигчдад зориулсан нь илт. 
Бямбажавын Цэнддоо зохиолчийн "Өвөл хавар" хошин роман. 

2024 оны сүүлээр "Голын тэртээх гацааны хавар" номыг нь уншсан. Бас хөөрхөн хошин мэдрэмжтэй, инээлгэсэн ном байсан. Ийм төрлөөр бичдэг зохиолч юм шиг байна тийм ээ. Хэд хэдэн ном гаргасан юм байна. Бусад зохиолоос нь авч уншина аа. Хөөрхөн бичлэгийн хэлбэртэй, тархиа амрааж, инээхэд минь хэрэгтэй. 

Бибишийг төрсний дараагаар нэр өгдөг хэсэг үнэн инээдтэй. Аав нь ч тэр, намын дарга ч тэр. Инээдтэй гарууд. Ер нь тэр сумынхан бүгд "инээдтэй" гарууд. 

Соц нийгэм сайхан байжээ, бидний хүүхэд нас сайхан байжээ гэж дурсан санагалзах дуртай 40 нэмэх насныхан уншвал ч дурсамжийг тань сэргээгээд сайхан байх бий вий? Ха ха. 

Нутгийнх нь "Чонотын хавцал нь Үнэртийн хавчиг болсон нь" хэсэг үнэн инээдтэй. Тухайн үед дарга нар ирж очих нь үнэн ядаргаатай байсан биз? Өнөөх нэг кинонд гардаг даа. "Шинэ халаатаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгийг солиорой" гэдэг хэсэг шууд санаанд бууна. 

Үргэлжлэл бичихийг хичээнэ ээ. Талдаа ороод л явж байна. Жижигхэн бичигдсэн тул хөөрхөн цаг орж байх шиг. Түүнээс 300-хан хуудастай, жижигхэн ном. 8 сардаа багтаана даа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年8月27日水曜日

Тарвас ба хутга

Энэ жил бид тарвас бага идсэн юм шиг санагдаад болдоггүй ээ. Хэ хэ. Жил бүр хамгийн томоос нь, хамгийн амттай гэснээс нь сонгож байгаад л худалдаж авч иддэг юм. 

Жилээс жилд юмны үнэ нэмэгдээд, хааяа ч дэлгүүр орохдоо жимсний тасгаар бага ороод байх шиг. Тарвас гэхдээ хүнсний ногооны ангилалд багтдаг юм билээ.

Нэг жижиг тосгоны тариалдаг тарвас нэлээд үнэтэй, брэнд болгочихсон. "Дайэй тарвас" гэхээр л үнэ нь өсчихнө. Бид жаахан наахна нь байдаг тосгоныхон тариалсан тарвасыг, нэг бол яг суугуул хотынхон тариалсныг авж иднэ.
Дотроо ясгүй гэх үү? Үргүй нь ч зарагдана. Дотроо үргүй тарвасны гаднах өнгө нь нэлээд хар ногоон байдаг юм.  
Жимс жимсгэнээ хэрчдэг нэг гоё хутгатай. Харахад л андашгүй байгаа биз? Хэ хэ. Энэ хутгандаа би хайртай. Үүх түүхийг нь мэддэг болохоор хайр зарлачихсан. 

Хутга сайтай байх, хутга нь тансаг байх гоё юм билээ. Гал тогооны ажилдаа муу ч жимс жимсгэнэ гэх мэт тансаг зүйлсээ хэрчихэд урамтай. 

Өө тийм, Осака хотод найз дүүгийнхээр айлчлахдаа бас тарвас идсэн. Найзууд нь тариалсан гэсэн. Амттай байсан. Өөрөө юу ч хийдэггүй хүн чинь бусад хүмүүсийн хөлсөө урсган, цаг заваа зарцуулж хийсэн хөдөлмөрийг үнэлэлгүй яахав. Биширнэ, бахархана. 

Ирэх жил идэх тарвасныхөө мөнгийг цуглуулна аа, одооноос. Хэ хэ. Ядаж улиралд нь таван бондгорыг авч иднэ гэж бодов. Та бүхэн ч гэсэн сануулаарай, цаг тухайн үед нь мартчих вий дээ? 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年8月25日月曜日

Бодонцог цэцэг

Зулзагын арчилж буй "бодонцог" цэцэг их хөөрхөн, өглөөд л хэд хэдэн цэцэг дэлбээлчихсэн байдаг юм.

Нэг өглөө бүр 10 ширхэг цэцэг гарчээ. Тэгээд 5 ширхэг цэцэг. Заримдаа 3, хааяадаа ганц хоёр цэцэг гарсан байна.   

Сайн харж тоолохгүй бол нуугдчихдаг юм билээ. Ихэвчлэн хоёр л өнгө хосолж цэцэглэсэн. Нийт 3 янзын өнгө бий. Тод хөх, бүдэн нил өнгө, ягаан өнгө гэсэн гурван өнгө. 

Өглөө оройдоо сайн усалчихсан байхад олон цэцэглээд байх шиг санагдсан.  
Энэ ягаан өнгө бол өдөр бүр шахуу цэцэглэнэ. Хамтад нь тод хөх, бүдэг нил өнгөний аль нэг нь цэцэглэсэн байна. Гурван өнгө нэгэн дор, нэгэн зэрэг, нэг өдөр хамт цэцэглэхгүй байна лээ. 

Өглөө эрт зураг дарахгүй бол 11 цаг гээд зураг дарах гэсэн чинь жаахан шолбойчихсон байсан. Амралтын өдөр жаахан унтчихсан юм аа. Хэ хэ. 
Энэ тод хөх өнгө их гоёмсог. Дуртай өнгө. Энэ гурван өнгөнд бүгдэд нь л дуртай юм байна. Гэхдээ байна аа, цэцэг ямар ч өнгөтэй байсан гоёмсог тул бүх л өнгийн цэцгэнд дуртай. 

Ямартай зуны амралтаар энэхүү бодонцог цэцгээ үхүүлчихэлгүйхэн шиг олон олон цэцэглүүлж, харж баясан, тоолж тооны хичээлээ давтсан шигээ давдлаа. 

Өнөөдөр албан ёсоор хичээл эхлэв. Зуны даалгавар, зээлсэн ном гэх мэтээ авч явсан. Хүнд цүнхтэй, гартаа бас нэг номтой тор барих гээд л ачаатай тэмээ шиг л хүн явсан. Гэхдээ хичээл нь эхэлж байгаа юм болохоор сэтгэл нь хөөрхөн гэгэлзээд байх шиг байсан. 

