2026年2月26日木曜日

Үхмээр байна гэхдээ бас Догбуги идмээр байна

Яг цагаан сараар уншиж дуусгаад зураг хөрөг оруулах гэснээ бэлгэдлээ бодоод больчихсон. Хэ хэ. 1 сард энд ирсэн юм ном минь. Яг гэрт минь заларч  ирэх гэсээр байгаад жаахан удчихсан. Хаяанд байгаа бид хоорондоо хичээл ном гээд уулзалдах боломж ховор байх юм. 

Нэг хөөрхөн хүү монгол харихдаа дайж авч ирсэн. Бас нэг хөөрхөн залуу монгол харихдаа эгчээ юм захих уу? гээд байхаар нь үнэ өртөг, овор хэмжээг нь харж байгаад л энэ номыг захьсан юм. 

Бас марктинг их чухал байна тийм ээ? Номын тухай элдэв хуудсаар шагайхаар л уг ном нүдэнд тусаад байсныг ч хэлэх үү? 

Пэк Сэхи зохиолчийн "Үхмээр байна гэхдээ бас Догбуги идмээр байна" гэдэг ном. 

Зохиолчийн өөрийн сэтгэл гутралынхаа эмчилгээний үеэрх эмчтэйгээ ярилцсан яриагаа ном болгоод хэвлүүлчихэж. Бас л сэргэлэн гар байна шүү. 

Эмч нь мэдээгүй гэж байгаа юм. Хэ хэ. 

Харамсалтай нь зохиолч өөрөө 2025 онд нас барчихсан. Энэхүү номоо 2018 онд хэвлүүлсэн юм байна. 1990 онд төрсөн гэхээр надаас хамаагүй л дүү байх юм. Зохиолын агуулгаас харахад эвий минь дээ гэж бодогдов. 

Мөн зарим нэг "гутрал" нь надад ч бас байна шүү дээ. Яах вэ? Эмчийн хэлсэн зүйлсийг уншаад, мөн зохиолчийн ярьсан хэлснийг уншаад "би ч бас тэгж бодох үе байдаг шүү дээ"...

Зургийг нь харахад надаас хавь илүү царайлаг хүүхэн байх юм. Мөн ном бичээд л, намайг бодвол харин ч нэг карьертай нэгэн байх юм. Тэгж бодохоор сэтгэл гутрал гэгч зүйл асар хүчтэй нөлөөлж байгаа юм шүү тийм ээ? 

Одоогийн энэ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх, ялангуяа өөрийгөө хүлээн зөвшөөрөх, байгаагаар нь хайрлах гэдэг тун чиг хэцүү болж байна дөө. 

Өөрийгөө үнэлэх үнэмжинд нь гэрт нь болж буй бүхэн муугаар нөлөөлсөн" гэж байна шүү. Ээж нь байнга ядуу амьдарч байгаадаа гомдоллодог байж. 

Бусдад хэдий чинээ ихийг зориулна, төдий чинээ ихийг хүлээнэ. Хамаг байдгаа зориулаад байхад хэн ч миний сэтгэлийг үнэлэхгүй байна гэх бодол тээх тусам та гомдсон хүмүүстээ бүр л их автана гэсэн үг. 

Дээрх хоёр налуу бичсэн агуулгууд ямар үнэн юм бэ? Та нарт бас тэгж бодогдож байна уу? Зулзагууддаа хэрхэн нөлөөлж байгаа бол гэж бодохоос яс хавталзах юм. Угтаа уншаад л, уншсан зүйлээ тунгааж бодоод, аль болох хүндэтгэлтэй харьцах гэж хичээж буй л даа. 

За тэр бусдад ихийг зориулчихаад, дараа нь надад яг тэгж хандахгүй болохоор гомддог юм билээ шүү. Амьдрал дээр батлагдсан. Тийм учраас ойрын хэдэн жил эргэн тойрныхоо хүмүүстэйгээ нэг их наалдан пад бололгүй, япончуудын үздэгээр "хоорондын зохистой зай"-г баримтлах гэж хичээх болсон. 

За тэгээд энэ сэтгэл гутрал хэнд ч ирж болно. Амжилттай яваа, гялалзаад л яваа, бүх зүйл нь бүтэмжтэй яваа хүмүүст ч тохиолдох магадлал эсрэгээрээ асар өндөр байх бий вий? 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