2024年11月8日金曜日

Жигнэмэг 2

Хүүе, жигнэмэг гээд л бичсэн дээ. Гайхал зулзага минь маргааш нь дахиад л жигнэмэг хийв. 

Өглөө нь сэрээд л харсан чинь, чаддаг зүйлгүй ээжийн нүд бүлтрэх шахав шүү дээ. 

-Хайрт ижийдээ хийсэн юм уу? 

-За болиод өгөөрөэй, гар хүрч болохгүй. Найзууддаа өгөх юм.

-Өө л дөө, найзууддаа өгөхийн тулд ээжийгээ "хошгоруулж" байгаад материал авахуулчихаж байгаа юм уу?

-...

Жуумалзаж харагдсан. Ха ха.


"Улбар шар өнгөний баяр ч таарсан тул хээ хуар нь нэг иймэрхүү. Хүнсний будаг оруулагч 2 ширхгийг авсан юм. Түүнийгээ хооронд нь хольж хутгаад улбар шар өнгө гаргасан гэнэ. 

Цагаан өнгөтэй нь цагаан сүүтэй шоколат. 
Хөөрхөн байна уу? Чихэр эгдүүтэй санагдсан. 

Яахав ээжид ганц нэг оногдсон л доо. Оногдсон ч гэж дээ, нэхэж байж авч амсав. Ха ха. 

За ингэж уутлаад найзууддаа өгөхөөр аваад явсан даа. Ганц нэг найзууд нь ирээгүй тул дараа дахин хийнэ л гэсэн. 

Уутаа худалдаж авна. Өөрийнхөө мөнгөөр. Хи хи. 

Тансаг хэрэглээнийхээ мөнгийг өөрөө гаргаарай л гэсэн. Үнэн харамч ээж байна уу? Биш ээ хэмнэлт хийдэг ээж. Хо хо. 

Ээж өөрөө аяга угаагчаа бэлэглэхдээ хүний өгсөн бэлэгний цаасан уутыг их ашиглана. Эвтэйхэн урчихалгүй, үрчийлгэлгүй хадгалж байгаад дахин ашиглана. 

Нэг ширхэг шинэ зүйл худалдаж авахад хэдэн ширхэг ч билээ дээ мод тайрсантай тэнцэхүйцээр байгаль эхээ сүйтгэж байдаг гэж уншсан тул аль болох дахин хэрэглээ чухал гэж боддог болж, гэгээрч буй бөлгөө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年11月7日木曜日

Мод

Энд би мод харахаараа их атаархана аа. Эх орноос минь 4 дахин бага газар нутагтай байж ой мод, таримал модных нь тооны олныг ээ, гэж бодно. Хэ хэ. 

Модны нууцлаг амьдрал номыг уншсанаасаа хойш бүр ч их модыг хайрладаг, өрөвддөг болсон. 

Намрын налгар өдөр машинаар зугаалах замдаа дарсан зураг. Хурдны зам хэсэг газарт засвартай гээд хаалттай байгаад бид энгийн замаар явсан. Өмнө нь явж үзээгүй замаар явахад байгаль нь ч шинэлэг, нүд баясгам.

Тэгээд энэ их модныхоо хажууханд модон гэр олон. Бороо ихтэй үед заримдаа уулын хөрс нурж орж ирнэ. Хүний алтан амь эрсдэнэ. Гэсэн ч япончууд далайдаа, ууландаа хайртай гэж юүхэв. 

Миний бодлоор цүнами болно, уулын хөрс нурж орж ирнэ гээд ойр дотных нь хүмүүсийн амь насыг тэнгэрт аваад одчихож байхад үзэн ядаад, тэндээсээ холдоод явчихгүй, тийм ээ? Хэ хэ. 
Шовх шовх мод. Юу гэдэг нэртэй мод юм бол доо. Сүги буюу хуш, нэг бол майлс, агар, царс гэж хэлээд байх шиг. Англиар cedar гэсэн. 

