2020年5月31日日曜日

Абэно масүкү

Энд "Абэно масүкү" гэдэг үг моодонд орсон. Моодонд орсон ч гэж дээ ерөнхий сайд нь нэг өрхөд 2 ширхэг амны хаалт тараана гэж шуугиад. Энэ талаар нэг бичсэн дээ.

Түүндээ цаглашгүй их төсөв тогтоогоод, бөөн шуугиан болов. Тарааж эхлэв. Тэгсэн шаардлага хангахгүй байна, хог явж байна, үс явж байна гэж шүүмжлүүлээд. Түүнийгээ эрүүл мэндийн байгууллагаар нэг бүрчлэн шалгуулж, шаардлага хангаснаас нь эхлээд тарааж эхлэв.

Ингэж дахин шалгуулахад бас л цаглашгүй их мөнгө зарав. Сонин хэвлэлээр их шуугив. Баахан донгодуулав.

Тараахдаа бас учиртай. Ахмадуудад, жирэмсэн хүмүүст гэсэн дараалалтай. 4 сард дунд зулзагын сургуульд амны хаалт тараасан. Өнөөх гайхал "Абэно масүкү" гэнэ. Зулзага түүнийгээ үдийн хоол идэхдээ хэрэглэдэг амны хаалтандаа ашиглана гэсэн. Энгийн үед аавынхаа оёж өгсөн гоё гоё хээтэйгээ зүүж байгаа.

Анх 5 ам бүлтэй хүнд хоёрхон амны хаалт тараахаар бусад нь яах болж байна гэж бодож байсан чинь сурагчдад ингэж тусад нь тараасан. Үүнийгээ товч бөгөөд  тодорхой хэлчихгүй. Элдвээрээ хэлүүлээд. Хэ хэ.

Хэсэг хугацааны дараа том зулзагын сургуульд тараагдсан.

Гэснээс манайд ирэх ёстой 2 ширхэг нь одоог хүртэл ирээгүй. Ха ха. Гадуур бага багаар амны хаалт зарагдаж эхэлсэн. Суугуул мужийн захиргаанаас арван ширхэг амны хаалтыг 500 иенээр худалдаж авах эрхийн бичиг шуудангаар ирсэн. Хоёр удаа ашиглах боломжтой. Гэхдээ бид түүнийг ашиглахгүй гэж бодож байгаа. Үнэтэй санагдаад.

Хань ижлийн оёсон нэлээд хэд, бас дээр таньдаг хүн өгсөн 10 ширхэгтэй, мөн дотроо 7 ширхэгтэй амны хаалт 2 хайрцаг бий. Айхтар чинь овоо жоортой байна уу? Хи хи.

Гадуур зарагдаж эхэлсэн амны хаалт 50 ширхэгтэй нэг хайрцаг нь 3000 иен хавьцаа. Үүндээ НӨТ-аа нэмнэ. Тэгэхээр 3000 гараад талийж өгнө. Урд нь 60 ширхэгтэйг 600 иен орчмоор л авдаг байсан болохоор. Уур хүрээд. Хэ хэ. Үнэ нь шалдаа буутал худалдаж авахгүй юм шүү гэж бодоод эгдүүцээд л явж байна. Овоо зөрүүд гар байна уу? бас л

Ашгүй ажлын газар амны хаалт тарааж өгсөн. Овоо олдсон юм шиг байгаа юм. Урд нь тарааж өгмөөр байвч олдоогүй. Нэг зүйл мэдэж авсан нь олон ширхэгтэйгээрээ зарагддаг амны хаалт тоондоо хүрэхгүй байх, нэг бол илүү байх тохиолдол байдаг юм байна гэж...

Яаж мэдсэн гэхээр. Ажлын газрынхан нэг ажилтандаа өгөхөөр нэг хайрцгийг онгойлгоод, жижиглэн уутлав. Тэгсэн дутаад. Ажлын маань өөр нэг салбарын тоолсонд тоо нь бүр 11 ширхэгээр илүү байсан. Бас нэг салбарын ажилтны тоолсноос нэг хайрцаг бүр 15 ширхэгээр дутуу байсан гэж.

Хятадад үйлдвэрлэсэн амны хаалт. Бас л өнөөх хятад хүмүүсийн хариуцлагагүй энэ тэрийг хоорондоо жиг жуг ярилцав. Манайд чинь хоёр ч хятад ажилладаг. Эх орных нь иймэрхүү хариуцлагагүй зүйл гарахаар хэцүү тийм ээ? Би ч бас иймэрхүү байдалд орно оо. За яахав ээ, удахгүй та нараас ч мундаг болно оо л гэдэг. Ха ха.

Монголчууд минь аливаа зүйлийг хийхдээ маш хариуцлагатай багаарай. Эх орны чинь нэр гардаг юм шүү...

Хойшид олон ширхэгтэй зүйл худалдаж авахдаа тоолж байдаг юм билүү гэж ч бодох шиг. Гэхдээ яг хажууд нь тоолж авахгүй бол бас л итгэхэд бэрх. Сүүлийн үед худлаа заргач хүмүүс ихэссэн тул.

За бүгдэд нь амжилт. Наадам энэ тэр цаашаа шүү. Төсөв мөнгө ч хэмнэгдэнэ. Нэг жил наадамлах тэр их мөнгөөрөө хүүхдүүд очоод тоглочихдог аятайхан, хөөрхөн, хамгийн гол нь аюулгүй нэг тийм ногоон цэцэрлэг бүхий талбай байгуулбал тийм ээ? Нэг тунгааж бодож үзээрэй...

2020年5月30日土曜日

Маш том ажил 2

Маш том ажил минь шувтрах шатандаа. Сэргэр хөх минь жижгэрээд л. Түүнийгээ харж сэтгэлээр жаахан унаад л. Хэ хэ.

Бага зулзага минь яасан? Үе үе харц энгэр цээж рүү минь яваастай. Тэврэхээр булцгар хөөрхөн гар нь ч мөөмөө тэмтрээстэй.

Шингэн зүйл сайн уулгаж байна даа.

Мээмнээс гаргах болсон нэгэн том алтгаан гэвэл шүд. Одоогоор 8 шүдтэй. Дээрээ дөрөв, доороо дөрөв. Тэгсэн дээд шүдний нэг нь жаахан хар толбо үүсчихсэн яваад байлаа. Мөөмнөөс гаргах өдрөө санаандгүй харсан чинь тэр хар толботой шүд нь зах хэсгээрээ жаахан эмтэрчихсэн байсан.

