2021年5月26日水曜日

Шаолинь сүмийнхэнтэй тулалдсан нь

Үүнийг хөөрхөн агаа, эгээ нараасаа аваад. Аваад ч гэж дээ, унш гэж өгсөн. Эгч жаахан эгчирхээд буцааж өгөлгүй, зарим номыг нь өөрийн болгочихоод байгаа. Уучлаарай, хөөрхнүүдээ. Монгол хоолоороо дайлна аа. Хи хи.

Нээрээ л эртнээс сонин санагддаг, эргэлзээтэй санагддаг байсан зүйлийн минь тухай бичсэн байсан. 

Яагаав дээ, бага байхад л Журамт бүсгүй Ли? билүү нэг тийм нисдэг, дүүлдэг дайчин бүсгүйн тухай гардаг даа. 

Мөн Хуанжү Гэг, Брюс Ли. Жаки Чян гээд л аймар зодоонч улс байна аа даа. 

Тийм сүрхий байлддаг хятадуудтай манайхны бүдүүн хадуундуу, хөдөлгөөн нь удаан талдаа хүмүүс хэрхэн байлддаг, тулалддаг байсан юм бол доо? гэж жаахандаа боддог байсан уу та нар? Хэ хэ.

Тэр тухай гардаг ном. Мэдээж бүгд зэвсгийн эрдэмд гарамгай бус байсан л даа. 

Эртний манай хаадууд чинь ухаантай улс байсан болохоор мэдээж шилдэг дайчин эрсийг дэргэдээ байлгаж, аравт зуутаа бүрдүүлнэ. Мөн гадны улс орны эрдмийг судална, суралцана. 

Мөн бидний, манайхны ялалтанд монгол адуу минь асар их үүрэгтэй байжээ. Тиймээс морьтон монголоос ухаанаа алдтал айдаг байж тэд. 

Нэг зүйл нэмж хэлэхэд хууль цэргийн чанга хатуу дүрэм журам, цаазтай байжээ. Түүнийг нь түүх гуйвуулагчид монголчуудыг бүдүүлэг, харанхуй, зэрлэг, мунхаг хэмээн бичдэг байжээ. 

За тэгээд сүүлийн үед түүхийг олон талаас нь судалсан, бичсэн ном товхимол ихээр гардаг тул уншина биз дээ. 

Хөөрхөн ном өгч уншуулсанд дахин баярлалаа. Нэг тийм "өвөрмөц" ном байлаа. Дэлгэрэнгүй бичнэ гэхээс залхуу хүрчихлээ. Хэ хэ. Сүүлийн хэдэн жил угаасаа дэлгэрэнгүй бичихгүй байж тийм ээ? Нэг нартай сайхан өдөр онгод орох байгаа...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年5月25日火曜日

Давалгаа бас дахин давалгаа

Зээ хө, би нь номоо уншаад л явсан шүү дээ, энэ саран гарангийн хугацаандаа. Ядаргаатай юм гэтэл чинь номны зураг оруулахаа мэдье ээ. Ккк.

3 сард монголоос ирсэн номны минь нэг шүү дээ. Ёстой хөөрхөн хөөрхөн өгүүллэгүүд байсан. 

Том дэвтэр, Гурав дахь худал, Нотолгоо, Бичиг үсэггүй хүн, Амраг зэрэг номыг орчуулсан, нүүр номын найз Доржийн Болортуяа эгчийн тэмдэглэлийг уншаад л шууд захьсан. 

Захина гэсэн номнуудын минь урдуур шууд дараалал дайраад л. Хэ хэ. Нэг тийм гоё монгол ахуйтай ном уншмаар санагдаад байсан үе. Орчуулгын ном байнга уншихаар өөрийн эрхгүй "дээр үе"-ийн зохиолчдын ном, бүтээлээс уншмаар санагддаг болсон байна лээ. 

Насных уу ч гэх шиг. Ккк. 

"Цахилж яваа гөрөөс"-ийг данин нэг уншмаар л санагдаад байгаа. Насан багадаа киног нь нэг үзсэн. Жүжигчин Өлзийхүү тоглодог.

Нэг сонирхолтой санагдсан нь дээр үед заалгасан гээгдэх эгшгийг дүрэм гэх мэтүүд энэ номд үйлчлээгүй гэх юм уу? Албаар тэгж бичсэн шиг санагдсан. Эхэндээ ч юу билээ? гэж гайхаж байснаа сүүлдээ ч за за энэ албаар ингэж бичсэн байна, нэг бол хуучин монгол бичгийнх нь галигаар шууд буулгаж бичсэн байх гэж таагаад...

Бага наснаасаа л зохиол бүтээлийг нь уншиж ирсэн ёстой сайхан зохиолчоор олон сайхан ном зохиолынх нь талаар яриулалгүй, ярилцалгүй бурхны оронд нь явуулчихсан нь үнэхээр харамсалтай. 

"Нүүнээ нүүгээрэй" гэдэг өгүүллэгийг нэрлэж болно. 10 хэдхэн насны хөвгүүний эсрэг хүйстнээ танин мэдэх шохоорхол, ганц хөвгүүний гэлтгүй, хөөрхөн бор охины сэтгэлийн гэгэлзээ гэх мэт зүйлийг ёстой тансаг өгүүлсэн байдаг. 

Мөн алтан тэмээ гэдэг хорхойны тухай арай дэлгэрэнгүй мэдэж авлаа. Худалч хүнд бол нэрнээс өөрцгүй л байлаа шүү дээ, алтан тэмээний тухай. 