Тэгэхээр яг аль орчуулга нь оновчтой юм бүү мэд. Модоо мэддэг хүн бол шууд л хэлэх байх. 

Ингээд бодоод байхад би багадаа байгалиас нэлээд хол хөндий өссөн байх нь. Хотод л төрж өссөн л дөө. Хөдөөтэй, гадаатай өссөн бол гэж үе үе бодолд автана. 

Байгаль эхтэйгээ ойрхон өсцгөөе өө, түүнийгээ хайрлан, сүсэглэцгээе өө. Хог хаяхгүй байя өө, хадаг уяхгүй байцгаая өө. Өөр юу билээ? 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年11月6日水曜日

Токсик эцэг эх

Ээ бурхан минь, хаашаа харж үхнэ ээ гэж бодож л байна шүү. Ха ха. 

Ийм аймар хаяг, гарчигтай ном эхлүүлсээн. Кафкагийн "Эцэгтээ бичсэн захидал"-ыг уншсан хүн харьцангүй сэтгэл зүйн бэлтгэлтэй л эхэлж байна. 

10 сарын төлөвлөгөөт ном энэхүү "Toxic Parents эцэг эхийн хөнөөлт авир" гэдэг ном. Тэртээх 1989 онд бичигдсэн байгаа юм. 30 хэдэн жилийн өмнө. Өнөөгийн эрин үед номонд гарч буй хөнөөлүүд, хүчирхийллүүд арилах нь битгий хэл улам гаарч буй ч байж магад. 

Үнэхээрийн харамсалтай...

Ерөнхий агуулга нь багадаа нэлээд хүнд төрлийн хүчирхийлэлд өртсөж байсан хүмүүсийн тухай гарна. 

Миний хувьд харьцангүй гайгүй, зөөлөн уур амьсгалтай, халуун дулаан уур амьсгалтай гэр бүлд өсчээ.

Мэдээж ижий аав уурлах, загнах, үглэх тохиолдол гардаг байсан. Түүнээс нь болоод айхтар хүнд төрлийн сэтгэлийн шарх үлдээгүй.

Харин би өөрөө ээж болоод яасан бэ? Гэдэг л чухал. 

Учир нь бидний цөөхөн монголчууд харьцангуй ээж ааваа бурханчлан тахиж, шүтэж ирсэн. Гаргадаг эвгүй үйлдэл, занг нь үр хүүхдийнхээ л төлөө гэж хэлдэг үгээр халхалчихдаг. 

Магтан дуулсан шүлэг, дуу ихтэй. Түүнийг нь байнга сонссоор байгаад хортой эцэг эхийн хүүхэд ч "Намайг зоддог ч, хүчирхийлдэг ч ачтай буянтай ээж аав" гээд далд ухамсартаа бүрэн итгэчихсэн байдаг...

Харин сүүлийн үед, орчин үед, ирээдүйд өөр болох хандлагатай. Мөн гадаадад өсч өндийж буй бидний хүүхдүүд бол эцэг эхээ нэг их бурханчлан тахихгүй гэдэг нь ойлгожмтой. 

Тухайн амьдарч буй газрын соёл, эцэг эхдээ хандаж буй хандлага зэрэг нь асар нөлөөтэй.  

Үр хүүхдээ өөрсдөд нь их өртэй юм шиг мэдрэмжтэй өсгөдөг тийм ээ? Гэтэл сүүлийн үед "хүүхдүүд чинь та нарт өргүй ээ, та нар л дурандаа төрүүлээд өсгөөд, тэгснээ загнаад, зодоод, дарамтлаад, гэмтээгээд, шархлуулаад, гомдоогоод, уйлуулаад байна" гэж ярьдаг, бичдэг болжээ. 

Сайн талтай. Хувьдаа би зөв л гэж боддог. 