Өдөрт гэртээ ганцаар өнцилгүй, үдийн хоолонд юу идүүлэх вэ? гэж хойшоо санаа зоволгүйхэн шиг ажлаа хийх минь. Гэхдээ эрт тарж ирэх тул, тарж ирээд саадгүй, сайн гэртээ яваад ирснээ хэлж утасдана. 

Эх оронд минь ирэх 1 дэхэд хичээл эхэллээ дээ, тийм ээ? Цүнх баригч нартаа амжилт хүсье. Би ямар цүнх барих биш. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.

2025年8月24日日曜日

Хөрөг

Бэлгэнд авсан ном. Бас л жил гарангийн өмнө. Нүүрномд нэлээд хэдэн хөрөг зураглал нь орсон байсан. Уншиж байх явцдаа л аан нээрээ нүүрномноос уншсан юм байна гэж бодон уншив. 

Мэдээж олноо алдартай хүмүүсийн тухай голцуу байсан. Тэд нэлээд зовлон, бэрхшээлийг даван туулсан байдаг юм байна. Олны танил байх, мэргэжилдээ чадмаг байх нь эргээд "дайсан", "атаархагч" Хоролмаа, Балдан нарыг төрүүлдэг шиг ээ. 

Түүний оронд мөрөөрөө мөөмөө унжуулаад явж байсан нь өөрт өлзийтэй юм гэж бодов. Би "од" болохгүй ээ, ярьшиг. 

4 сая ч хүрэхгүй цөөхүүлхнээ бид нэгэндээ гай бололгүй л амьдрах юмсан тийм ээ? 

Хэдийгээр би "од, олны танил" бус ч хэд хэдэн хоролмаа, балдан нарын хорыг амссан л байдаг юм. Тэдгээр хор найруулагчдын ганц нэг нь эхнээсээ хорвоогийн мөнх бусыг үзүүлчихсэн. Тамд унасан болов уу? гэж боддог. Хойд насандаа эргэж хүн болж төрөөд өөрсдийн охин шиг санаад хүмүүст бага гай тариарай л гэж хүсье дөө. Тэр хүмүүс над шиг охинтой улс байсан. Охид нь надаас хэдэн насаар эгч, хэдэн насаар дүү хүмүүс байдаг. 

Зарим нэг нь аавтайгаа нийлж хор найруулдаг. Одоо бол нүүрномд маш ухаалаг зүйл бичдэг юм билээ? Ха ха. Хальт харчихаад шууд блоклосон. Сэжиг хүрмээр байсан учраас. Ха ха.

Нэг нь болохоор жаахан байсан болохоор аавынхаа хорчинг мэддэггүй л байх, хөөрхий.

Угтаа эдгээр хүмүүсийн тухай мартаж, тоохоо больж сурч байна л даа. Яахав энэ "Хөрөг" номын унших явцад хүмүүс л биедээ хор учруулж, бие биенээ алж байдаг юм шив дээ гэж дахин ухаарсных. 

Тэгэхээр хор найруулах гэж байгаа хүмүүст сануулж хэлэхэд та нарт гомдсон сэтгэл, та нарт зэвүүцсэн сэтгэл насан туршид чинь далдуур дагаад явдаг шүү гэж хэлмээр байна өө. Тэгэхээр зөв л явцгаагаарай. Үр хүүхдээ бодоорой.  

Би ч атаархах үе бий л дээ, хүн л болсон хойно. Гэхдээ атаархлаа гээд хор найруулах гэдэггүй л дээ. Найруулж мэдэх ч үгүй. Кофе л найруулж чадна. Ха ха. 

Ядаж байхад хамт найруулчих таньдаг танил тал алга өө. Хорыг ихэвчлэн танил талтайгаа хамтарч найруулдаг юм билээ шүү. 

Бие биенээ муулаад, үздэггүй байсан хүмүүс зүү орох зайгүй болчихсон "найз аа" гээд эхэлбэл жаахан "но"-той шүү. Ха ха. Амьдралынхаа гашуун туршлагаар олж авсан мэдлэг минь юм шүү. 

Бид нэг сайхан балетчин залуугаа харамсалтайгаар алдчихсан юм билээ. Хэрэв амьд сэрүүн байсан бол өдийд эх орны минь балетын нэр хүнд, хөгжил цэцэглэл одоогийнхоосоо ч өндөр байх байсан ч юм билүү? 

Мөн хүндэлдэг, хайрладаг, бахархдаг хүндээ архи бага өгч баймаар байна өө. 
2 жил дарааллан эх орондоо очихдоо мэдэрсэн зүйл бол өнөөх л улиг болсон архи. Аминдаа эндээс үнэ өртөг нь ч архинаас хамаагүй өндөр, үр өгөөж нь ч өндөр бэлэг сонгоод авч очдог юм. Тэгээд байхад л "архи" авч хамт өгөх шаардлага гардаг байсан. 

Би өөрөө төмс царайлаад авахгүй байх ч, ижий аав хоёр минь бэлдчихсэн байна. Гайхаад хэлэхээр монголын ёс, монголд томдоо ордог бэлгийн нэг нь архи гэж ам таглана. 

Ийм л сонин заншлаар? бид авъяастай, чадварлаг нэгнээ алж байдаг юм билээ. Айлд очихдоо архи авч очдог оо, архи горьддог оо, архи уудаг хэв маягаа халах цаг нь болсон байхад одоо ч "уламжлагдаад" явж буйг дээд тэнгэрээс алдарт дуучин Адарсүрэн гуай харж харамсдаг л байх даа. 

Гаажтай хүн: Энэ үгтэй энэ ном, яг одоо уншиж буй номд энэ хэллэгтэй таарсан тул тэмдэглэж авлаа. 

...Давалгаалж яв, давж бүтээ.

...Өрсөлдөгч гэвэл, над ялан дийлж байвал зохилтой өөрөөс том өрсөлдөгч байхгүй...

...Шунал асар том амбицыг бий болгодог.

Гэсэн үгнүүдтэй үлдлээ. Амьддаа нь бие биенээ хайрлацгаая. Хайрлаж чаддаггүй юм аа гэхэд гай болохгүй, зүгээр л тус тусынхаа зүйлсийг хийгээд явцгаая. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年8月23日土曜日

Түүнийг гэх дурсамж

8 сард ч овоо хэдэн ном унших төлөвлөгөөтэй сууж байна. Эхнээс нь шууд л зориглон барьж аваад, эхлүүлдэг болж байна. 5 секундын дүрмээ ашиглаад нүдэнд харагдсан номоо шууд барьж авав. Өөр ганц нэг ном бас буулгаад ирсэн. Нэгийг нь бүр уншчихсан байвал яах вэ? Хи хи. Дараагийн дугаарт бичнэ.  