За энэ яг хорхой идэж эхэлж байна гэж мэдсэн. Мээмнээс нь гаргахаар эрс шийдсэн. Гэрийн ойрхон, дунд зулзага үзүүлдэг шүдний эмнэлэгт мээмнээс гаргаад гурав дахь өдрөө захиалга өгсөн. Санаа зовоод болдоггүй.

Шөнө унтаж байхдаа угжуулдаг, мөөмддөг хүүхдийн дээд шүд хорхойтохдоо маш хурдан гэж сонсож байсан тул шөнө чихэрлэг сүү өгөөд байгаадаа өөрийгөө буруутгаад л байсан юм.

Ер нь л санаа зовсон минь ч оносон. Эмч үзээд одоогоор эмчлэх шаардлагагүй. Эм түрхэнэ. 6 сард дахин нэг ирээрэй, дахин түрхээд байдлыг ажиглана гэсэн. Мөн шүдийг нь сайн угааж өгөхөөс өөр арга хэмжээ байхгүй шүү, хичээгээрэй гэсэн.

Жаахан болохоор уйлаан майлаан болсоон. Ээж чанга байвал бусад нь дагаад чангарна гэдэг үзэлтэй хүн болохоор тоогоогүй. Эрүүл болохын төлөөх уйлалт юм чинь тэ?

Шинээр хоёр төрлийн сойз авсан. Нэг нь бага зулзага өөрөө шүдээ угаах, нөгөөх нь ээж аав нь нэмэлт угаалга хийх сойз. Энэ нэмэлт угаалга хийх сойзны иш нь нэлээд урт байдаг.

Орой нь шүдийг нь уйлуулан байж угааж өгсөн. Дээш нь харуулж хэвтүүлж байгаад, урт иштэй богино үстэй сойзоороо угаасан. Яг тэр хорхойтсон шүд нь ядаж байхад их жаахан, богинохон гэх юм уу даа. Хэсэг хугацааны дараа цус гараад, тэгэхээр нь л болилоо.

Гэснээс эндхийн эрүүл мэндийн байгууллагын салбар ажилтнуудын урьдчилан сэргийлэх ажлаа сайн хийдгийн үр дүнд том, дунд зулзага шүд их сайтай. Том зулзага бол сүр бага сургуульд орохын өмнхөн л ганц хоёр удаа шүдний эмнэлэгт очиж байсан. Түүнээс хойш дахин яваагүй. Сургууль дээрх үзлэгээр "нэг ч шүд хорхойгүй байна. Ямар хөөрхөн шүдтэй юм бэ?" гэж эмч хэлсэн гэсээр л ирдэг юм.

Дунд зулзага хоёр жилийн өмнө билүү дээ нэг шүд янзлуулаад авсан. Сүүлдээ ээж үглэсэн. Эрүүл саруул төрүүлээд, шүдээ угаа гэж үглээд, оо сойзоор нь хангаад байхад өөрсдийн залхуугаас болоод шүдээ хорхойд идүүлбэл би дахин дагуулж эмнэлэг явахгүй шүү бла бла. Хэ хэ.

За нэг иймэрхүү. Бага зулзагын шүдийг сайтар харж хандаж байхгүй бол ч. Аавд даатгана даа. Хэ хэ.

Байсхийгээд л шүд гэсэн бичлэг оруулдаг тийм ээ? СБА шүү... Бүгдэд нь амжилт...

2020年5月29日金曜日

Татварын тав дугаар сар

Японд 5 сард баахан татвар төлдөг сар. Машин, үл хөдлөх, хотын ойршин суугчийн татвар гэх мэт.

Манайх бас баахан татвар төлнө. Муусайн феодал юм болохоор. Хэ хэ. Жаахан хөрөнгөтэй улсыг муусайн феодал гэдэг үг нэг хэсэг моодонд орлуу? яалаа?

Энд автомашины хөдөлгүүрийн хоёр төрөл байна. Дугаарынх нь пайзны арын өнгө нь шар цагаан гэж. Шар өнгөтэй нь хөдөлгүүрийн хэмжээ бага. Бинзен бага иднэ гэсэн үг. Энэ нь татварт бас нөлөөлнө. Бага татвартай.

Цагаан өнгөтэй нь хөдөлгүүрийн багтаамж өндөртэй. Татвар ч өндөр, бинзен ч их иднэ.

За яг хэдэн сс-н багтаамжтай энэ тэрийг ёстой хэлж мэдэхгүй юм байна. Ямар сайндаа байнга шоолуулдаг нөхөртөө. Жолооны үнэмлэх яг яаж авсан хүн бэ гээд л гайхаад байдаг. Хи хи. Монгол жолооны үнэмлэх байхгүй, энд сурч авсан. Мэдэхгүй өөрөө ч гайхаад л байдаг юм. Ккк.

Японы хөдөөний айлууд ихэнх нь хоёр машинтай. Дээрх хоёр төрлийн нэг нэг машин. Ойр зуураа жижиг хөдөлгүүртэй машинаа, хол аялалаар явах гэх мэт үедээ том машинаа унана гэх мэт.

Манайх бас тийм. Хань ижил томыгоо, би жижгийгээ. Тэгээд л би чинь машин техник сайн мэдэхгүй болохоор энэ төрлийн зүйлээ бүгдийг нь хань ижилдээ даатгана. Энэ машин гэдэг гайхал чинь бас их зардалтай юм билээ шүү дээ. Эрэгтэй хүмүүс чинь харин машинаа ухаж төнхөөд л, арчиж зүлгэхдээ хачин дуртай тийм ээ? Гайхлыг минь төрүүлдэг зүйлийн нэг. Хэ хэ.

Бас тэр цулуулдаг зүйлс нь үнэн сонин. Мэддэггүй хүн харахад цахилгааны утас шиг тасархй утас, хаалганы ямар юмны ч билээ товч? гээд ёстой л эрээн цоохор л юм цуглуулаад байдаг юм. Тэрнийгээ монгол руу хааяа явуулна, тэндэх хүмүүст асар хэрэгтэй зүйлс байдаг гэсэн. 