Хүүхдээ хэрхэн өсгөх тухай ном гэж бодсон чинь та өөрөө өөрийн эцэг эхтэйгээ хэрхэн харилцдаг байсан? Ямар гэр бүлийн орчинд өссөн зэргээс хамаараад таны сэтгэл зүйн тухай байлаа. 

Бүхий л насны томчууд, насанд хүрсэн л бол, ээж аав болох гэж төлөвлөж буй хүмүүс, ээж аавтайгаа таарамж муутай харилцаатай байдаг хүмүүс гээд л бүгд уншихад илүүдэхгүй гэж дүгнэв. 

"Эцэг эхтэйгээ харилцах харилцаа нь хойшдын амьдралд нь ихээхэн нөлөөлдгийг олж мэдмэгцээ хүмүүс ямар их эвгүйцдэг гэж санана."

"Эцэг эх маань бидний дотор сэтгэл хөдлөл, сэтгэцийн ургамлын үрийг суулгадаг, тэр үр нь бидний өсөж томрохтой зэрэгцэн ургаж цэцэглэдэг. Зарим гэр бүлийн хувьд тэр үр нь хайр хүндлэл, бие даасан байдлынх байдаг бол харин заримд нь айдас, албадлага, өөрийгөө буруутгах бодлын үр байдаг."

Дээрх хоёр ишлэлийг уншихад л ойлгомжтой. Бидний эцэг эг, цаашлаад бид өөрсдөө үр хүүхдийнхээ сэтгэл зүйд таатай болон таагүй мэдрэмж төрүүлж, даамжирвал шарх үлдээдэг байх нь. 

Хэдийгээр та хүүхдээ яг тэгж өсгө, хүмүүжүүл гэсэн заавар болохгүй ч нэлээд олон зүйлийг гарын авлагаа болгож болохоор...

Хамгийн гол нь ээж аавтайгаа "эвгүй", "хүнд", "хөндий" гэх мэт харилцаатай бол заавал уншаарай. 

Үргэлжлэл бий.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年11月5日火曜日

Жигнэмэг

Зулзагуудын нэг ийм үе байна тийм ээ? Учиргүй амттан хийдэг үе. 

-Ээж, дэлгүүр хамт явж, жигнэмэг хийх материал худалдаж авах хэрэгтэй байна аа. 

-Гэрийн даалгавар юм уу?

-Үгүй ээ, хайрт ээждээ л амтат жигнэмэг хийж өгөх гээд л. 

-Хо хо. За тэгвэл хамт яваад худалдаж авч өгөхөөс дөө...

Орой нь жигнэмэг хийх ажиллагаа эхлэв. Эрт дуусвал амсчих санаатай. Нэг их нялуун үнэр ханхлуулаад л тэрүүхэндээ эргэлдээд л байлаа. 

Бага зулзагаа унтуулах цаг болсон тул бидэн хоёр аргагүйн эрхэнд шүдээ угаагаад л унтлаа. Арааны шүлс асгараастай...

Өглөө сэрэхэд харин дээрх тавган дээрх жигнэмэг бэлэн болсон байв.

Бага зулзагатайгаа амтархан идээд, аавдаа үлдээв. Гэхдээ аавыг орой харьж иртэл бас нэлээд цөөрнө энэ. Ха ха. 

Ээжийн дуртай амт. Аманд ороод хайлсан, гэхдээ хэт зөөлөн биш. Хэт нялуун биш. Би өөрөө хийж сурмаар санагдсан. Тэгвэл хааяа зочдоо дайлж баймаар...

Дараагаар нь халуун кофе уусан. Өглөөдөө нэг аяга, үдээс хойшдоо нэг аяга уучихаад л байна. Хааяадаа жаахан давраад, ганц нэг аяга илүү ууна. Үүнийгээ засахыг хичээж буй болой. 

Аяганы сэнжин дээр хөөрхнөөг хараад байгаарай. Зараа юу?