"Мэдэрэмжийн хүлэмж". Мэдрэмж гэж бичмээр боловч мэдэрэмж гэж бичсэн байсан. Үүнд үнэрийн тухай гардаг. "...хүн өөрийн нэгэн гайхамшигт чадвар болох үнэртэх чавдараа өдөр ирэх тусам гээсээр байгааг, ийнхүү гээхэд нь түлхэц болж байгаа юм хотжилт хийгээд шинжлэх ухаан, техник технологийн дэвшил болохыг ойлгосон юм. Хүний үнэртэх чадварт тус болох ачтан бол онгон байгаль..."

Дамаан-Цаашлаад, улам бүр, тэгэх тусмаа.

Сайн гүүний унага, сайн хүний үр.

Солгой ухаан-Буруу гаж ухаан.

Нуур амар бол нугас амар.

"Бүжин бүжинхэн". Хөөрхөн өгүүллэг. Үүнд их хөөрхөн өгүүлбэр гардаг. "...Уг нь эр хүний хамгийн түрүүнд сурах вмны чинь нэг, бүсгүй хүнийг аргадаж сурах юм билээ л дээ. Би даанч хожуу мэдсэн юм..."

Төслүү-Төсөөтэй.

...Бүсгүй хүнийг бүсгүй хүн болгодог юм бол талимаарал...

...Бүсгүй хүн хүйтэн цэвдэг болохоороо бүсгүй хүн биш болчихдог...

...Аядуу намуун хөдөлгөөн бүсгүй хүний чимдэг...

Хахарч байгаа айраг. Хахрах-Айраг, тараг зэрэг идээний амт хатуурах, хэтэрхий исгэлэн болох.

Тожир тожир алхах. Бага хүүхдийн тожигнон явах

Чихэр өвсний үндсийг төмөр биш модон хутгаар тасладаг.

...Айсан хурга чоно улисан зүг рүү явдаг...

Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил төөрдөг-Ардын зүйр үг.

Эрсэн хүн олдог. Намайг өөрийгөө олсон цагт байрнаасаа хөдөлсөн чулуу өөрийн байсан байраа олно. 

Лавсах- Цас малгайлан орох. Өөр утга байсан. Шалгаж үзнэ биз ээ.

...Бүсгүй хүнийг ойлгохгүйгээр бүсгүй хүнээр хань хийж чадахгүй шүү...

Долгонцог-1. идэх уухад ховдог. 2. Сувдаг шунахай. 3. Зусарч бялдууч.

"Чулуудын хүүрнэл" бэсрэг тууж бол тасарцан шөө.

...Амар тайван сэтгэл хангалуун амьд явахын тулд хэнхдэг чээжин дотроо хураасан юмтай байх учиртай. Сэтгэ санаандаа хэдий чинээ л арвин юм хураана тэр чинээгээрээ амар тавшин амьдардаг юм уу даа гэж би санадаг...

Өөрийн санаа өөртөө зөв. Өрөөл даавуу өмдөндөө зөв.

...Хүн гэдэг амьтан сэтгэлдээ ямар нэгэн нандин нууц юм хадгалж явахгүй бол дотоод тамир алдагдаж, бусдын эрхшээлд орохдоо амархан...

...Хүн гэдэг амьтан сэтгэл ухаан хоёроо тэнцүүхэн авч явж амьд явах ёстой амьтан...

...Одоогийн улс чинь нүүр гар, бие хасаа байн байн нэг их сүрхий угаах хэрнээ сэтгэл санаагаа огт цэвэрлэхгүй улс юм...

Чулууд байрнаасаа хөдлөхөд ертөнцийн эмх цэгц алдардаг. Газрын эмх цэгц алдарахад тэнгэрийн одод үймдэг.

Хүний ухаан санаа хөгшин чавганцын хөлийн авдар биш дээ. Ухаан санаа гэдэг юм чинь новш ноохоотойгоор дүүрэх тусмаа мунхардаг юм. 

Хангай дэлхийн чинь хэлийг номоор сурдаггүй хэл. Ажиглалтаар сурдаг хэл.

Сайн морь унаашрах тусмаа чангардаг.

Уг нь энэ халх монголчууд чинь тэнгэр заяатай улс болохоороо чичих жад, цавчих сэлэмнээс бусад эсгий туургатнаа хамгаалж халхалж явсандаа "халх" гэсэн нэр авсан юм гэнэ лээ дээ.

За нэг иймэрхүү. Амттай ном байлаа. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年5月23日日曜日

Цэцэгс

Дулаараад гадуур чамин тансаг цэцэгс нүд, сэтгэд баясгаад сайхан байна өө. Ганц нэг зураг оруулчих уу? Уламжлал ёсоор.

Ажлын газарт минь хэсэг хугацаанд мэлмийг минь баясгасан цэцэг. Нэр усыг нь хэлж мэдэхгүй байна аа. Хэн авчирч өгснийг мэдэхгүй л байна. Шилжилт хөдөлгөөний үеэр гэхээр хэн нэг нь явахдаа, эсвэл хэн нэг нь ирэхдээ л бэлэглэсэн байх.

Ажилдаа ирж очих замд байх аа. Мартчихаж. Нүд минь баясаад л зураг дарсан. Энэ гэхдээ одоо цэцэг нь хагдарч унаад, навч нь гарсан.