Бараг жилийн өмнө худалдаж аваад авчруулсан ном. Бүтэн жил арын минь өрөөнд өрөөстэй байжээ. Энэ жил өрөөстэй олон номнуудаа цөөлөх санаатай л сууна. 

Гэснээс он гараад 20-иод ном бол уншсан байна лээ. Амжлт биз дээ?
 "Бизнес.мн"-ийн подкастыг сонсоод, хүмүүс амжилтыг, карьерыг их буруугаар ойлгодог гэж ярьж байсан Туйлаас үнэн санагдсан. Маш жижиг зүйлийг ч амжуулж, хийж чадсан бол тэр чинь амжилт шүү гэсэн. Батханд багштай хийсэн "Диалоги" цувралыг дахин эхнээс нь сонсож байгаа. 

Та бүхэн ч гэсэн сонирхож үзээрэй. 

За номныхоо тухай бичье. Уран зохиолын ном. "Ясан зүрх" номын зохиолчийн ном болох "Түүнийх гэх дурсамж"-ыг богинохон хугацаанд уншаад дуусгачихлаа. Уран зохиолын ном уншихын нэг давуу тал энэ шүү дээ. Сонирхолтой санагдвал цаг нэг их орохгүй. 

Ном уншдаг болгомоор байвал уран зохиолын номноос эхлэхэд л болох юм. Миний багад одооных шиг мөнгөний тухай, өөрийгөө хөгжүүлэх тухай ном байдаггүй байсан гэхэд хилсдэхгүй. Уран зохиол л уншиж хүн болсон. Хэ хэ. 

Зохиолчийн нэр Колин Хүүвер. Төгсгөл нь сайхан, амар сайхан жаргадаг төгсгөлтэй роман бичдэг шиг байгаа юм. Миний уншсан хоёр ч роман нь баатрууд нь ухаажаад, жаргалаа олж байгаагаар төгсөнө. 

Мэдээж залуу улс тул алдана, гэмтэнэ, гэмтээнэ. Ууна, иднэ, наргина, цэнгэнэ. Түүнийх нь шагнал нь "алдаа, эндэл, хорсол, зэвүүцэл, үзэн ядалт" байж, шанг нь хүртэнэ. 

Агуулга нь: Кенна гэх бүсгүй шоронд 5 жил ял эдэлж байгаад гарна. Хорих газарт төрүүлсэн охинтойгоо уулзах гэж мөрөөснө. Лежер хэмээх залуу гарч ирнэ. Охинтойгоо уулзах зам дардан бус байх нь ойлгомжтой. Хэцүү нэртээс гарсан ээжид нь итгэж охиныг нь уулзуулах нь л юу л бол? 

Сайхан төгсгөлтэй гэсэн дээ? Тэгэхээр санаа зоволтгүй, охинтойгоо уулзана. Тэр хүртэлх өрнөл нь сонирхолтой, хайр дурлал, шохоорхол гарна. Өсвөр насныхан уншвал тохиромтой ч байж магад. 

Гэхдээ бидний насныхан уншсан ч тааламжтай санагдана. Яагаад гэдгийг өөрсдөө уншиж байж л мэдэх байх даа. Хэ хэ. 

Харуусал амьдралыг чинь гацаадаг. 

Алдаа гаргасан ч түүндээ харуусаад л, өнгөрсөнтэйгөө зууралдаад байвал амьдрал чинь гачцихна аа л гэсэн үг тийм ээ? 

Надад ч гэсэн алдаа бий. Үе үе бодогдоод байдаг л юм. Тархинаасаа авч хаях гэж үзэж тардаг л даа. Та нарт ч бас тархинд чинь хадгалаастай алдаа, харуусал байдаг л биз дээ?

Бултаараа харуусах бус, ирээдүйгээ харсхийж, одоо цагтаа амьдрахыг хичээх юм шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年8月22日金曜日

Торхтой архи

Японд ажиллаж амьдардаг найз дүүгийнхээ гэр бүлд зочилж очоод дайлуулж цайлуулсан. Миний дуртай амттан, хоол гээд л би ч гал тогоонд санаа зоволгүй, сайхан идэж уусан. Хэ хэ. 

Мөн бидэнд зориулж өвөрмөц бөгөөд амттай "архи" бэлдсэн байсан. Уугаагүй, амссан. Хи хи. Ууж идэхээ багасгах гэсэн хэтийн зорилготой би. 

Японд хүлээн авалт, чухал арга хэмжээнд ийм торхтой архиар дайлдаг. Тайзан дээр "бүдүүн дарга" нар гараад, торхтой архийг задалдаг юм. Тэгээд модон дөрвөлжин "хундагана"-д хундагалаад тулгацгаана. 

Би ч ажлынхаа буянаар олон улсын арга хэмжээнд энэхүү "ёслол"-ыг ойроос харж байсан. Ажил болохоор амсаж байсан ч амтыг нь мартсан байна өө. Мэдээж бие биенийхээ эрүүл мэнд, аз жаргал, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөж тулгацгаана. 
Энэ удаагийн торхи хөөрхөн жижигхэн. Дээрх хүлээн авалт зэрэгт уудаг торхтой архи нь маш том. Зогсож байгаа хүний өвдгөөр нь татдаг байх шүү. Мартчихаж. 

Таглааг нь нэгэн зэрэг цохиж онгойлгодог. Тайзан дээр гарсан хүн нэг бүр жижиг алх шиг зүйл бариад, түүгээрээ тагийг нь цохино. Гэхдээ байна аа, тэр торх нь гадуураа том олсоор бэхлэгдсэн байдаг. Түүнийг нь эхлээд хайчилна. 

Яг дээрх зурган дээрх шиг... Кагами бираки гэж хэлдэг, энэ торх онгойлгох үйлдлээ. 
Тусгай шанагтай. Энэ шанагаар нь хутгаж хундагална. Амсар нь нэлээд том хундага байх хэрэгтэй юм билээ. Яагаад том дөрвөлжин модон хунгаданд уудгийг нь сая уухдаа л мэдлээ шүү дээ. Хи хи. 

Хүүхнүүд бид өндөр гонзгой, гуалиг хундаганд уусан чинь хундагалахад хэцүү юм билээ. Гадуур нь асгараад. Шинэ зүйл мэдэж авсан аялал байлаа. Баярлалаа. Дүү нартаа. 