За за татвар ярьж явснаа машины сэлбэг болоод явчихлаа. Машины татвараа шөнийн дэлгүүр гэж нэрлэж заншсан конбинид тушаачихаж болдог нь амар. Заавал хотын захиргаа, банк энэ тэр гэхгүй. Маш их ажлыг хөнгөвчилдөг шүү, энэ нь.

Харин үл хөдлөхийн татварыг банкинд тушаадаг. Мөнгөн дүн нь ч их тул, улиралаар нь хувааж төлж болдог гэсэн. Гэх мэтээр иргэдээ бодсон, тэдэнд чиглэсэн үйлчилгээ нь сайтай нь авууштай.

Төрийн албан хаагчид ч энэ  тухай их сайн санал асуулга энэ тэр явуулж байж шийддэг. Иргэдээс ирсэн санал асуулгаар дутагдалтай гэж гарсан зүйлсээ ирэх жилдээ заавал тусгаад, сайжруулаад явдаг юм билээ.

Ямартай ч тушаачихлаа. Ирэх сар хүртэл юугаа идэж хуйхаа маажих вэ гээд л сууж байна. Цалин буутал даанч хол байна даа гэж...

Бүгдэд нь амжилт. Өглөө босоод л хар бараан мэдээ. 4 хөөрхөн үрс, ирээдүй минь салхинд хийсчихлээ шүү дээ. Төрийн томчууд аа, дарга нар аа...

2020年5月28日木曜日

Дайны талбар дахь сувилагч 2

Сувилагчийн мэргэжлийг та бүхэн юу гэж боддог вэ? Би хувьдаа хүндэтгэдэг. Хамаг л хэцүү, хүндийг тэд хийдэг. Японд ч тэдний ажлыг үнэлдэг, хүндэтгэдэг гэж боддог. Мэдээж би өөрийн очиж үзсэн газруудаараа л жишээ авч буй тул, 100 хувь баталгаатай гэж хэлж чадахгүй...

Харин монголд арай өөр тийм ээ? "Өө нэг муу сувилагч" гэж хандах хандлага их өндөр шиг санагддаг. Эмч л бол мундаг бла бла, сувилагч ч дээ гэх хандлага ажиглагдаад байдаг.

Гэснээс японд олон жил ажиллачихсан сувилагч нар бол эмчээ загнаад загнаад явчихдаг юм билээ. Эмч нар ч тэд нарынхаа үгийг их сайн сонсдог эмнэлэг байдаг юм билээ.

Мэдээж өндөр ур чадвар шаардана, тэд нараас, тэд нар ч орчноо нэлээд сонгож ажилд орно.

Хүүхдүүдийг ч бүр багаас нь энэ тухай ойлголттой болоход ном их нөлөөлнө. Флоренс Найтингейлийн тухай ном ч их байна. Түүгээр сувилагч хүн гэж ямар их хэрэгцээтэй, энэрэнгүй, бусдын төлөө хүн бэ? гээд л магтан дуулсан? байдаг тул охид ялангуяа их автана. Тэгээд л ирээдүйд сувилагч болно гэж шийдэх нь олонтаа.

Охид минь ч иймэрхүү номыг зөндөө л зээлж уншиж байсан. Ээж түүгээр нь дамжуулж мэдлэгийнхээ санг арвижуулна. Хэ хэ. Түүнээс би энд ирэхдээ мэддэггүй л байсан, үнэнийг хэлэхэд.

Сонирхуулж хэлэхэд 5 сарын 12-нд Олон улсын сувилагчдын өдөр гэж тэмдэглэдэг. Энэ өдөр нь Флоренс Найтингейлийн төрсөн өдөр бөлгөө.

За оршил их урт болчихлоо. Номын зохиогч Ширакава Юүко нийт 8 жилийн хугацаанд 17 удаагийн томилолтоор Сири, Ирак, Йемен, Өмнөд Сүдан, Палестин Газын зурвас зэрэг улсад очсон. Хаана л дайн, үймээн болж байна, тэдгээр газарт томилогдоно.

Ингэж томилогдох тоолонд ээж аав нь маш их санаа зовно, тэр мэдээж. Явал болсноо хэлэх гэж нэлээд халшрана. Мэдээж тэ? Хэн л охиноо дайн дажин луу илгээхийг хүсэв гэж?

MSF-хэн аль болох эрсдэл багатай гэсэн газар штабаа байгуулна. Энэ бидний зурагтаар үе үе хардаг цагаан даавуун дээвэртэй майхан? байх нь ч бий. Айлын хашаа, айлын гэрт байрлах нь ч бий. Азтай тохиолдолд эмнэлгийн барилгад үйл ажиллагаа нь төвлөрөх нь ч бий.

Агаараас онгоц нисэж ирээд л бөмбөгдөнө, газарт мийнь булна. Буу үүрсэн элдэв бүлгийнхэн. Энэ бүхнээс зугтаж, өөрийн болон хайртай хүмүүсийнхээ амь насыг аврах гэж шөнө дөлөөр зугтана. Ингэх явцдаа дээр хэлсэн зүйлд өртөн, амь насаа алдана, аль нэг эрхтнээ алдана, хайртай хүмүүсээ алдана.

Одоо чинь хэддүгээр зуун билээ? гэж бодох үе ч байлаа.

Бид мэдээгээр тэдэн хүн нас барлаа, буудуулав, алуулав гэж сонссоор байгаад бараг дөжирчихсөн байдаг юм байна. Тэдгээр хүмүүс тус бүр өөрийн гэсэн нэртэй устай, өөрийн гэсэн гэр бүлтэй, өөрийн гэсэн түүхтэй, өөрийн гэсэн итгэл үнэмжшилтэй, өөрийн гэсэн мөрөөдөлтэй.

Нэг бүрийнх нь яаж яваад өрөөсөн гар хөлөө алдчихав? яаж яваад хоёр хөлөө тайруулахдаа хүрчихэв?, яаж яваад гэр бүлийнхнийгээ бүгдийг нэг өдөр буудуулчихав гэдгийг уншаад, үнэхээрийн аймшигтай санагдсан.

Хамгийн их өртдөг нь өнөөх л охид эмэгтэйчүүд, ямар ч гэм буруугүй хүүхдүүд. Тэд өдрийн цагаар гадаа тоглодоггүй. Хүүхэд болсон хойно гүйж харайх гэнэ. Орой үдшийн цагаар нар жаргахаар гарч тоглоно. Энэ бас л эрсдэлтэй. Мэдэхгүй минь өшиглөж тоглоод нэг дор найман хөвгүүн өртөөд, гар хөлөө тайруулна.

