2026年3月3日火曜日

Бага сургуулийн сурагчийн паян

Бага сургуулийн багштай уулзах өдөр болоод өнгөрөв. Ажлаасаа нэг цагийн чөлөө аваад л, алхаад гэртээ ирчихээд, сургууль явахаар төлөвлөөд, энэ төлөвлөгөөгөө зулзагатаа хэлээгүй байсан юм. 

Гэнэт гэртээ эрт хүрээд ирсэн ээж яасан байх нь уу? Ээжийгээ гэртээ харьж иртэл зулзага гэртээ хэрхэн цагийг өнгөрөөдгийг гэмгүй байж байгаад "барьж" авсан. Хаалга руугаа дөхөөд л алхаж байсан чинь зулзагын нэлээд чанга, уйлаад ч байгаа юм шиг, гомдоллоод ч байгаа юм шиг дуу хадав. 

Юу билээ гээд л эргэн тойрноо сэртэсхийж хараад, том өрөөний цонхны гадаа хэд хэдэн гадны гутал байхыг олж харав. Цонхондоо дөхөөд, онгойлгоод шагайсан чинь өө хөөрхий...

Гурван банди гутлаа тайлаад цонхоор орж, том өрөөнд зурагт асаачихсан, game" тоглоод сууж байдаг байна шүү. Намайг олж хараад бүгд сонин болоод, би хаалгаараа ороод ирсэн чинь бүгд гадаа гараад зогсчихож ээ. 

Яаж дуугай байхав, нэлээд төв царайлж байгаад л

-Та нарын гэрт яг ингээд цонхоор нь орвол ээж аав чинь яах вэ? Уурлах уу?

Бүгд толгойгоо дохиж байна аа. Нэг нь ... үүгээр ороод ир гээд бид орсон гээд зулзагын нэрийг хэлж байна шүү. 

-Тэгж хэлсэн ч бай, та нар анги дээшээ, ах хүүхдүүд биз дээ? Болохгүй ээ гэж хэлээд хаалгаар орж болдоггүй юм уу? Дахиад ийм тохиолдол гаргавал ээж аавтай чинь ярина шүү. 

Гэлээ. Тэд нарыг харьсны дараа зулзагаа загналаа. Эгч нарын үе дээрх гашуун туршлагатай тул, аль болох япон айлд орохгүй байх, япон хүүхэд гэртээ оруулахгүй байх гэж хэлдэг юм. Эд нар чинь жижиг зүйлийг сүр бадруулаад байдаг, заримдаа ядаргаатай ч юм шиг, нэг бодлын зөв ч юм шиг санагдах араншин гаргаад байдаг юм. 

Тэгсэн энэ удаагийнх нь анхных биш гэж байна шүү. Өмнө нь хэд хэдэн удаа ингэж цонхоор оруулаад, цонхоор гаргасан гэж байна шүү. 

Гэх мэтчилэн гадаа тоглодог болсон чинь найзуудын хүрээлэл ихсээд, дотор нь бас жаахан "сонин" жаалууд байх шиг байна шүү. Анхаарч л байхгүй бол. Тэгээд бодсон, хааяа ингэж эрт, хэлэлгүй ирж, танадаж баймаар юм байна гэж. Хо хо. 

Багштай уулзсан чинь хичээл ном гайгүй ч хичээлийн хажуугаар яриад байдаг гэнэ шүү. Сургуульд ороод удаагүй байхдаа мөн адил тэгж хэлүүлж байсан чинь засраагүй бололтой. Хи хи. 

Бас өглөөд гадаа цуглаад алхаж явахдаа хамт алхаж яваа өөрөөс нь дээшээ ангийн хүүхдүүдийн үгийг сонсохгүй, эгнээнээс гарч хоцорч алхаад төвөгтэй байдаг гэж "донгодуулсан" гэнэ, уг хүн өөрөө багш нартаа. Хамт алхдаг хүүхэд нь ангийн багшдаа хэлээд, ангийн багш нь тэр сурагтай зулзагын ангид ирж анги даасан багштай нь хамтдаа ярилцсан гэнэ. 

Харьж ирээд бас л зулзагатаа тайлбарлаж хэллээ. Учиргүй загнасан ч үгүй л дээ. Заримдаа боддог л юм, цэрэг шиг байлгах гээд гэж боддог ч гадагш нь хэлэлгүй, өөрөө л тэгж бодно. Өөрт нь хэлчихбэл багшийн хэлсэн үг үнэ цэнгүй болчих тул. 

За нэг иймэрхүү, паянтай байцгааж байна. Ханз үзээд эхэлчихсэн, дуртай гэж байна шүү. Магтаад, онгироогоод, дэмжээд л явчих юм шүү. 

Хүүхэд томрох ч лүд юм даа...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