"Амьдрал" гэж хичээсээр байтал л дуусдаг шиг. Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年11月4日月曜日

Япон шүхэр

Япон орны тухай энд тэнд зураг хөрөг үзэж байхад шүхэр барьсан япон бүсгүйг харж л байсан биз дээ? 

Үндэсний хувцас болох кимоногоо өмсөөд түүндээ тааруулж зохисон гэж ванлий нэг шүхэр бариад зогссон дүр зураглал их...

Бид өнөөх л Гифү мужийн Гифү хотын аялал жуулчлалынх нь гол цэг болох Кавара мачи гэдэг гудамжаар ороод. Хэсэгхэн хугацаанд үргэлжлэх гудманд нь дээр үеэсээ алдартай халуун рашаан байна. 

Мөн нэг хөөрхөн газар олоод. Орсон чинь япон шүхэр хийдэг бяцхан урлангийн газар байсан.

Гар аргаар хийдэг. Япон цаасаар хийдэг. Мэдээж дотроо борооны зориулалттай, нарны зориулалттай гэж байна. Хүмүүс япон цаасаар хийсэн гэхээр гайхаж их асуудаг гэсэн. Бороотой өдөр яах вэ? Хэрэглэж болох юм уу? 

Би ч гайхдаг л байсан. Мэдээж бороонд тэр бүр урагдаад уначихалгүй тэсвэртэй байхаар лаакдах ч юм уу ямар нэгэн арга хэмжээ авдаг л байх, тийм ээ?

Энэ өнгө уламжлалт өнгө нь гэж хэлж болохоор. Захиалагчийнхаа хүсэлтээр өнгө, хээ хуар нь ч өөр өөр байна. 

Гэхдээ япончууд эртнээсээ нэг тийм эрээн алаг өнгө, хээ бус цулгай, даруухан өнгийг эрхэмлэдэг байсан мэт.

Хээ нь хөөрхөн. Бөжин туулай хяраад, цаанаа нэг тийм эмзэг санагдаж байна уу?

Ханз үсэг гэх мэт бичигтэй ч байна. Баяжихаараа янаг улаан өнгийн ч юм уу, гүн хөх тэнгэрийн өнгийн ч юм уу, хээр тал шигээ ногоон өнгийн ч юм уу шүхэртэй болох юмсан гэж мөрөөдөв.

Уламжлалт гэдэг утгаараа ч тэр юм уу? Бидний үзэж сонирхсон энэ газар бас нам гүм, цаанаа л нэг тансаг орчин угтсан. Насны намар гадаа ирээд түм түжигнэж, бум бужигнасан газар гэхээсээ илүү нам гүм орчинд тэмүүлдэг болсон шиг. 

Номоо дэлгээд л, халуун кофе уугаад л сууж баймаар санагдсан.

Өөр нарийн боовны цехээр орж талх авч идсэн. Тухайн хотдоо л амттайд тооцогддог гэж нутгийн индиан хэлсэн болохоор нь зорьж очсон юм л даа. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年11月3日日曜日

Арслантай юу эрээн авдар

Арслантай юу эрээн авдраа болбол хө

Алхан чиг алтан чиг хээгээр хашсан чиг юм аа хө...

Гээд цааш нь үргэлжлүүлээд дуулаарай за. Хэ хэ.  

Бага сургууль явахдаа ачаатай тэмээ шиг л явдаг гэсэн дээ. Энэ жил харьж ирэхдээ яаж хоосон буцахав. Авдартай буцсан.

Жижигхэн хөөрхөн авдар байгаа биз? 

Миний улаан ногоон фэн авга талын минь үеэл эгч бэлэглэсэн юм. Багш хүн болохоор сонгосон бэлэг нь ёстой хөөрхөн бөгөөд оновчтой. 

Баярлалаа тандаа, хайртай шүү. Жил бүр уулзалдахын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ.

Ойроос харахад ийм. Онгойлгоод жижиг сажиг зүйлсээ хийгээд хадгалж ч болохоор. Гэхдээ би одоогоор хоосон байлгаад, бага сургуульд очиж улсаа танилцуулах ажилдаа ашиглаж байна.