Сонсоход, уншихад аймар байна уу? Итгэмээргүй байна уу? Шуналтай, боловсролгүй, хэрцгий цөөн тооны томчуудаас болж хүүхдүүд, бүр цаашлаад улс үндэстнээрээ хохироод, сүйрээд дуусах юм...

Өөрийн эрхгүй хүн зон, таван хошуу мал нь найлаагаад амар амгалангийн туйл болсон Монгол оронд хүн болж төрсөндөө баярлана, талархана.

Гол нь бид хэт их нутаг ус, жалга дов бололгүй, нэг л монгол улс гэдгээ ухамсарлаж, хүүхдүүдээ элдэв дайн байлдаантай, харгис хэрцгий кино ший, тоглоомоос холхон  өр зөөлөн хүн болгож өсгөн хүмүүжүүлэх хэрэгтэй юм болов уу? гэж бодон бодон уншиж дуусгалаа.

Зохиогч энэ номоороо нэг ч гэсэн хүн дайн гэдэг чинь хүсэх зүйл биш байна, дайн хийснээр ямар ч ашиг байхгүй, асар их хохирол амсана гэдгийг ойлгоосой гэж хүссэн нь лавтай... Зүрх шимширмээр кэйс буюу жишээ? бичих гэснээ болилоо. Хөл гараа тайруулсан, буудуулсан гэхээр ер нь ойлгомжтой, ямар хэцүү зүйл болохыг ургуулан төсөөлөөрэй.

Бүгдэд нь амжилт. Эх оронд минь сонгууль зөв, сахилга баттай болж өндөрлөөсэй гэж залбирнам...

2020年5月27日水曜日

Маш том ажил

Энэ долоо хоногт төлөвлөсөн маш том ажлаа танилцуулах уу?

Жаахан маамаагаа мөөмнөөс гаргах. Монгол дахь эмээгийн зөвлөснөөр билгийн тооллын шинийн 3. Балжиннямтай өдөр. Хэ хэ.

Өглөө нь хэвийн мөөмөө өгсөн. Өдөр нь албандаа явах тул нэхээд байхгүй. Гол нь орой. Тарж ирээд наалдан пад болчихдог хоёр хэцүү л байлаа. Хөөрхий минь мээмээ гэж нэхээд.

-Мээмээ баяртай, мээмээ байхгүй.

Аймаар сонин харснаа өмөлзөж уйлсан. Хэсэг чимээгүй байснаа дахиад л гар нь мээм рүүгээ. Тэр тоолонд л мээмээ баяртай, мээмээ болохгүй гэж хэлээд л уйлууллаа. Өрөвдмөөр юм аа. Ноён нуруу хугарах гээд л...

Олон жилийн өмнө том зулзагаа мээмнээс гаргах гэж бас л бөөн уйлаан майлаан болж билээ. Өвөө нь ч өнөөг хүртэл ярьдаг. Энэ удаад бас мессеж бичиж байсан, нүдэнд харагдаад, өрөвдөөд байдаг юм гэж бичсэн байсан. Том зулзагат минь амь шүү дээ өвөө.

Өдөр бүр шахуу зээ нартайгаа ярьдаг хоёр байдаггүй ээ. Орой нь яаж байгаа бол гэж бодоод, өрөвдөөд, ярихаасаа халшраад байна гэж мессеждээ бичсэн байсан. Ккк. Хаа хол монголд бас хүмүүсийн ноён нуруу хугарах гээд байна шүү.

Орой боллоо. Аав нь унтуулна гээд л аваад явсан. Нэг их уйлалгүй унтлаа. Тэгсэн хэсэг хугацааны дараа уйллаа. Мөөмөө хайж байгаа нь ойлгомжтой. Би чинь ааа гэнгүүт нь хөхүүлчихдэг байсан болохоор муу зан сурчихсан. Үлгээд л унтдаг юм. Энэ муу зангийн гор нь одоо гарч байна.

Мэдээд байсан хэрнээ л ид нойрон дунд уйлахаар нь өөрийн мэдэлгүй л мээмээ өгчихдөг байлаа. За тэгээд хичээж буй ээж хүнд зөв гаргалгаа ер нь ховор шиг санагддаг. Тухайн үеийн нөхцөл байдалдаа тааруулаад л арга хэмжээ аваад явах нь элбэг тийм ээ?

Санасныг бодоход эхний шөнөө гайгүй давсан. Мэдээж үе үе сэрж уйлсан л даа. Маргааш өглөө нь сэрэхэд ээж нь дэргэд нь хэвтэхийг хараад илт нүд нь сэргээд л ирсэн.
-Мээмээ
-Мээмээ баяртай, мээмээ болохгүй.

Нүүрээ дараад өмөлзөж уйлсан. Ээждээ гомдож ирээд л уйлж байна. Өдөр нь албандаа явчихаж байгаа болохоор бас ч гэж гайгүй. Хоёр дахь оройгоо бас л аятайхан давлаа. Хоёр удаа байна уу даа сэрсэн. Эхний удаагийнхыг нь мэдсэн. Хоёр гурав дахийг нь мэдээгүй, нам унтсан байна лээ. Бүтэн нойртой хоносон? гэсэн үг. Хи хи.

Гэснээс би нь одоогоор маш гоё сэргэр хөхтэй хүн л гүйж байна. Ха ха. Үе үе саана аа, тэхгүй бол чинэрээд хэцүү хэцүү... Сүү татраад ирэхээр шалчийлсан юм болно л доо. Гэхдээ л огт мөөмгүй хүнээс дээр шүү. Ккк.

За долоо хоногийн дараа дахин мөөмний тухай бичнэ ээ. Хэ хэ. Тэр болтол түр баяртай...

2020年5月26日火曜日

Дайны талбар дахь сувилагч

Нэг ийм ном уншив. Унших тусам дайн дажингүй оронд төрсөндөө үнэнхүү талархана.

Номын зохиолч япон хүүхэн 7 настайдаа "Хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг(MSF-Médecins Sans Frontières)" гэдэг үгтэй тааралдана. Тэр үг түүний бяцхан тархинд кодлогдоод үлдсэн байдаг.