Өө тийм, амттай байсан шүү. Дахин баярлалаа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2025年8月21日木曜日

5 секундын дүрэм 2

Энэ номноос ядаж хааяа нэг 5-4-3-2-1 УРАГШАА гээд өглөөдөө босч байна. Гэхдээ өглөө эрт бослоо гээд сүртэй зүйл амжуулахгүй ээ. Халуун учраас шүршүүрт л орж байна дөө. Хэ хэ. 

Сэрүү орчихвол ч учиртай. Энэ халуун чинь хүнийг их ядраадаг юм билээ? Номоо уншаад яваа минь их юм. 

Хэрвээ та амьдралыг тань өөрчлөх хэн нэгнийг хайж байгаа бол толинд нэг хараарай. 

Мэдээж би л өөрөө өөрийгөө олж харна тийм үү? Үнэн үг тул, үе үе их чухал царайлж толинд удаан гэгч нь өөрийгөө харж байхаар шийдэв. Инээдтэй нь нас минь яваад хаа нэгтээ үрчлээс харагдаад байх юм. Ха ха. 

Сэвх гайгүй ч юм шиг, сэвхтэй ч юм шиг л. Нарны тос түрхээд л гүйж явна. 

Тархи гээч зүйлийг ямар нэгэн юманд хууртагдахаас нь өмнө хөдлөх ёстой юм байна шүү, журмын олон нөхөд минь. 

Үнэндээ 5 секундын дүрэм нэг л зүйл дээр төвлөрдөг ба тэр нь та юм. Өөрөөр хэлбэл, та өөрөө өөртөө саад хийдэг. Та эргэлзэх, хэт их бодох замаар өөрийгөө урхинд оруулдаг гэдгээ санаарай.

Бас л үнэн юм тийм ээ? Жин хасмаар байхад минь хэн саад болж байна? Би өөрөө л өөртөө саад болдог. Нүдний минь өмнө амттан байвал идчихдэг, уучихдаг. Ккк. 

Өөртөө л бурууг өгч, өөрийнхөө үйлдлийг засахгшүй бол ч... 

Хүнсээ худалдаж авахдаа бол амттаны тасгаар явдаггүй, шууд л алгасдаг. Хэрэгтэй зүйлсээ л авдаг. Эргэн тойрныхон минь намайг дайлдаг байх нь. Хо хо. 

Ирээдүйд санаа зовох бус одоо цагтаа байж, хүссэнээ хийх хэрэгтэй ба энэ бүхнийг тавхан секундэд хэрэгжүүлэх боломжтой юм шүү. 

Энэ "одоо цагтаа байх" гэдэг үгийг их л сонсож, уншиж байна. Яаж ийгээд л ирээдүйдээ санаа зовчихно, яаж ийгээд л өнгөрснийг бодчихно. Ийм үед ном барьж авдаг. Уран зохиолын ном байвал илүү сайн. Хувь хүний хөгжлийн ном зүгээр ч хааяадаа өөрийгөө голчих гээд байдаг талтай...

Танд саад болдог мэдрэмжээ дарж, өөрийг тань хойш чангаадаг зуршлаа эвдэх хэрэгтэй. Улмаар тэдгээр муу зуршил нэг бүрээ эерэг дадлаар эр зоригтойгоор солиорой. 

Амьдралдаа эзэн суух эхний алхам нь сэрүүлгээ унтраалгүй, суга үсрэн босох. Хичээеэ, хичээе... Орноосоо босох нь хамгийн хэцүү гэж үнэн шүү. Хөөрхөн гэгч нь унтаж буй зулзагаа тэврээд л хэвтээд баймаар болно, өглөөдөө. 

Хичээл нь эхлэхээр бид хоёр босохоос өөр гарцгүй л болно. Хоёр биендээ наалдаад л, жижигхэн хөөрхөн гар нь мээмнээсээ салахгүй. Хэ хэ. 

Амьдрал гэдэг сонголт ба ямар сонголт хийх нь зөвхөн танаас хамаардаг гэдгийг бүү мартаарай. 

Бүтээмжийг нэг үгээр тайлбарлаж болдог. ТӨВЛӨРӨЛ. Тэгвэл бүтээмжийг нэмэгдүүлдэг хоёр төрлийн төвлөрөл бий. 1. Элдэв зүйлд сатаарахгүйгээр хийж буй зүйл дээрээ бүрэн төвлөрөх чадвар. 2. Дэмий зүйлд цагаа гарздахаас сэргийлэх чадвар буюу хамгийн чухал зүйлсийг олж тодорхойлох төвлөрөл юм. 

Сатаарлаа удирдаж сурах хэрэгтэй юм гэнэ. Яг юунд сатаарах гэдэг байдгаа мэдэж, түүнийгээ 5-4-3-2-1 урагшаа гэж хэлээд хаях, орхиж сурах. Жишээ нь би ухаалаг утсаараа кино үзэх гээд байдаг. Гэртээ гар утсаа хаа нэгтээ тавьчихаад, мартчих гэж оролдож байгаа. 

Олон төрлийн өөрчлөлт дундаас санаа зовох зуршлаа өөрчлөх нь амьдралд хамгийн том эерэг нөлөөг үзүүлдэг. 

Оюун санаагаа захир эс бөгөөс захирагдана. Гораций.

Зүгээр л хий. Суугаад байлгүй. Ухрааж тав тоолоод шууд л бос гэж өөртөө байнга хэлж байх гэж оролдоно оо. 

Хэдийгээр та өнгөрснийг өөрчилж чадахгүй ч таван секундын дотор ирээдүйгээ өөрчлөх боломжтой. Агуу байдал таны дотор оршдог. Харин нээх цаг нь яг одоо шүү.

5-4-3-2-1 УРАГШАА

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年8月18日月曜日

Шүхэрт бүжиг

Халууны баяр. Бидний нэрлэж заншсанаар... 

Угтаа бурхан болоочдынх нь сүнс эргэж ирдэг, тэд нартаа хүндэтгэл үзүүлдэг өдрүүд. 

Овоо хэд хоног амардаг. Амралтын эхний өдөр суугуул хотын "баяр" тохионо. 

Эртнээсээ хурмаст тэнгэрээс бороо хур гуйн, аргадаж буй нь тэр. 

Шүхэр барин бүжнэ. 

Хотод үйл ажиллагаа явуулдаг хувийн болон төрийн байгууллагынхан хамтлаг байгуулж оролцоно. Байнгын бүжигчин гэж үгүй. Мэдээж сайн дураараа жил бүр бүжиглэдэг "бүжигчид" бий. 