Энэ арын фоныг санаж байна уу? Төгөлдөр хуурын багшийн гэрийн үүдний гадаах цэцэг. Долоо хоногт нэг очдог тул энэ гадаах цэцэг анхаарал татна аа. Цэцэг нь өөрчлөгдөөд л явдаг. Эд ер нь их ажилсаг улс шүү гэж бодоод л зураг дардаг гэж байгаа.

Уламжлалт цэцэгний зурагтай бичлэг минь үргэлжлэнэ шүү. Ойрын өрш, өөр нэг айлын сарнай цэцэг үнэн тансаг харагдаад байгаа. Би тэсэлгүй зураг дарсан. Тэгж байгаад оруулна аа.

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2021年5月22日土曜日

Үлэг гүрвэл

Үлэг гүрвэлээр мастер хамгаалдаг ч юм билүү гэж бодогдлоо. Хэ хэ. Номын санд их олон төрлийн ном байна аа. Хүүхдийн шүү. Мэдээж томчуудад зориулсан нь ч бий байх. 

Хүний урианд томчуудын тасгаар нь шагайхгүй ээ. Зулзагуудаа дагаж хүүхдийн номын тасгаар л эргэлдэнэ. Гэхдээ л би тэндээс их олон зүйл мэдэж авдаг, гололтгүй.

Бага зулзага эрэгтэй хүүхэд гэсэндээ нэг иймэрхүү шүдээ ярзайлгасан, архирсан зүйл сонирхоод байх шиг. Эсвэл бас л санаа дагаад байна уу? Охидоос өөр шиг л байна.

Гэрээр дүүрэн ном. Дунд нь амьтны тухай ном их байна өө. Гэм нь таван хошуу малын тухай ховор, хэхэ. 

Саяхнаас үлэг гүрвэлд дурлаад. Хүүхдийн нэвтрүүлгийн нэг дуунд үлэг гүрвэл, арслан заан гэж гардаг юм. Тэгээд л ийм амьтан байдаг гэж танилцуулах гэж зээлсэн биш, зузаан зузаан номыг уншиж өг гэж тушаагаад. Нэг бүрчлэн уншихад цаг, хөдөлмөр их шаардах тул гол гол зургийг нь үзээд л, зохиогоод ярьчихдаг гэж байгаа энэ ээж. Ккк.

Тэгсэн, өнгөрдөг сард суугууд мужийн хүүхэд багачуудын дунд үлэг гүрвэлийн тухай ном их эрэлттэй гэж судалгаа гарсан байсан. Жагсаалтын эхэнд явж байна лээ.

Олон төрлийн үлг гүрвэлээс миний ганц мэддэг нь Тираннозавр буюу Tyrannosaurus. Нэрийг нь хэлж мэднэ. Үүх түүх, судрыг нь мэдэхгүй ээ. Нэг нартай өдөр цаг гаргаж уншина гэж мөрөөдөөд л яваа. 

Бага зулзага бас тираннозавр гэж мэддэг болсон. Дөхүүлээд хэлээд байгаа. Нэг хөөрхөн нь чулуужсан өндөг энэ тэр олдсон газрын нэрсэд Монгол гэж байсан. Монгол гэж хэлж сурсан. Дэвшилт биз дээ?

Нэг иймэрхүү, эрэгтэй хүүхэдтэй тулж ажиллаж байна. Ямартай номтой нөхөрлөдөг, уншдаг болгочих санаатай. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年5月21日金曜日

52 герцийн халимнууд

Хэдэн жилийн өмнөөс их гоё зүйлтэй учирсан нь энэ "Номын дэлгүүрийн худалдагчдын санал болгодог номын шалгаруулалт" шүү дээ. 
 
Одоогоор сүүлийн 4 жилийн тэргүүн байрны шагналт 4 номыг уншсан. Хойшид ч уншина гэж бодож байгаа. Өмнөх жилүүдийг чадвал нөхөж уншина даа. 
 
Жич: Энэхүү Японы номын дэлгүүрүүдийн худалдагч нарын саналаар тухайн оны шилдэг бүтээлийг шалгаруулдаг арга хэмжээ нь 2004 оноос эхэлсэн юм билээ. Би анх суугуул нутагтаа хөл тавьж байлаа. 
Номын хорхойтон, номын хорхойтон болохыг хүсэгч зэрэг уншчигдад санал болгодог юм билээ. 10 ном дэвшүүлээд, байр эзлүүлнэ. Мөн орчуулгын номын шалгаруулалт тусдаа байдаг.
 
Нүдийг минь тайлж, сайхан зүйл санал болгосон Хонгорзулдаа баярлалаа. 

Уншигч олонд танилцуулахад Хонгорзулын бэлтгэсэн Баяртай нэвтрүүлгээр нь мэдэх болсон тийм үү? 5 сарын 16-нд Монгол ТВ-ээр гарсан. Олж үзсэн биз дээ. 

Сэтгэл хөдөлгөсөн, сайхан гэж хэлэх ч багадах баримтат кино болсон байсан шүү. Заавал олж үзээрэй. 

Мөн энэ номын товч танилцуулгыг эндээ хуулан хүргэлээ шүү. Нүүр номдоо бас түгээчихсэн.