Ахлах сургуульдаа ирээдүйд ямар ажил хийх, ямар мэргэжилтэй болох тухайгаа шийдэхдээ ангийнхаа хүүхдийн хэлсэн "би сувилагч болно" гэдгийг сонсоод өөрийн яг юу хүсээд яваад байсныгаа олж мэднэ.

За тэгээд эх орондоо сувилагчийн сургуульд суралцана. Улсын шалгалт өгч сувилагчийн эрхийн үнэмлэхээ гардан аваад, доторхой хугацаанд мэргэжлээрээ ажиллана.

Дээрх нийгэмлэгийн Токио дахь салбарт нь очоод, хэл сурах ёстойгоо мэднэ. Австрали улсад очиж суралцана. Төгсөөд тэндээ хэсэг ажиллана. Овоо хэдэн жилийн дараагаар эх орондоо буцаж  ирнэ. MSF-д бүртгүүлнэ. Анхны томилолт ирнэ.

Эхний хэдэн хуудас хөнгөн уншигдсан. Хойшоо унших тусам зүрх шимширнэ. Зарим хэсэгт нулимс цийлэгнэнэ. Зулзагууд минь нүдэнд харагдана, ижий аав минь, садан төрөл, эх орон минь нүдний өмнүүр жирэлзээд өнгөрнө.

Дайны хохирол амсаж буй хүний оронд өөрийгөө тавьж нэг үзнэ, дотны хүмүүсээ нэг тавьж үзнэ. Ер нь л аймаар. Сэтгэлийн хөөрөл ихтэй хүн бол уншилтгүй.

Монгол эх орон минь, таван хошуу мал минь налайгаад , хүн зонгүй амгалан тайван дүр зураг үүрд мөнх хадгалагдан үлдээсэй гэж хүснэ, залбирна.

Гол дүр маань ямар ямар оронд томилогдон ажиллаж, ямар ямар хүнд тохиолдлыг үзэж харсан тухай дараагийн бичлэгт өгүүлнэ ээ.

Маргааш болтол түр баяртай. Сонгуулиа өгч, зөв хүнээ сонгож, ирээдүйгээ гэрэлтүүлцгээе. Бүгдэд нь амжилт...

Жич: MSF гэдэг үгийг хараахан сонсож амжаагүй хүн, дүү нар байвал хайгаад үзээрэй. Цахим орчинд мэдээлэл бол хангалттай бий шүү. Мөн боломжтой бол хандив өгсөн ч болдог...

2020年5月25日月曜日

Цуцлагдаад...

Коронагаас болоод япон улс даяар зохиогддог олон тэмцээн уралдаан, урлаг соёлын үйл ажиллагаа эхнээсээ цуцлагдах нь цуцлагдаад, хойшлогдох нь хойшлогдов оо.

Хамгийн их анхаарлын төвд, сонин хэвлэлээр шуугиад байгаа нь ахлах сургуулийн хоорондын тамирын болон урлагийн тэмцээн уралдаан.

Анхаарал татаад байгаагийн гол шалтгаан нь тухайн спортоороо, тухайн хөгжмийн зэмсгээрээ дагнаад ирээдүйд тамирчин болно, хөгжимчин болно гэсэн хүүхдүүдийн ирээдүй. Тухайн тэмцээн уралдаанд хэрхэн амжилт үзүүлснээс нь шалтгаалаад мэргэжлийн багууд нь шууд өөрийн багтаа элсүүлэх, их дээд сургуулиуд өөрийн сургуульдаа шалгалтгүй? элсэх урилга өгөх гээд л их шийдвэрлэх тэмцээнүүд болдог болохоор тэр.

Тэр тухай сонин гарчиглаж суухдаа энд ирсэн монгол хүүхдүүдийнхээ тухай л болож суув. Суугуул хотын нэгэн хувийн ахлах сургуульд сүүлийн хэдэн жил сүмогоос гадна нэлээд хэдэн монгол хүүхдүүд ирж суралцаж төгсөөд японд үлдэх нь үлдээд, монгол явах нь яваад, бүгд л сайн сайхан явдаг.

Мэдээж сэтгэл санааны болон бие бялдрын олон бэрхшээл, давааг туулж байж шүү дээ...

Энэ жил төгсөх ангийн хоёр ч хүүхэд бий. Нэг нь хөл бөмбөг, нэг нь сүмо. Яг яахыг хэлж мэдэхгүй л байна. Их сургуульд элсэн орох? Нэг бол мэргэжилд орох? Гол нь дасгалжуулагч нарын хараанд өртдөг ганц алтан боломж нь үгүй болчихлоо. Сэтгэлээр унасан хүүхдүүд л байх шиг.

Ядаж байхад ганц монгол багш нь үнэн дүфф гар бий. Ха ха. Яавч эрүүл биш, ёс суртахууны гоо сайхан гэж үгүй санагддаг. Үнэн шуналтай, пялдага гар бий. Монгол сурагчдыг үнэн дарамталж чаддаг. Энэ тухай бичих гэхээр хүн муулсан, сайн сайхан яваа нэгнээ ад үзсэн болчих тул ингэсгээд л дуусгая. Хэ хэ. Нарийн ширийнийг нь мэддэггүй хөндлөнгийн хүмүүст бол үнэн сайн багш. Ха ха.

Ямартай ч монгол хүүхдүүдэд хүний газар хань болж, ах эгчийн журмаар тав арван үг хэлж л сууя даа. Үлдээхийг нь үлдээгээд, хаяхыг нь хаях нь тэдний эрх. Нээрээ маш хүмүүжил сайтай хүүхдүүд ирдэг. Хөөрхөн ахаа эгчээ, тэгэх үү? ингэх үү? гээд л.

Хааяахан олддог уулзах боломжоороо хоорондоо их найрсаг харилцана бид чинь. Сургуулийнхаа талаар, япон хүмүүсийн талаар, эх орныхоо талаар, монгол дахь дурсамжийнхаа талаар, ганц нэг хүний талаар гээд л муулна, сайлна, бахархана, голно гэх мэтээр сайхан яриа өрнүүлнэ.

Ингэж тэдэнтэй ярилцахад тэд маш их дуртай. Төгсөөд явсан хүүхдүүд, одоо бол мундаг том залуучууд болсон л доо. "Танайд очоод яриад суухаар их сайхан, сэтгэл сайхан онгойдог байж билээ. Та хоёр бол шаал өөр хүмүүс, одоо цагт ховрын хүмүүс шүү дээ." гэж хэлдэг юм. За за өөрийгөө баахан магтчихлаа. Энэ хэсгийг уншилгүй алгасчихна биз дээ? Ккк.