Гэхдээ жил бүр шинэ бүжигчид бүжих нь олонтаа. 2 долоо хоногийн өмнөөс оройд ажлаа тараад бүжгээ давтана. 
Байгууллагаараа ижилсэн зуны дан кимоно буюу юката өмсөнө. Энэ бүжгийн хувцсаа жил бүр шинэчилнэ гэсэн ойлголт байхгүй. Тухайн байгууллагынхаа эмблемийг оруулсан байдаг. 

Жишээ нь энэ улаан юката нь энэ хавьдаа томхонд тооцогддог банкны үндсэн өнгө. Тэр цагаан дугуй хээ нь эмблем нь. 

20-иод жилйн өмнө төрийн захиргааны багт орж бүжиглэж байхад өмссөн ногоон цагаан өнгөний хослол бүхий юката одоо ч солигдоогүй байна билээ. Хэрэв солино гэвэл төсвийн мөнгө, иргэдийн татварын мөнгөөр л солих тул төрийн албан хаагчид солихгүй, харин олон жилийн хугацаанд жилдээ нэг ашигладаг "нөгөө л" юката нь таних тэмдэг нь болчихсон, иргэдийнхээ хүндэтгэлийг хүлээн, бүжгийн явцад ирж дэмжинэ. 
Хажууд нь манайхан төсвийн мөнгийг, иргэдийнхээ татварын мөнгийг асар үргүй зарцуулаад байгаад бухимдахаар "барьж идэх" шахна. 

Ганц үндэсний баяр наадам, ондоошил, дархлаа, амьтан хүн муу хэлнэ, 100 жилийн ой гэх мэт сүржин үгээр дайрна. 

Ондоошил, дархлаагаа урагш нь, ирээдүйд чиглүүлж хөгжүүлмээр шиг санагдах. 

Олон жилийн үүх түүхтэй уламжлалт энэхүү шүхэрт бүжгээ эд бас хөгжлүүлээд л яваа. Хувцас нь гэхэд манайхаар бол дээл нь болох юкатагаа байгууллага бүр өөрсдийнхөө онцлогийг харуулсан, бүжиглэхэд амар байхаар өөрчлөөд, их л өвөрмөц болгон загварчлаад, донж оруулаад өмссөх байх юм билээ. 

Ирэх жил дунд нь орж бүжиглэмээр санагдсан. Бодол өөрчлөгдчихгүй байгаа? 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2025年8月17日日曜日

Зуны амралт ба цэцэг

Зуны амралт эхэлчихсэн яваа. Талдаа орчихсон. 

Эгч ч яахав дугуйлан, найз нөхөд гээд орж гарах ажил ихтэй. Дүү л жаахан хийцгүйрсэн хүн байна. Хагас бүтэн сайнд аль болох авч гарах гэж хичээж буй ч, ажлын өдрүүдэд ээж аав ажилтай үед гэртээ ганцаараа. Зурагт үзээд л...
Сургууль дээрээ нэгдүгээр ангийнхан ийм цэцэг тарьдаг. Япон нэр нь "асагао". Шууд утгаар нь орчуулбал "өглөөний нүүр царай". Монгол нэршил нь "бодонцог" гэнэ ээ. Англиар нь "morning glory" гэнэ ээ. 

Зуны амралт эхлэхээр үүнийгээ гэртээ авчирч арчилна. Өглөөдөө их хөөрхөн дэлбээлээд, өдөртөө хумигдаад, оройдоо хагдарчихдаг. Үр гардаг. Үрийг нь түүж авч хадгалаад ирэх жилд шинээр элсэн орох нэгдүгээр ангийн сурагчдад бэлэглэдэг уламжлалтай. 
Өглөөд ажилдаа явахдаа ийнхүү дэлбээлсэн байвал зураг дардаг. Зулзага өөрөө усалдаг, өглөө оройдоо. Заримдаа мартана. Аав нь ихэвчлэн сануулна. Заримдаа аав нь гадаах зүлэг, модоо услахдаа хамтад нь усладаг. 

Энэ нил ягаан өнгөнд ээж дуртай. Ганц нэг зулзага бас дуртай. Яг хэн нь билээ дээ? Хэлж мэдэхгүй л байна. Олон зулзагатай хүн чинь. Хэ хэ. 
Ийм тод цэнхэр өнгө бас байна. Гоёмсог байгаа биз? Мөн энэ цэцгийн сав ч хөөрхөн. Урт ороож ургадаг тул цэцгийн сав ч түүнд тохирсон байна. Сурагчдын нэр бичээстэй байна. Учир нь бүх нэг болон хоёр дугаар ангийн сурагчид адилхан цэцгийн савтай байдаг тул. 

Сургуулиас нь цаанаас нь бэлдэж өгдөг. Сүүлд хоолны мөнгөн дээр нь нэмж тооцоод, ээж аавуудын данснаас татна. 

Ийм л багаасаа цэцэгтэй харьцдаг тул цэцгийн нэр их мэддэг юм билээ. Би ч хэдхэн цэцгийн нэртэй болохоор шинэ соргог цэцэг тааралдвал нэр усыг нь асууна. Монгол нэршлийг нь олж цээжлэхийг хичээнэ. Ихэвчлэн мартчихна. Хи хи. 

Монгол дахь сурагчид зуныхаа амралтаар юу хийцгээж байна даа? 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年8月16日土曜日

5 секундын дүрэм

Хамаатныхаа нэгэн охинтой хааяа японы хэлний давтлага хичээл хийдэг юм. Тэгээд хамтдаа сардаа нэг ном уншаад, ярилцаж байхаар тохиролцов. 

Би ч яахав бүр дадал болчихсон тул асуудалгүй. Харин дүү охин уншиж байгаа эсэх нь жаахан эргэлзээтэй. Сатаарах зүйл их байдаг байх. Найз нөхөд, айлын том тул дүүгээ харах гэх мэтээр гэр орны ажил ч мундахгүй биз? 

Гэхдээ л нэг ч гэсэн "хүн" уншдаг болоосой гэж хүсэх. Ирээдүйд улс эх орныг минь авч явах залуус шүү дээ. Гэхдээ байна аа, би угтаа эрэгтэй хүүхдүүдийг илүү их уншаасай, суралцаасай гэж хүсдэг. 

Хараад байхад нийгмийн ямар нэгэн арга хэмжээнд эрэгтэй хүүхдийн оролцоо их бага байдаг. Хэл ус сураад, түүнийгээ "ашиглах" гэх мэт арга хэмжээг ажлынхаа хүрээнд зохион байгуулж байхад охид л их оролцоно. 