 

Халимнууд “дуулдаг”.
Дуу нь учиртай.
Хоорондоо ярилцаж байгаа нь тэр.
Тэд их чангаар дуулж чаддаг тул 800 км алсад байгаа найзтайгаа ч
-Өнөө шөнийн сар ёстой ганган байна аа.
-Ойрдоо эрэг үрүү дөхөв үү?
гээд л хууч хөөрдөг байх нь. Үзүүргүй их далайд ганцаарддаггүй гэсэн үг.
Гэтэл бусадтайгаа хэл нэвтрэлцдэггүйгээсээ болоод цор ганцаараа явдаг нэгэн халим байдаг. Түүнийг 52 гэдэг. Бусад нь 15-25 герцийн давтамжтай дууны долгион гаргаж хоорондоо ярилцдаг бол тэр л цор ганцаараа 52 герцийн долгион гаргадаг учраас ингэж нэрлэх болж.
Долгион таарахгүй учраас бусад нь түүнийг сонсдоггүй. Бүр байдгийг нь ч мэдэхгүй.
Тэр ямар ч сайхан дуу дуулж, яаж ч гунигтайгаар уйллаа ч тэр нь бусад халимнуудад хүрдэггүй. Бүр хажууд нь байсан ч гэсэн. Түүнд хэн ч хариулдаггүй...
1989 онд нэгэн судалгааны багийнхан түүний гаргаж байгаа чимээг анх олж илрүүлснээс хойш 52-тай холбоотой зохиол бүтээлүүд багагүй гарчээ. Тэдгээрийн нэг болох “52 герцийн халимнууд” гэдэг, япон зохиолчийн шинэхэн номыг өнөөдөр уншиж дуусгав.
Өөрийнхөө гэрт, өөрийн аав ээждээ гадуурхагдаж, бие сэтгэлийн хүчирхийлэл дунд өсч буй хүүхдүүд. Тэд зүгээр л “надад хэцүү байна, намайг авраач” гэж хэлж чаддаггүй учир, тэдний аврал эрсэн чимээгүй хашгираан тэр болгон бусдад хүрдэггүй... Японы номын дэлгүүрийн худалдагч нарын саналаар шалгаруулдаг шилдэг бүтээлийн шагналыг энэ жил авсан. 「52ヘルツのクジラたち」
Япон хэлтэй найзууд уншаад үзээрэй. Хүнд сэдэв юм шиг боловч, нэг уншаад эхэлвэл зогсохооргүй сонирхолтой бичигдсэн, олон юм бодогдуулах ном.
Нээрээ халимны дуу сонсмоор байгаа хүмүүс энэ бичлэгийг үзээрэй. Аймаар ч юм шиг, гоё ч юм шиг, гунигтай ч юм шиг... Нойр муутай хүмүүс сонсвол бөх унтдаг гэсэн. https://youtu.be/Z1D1G7Hajxw

За нэг иймэрхүү. Гоё бичдэг улс зөндөө шүү. Би бичих гэхээр... Өөрийгөө голдог болсон. Саяхан нүүр номоор нэг бичлэг яваад байсан даа. "Даруухан болоод байна гэсэн чинь эрдэм сурцан байна лээшд" гэдэг шиг. Унших тусам өөрийнхөө түүхийг мэддэг болсон гэчих үү? Ккк

Ямартай ч алга болсон 1 сарын хугацаандаа уншсан нэг япон ном минь байлаа гэж. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年5月20日木曜日

Хонгорууд минь, санажээ

Сайн байцгаана уу? Хонгорууд минь. Сар гаран алга болсон сонин сайхнаасаа бичих үү? Хэрэгт дуртай уншигчид минь ээ. 

Онц сонин алга дөө. Нөөтбүүкээ нээхээс залхуураад блогоо завсарлачихлаа.

Түүнээс бичих зүйл их л байгаа шүү дээ цаадахад чинь. Яаж ийгээд л нэг сонин сайхан олчихсон л бичиж байдаг даа. 

Зарим нэг хүнд бол долоон булчирхайгаа тоочоод л гэж бодогддог л байх тийм үү? Хэ хэ. 

Гэхдээ ингэж бичих чинь бас их хэрэгтэйг саяхан мэдсэн шөө. Нэг үйл явдлыг санах гээд, хэдэн онд билээ гээд санадаггүй. 

Блогоо ухаж мэдэж авсан шүү дээ. Тэгэхээр наддаа бол хэрэгтэй л зүйл. 

Оршил минь үргэлж урт болдог тийм ээ? Хэ хэ. Энэ номны зургийг оруулаад орхисон байх юм. Бодвол дунд зулзагын төрсөн өдрийн бэлэг гэж бичих гэсэн байх. 

Харри Поттэри-н бүх номыг цуглуулах юм гэсэн. Би түүнийг нь нэг нартай өдөр уншина гэсэн том мөрөөдөлтэй. Дүүгээ бас дуртай болгоно гэсэн. Өнөөх нь ч хачин дуртай болсон шүү. 

Яаж дуртай болсон, болгосон нь инээдтэй. Өнгөтөөр бичих үү? Гялс хариу?

За ингэсэн юм аа. 

Ажлын газраас акталсан Харри Поттэрийн видео кассет байсан юм. Тэрийг нь би манайх видео уншигчтай гэж байгаад авсан хэрэг. Хэсэг тоосонд дарагдаад явсныг бага зулзага олж, гаргаж ирээд тэврээд гүйгээд байгаа.

Эгч нь идэвхитэйгээр гол дүрүүдийн нэр усыг хэлж цээжлүүлсэн. Тэгсэн өнөөх нь ам ангайвал л Харри Поттэр гэж шулганаад, эсрэгээрээ дэглүүлээд эхэлсэн. Өөр нэвтрүүлэг, кино үзэх гэхээр л үгүй гэж орилоод. Ккк. 