Эх орноосоо, ээж аав элгэн саднаасаа хол тэдгээр монгол хүүхдүүдийнхээ ирээдүйд сайн сайхныг хүсье өө. Цаашид зөндөө л уралдаан тэмцээнд оролцох юм чинь энэ удаагийн давааг зоригтойгоор, итгэлтэйгээр туулаарай...

Та нарт бас амжилт шүү. Дор бүрнээ хичээе ээ...

2020年5月24日日曜日

Гарын дорх

Гарын дорх зүйлсээ ашиглаж тоглох, ямар нэгэн зүйл хийж сурах хэрэгтэй гэж боддог минь энэ коронагийн үеэр улам баталгаажлаа.

Жишээ нь оёод сурчихсан байх. Монгол ухаанаар бол хөх зүү хөндлөн бариад сурчих. Гэхдээ би хөх зүү хөндлөн барьж сураагүй нэгэн. Азаар юм юм сурчихсан хүнийг хань ижлээ болгоод хажуудаа уячихсан. Хэ хэ.

Багад сурсан эрдэм биед шингэж үлдэж хоцрохдоо сайн байдаг шиг. Сурсан эрдмийг чинь би аваад үхчихгүй гэж үглэдэг ч бас толгой руу ёнк гээд л орох үе байдаг тийм ээ?

Бичих гэсэн санаанаасаа далийгаад байна аа. Гарын дорх материалаа ашиглаж тоглож сурах гэдэг бас л ухаан билээ. Би нэг их тоглоом аваад сүйд болж байгаагүй зулзагууддаа. Тэртэй тэргүй цэцэрлэгт яваад, олон төрлийн тоглоомоор тоглож байна. Мөн эдний цэцэрлэг гарын дорх зүйлс ашиглаж хөөрхөн хөөрхөн тоглоом хийлгэж тоглуулдаг.

Тэр арга ухаанаас нь суралцаад л, өөрөө хийхгүй ч амаараа бусдыг хөдөлгөөд л явж байна. Хэ хэ.
00-н цаасны гол. Дунд зулзага дүүдээ зурж хийж өгсөн. Будаж барьчихвал бүр л ургаад өгөхөөр байгаа биз? Зурдаг хүмүүст бас атаархаад байдаг юм. Юу л бол юу хийж болж байна аа. Одоогоор гэхдээ зулзагууд тийм цаг заваар хомс. Хичээл хичээл, ном ном гээд.

Гэснээс сургуулийн дугуйлан секцүүд эхэлж л байна, эхнээсээ. Сагсны дугуйлан эхэлсэн. Би бөөн баяр. Тэгэхгүй бол үнэхээр хөдөлгөөний дутагдалд ордог юм байна. Болдогсон бол ээж оронд нь заал тойрч гүйгээд, бөмбөг залаад гүймээр л байна. Үнэгүй -2 км болно биз дээ?
Халуун өдөр ингэж усаар тоглов. Хүүхдүүд усаар тоглох дуртай байдаг даа. Багахан зулзага минь ч адил. Одоогоор шүхрээ даадаггүй ээ. Хэ хэ. Яагаад шүхэрний зураг оруулж байна? гэхээр дунд зулзагатаа шүхэр худалдаж авсан паянг минь санаж байна уу?

Гэснээс бид эгээ нарын ягаан өнгө орсон зүйлсийг бага багаар монгол явуулах гээд баглаж байгаа. Цаг сайхан болохоор монгол явуулна даа. Хөдөөний хамаатан садны минь хүүхдүүд баярлаад авдаг гэсэн. Ойрхон бол зөндөө л зүйл өгөөд явуулчихмаар байдаг юм. Гэрийн минь хогшил үнэн их байна аа? Цөөлөх гэхээр бас яаж цөөлөхөө сайн мэдэхгүй  байна. Аминдаа өөрийгөө их хэмнэлттэй гэж боддог ч...

За ингээд зун болчихлоо шүү. Далай явж чадахгүй байх гээд хийлдэг бассейн худалдаад авчихсан. Ха ха. Дараа зураг хөрөг орууламз.

Маргааш болтол баяртай. Амны хаалтаа сайн зүүгээд, амьтан хүн ихтэй газраас дөлсгээд явцгаагаарай таминь ээ... Амжилт.

2020年5月23日土曜日

Бага зулзага ба ном

Бага зулзага минь хүн юм гэсэндээ ном цуглуулаад эхэлсээн. Монгол хүн байна даа, номыг уншаад уншаад, бүр идээд явчихна шүү гэсэн хүн байна.

Цэцэрлэгээсээ ном захиалж худалдаж авдаг. Сар бүр нэг ном ирдэг. Эгч нарынхаа захиалсан номтой давхцаж ирэх тохиолд бол байж магад гэж бодсон ч тэссэнгүй захиалчихсан.

Эгч нарынх нь ихэнх номыг монгол ачуулчихсан. Нэг нартай өдөр монгол явахаараа хамаатныхаа жаахан маамаа нарт нэг нэгээр нь тарааж өгнө гэж бодож байгаа. Юмыг яаж мэдэхэв ирээдүйд япон хэл сурах ч юм билүү? тэд минь.
4,5,6 сарын ном. Нэг номын үнэ 420 иен. 0-2 настанд зориулсан, үсэг багатай, өрнөл багатай. Би ийм номонд учиргүй дуртай. Хамаатныхаа залуухан ээжүүдэд бас зөвлөдөг. Учиргүй номонд дуртай, уншдаг хүүхэд болгох гэж наснаас нь хэтэрсэн ном авч өгөөд хэрэггүй ээ. Өрнөл маш бага, үсэг өгүүлбэрийн тоо бага, эрээн мяраан зураг багатай ном сонгоорой гэж номонд дуртай охид өсгөсөн туршлагаасаа хэлж зөвлөдөг.
Дуунд дуртай болов оо би гэдэг шиг л гэрт минь хөглөрдөг дуут ном. Гэрт минь хамгийн дуунд муу, сонсгол муу хүн нь би. Бусад гишүүд бүгд дуулаад байна, хөгжимдөөд байна, сонсоод байна.