Хөвгүүд минь хаа явна аа? Ирээд оролцоочээ, суралцаачээ, япон хүүхдүүдтэй санал бодлоо солилцож найз нөхөд болоочээ гэж гуймаар, бүр чихдээд авчирмаар санагддаг. Хи хи. 

За юуны тухай бичиж явлаа? Аан тийм ном. 

8 сард уншсан номнуудын нэг бол энэ Мел Роббинсын "5 секундын дүрэм" ном. 

Олон жилийн өмнөөс энд тэнд энэ номны тухай тэмдэглэлтэй их таарч, уншиж байлаа. 

Өөрөө уншмаар санагдаад л, олж авч амжилгүй явсаар. Мөн өөрөө уншиж, тэмдэглэж, илж таалж байж ном уншсан болдог тул худалдаж авна гэж бодсоор явсан. 

Гартаа оруулаад уншиж эхлэхэд "таатай" байлаа. Гол санаа нь өдөр бүр эр зориг гаргаж, ажил амьдралаа өөрчилж, өөртөө итгэх итгэлээ олж авах тухай.

Бодоод байх нь ээ, өдөр бүр эр зориг гаргана гэдэг ч бас л шандас шаардсан зүйл л дээ. Нэгэн хэвийн амьдралын хэв маяг. Өглөөд орноосоо босох гэж сэрүүлгээ хойшлуулан, дахин хойшлуулан хэвтэх би. 

Ажлаа сольсноос хойш бага зэрэг эрт босдог болсон хэдий ч, залхуурсан хэвээр...

Энэхүү "залхуурал" гэх үү? Үргэлж хойш нь тавьдаг, тэгнэ дээ, ингэнэ дээ гэж толгойдоо л хадгалаад үйлддэггүй зүйлсээ хэрхэн "зүгээр л хийж эхэл" болгох вэ? 

Энэ бүгдэдээ хариулт, гаргалгаа олчих санаатай л уншаад явдаг юм. Ойрд ютүб дээрх "бизнес.мн"-ийн подкастын Батханд "багш"-ийн яриаг сонсоод, асуултаа ерөнхийд нь олчихсон. 

Хажуугаар нь энэ мэт ном уншаад, мэдлэгийнхээ хүрээг тэлж буй хэдий ч үйлдэх, хийх, эхлүүлэх нь нэн чухлыг дахин дахин мэдрэв. 

5 4 3 2 1 урагшаа...              Үргэлжлэл бий. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2025年8月15日金曜日

Төгөлдөр хуур

Жилд нэг удаа төгөлдөр хуурынхаа дугуйланд сурсан мэдсэнээ тайлагнадаг юм. 
Долоо хоногт нэг удаа очиж 30 минут хичээллэнэ. Гэртээ тэр бүр давтахгүй ээ. 

тайлан нь ойртохоор л сар гаран өдөр бүр давтана. Гэхдээ хангалтгүй ээ, тоглох "ая"-аа хэд дарснаа тоолчихно. Насныхаа тоогоор дарж нэг үзнэ. Онгирохоороо 10 удаа дарна гэж томроно. Яг дараад суухаараа гэнэт л залхуурна. Хэ хэ. 
Эгч яахав, өөрийн дураараа үе үе давтана. Ер нь хичээлээ хий, төгөлдөр хуураа давт гэж байнга үглэхгүйг хичээж буй. Үе үе уур хүрэхээрээ нэг сайн хэлж өгнө. 

Ээж аавын санаагаар бол төлбөрийг нь төлөөд, хүргэж өгч аваад, гэрт нь ижижг боловч төгөлдөр хуур авч тавиад, багш нь олдоод гээд бүхий л боломжоор хангаад өгчихөж байхад үглүүлэлгүй хичээнгүйлэн суралцаад явчихмаар. Хо хо. 
Эхний зурган дээр харагдаж буй цэцгийн баглаа. Тололт дуусахад сурагч бүр нэг нэг цэцэг сонгож авна. Мөн ууттай бэлэг авна. Жижигхэн бялуу, төгөлдөр хуухр, ноот гэх мэтийн зурагтай харандаа, наалт гэх мэт зүйлс байна, ихэвчлэн. 

За тэгээд мэргэжлийн төгөлдөр хуурч болох биш дээ? Огт дарж сураагүй байснаас л дээр юм даа, хөгжмийн боловсролтой болоод гэж бодон ижий аав нь өөдрөгөөр бодон зүтгэх байна дөө. 

Ямартай ч намайгаа бодвол соль тулхүүр, до рэ ми гээд таньдаг болчихвол ч тийм ээ? 

Зулзагуудтай ээж аавуудад амжилт хүсье. Түр баяртай. 

2025年8月13日水曜日

Үлээврийн тэмцээн

Ойрын сонин сайхнаасаа бичих үү дээ? 

Зулзагын үлээвэр хөгжмийн тэмцээн болсон. Энэ жил ч гэсэн алт авсан. Гэхдээ харамсалтай нь цаашаа бүсийн тэмцээнд шалгарч явсангүй. Өнгөрдөг жил бүсийн тэмцээнд шалгарч явсан юм. 

Энэ жил хэдийгээр алт авсан ч цаашаа бүсийн тэмцээнд шалгарч явдаг алт, явдаггүй алт гэж хоёр янз байдаг юм билээ. 

За тэгээд хариугаа сонсчихоод бөөн л уйлаан майлаан. Дуугаа хураасан, барайсан л улс байлаа. Зулзага төгсөх анги тул хариуцлага нэлээд өндөртэй л тэмцээнд оролцсон. 

Тэмцээн болсон тайз бүхий байгууламж

Багаас нь төгсөх анги, дээд ангийн сурагчид нь доод ангийнхандаа үлгэрлэх, сургах, заах гээд л хариуцлага өндөртэй, үүрэгтэй болчихдог юм билээ. Сэнпай, коохай гээд. 

Зулзага ч лимбэ тоглодог "коохай"-тай болоод бөөн баяр байсан. За тэгээд тэр коохай нь хөөрхөн мэрийлттэй, эвсэлтэй байвал бүр л хөөрөөд, баярлаад, чин сэтгэлээсээ зааж сургах гэж хичээдэг юм билээ. 

Гурван жилийн турш шамдаж хичээллэсэн дугуйлангаа ерөнхийдөө ингээд төгсөнө. Намар хичээл эхлэхээр ганц нэг жижиг тоглолт бий. Тэмцээн бол биш. Тэгээд л өвлөөс ахлах сургуульд элсэх шалгалтандаа бэлдэнэ дээ. 