Нэг хэсэг Тоторо гэж зүтгэдэг байсан хүн чинь ашгүй Тоторогоосоо саллаа гэж бодсон, байдаггүй шүү. 

Нэг сарын дотор бага зулзагын тархины хөгжил, үг яриа л ихээхэн дэвшилттэй байх шив дээ. Бусдаар ч бахь байдгаараа л шахуу. 

Хойшид идэвхитэй бичихийг хичээнэ ээ. Дэмжээд эрхий хуруу муруу, зүрх мүрхээ дарахаа мартуузай...

Бүгдэд нь амжилт хүсье.

2021年4月21日水曜日

Гоё уу?

Энэ гурван номыг саяхан биш ээ, 3 сарын сүүлээр гартаа оруулсан. 

Зургийг нь бас ингэж авсан нь учиртай. Том дэвтэр, Гурав дахь худал, Нотолгоо, Бичиг үсэггүй хүн, Амраг зэрэг номыг орчуулсан, нүүр номын найз Доржийн Болортуяа эгч Мэнд-Оёо гуайн гурван номыг ингэж улаан туузаар уяад, хажууд нь ваартай цэцэг тавиад авчихсан, нүүрномдоо оруулсан байхаар нь шар гозойгоод. Ха ха. 

Аймар шартай байна уу? Шартай, шуналтай хүн чинь шууд захиж авчруулаад, ингээд зургийг нь авчихсан. Хааяа шунал чинь их зүгээр юм билээ. Ккк. 

Үнэндээ цаг нь их гоё тохироод оо. Үргэлж намайгаа баярлуулж номоо захиарай гэдэг нэг эгч бий. Тэр эгчдээ л эрхэлж, гурван ном захьсан хэрэг. Монголоос ирэх тул, шуудангийн төлбөр энэ тэрийг нь бодоод би цөөхөн ном захьсан. 

Нэг хүнд байнга тэгж төвөг удах чинь бас муухай шүү дээ, тийм ээ? Түүнээс зөндөө л ном гарч байна цаана чинь. Зургийг нь хадгалсаар...

Ном авмаар байна аа гэвэл зөндөө хүн авч өгнө л дөө, гол нь нааш нь явуулах л жаахан тийм байна. Онгоц бага, ирж очих хүн танихгүй гээд л. Хил гааль нээгдэхээр бүр анаж байгаад бүгдэд нь нэг нэг ном захих юм шөө. Ккк.

Та нар сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай, эртхэн хэлчихье. Хо хо.

За гайхуулж бичихэд нэг иймэрхүү. Хи хи. 

За баахан ккк, хо хо, хи хи гэж инээсэн бичлэг болчихлоо. ХА ХА гэж хөхрөхөөсөө өмнө өндөрлөе дөө. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年4月20日火曜日

Ойрын сонин сайхан

Онц сонин зүйлгүй ээ. 

Энэ сарын эхэнд оюутан зулзагаа гаргаж өгснөөс хойш нэг их өөрчлөлт алга. Угаасаа сүүлийн нэг жил өрөөндөө бүгж, хичээлээ хийж байна гээд, байгаа үгүй нь мэдэгдэхгүй л байсан болохоор. Хэ хэ. 

Худлаа худлаа өрөө нь хоосон оргиод эвгүй л байна. Дунд зулзагаа ор гэсэн чинь одоохондоо ээж аавтайгаа цуг баймаар байна гэсэн. Тэгэхээр нь нэг их хүчилсэнгүй. Ээж хааяа орж ном уншиж байгаа. Ширээг нь ашиглаж. 

Аан тийм орыг нь бас ашиглаж хагас бүтэн сайн гэх мэт амралтын өдөр бага зулзагаа унтуулж байгаа. Гол нь орхиод явсан томоо гэгч pooh баавгай байгаад, тэрийг нь дүү нар нь орж ноолж байгаа. Байхад нь айгаад чаддаггүй байсан юм. Ккк.

Ингээд харахаар айлын томууд жаахан ааштай тийм ээ? Би ч бас ааштай л байсан. Миний юманд зөвшөөрөлгүй гар хүрвэл за тэгээд бас л дөвчигнөж өгдөг байлаа. Ха ха.

Номын санг нь цэгцэлж өөрийн ганц нэг номоо оруулж өрлөө. Гэхдээ тувт япон ном. Дунд зулзага нэг их удахгүй тэр өрөөнд эзэн суух тул бас номноос нь оруулж өрлөө. Харри Поттерийн хэдэн ном, толь бичиг гэх мэт.

Ээжийн монгол номнууд тусдаа тавиуртай, нэг жижиг буланд нь бурхан тахилын жижиг булан бий. Нэг их шүтдэггүй ч, хааяа нэг маань уншина аа уншина, яаж зүгээр байхав. Хи хи.

Бага зулзагын ном бас арвижиж байна аа. Эгч нараасаа өвлөж авсан дуут номнуудыг ихэнхийг нь нугасаар нь салгасаан. Энэ эрэгтэй хүүхдийн чинь гар хөл арай чанга байдаг уу? Эсвэл санаа дагаад байна уу? 

Бид хааяа нэг оюутан зулзагатайгаа лайн гээч эндхийн цахим сүлжээгээр ярьж байна. Аав нь голцуу оройтож тараад буй тул ярьж амжихгүй, ээжээс сураг ажиг сонсоостой. 