Бага зулзага минь "Хажуугийн Тоторо"-д хачин дуртай. Оройд энэ олон дуут номон дээрх дууг нь байнга дарж сонсдог. Өдрийн хэд ч сонсдог юм бүү мэд. Заримдаа залхах шинжтэй ч. Хүмүүжүүлэх арга барилдаа аль болох бага дээр нь дуртай зүйлсийг нь дураар нь хийлгэх санаа байдаг тул, асар тэвчээртэй хүлээж авна шүү дээ.

Ганц монгол дуут номыгоо хажууд нь байнга байлгаж, үе үе сэмээрхэн дарчихдаг. Хэ хэ. Энэ их хөөрхөн дуу багтсан байдаг. Бага зулзагат минь найзууд бэлэглэсэн. Амь бөхтэй оршсоор л байна.

Ээжийг завилж суулгаад, өөрөө бөгсөө өгч ирээд л ээжийнхээ урд сууна. тухалж аваад номоо хэд дахин уншуулдаг, багахан минь. Өхөөрдөм, хайр хүрэм. Ингээд бичээд суусан чинь барьж аваад, базаад базаад үнсчихмээр санагдаад болдоггүй ээ. Хи хи.

За нэг иймэрхүү, номон дунд амьдарч байна. Хоёр эгч нь бас тус тусдаа час хийсэн номын тавиуртай, тодорхой хэмжээний  номтой. Одоо бага зулзагатаа номын тавиур бэлдэх шаардлага гарлаа...

За маргааш болтол баяртай. Ном уншиж, эх орны минь ирээдүй номтой, гэгээтэй байгаасай. Бүгдэд нь амжилт шүү.

2020年5月22日金曜日

Далайн хишиг

Хань ижил гэр орноо тэжээх гэж үзэж тарж байна дөө. Хэ хэ.

Хангайн хишиг ч олоод ирнэ. Далайн хишгийг харамгүй хүртээж байна. Түүнийг нь би? хэрхэн хоол болгох вэ? гэж толгойгоо гашилгаастай.Ха ха.

Гашилаад сүйд болсон зүйл байхгүй ээ, сүрийг бадруулах зүгээр тийм ээ? хааяадаа ч...
Японоор ажи, англиар horse mackerel, монголоор хар амар загас гэнэ ээ. Гэснээс энэ олон загасны нэрийг тэр бүр тогтоохгүй ээ. Худалдаж авахдаа өнгө үзэмж, нэр усыг нь харж байгаад худалдаад авчихдаг. Монголоор яг хэлэх гэхээр юу билээ? гээд гацчихна.

За энэ удаагийн хишгээ сайхан гэдэс дотрыг нь цэвэрлэж байгаад шарж идсэн. Өдрийн хоол, оройн хоолондоо хүртсэн. Өдийд өөх тос ихтэй, амттай байдаг гэнэ. Загас хүртэл манай хонь шиг л өөх тостой амттай улирал гэж байна, хөөе. Мэдээжийн зүйл хэлчихсэн үү?
Энэ эртээдийн Squid- зөөлөн биетийн үлдэгдэл. Хөргөгчинд удаачих гээд болохгүй, ингээд нэг дор шараад идчихсэн. Энэ гэхдээ хадгалалт сайн даадаг гэсэн. Удаан хадгалж болдог болохоор амар.

Гэх мэтчилэн махчин хүмүүс үе үе ингэж далайн хишиг хүртэх зүгээр ээ.

Бид ингэж ярилцав. Коронаг нам дарагдсаны дараагаар ямар ямар хоолны газар орж хооллохоо ярив. Хань ижил-рамён. Том зулзага-европ хоол. Дунд зулзага-наашаа цаашаа. Би-сүши. Бага зулзага-мээмээ, хэхэ. Хөөрхий минь удахгүй мээмнээс нь гаргана...

Сүүлийн үед идсэн уусан бичлэг ихэслээ шүү. Яах уу? Бичээд байх уу? Болих уу? Гялс хариу? Ха ха.

Дараа юу идэх үү? Энд зураг хөргийг нь оруулахын тулд. Ккк. Санаа оноо байвал хэлээрэй. Шэйр шэйр гээд л Идэрээгийн хэлдгээр. Хо хо.

За түр баяртай. Амны хаалтаа зүүгээрэй. Сонгуульд нэр дэвшсэн хүмүүсээ сайн судлаарай. Зөв сонголт хийгээрэй...

2020年5月21日木曜日

Таатай мэдрэмж

Нэг зүйлд таатай мэдрэм их авна аа би чинь. Юу вэ гэвэл хэн нэгэн хүнд ямар нэгэн зүйл өгөөд, тэр минь цаад хүндээ таалагдахад сэтгэл минь баяр баяслаар дүүрдэг.

Мэдээж авахдаа ч адил л даа. Хи хи.

Өнгөрдөг жилийн 12 сараас л хань ижил, дотны найзад минь илгээмж явуулах гэж надаас илүү зүтгээд, үглээд. Сүүлдээ би "энэ чинь одоо юу болоод байна?" гэж хардах ч шиг. Ха ха.

Япон хүүхнүүдтэй бол тоож хардахгүй л дээ. Яахав мэдээж гоё охид хүүхнүүд байлгүй л яахав. Гэхдээ монгол хүүхнүүд, охид үзэсгэлэнтэй шүү үнэхээрийн. Хэ хэ.

Юу бичиж явлаа? Аан тийм. Найз минь солонгост ажилладаг. Хайртай хүмүүсээсээ хол ганцаараа хичээж байгаа найздаа жаахаан ч гэсэн сэтгэлийн дэм өгөх гэсэн миний санааг хань ижил 200 хувь дэмжээд.

Яахав, би жаран чавганцын ажилдаа түүртээд, элдэв шалтаг тоочоод хойшлуулаад байсныг минь сануулж үглэж байсан нь л тэр. Миний муу хань ижил. Би л тэрийг нь цаашлуулж, шоолоод, хошигноод байгаа нь тэр л дээ. Та нар бас буруугаар ойлгочихов доо. Ха ха.
5 жилийн өмнө байна уу даа, над дээр ирсэн юм. Тухайн үед идэж ууж байсан зүйлсээсээ дахин амсуулах санаатай. Мэдээж дан идэх зүйл хийгээгүй л дээ. Өөрийн урласан аяга угаагчнаасаа, номын хавчуурганаасаа, хань ижлийн оёсон амны хаалтнаас гээд л хийсэн. Өөр бас бус зүйл ч хийсэн.
Хамгийн гол нь энэ чавганы дарсыг хийж явуулчихаад чадвал төрсөн өдрөөр нь онлайнаар "төлөө" гээд л тогтооно гэж бодсон чинь. Алкахолын хэмжээ нь тэд байх ёстой, цаад хүлээж авах хүн нь согтууруулах ундаа тул татвар төлж авах ёстой, ер нь ийм цаг үед архи дэмий байх аа гэж шуудангийн хүн зөвлөсөн болохоор нь буцааж аваад, оронд нь өөр зүйл хийсэн.