Иймэрхүү маягаар миний ачаа жил бүр нэмэгддэг. Ирэх жил юу нэмэх үү? Гэхдээ бараг олчихсон. Энэ зун явахаасаа өмнө санаж байсан л даа. Очоод сэтгэл нь хөөрөөд, харьтлаа хөөрөлтийн байдалтай байсан хүн чинь мартчихсан байна лээ. Хэ хэ. 

Худалч хүнд бараг бүх өдөр нь дуниартсан хүн шүү дээ би. Ха ха.

Ирэх жил зүгээр л хэн нэгэнд нь бэлгэнд авмаар байна аа гээд л хэлчихэд болох байх. Юу бэлэглэх үү? гэж толгойгоо гашилгахгүй, дэлгүүр хэсэж цагаа үрэхгүй амар байдаг тийм ээ? Угтаа цаад хүн маань авмаар байгаа бэлгээ хэлчихсэн байхад.

Цаг бол алт шүү дээ. Ялангуяа төрөлх хот шиг минь түжргэлтэй газар. Би тэгж бодоод л уулзаагүй байж ном ном гээд хэлчихдэг шүү. Зарим нэг хүнд шулуухан шударга санагдаад сэтгэлийг нь чилээдэг байж магад. Уучлаарай.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年11月2日土曜日

Урлаг уран сайхан

Намар цагийг энд урлаг уран сайхан, уншлагын, ургацын гэх мэтээр цоллоод элдэв арга хэмжээ их зохиодог.

Эхнээс нь бичээд явах уу даа. 

Дунд зулзагын урлагийн үзлэг. Энэ жил тайзан дээр гарах тоо их байв. Үдээс өмнө, үдээс хойш гээд л. Ээж ажлаасаа чөлөө аваад ухаалаг утсаа бэлдээд л явлаа. 

Япон хэлээр илтгэл тавив. Дунд сургуулийнхаа 2 дугаар ангийнхныг төлөөлөн зохион бичлэгээ уншсан. Эхлээд ангидаа хоёр хүүхэд шалгарна. Тэгээд цаашаа нийт хоёр дугаар ангийнхандаа шалгаруулна. Түүнд нь шалгараад бас бага зэрэг засвар оруулаад, цээжлээд бэлдээд байсан. 

Тайзан дээр гараад түгдрэлгүй, сандралгүй аятайхан л уншсан. Сүүлд тааралдсан ээж аавууд шагшин магтаад л байсан. Ээжийн хувьд бахархав.

Үлээвэр найрал хөгжмийн дугуйлангийн сурагчдын тайлан болсон. Нэлээд чадварлаг тоглосон. Хөөрхөн хөдөлгөөн оруулсан байв. 

За тэгээд үдээс хойш нь анги ангийн найрал дуу, хамгийн сүүлд сургуулийн нийт сурагчид найрал дуу дуулсан.

Бүтэн өдрийн чөлөө авсан хүн охиныхооо ээлж ирэхээр орж үзчихээд л бусад үед нь гарч номоо уншив. Найзтайгаа хамт өдрийн хоол идэв. Өдрийн хоолыг өөртөө, бүгдийг нь идсэн. Хи хи. 

Хоолны дараа аяга кофе дагалдсан.

Хорооны баяр. Эхний өдөр нь очиж сугалаагаа сугалав. 5 дугаарын шагнал таарав. Ундаа амттан гэх мэт байв. Бага зулзага өөртөө нэг, эгчдээ нэг гээд хоёр ундаа авав. 

Дараах зураг бол байрныхаа үүд хэсгийг чимсэн байгаа байдал.

Дараагийн өдөр нь цэцэрлэгийн ахлах бүлгийнхэн тайзан дээр гарч бүжиглэв. Цэцэрлэг, хорооны байр хоёрын барилга нь хоорондоо холбоотой. Тэр ч утгаараа хоёр байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжээд, оролцоод явчихдаг. 