Дүү нар нь эгчийнхээ царайг харж жаал баясана. Бага дүүгээ л санаж байна, бусдыг нь бол нөү шүү дээ гэсэн. Гомдмоор уу? Хэ хэ.  

Ойрд гэрийнхээ нөөтбүүкийг асаахгүй байгаа тул, блогоо ч бичихгүй байна. Урд нь улаан идэвхи байж тийм ээ? Тэгж байгаад онгод буух байх аа. Хоёр ч ном уншаад дууссан. 

Гуравдахаа, дөрөвдөхөө уншиж байна. Тэгж байгаад зураг орууламз. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年4月13日火曜日

Бялуугаар бялхсан сар 2

Бялууны зурагны үргэлжлэл шүү. СБА шүү таминь ээ.Сүүлд дурсаж байх гэж оруулж байгаа юм шүү. Хэ хэ. 

Ажил дээр идсэн бяслагтай бялуу. Би ихэвчлэн чокотойг иддэг. Энэ удаад жаахан өөрчилж үзсэн. Тун дажгүй.

Үүнээс би идээгүй. Миний оронд оюутан зулзага, дунд зулзага хоёр идсэн. Оюутан зулзага яваагүй байсан. Ажлын газрынханд минь нэг амттан авж ирж, жаахан байхаас минь харж хандаж тусалдаг байсанд баярлалаа гэж хэлээд явсан. 

Нээрээ л анх сургуульд элсэн ороход нь ээж энэ ажилдаа орж байсан. Зуны болон өвлийн амралтаараа ажил дээр минь ирж даалгавраа хийдэг байсан. Сэтгэл санааны болон бас бус зүйлээр их л харж ханддаг байлаа. Буянтай сайхан хамт олон шүү. 

Их сургуульд тэнцсэн гэж Сүхбаатар өвөө, шавь өвөө хоёр барьж ирсэн. Хөөрхөн. Ёстой бахархаж байна, монгол дахь эмээ өвөө нар нь тэнцсэн их сургуулийг нь хэр зэрэг мундаг гэдгийг мэдэх үү? Хэлсэн үү? гэж ирээд л миний өмнөөс онгироод байсан. Хи хи. 

Та нарын хорхой хүрч байна уу? Хэ хэ. Энэ сараас гайгүй, элдэв амттан идэх нь гэж бодсон ч үгүй бололтой. 

Энэ мэтчилэн бид чинь эргэн тойрныхоо их олон хүмүүсийн дэмжлэгээр хүний газар эх орныхоо нэрийг нэг их өндөрт өргөөд байхгүй ч газар дор ортол нь шороотой гутгалгүй, эгэл жирийн эгэл борхон амьдарч байна дөө гэж.

Амттан бичлэг хэсэгтээ үргэлжлэх байх шүү. Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2021年4月9日金曜日

Бялуугаар бялхсан сар

3 сар ёстой нэг бялуугаар бялхсан сар байсан. Дунд зулзага, бага зулзагын төрсөн өдөр. Оюутан зулзагын төгсөлт, их сургуульд тэнцсэнийг тэмдэглэж найзууд, танилуудын барьж ирсэн бялуу.  

Энэ болохоор ажлын газрын нэг хятад хүүхэн гэрээрээ Токио нүүж байгааг тэмдэглэж идсэн бялуу. Корона гээд энд тэнд бөөнөөрөө сууж идэж ууж болохгүй болохоор ажил дээрээ ингэж бялууддаг болсон.

Үүнийг хөдөөний эмээ минь өгсөн. Бид оюутан зулзагаа явахаас нь өмнө гээд хөдөөх эмээ өвөөд нь очиж уулзуулаад. Цаг сайхан бол монгол дахь эмээ өвөөд нь бас очмоор л байдаг.

Үүнийг суугуул хотын минь ганц монгол найз авчирч өгсөн. Оюутан зулзагат минь баяр хүргэж. Бусадтай нь уулзах биш дээ ямар. Хөлөө олоод, унаа унштай болохоороо тэгээд таг болдог юм дөө. 

Ирээд удаагүй байхад нь бүх л зүйлд нь явж өгдөг байлаа гэж. Сайн сайхан яваа бол болох нь тэр дээ...

За тэр ч яахав. Бялуу ярьж явсан хүн шүү би чинь. Хэ хэ. Их олон бялууны газар байдаг гэдгийг мэдэж авлаа. Бид гэрийнхээ ойрхон гурав дөрвөн газрыг нь л мэддэг, ганц нэг мэддэг хол газар луу  нь явдаггүй л болохоос.

За энэ бичлэг үргэжлэлтэй шүү. Сонирхолгүй бол алгасана биз дээ? 

Түр баяртай, бүгдэд нь амжил хүсье.

2021年4月7日水曜日

Сакүра

Жил бүр сакүра цэцэгддэг дээ, бид. Энэ жил элдэв ажил ихтэй, гэрээрээ тухтай цэцэгдэх зав гарсангүй. 

Машинаараа зугаалахдаа л харж баяссан. Оюутан зулзагаа явахын урд өдөр жил бүр очиж зураг авдаг газраа очиж зулзагуудынхаа зургийг дарж амжсан. Хань ижил ажил ихтэй тул ирж амжаагүй. 

Ганц нэг зураг оруулах гээд л оршилдоод байгаа шүү. СБА. хэ хэ. 

Энэ бид зугаалах явцдаа машины цонхоо онгойлгож байгаад дарсан зураг. Хөдөө явах замд.