Орой нь жаахан гонсгор амьтан өөрөө уучихсан. Хань ижилд амсуулсан.
-Миний хань өөрөө уух гээд л худалдаад авчихсан юм аа даа.
гэж хэлүүлсэн. Хэ хэ. Ойрд ийм чихэрлэг дарс уугаагүй, амттай байсан.

Цагийн сайханд, монголоос ирсэн найз нөхөд, зочид төлөөлөгчидтэй үүнийг ууж наргиж л явлаа шүү дээ. Хо хо.

Өө тийм. Шуудан маань их хурдан яваад хүрсэн. Удаж магад, учир нь онгоц цөөрсөн тул гэсэн чинь дөрөв шахуу хоногт хүрчихэж. Төрсөн өдрөөс нь өмнө. Ихэд баярлав.

Хайртай хүмүүстээ тун удахгүй очно, зорьсон зорилго нь 200 хувь даваад л биелчихнэ гэдэгт итгэл төгс шүү найз нь. Тэврэлдээд уулзах өдрийг тэсэн ядан хүлээнэ ээ...

ТӨРСӨН ӨДРИЙН ХАЛУУН БАЯРЫГ ХҮРГЭЕ ЭЭ. ХАМТДАА ТЭМДЭГЛЭХ ӨДРИЙН БАЯРТ МӨЧИЙГ СЭТГЭЛ ЗҮРХЭНДЭЭ ТЭЭГЭЭД, ҮРГЭЛЖ ИНЭЭМСЭГЛЭЖ ЯВААРАЙ НАЙЗ МИНЬ.

2020年5月20日水曜日

Мэлрэг цэцэг

Гэрийн гадаах мэлрэг цэцэг. Том зулзагын төрсөн өдрөөр зургийн дугуйлангийн багш бэлэглэсэн. Хайртай ээж минь түрүү жил буцахаасаа өмнө ингэж гадаа суулгаж өгсөн.
Бага багаар нэмэгдээд л байна. Бас их хурдан хагдардаг юм билээ. Эхнээсээ хагдраад, дараагийнх нь цэцэглээд л...
Урт мөлхөө ургах шинжтэй юм билээ. Сайн анхаарч, халамжилж, асарч чадахгүй л байна. Бүхэл бүтэн гурвын гурван хүн асарч, халамжилж, маллаж байна гэж өөрийгөө хөөргөөд. Хэ хэ. Хань ижилтэй нийлээд дөрвийн дөрвөн хүн...
Ойроос харахад ийм. Нэг тийм эмзэг цэцэг шиг байна лээ. Жаахан салхилахаар, жаахан бороо орохоор л уначихсан харагдана.

Сая бүтэн сайнд ойр хавийнх нь зэрлэгийг зулгаасан. Багыгаа салхилуулах санаатай гараад. Хоёр бага зулзага усаар тоглож, ээж зэрлэг зулгааж, аав уул руугаа хавх энэ тэрээ эргэж, том зулзага хувцас хунараа угааж, тээж байхад дарсан зураг нэг иймэрхүү.

Суугуул нутагт дахин нэмэгдээгүй, гурван хүн маань бараг эдгээд гарсан байх шүү. Хөл хорио бага багаар тавигдаж л байна. Гэхдээ л амны хаалтаа зүүгээстэй. Халаад амьсгалахад хэцүү болж эхэллээ. Зуны хэрхэн давах уу? гэдэг шинэ асуудал тулгарлаа гэж...

За бүр баяртай. Бүх зүйлд нь амжилт шүү...

2020年5月19日火曜日

Хоол оо гэж

-2 кг болох гэж хэрэндээ хичээж байна өө. Оройтлоо гэхэд 7 цагаас хойш идэж уулгүй байх санаатай. Гэхдээ улаан вино, хааяа хань ижлийн шар айрагнаас ганц хоёр халбагадчихаад байна. Яанам бэ? Хэ хэ.
Соёолж гэдэг ногоог өндөг, asparagus буюу хэрээний нүд?-ийг хуураад иднэ. Амталгааг  өөрийн дуртай зүйлээрээ хийж болно. Би жаахан давс перц цацаад л тавьчихдаг.
Өргөст хэмхийг дарсан байгаа байдал. Тусдаа дардаг цуу байдаг юм. Амт дажгүй. Үндсэн хоолноосоо идэлгүй иймэрхүү л зүйлээр хоол хийх гээд. Хань ижил дуугай байхгүй ээ. Амттай зүйл хамж шимлээ, ингэхээр яаж -2 болдог юм гээд л. Хэ хэ. Улаан аягатай нь халаасан тараг. Унтахын өмнө халааж уух сайн гэж сонссон. Өтгөн хаталт энэ тэрд...
Хаш ногоо. Би дуртай. Тосонд шараад л бас дуртай зүйлээрээ амталчидаг. Ингэж дангаар нь шарахаар дунд зулзага пүү паа болоод байдаг болохоор ихэвчлэн жижиг хэрчээд махтайгаа цуг хуурчихдаг. Тэгэхээр иднэ, цаадуул чинь. Хэ хэ.

Гэх мэтчилэн ногоо цагаа голцуу идээд байгаа хэрнээ л үр дүн муутай...

Хичээнэ ээ, гэнэт огцом  биш бага багаар эрүүлээр хасах нь чухал тийм ээ?

Гэснээс баба вирус эх оронд минь зуу хол гараад явчихсан. Сэтгэл санаа жаахан онцгүй байгаа шүү, таминь ээ. Анхаарлаа сулруулж болохгүй шүү. Ядаж байхад яр гэдэг шиг, ядаж байхад энэ сонгууль бас хүмүүний сэтгэл санааг мангартуулаад байх юм тэ?

Маргааш болтол баяртай...