Гадаах тоглоомын талбайн сагсны шийд. 

Бид захыг нь мушгина. Мөнгөө бэлдэнэ. "Хадгаламж хадгаламж хадгаламж" бас дахин хадгаламж. 

Ахлах сургуулийн бэлтгэлийг сургуулиас нь бага багаар хангаад л байх шиг байсан. Ахлах сургуулиуд нээлттэй өдөр зохион байгуулаад, сонирхсон хүмүүс очиж танилцана. 

Зарим идэвхтэй ээж аавууд хүүхэдтэйгээ хамт очиж танилцана. Бид архаг ээж аав юм болохоороо хамт яваагүй ээ. Би л нэг сургуульд хүргэж өгчихөөд л буцаад ажилдаа явсан. 

Тэгсэн нэг хятад найз охинтойгоо хамт явж байна гэнэ шүү. Охин нь зулзагаас минь нэг дүү, ахлах сургуульд орох нь ч нэг жилийн хойно. Хятадууд нээрээ л айхтар юм аа, тийм ээ?

20-р зуун лийрийн амттай мөхөөлдөс. Зулзага хариугаа хүлээж байх зуураа долоосон.

Ганц хүүхэдтэй л дээ. Түүндээ хамаг байдаг чадлаараа л анхаарч, мөнгөө зарцуулна. хажууд нь би гурван зулзагатай, томдоо л жаахан анхаарсан. Дүү нарыг бол тэгсгээд л "халтуурдаад" байх шиг. Хэ хэ. 

За энэ ахлах сургуулийн тухай тусад нь бичнэ ээ. Өмнөх том зулзагын тухай бичсэнтэй төстэй л байх болов уу? Бас ч гэж овоо хэдэн жил өнгөрсөн тул жижиг сажиг өөрчлөлт орж магад. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年8月4日月曜日

Хөгшин чоно ульсан нь

Монгол дахь таньдаг "сайн" ахаас "сайн" дүүдээ илгээсэн ном. Цаг төрийн үймээн романыг нь номын клубынхан минь хэдэн жилийн өмнө уншсан. Ихээ урт зохиол байж билээ. Харин энэ удаагийн тууж нь хөөрхөн, богинохон. Агуулга нь харин "зэвүүн". Хи хи. 

Тухайн цаг үедээ хэвлэхийг хориглож байсан гэнэ. Уншаад, яг юуг нь эсэргүүцээд, яагаад хорьсон болохыг нь нэг л ойлгосонгүй. Зүгээр л нэг чонын тухай өгүүлсэн байх шиг. 

Донровын Намдаг "Хөгшин чоно ульсан нь". Гэхдээ байна аа? Зүгээр ч нэг чонын тухай биш шиг байгаа юм. Цаад санаа нь хүний амьдралын бэрхшээл зовлон, тэсвэр тэвчээр, хатуужил, гоо сайхны үнэ цэн, хүчтэй хүчгүйн харилцаа, өтлөхийн жам ёсыг монгол чоноор төлөөлүүлэн өгүүлсэн шиг... Бодоод тунгаагаад суух нь ээ. 

Нэг их сайхан бүсгүй байлаа. Олон эрчүүдийн харааг булаана. Сэтгэлийг гижигдэнэ. Араасаа гүйлгэнэ. Хамгийн хүчтэй нь сонгогдоно. 

Харчуулаас нь тэсвэр хатуужил, ухаан шаардана. 

Тэгээд бодсон ч хэвлэхийг хорьсон нь гайхалтай. Ойлгоогүй. Хо хо.

1926 онд Германд суралцахаар явсан 35 хүүхдийн нэг гэнэ. Эвий минь, эвий минь. Хоёр ч удаа хэлмэгдсэн байх юм. 

Жүжгийн голцуу зохиол бичдэг байжээ. Тэр ч утгаараа "театрын" хэмээн дуудагддаг байсан гэнэ. Хүн байгалийн шүтэлцээг олон олон зохиолдоо шигтгэж өгсөн байдаг гэнэ. 

Уг номд багтсан бусад богино өгүүллэгүүдийг нь уншихад ч тодорхой харагдана. "Эхт хүн" өгүүллэг нь эхэндээ энэ ч яавч засрахгүй нь гэж уншиж явснаа төгсгөл хэсэгт уярам байлаа. 

"Нян хорхой" өгүүллэг нь бас л мэдүүштэй агуулгатай байлаа. Настай хүмүүсийн биеийн байдлыг ажиж байх ёстой юм байна. Эмч хүний ажигч, соргог зан их чухал гэдгийг ойлголоо. 

Тээврийн жолоочийн тэргэнд дайгдаж суугаад, замдаа төрчихдөг. Ээ дээ, манайхны энэ хэнэггүй занг уу? Төмөрхүү энх тунх бойжсонд нь санаа амрав. 

Гэх мэтээр би зохиолдоо орж уншина аа. Ижий минь охиноо номнуудаа уугаад л байж байна гэсэн чинь "номын цагаа солио тусчихав аа" гэсэн. Уран зохиолын ном уншаад нэг их номын цагаа солио тусчихгүй байх өө, харин ч бясалгал болдог гэсэн ижий минь л гэлээ. 

Харин мэргэжлийн ном, зэрэг дэв хамгаалах гээд өдөр шөнөгүй ном уншаад, бүр "донтоод уувал" тусчихаж магад л юм. Зэрэг дэв хамгаалах гээд хичээж буй эрдэмтэд минь хааяа тархиа амрааж байгаарай. 

Гоё ном бэлэглэсэн сайн ахдаа дахин баярлалаа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2025年8月2日土曜日

Жолоодогч

8 дугаар сар минь сайн байна уу? Энэ сардаа ч олон олон ном унших болно оо. "Мангар өөдрөг бай" гээд нэг үг яваад байл уу? Өөдрөг, цоглог байхыг хичээнэ ээ...

6 сард Монгол явахдаа худалдаж авсан гурван жижигхэн номны нэг. Тэдэн дундаа хамгийн зузаан нь. Зузаан ч гэж дээ ердөө л 256 хуудас. 700 гаран хуудас ном уншчихдаг хүнд юухан байхав дээ, тийм ээ? 

7 сард уншсан номны 5 дахь. Софийн ертөнцийг 6 дугаар сард эхлээд, ихэнхийг нь 6 сард уншсан тул 7 сард уншсан номны тоонд оруулахгүй гэж шийдэв. Хэ хэ. 