Ажлын газрын хойд хаалганы хажууд байдаг сакүра. Гэснээс энд корона нэмэгдээд, хойд хаалгаа хаачихсан. Урд төв хаалгаар орж гарахад бас хөөрхөн цаг аваад байх юм өө. Үнэн залхуу, тавхан алхам л илүү алхах газар л даа уг нь.

Орой, харанхуй болохоор дэнлүү асаана. Бас л сэтгэл хөдөлгөм шүү. Хосууд зугаалбал рамаанчик. Би ч хойд урдах 60 чавганцын ажилдаа санаа зовоод, хурдхан шиг харих минь гэж бодоостой л явсан.

Уламжлал болгож зураг орууллаа. Хагдраад эхэлчихсэн байна лээ. Чадвал энэ хагас сайнд хоёр зулзагаа дагуулаад нэг голын эргээр алхах санаатай. Тэнгэр хангай ямар байх нь уу?

За бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2021年4月3日土曜日

Толин дахь ганцаардлын ордон

Ойрд номны зураг оруулаагүй байна тийм үү? Их ажлын хажуугаар бас болоогүй ээ, монгол япон хольж уншаад л яваа шүү. Гол нь бичих завдал болдоггүй. Оюутан зулзагын ачаа барааг янзлах, явуулах, ганц нэг үлдээсэн зүйлийг нь хурааж цэгцлэх гээд л гэрт ажил мундахгүй юм өө. 

Өнөөдөр хагас сайн, аяга борголоо хийж уунгаа бичих санаатай. Энэ 2 сард уншиж эхлээд 3 сарын сүүлээр дуусгасан. 

Хааяа жаахан үглэхээрээ 
-Би номоо уншмаар байна аа?
-Унших хурдаа нэмэгдүүлээч.
гэсэн охид. 

Эх хэлээрээ хурдан л уншдаг л даа. Гадны хэлээр яаж ч хурдан унших гээд чадахгүй байна л даа. Мэдэхгүй ханз, үг, хэллэг таарна. 

Сүүлийн үед харьцангуй бага таардаг болсон л доо. Урд нь харсан нэгийгээ хоолтойгоо холиод идчихээр ямар хэрэг байхав. Дахин дахин сөхөж хардаг ханз ч байна. Хэ хэ. 

За оршил их урт болчихлоо. Энэ ном нь 2018 оны "Номын дэлгүүрүүдийн нэрэмжит шагнал"-ын тэргүүн байрыг эзэлсэн ном. 2019, 2020 онуудын тэргүүн байрны номнуудыг уншаад зураг оруулсан санаж байгаа биз дээ? 

Агуулга нь их хөөрхөн санагдсан. Дунд сургуульдаа ямар нэгэн шалтгаанаар явж чадахгүй болчихсон, явахыг хүсдэггүй 7 хүүхдийн тухай гарна. Нэг өдөр өрөөнд нь байсан толь гэрэлтэж, толинд уусан, нэгэн өвөрмөц ордонд ирчихдэг. Тэгээд л өдөр бүр шахуу тэр ордондоо очно, хоорондоо найзууд болно. 

Сургуульд явахгүй болсон шалтгаанууд нь бүгд өөр өөр. Ар гэрийн нөхцөл байдал, сургууль дээрх таагүй явдал гээд л. Хамгийн сонирхолтой нь тэд ихэнх нь шахуу өөр өөр цаг үед амьдарч байсан хүүхдүүд болж таарсан. Ганц нэг нь л нэг үеийнх. 

Төгсгөл хэсэгт учиг нь тайлагдаж, бүгд сургуульдаа эгэн явах шийвдэр гарган, өнгөрсөн үеэс ирсэн нь сургуулиа төгсөөд, эргээд сургуулиас завсардах гэж байгаа болон завсардчихсан хүүхдүүдэд тусладаг ажил эрхэлдэг болсон байдаг. 

Том зулзагаа дунд сургуульд байх үеийг эргэн дурсан дурсан уншсан. Ер нь дунд сургуульд байхдаа хүүхдүүд их сэтгэл санааны өөрчлөлтөд орж, нэгнийгээ дээрэлхэх, бөөрөлхөх зэрэг зүйл ажиглагддаг юм билээ. 

Мөн ганцаардах, дүрсгүйтэх, уурлах, уцаарлах гээд л янз бүрийн ааш авир гаргадаг үе нь. Энэ үед эргэн тойронд нь ойлгодог, ярилцдаг найзууд, томчууд байх ёстой юм гэж энэ номыг уншаад бүр ч ихээр ойлголоо. 

Зохиолчийн нэр Цүжимүра Мизүки. Он жав юм билээ. Дуртай хүмүүс их байдаг гэнэ. Би эндхийн яг тэрний зохиолчид дуртай гэсэн зүйл байхгүй, олдсоноо л уншаад байдаг хүн. Дараагаар бусад ганц нэг номноос нь авч уншина аа. 

Энэ жилийн шагналт байрын эзэн удахгүй тодорно. Тэр шалгарсан номыг бас авч уншиина даа. Уншигдах ном их, унших би ганц болчихоод л байгаа болохоос биш. Хэ хэ. 

Хэлтэй устай хүмүүс уншмаар санагдвал авч уншина биз дээ?  Нэг их суртэй танилцуулга хийлгүй, ингэсгээд л орхичихдог болсныг минь мэдэж байгаа тийм ээ? Байнгын уншигчид минь. Хи хи. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年4月2日金曜日

Их сургуульд ороход 5

Удаан алга болсонд уучлаарай. Оюутан зулзагаа дагаад золтой л их сургуульд орчихсонгүй. Хэ хэ. 