Мөн энэ өдөр өглөө хотын хэмжээний нийтийн цэвэрлэгээ болоод, гарч хогоо түүв. Хоггүй тул замын хажуугийн болон гадаах хүүхдүүд тоглодог цэцэрлэгийнхээ зэрлэгийг зулгаав. 

Дараагаар нь бинго тоглоом тоглов. Бага зулзага сугалаад, нэлээд дажгүйг нь сугалав. 

Ёндооныхоо зургийг оруулмаар санагдвал оруулна аа. 

Энэ зураг хорооны байр доторх жорлон. Баяр болох гээд чимэглэсэн байдал. Ер нь тухайн улиралд болох баярын чимэглэлийг цаг бүрт нь солиод явдаг.

Гэрээ чимэхээ байсан. Ер жаахан минималист амьдарчих санаатай. Элдэв чимэглэл, хэрэгсэл авахгүй байхыг хичээдэг болсон. Өмнө нь чимдэг байсан л даа. Гэгээрээд, байгаль орчноо хайрлачих санаатай, хувь хүн л дор бүрнээ хичээх хэрэгтэйг ухаарав. Хо хо. 

Гэхдээ байна аа, шинэ жилээр гацуураа бол засна аа. Харин гацуур модоо шинэчлэх үү байх уу? гээд удаан бодсоны эцэст шинээр худалдаж авахгүй байхаар шийдсэн.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年11月1日金曜日

Усан үзэм 2

Өнөөдрийн бичвэрээр өөр нэг соортын зураг оруулав. 

Хальстай нь иддэг гэдэг утгаараа хүмүүс их таалдаг, борлуулалт ихтэй. Гэснээс жимс жимсгэний үнэ их нэмэгдэж байна өө. Дуртай алимаа их бага иддэг болсон. Алим тариалдаг найзтай, хөрштэй болмоор байна өө. Хэ хэ.

Энд ихэнх жимсийг ингэж хүлэмжинд мөн ууталдаг юм билээ. Тэгж байж гологдол багатай арвин ургац аваад байх шиг байна шүү. 

Хорхой шавжнаас хамгаалах, өвчнөөс хамгаалах, хар шуурга, бороо шорооноос хамгаалах гээд л ажиллагаа ихтэй тийм ээ, ер нь газар тариалан эрхлэх. Манайхны малчидтай л адил юм даа тийм ээ? 

Энд Монголыг бодвол байгалийн гамшиг ихтэй санагддаг. Харьцангуй дулаахан ч гэсэн.

Ойроос харахад ийм. Соортын нэр нь "Сүихоо", нэг бол "Shine Muscat" энэ хоёрын аль нэг. Яг оноож хэлж мэддэггүй ээ. Ямар ч л байсан ногоон өнгөтэй. Хэ хэ. Мэргэжлийн улс бол хараад л шууд хэлнэ. 

За даа би ч бүхий л төрөлд нь дуртай тул амтархан иднэ харин ч нэг.

Угаагаад таваглаад зураг дарсан нь. 

Сүихоо соортыг 1996 онд бүртгэгдсэн. Голчлон тариалдаг газар нь Окаяма муж нь ойролцоогоор 66 хувь, Шизүока муж ойролцоогоор 20 хувь, Миязаки муж ойролцоогоор 14 хувийг тариалдаг гэнэ. 

Shine Muscat нь Яманаши, Нагано, Окаяма, Ямагата зэрэг мужуудад голчлон тариалдаг гэнэ. Хальстай нь иддэг, ясгүй гэдгээр нь хүмүүс идэх дуртай байдаг гэнэ.

Гэхдээ бусад мужууд тарьж ургуулдаггүй гэсэн үг биш. Манай ойр хавийн мужууд ч тарьдаг. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年10月31日木曜日

Усан үзэм

Усан үзмэнд дуртай л биз дээ. Манай гэрийнхэн бүгд дуртай. Энд төрж өсөж буй хоёр бол бараг бор хоол нь усан үзэмний шүүс байсан гэхэд хилсдэхгүй. Хэ хэ. 