Япон зохиолчийн ном. Сүүлийн үед япон хэлнээс их орчуулдаг болжээ. Сайхан санагдаж байгаа. Монголчууд япон хүний сэтгэхүй, оюуны цар хүрээнээс жаахан ч болтугай мэдэж аваад...

Китагава Ясүши зохиолчийн "Жолоодогч" гэдэг ном. Сонирхолтой санагдсан. Таалагдсан. 

Зохиолчийх нь тухай бас сонирхож уншсан, нетээс л дээ. Бас л сүрхий нийгмийн идэвхтэй нэгэн байна лээ. Нэлээд хэд ярилцлага байсан. Нэг завандаа сонирхоно оо. 

Даатгалын компанийн хүмүүс их л явж харагддаг, ганц нэг хүнтэй уулзаж л байсан. Мөн сүүлийн үед манай монголчууд хүртэл даатгалын компанид ажиллах нь нэлээд түгээмэл болсон байна лээ. 

Миний мэдэхийн нэлээд хэдэн бүсгүйчүүд бий. 

Би ч нэг хэсэг даатгалын компанид ажилд ордог юм билүү? гэж бодоод амжсан шүү. 

Гэх мэтчилэн зохиолын гол баатар даатгалын компанийн ажилтан гэж уншиж эхлээд л сонирхолтой санагдаад, нэг их хугацаа шаардалгүй уншаад дуусгав. 

Гол дүрийн баатар Шиүчи даатгалын компанид ажилладаг. Ажилдаа нэг их дуртай ч биш, ашиг орлого, зарлага л бодсон, нэлээд бухимдалтай явдаг 45 настай эр. Шинээр үйлчлүүлэгч олж, даатгалд хамруулна гэдэг нь нэлээд самбаа, ур чадвар шаардсан ажил тул өөртөө итгэл муутэй, мөн өөрийн өдөр тутмын нэгэн хэвийн амьдралдаа сэтгэл хангалуун бус явдаг. 

Түүний дүнсгэр царай, ажил ажил гээд ар гэртээ цаг гаргах цаггүй, цаггүй ч гэж дээ сэтгэлгүй байдал нь өнөө цагийн японы нийгмийн дүр төрх. Ялангуяа эрчүүдийнх нь нийтлэг зураглал. 

Сургуулийн элдэв арга хэмжээ, хүүхдүүдийн асуудал, нийгмийн сайн дурын асуудал зэрэгт эрчүүдийн оролцоо бага, ихэвчлэн ээжүүд, эхнэрүүд л оролцдог юм. 

Бодвол аавууд яг л энэ Шиүчи шиг л ажилдаа түүртсэн, бухимдсан, ар гэрийн асуудлыг ярьшигтай, төвөгтэй гэж боддог байхдаа гэж бодон уншлаа. 

Азаар Шиүчи нэгэн азарган бороо шаагисан өдөр таксинд суун, охиныхоо сургууль руу явна. Тэрхүү таксиных нь жолооч болон таксины үйлчилгээ нь хачин жигтэй, түүнээс хойш үе үе уг такси гэнэт гарч ирэн жолооч нь түүнтэй ярилцана. 

"Ямар ч байсан үүнийг битгий мартаарай. Аз огцом шовойдог эгшин, тийм газар гэж амьдралд байдаг юм. Түүнийг барьж авдаг антенна бүх хүн байдаг гээд ойлгочих. Тэр антенна таныг өөдрөг, цоглог байх үед хамгийн сайн ажилладаг юм. Эсрэгээрээ ааш муутай байх үед тэр антенна ажиллахгүй. Асар том аз дөхөөд ирж байсан ч ердөө л ааш муутай байснаасаа болж антенна нь ажиллахгүй хамаг азаа алдчихдаг..."

"Хаана ч, хэзээ ч өөдрөг, цовоо, гэгээлэг байхад л болно. Хаана ч, хэзээ ч шүү."

"Ямар ч үед хүний нүдэнд хоногшихуйц өөдрөг, цоглог бай."

Хэмээн таксины жолооч Шиүчид зөвлөдөг юм. Мань хүн гэхдээ эхэндээ чадахгүй ээ, гарч ирсэн азыг алдчихдаг. 

Гэснээс ганц японд ч биш монголд ч дүнсгэр, ууртай хүн их тийм ээ? Монголд бол илт загнаад явчихдаг. Японд хаа очиж илт загнахгүй, хяламхийн эвгүй хардаг. Хи хи. 

"Суурь төрх нь урвагар хүмүүс өдөр тутмын амьдралдаа таарах аз жаргалын үрийг яагаад ч анзаарч чадахгүй."

Гэж байна шүү. Ширүүн төрхтэй хүмүүс толинд харан, инээмсэглэл тотруулах, царайгаа зөөллөх дасгал хийх хэрэгтэй юм шиг санагдав. 

"..."таны сонирхолтой гэж харж чадахгүй байгаа зүйлийг өөр хүн тэнд сонирхолтой" болгож хараад байна шүү дээ."

Үнэн. Миний сонирхохгүй зүйлийг бусад хүмүүс сонирхоод "амжилт" олоод байна. Хо хо. 

"Бусдын аз жаргалын төлөө өөрийнхөө цагийг зарцуул." 

"Хэн нэгний хичээл зүтгэл, шаргуу төрхөнд бусдын азыг даллах хүч ч байдаг юм."

"Эерэг хандлага гэдэг чинь амьдралдаа тохиолдсон юм бүхнийг миний амьдралд гарцаагүй шаардлагатай учраас тохиолдсон эрхэм чухал туршлага гэж бодож чадахыг хэлэх байх."

"Юуны өмнө хэн нэгэнтэй өөрийгөө жишихээ больсон нь дээр байх. Бусдын амьдралтай харьцуулахаа болиод, өөрийнхөө амьдралд л төвлөр."

"...таны өглөө идсэн ганц тагш будааг бэлдэхийн тулд ертөнц бүхлээрээ оролцдог."

Гэх мэт гоё гоё мөртүүдтэй таарсан. 

За тэгээд ямар учиртай такси байгаад "Жолоодогч" нь хэн байв гэдгийг уншиж үзэж байж л мэдэх байх тийм үү? 

Амьдралыг үзэх үзэл, өвөг дээдсийн ач гавъяа, өөрийн амьдрал, хандлага зэргийг эргэн харахад энгийн, сайхнаар хүүрнэн өгүүлсэн зохиол байлаа. 

Уншихад илүүдэхгүй хөөрхөн ном байлаа. Япон хэлээр нь унших хүсэл төрсөн. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.