2026年6月11日木曜日

Говийн өндөр

6 дугаар сард уншив. 624 хуудастай. Уран зохиолын бөгөөд монгол ахуй гарах тул хурдан уншигдана. Өдөрт 100 хуудас уншсаар, дуусгасан. Худалч хүнд гуравхан өдөрт уншчих шиг боллоо. 

20 зууны шилдэг роман.  Сормууниршийн Дашдооров "Говийн өндөр" хэмээх роман. Говийн нэгэн гүдэхсэн залуу болох Дамдингийн тухай гарна. Мэдээж олон дүр гарна л даа. Должин, Цогзол, Цэвэлжид, Өлзиймаа, Самбуу, Гэрэл, Тогоо, Чогдов, Жамбал гээд л... 

Дүр тус бүр өөр өөрийн онцлогтой. Дээхэн үеийн хөдөөнийхний ахуй амьдрал ёстой л "Монголын амар амгалан", "зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах" гэдгийн утгыг бүрэн утгаар нь үзүүлдэг байсан гэмээр.  

За тэгээд говь нутгийн онцлог, новь нутгийн өөрийн гэсэн үзэсгэлэнт төрх байдал, хүн зоных нь ааш араншин, зан аяг, аж төрөх ёсон зэргийг дурдсан, говьд очиж үзээгүй надад шинэ соргог бүтээл байлаа. 

Нэг нартай сайхан өдөр говь нутагт очиж, тэмээ унаж үзнэ, тэмээн дээрээс наран ойрхон дууг аялна гэсэн алс холын мөрөөдөл бол бий бий. 

Наана нь дууныхаа үгийг сайтар цээжлэх, аятайхан аялаад сурчих гээд ажил их их. Хэ хэ. 

Суугуул нутаг минь нэг элсэн манхантай, тэнд нь  ганц тэмээ бий. Хөөрхий тэрмуу ганц тэмээгээр их мөнгө олно оо, эд нар. Есөн жороор нь сурталчилна. 

Ингэхэд манайхан олон олон тэмээгээ ашиглаад, эх орноо сурталчлаад, ахиухан зоос олж чадаж байна уу? Хэлээрэй... 

Үзэл суртлын хувьд бол 1940-1950 оны үйл явдлыг хамарсан. Тухайн цаг үеийн, нийгмийн үйл явдлыг өгүүлсэн. Говийн тэр нэгэн жижигхэн суманд нэгдэлжих хөдөлгөөн хэрхэн өрнөсөн, ард иргэд хэрхэн хүлээн авсан, хэрхэн гар бие оролцсон, хэрхэн дөлсөн, ямар хүмүүс нь хэрхэн завшсан, ямар хүмүүс нь үнэнчээр зүтгэсэн гээд л гарна. 

Иймэрхүү утгатай зохиол уншихаар өөрийн эрхгүй хүмүүний тухай, хүмүүний мөс, чанарын тухай эргэцүүлдэг. Би өөрөө эдгээр олон дүрүүдийн аль нь бол? гэж мэгээд л тунгаана. 

"Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин" гэх дууны үг хар аяндаа бодогдоно. 

Ихэд олзуурхсан зүйл минь их гоё гоё үгтэй таарна. Энэ утгаараа уншаад байгаа хэрнээ эх хэлний минь үгийн баялаг асар муу юм гэж мэднэ. Мөн хот газар төрж өссөн болохоор хөдөө нутгийнхны ахуй амьдралтай холбоотой үг маш тааруу мэддэг гэдэгтэйгээ эвлэрдэг...

Тийм болохоор ч тэр үү, хөдөө нутгийн үзэсгэлэн төгөлдөрт дуртай, энэ талаар өгүүлсэн зохиол бүтээлд татагддаг байх. Тэтгэвэртээ гарахаараа ёстой л зүлгэн дээр гэр бариад ном дэлгээд л сууна. Хань ижил тэнд хонь мал гээд л... Ха ха. 

Дамдин залуу маань яасан бэ? 
Жаахан мангардуу ч гэмээр гол дүрийн баатар минь төөрч будилж, мунгинаж  явсаар, сайн хүмүүс, сайн нөхөдтэй таарч, амьдралын эргүүлэгт хөл алдалгүй, хөөрхөн мандана. Нутагтаа үлдсэн ижий нь сэтгэл тэнийнэ...

Нэг сонин нь ижийдээ очихгүй явсаар зохиол дуусчихдаг. Ижийгээ ч нэг их дурсахгүй, хар элгийн Гэрэл, Өлзиймаа ч гэх шиг. Миний зулзага тэгвэл ч гомдох л юм билээ. Ха ха. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