Оюутан зулзага минь "Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү эрдэм өвөртөлж ирнэ" гээд ниссэн шөө. 

Угтаа бол ижий аав нь цугтаа яваад, хичээлийн нээлтэнд нь очдог гэсэн. Муухай вируснээс болоод хөөрхий зулзагаа ганцааранг нь л явуулчихлаа. 

Гол нь буцаж ирээд 14 хоног гэртээ сууна, ажилдаа явахгүй байх гэдэг нь асуудал болоод. Би конкурсны үеэр цугтаа явсан даа. Ирээд 14 хоног гэртээ суусан. Яахав гадуур дэлгүүр хоршоо орно л доо. Ажилдаа л явахгүй. Хи хи.

Өнөөх гайхал зардлын талаарх бичлэгээ үргэлжлүүлэх санаатай. Урт настай удаан жаргалтай зардал шүү. 4 жил үргэлжлэнэ гээд бодохоор ч...

Унааны зардал талдаа 10500 иен болсон. Дотуур байрныхаа сэнпай нарт гээд нутгийн амттан авсан. Мөн манай ажлынханд "Жаахан байхаас минь л харж ханддаг байсанд баярлалаа, талархлаа" гээд амттан авч өгсөн. Нийлээд 5000 иен болсон.

Урьдчилан том жижиг нийлсэн 4 хайрцаг шуудандсан. Өнөөдөр өглөө нэгийг хань ижил аваад гарсан. Одоо бас нэг дунд зэргийн хайрцаг бий. Маргааш шуудандана. Гуталнууд. Ээжээс олон гуталтай ч байх шиг. Ха ха. Хань ижилд 10000 иен өгсөн. Түүгээрээ л явуулаад байгаа. 

Айхтар том нүүдэл суудал гэж зардал гараагүй тулдаа бас ч гэж энэ төрлийн зардал хэмнэгдсэн. Шуудан зэргийн зардал бол хамгийн хямддаа орно гэж мэд, журмын олон нөхөд минь. Ккк.

Аан тийм, зун болохоор зуныхаа хувцаснуудаас авна гэсэн. Шууданг мэдээж ээж төлнө. Хэ хэ. Байгаа олон хувцсыг нь явуулна, учир нь илүү дутуу хувцсанд мөнгө битгий зараасай, уул овоо шиг хувцсаа хараад яг одоо яаралтай хэрэггүй шүү дээ гэж бодог гэж бодоод байгаа. 

Түүнээс тэндээсээ авчихгүй юу гэж хэлэх байх л даа. Мэдээж охин хүүхэд, чамин ганган зүйл хараад авах л байх л даа. Түүнийг үгүйсгэхгүй. Гол нь хэмжээ дамжаатай байвал гэж санаад л...

Хөнжил гудас, цээж зураг, бас нэг зүйлийн шимтгэл гэх мэт жижиг сажиг мөнгө 10000 иен.

Инээдтэй нь явахын урд өдөр цээж зураг хэрэгтэй гэнэ, нэг шимтгэл төлөх ёстой гэж утасдсан гэх мэтээр ажил их байлаа. Гол нь өөрийнх нь буруу, бичиг цаасаа сайн хараагүй, нэг л их тэнцсэн гээд шоудсан хүн байсан тул. Дуугай байсангүй, бага зэрэг үглэсэн. 

Гэрээс гараад иймэрхүү зүйлээ өөрөө хариуцаж явна, ээж аав а б-гүй тэгсэн үү? ингэсэн үү? гэхгүй бла бла. Толгой дохиж л сууна лээ, хөөрхий минь.

Болоогүй ээ, тэр их ажлын хажуугаар бас сакүрадаад амжсан. Хань ижил ажил ихтэй, их оройтоод байгаа тул бусад гишүүд л цэцэг харж баяслаа. 

Орой нь аавыгаа эрт гарч ир гэж утасдаад, гадуур хооллочихсон. Ээж жаахан залхуураад. Хи хи. 

Аан тийм, хагас жилийнх нь төлбөрийг дансанд нь хийсэн. Шимтгэл төлж байхаар гэж бодоод. Шимтгэл нь ижил банк хоорондоо шилжүүлэх болохоор хямд л даа. 100 иен. Хо хо. 

100 иен ч гэсэн хэмнэнэ гэж үзнэ шүү дээ, энэ ээж. Дуслыг хураавал далай. Хагас жилийн төлбөр нь 283000 хавьцаа. Наана нь үрчихгүй байгаа гэж санаа зовж энэ тэр. Гайгүй байгаа? 

Би чинь энэ тал дээр туршлагатай хөөн. Төлбөрөө тушаачихаарай гээд өгөөд явуулсан, өгсөн гэж хэлсэн, төгсөлтийн шалгалтанд оруулахгүй байна гэж уйлж хаа байсан гадаадад байгаа над руу уйлж утасдсан. Би энэ холоос яалтай тийм ээ? Ха ха.

Одоо ч тэр жилийн энэ асуудал бүрхэг хэвээрээ. Оньсого таагдаагүй. Ха ха. 

За түр баяртай. Амьсгаа авахтайгаа болж л байна. Ойр ойрхон бичихийг хичээнэ ээ. Бүгдэд нь амжилт хүсье.