Намар 9 сарын эхээр бид хөдөө ууланд очиж иднэ. Сорт сортоор нь голж шилж иднэ.

Сортуудынх нэрсийг тухайн үедээ хараад л энэ нь илүү амттай юм байна гэж ирээд л шагшина. Энэ зурган дээрх усан үзэм Black olympia гэдэг нэртэй. 

Дан олимпиа нэртэй нь ч бий. 1964 оны Токиогийн олимпийг тохиолдуулан гаргаж авсан сорт гэж сонссон.

Бидэнд бол бүх л сорт нь амттай. Харин япончууд өөрсдийн дуртай амт гэж байгаад түүнийгээ голцуу худалдаж авч иддэг шиг санагдсан. 

За байз энэ сортын нэр нь юу билээ? Шинкү шиг санаад байна. 

Зарим нэг сорт нь хальстай нь иддэг, дотроо ясгүй гэх мэт байдаг. Ийм болоод ирэхээрээ үнэ нь нэмэгдэнэ, бага зэрэг.

Энэ бас шинкү бололтой. Нэг сорт мөртлөө өнгө нь тод эсвэл бүдэг гэж байсан. 

Ямартай ч бид усан үзмийг яг улиралд нь сайн идээд, бусад үеүдэд худалдаж авч иддэггүй. 

Өө тийм, бас нэг өвөө бидэнд сүүлийн 3 жил усан үзэм шуудангаар явуулсан. 8 сард таардаг тул 9 сар болтол шийр зугаа гээд амаа олохгүй л иддэг дээ. 

Баярлалаа хөдөлмөрч, сайхан сэтгэлт та бүхэндээ.

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年10月30日水曜日

Бэлэг (тураг гогой)

Залхаж байна уу? Тураг гогой гээд л бичээд байдаг. Хэ хэ. Гэхдээ нэг ч гэсэн шувууны нэр тогтоож буй шүү гээд эерэгээр хараарай. 

Би ч энэ шувууны нэр усыг мартахааргүй л болж байна. Харах өнцөг, эерэг бодол чухал шүү...

Өмнөх бичвэрт ч хэлсэн дээ, энэ шувууны чихмэл тоглоом хүртэл байна. Том жижиг, дунд гээд хэмжээнээсээ хамаараад үнэ нь өөр өөр. Бага зулзага нэг брьж авч сонирхсоноо, нэг их дурлаагүй. 

Бодвол тэгтлээ таалагдаагүй байх. Мөн энэ шувууг тийм ч сайн мэдэхгүй. Анх удаагаа л харж, нэрийг нь сонсож байгаа тул.

Ажлыхандаа авсан бэлэг. Тоо ширхэг нь овоо хэд байсан болохоор сонгосон. Тухайн газрынхаа онцлогийг харуулсан цаасан боодолтой байдаг. Жишээ нь миний суугуул нутгийн амттаны гадуурх цаас гэхэд л элс, туулай гэх мэт зураг хөрөгтэй байдаг. 

Ажлын нэг өдөр чөлөө аваад явсан болохоор, ажлынхандаа төвөг удчихлаа, уучлаарай гэсэн санаа агуулж бэлэг авч байгаа юм. Хи хи.

Дотроо ийм савалгаатай. Цаасан уутыг нь ураад хаяхаар хайрцагтай. Хайрцган дотроо хуванцар савтай.

Хайрцган дотор хайрцаг, түүн дотор нь дахиад хайрцаг гэж онигоо шахуу яриа байдаг юм. Японы энэ бэлэгтэй холбоотой. 

Яахав сүүлийн үед шүүмжлээд байгаа л даа. Хэт их цаас хэрэглээд, байгаль орчинд хор хөнөөлтэй гэх мэтээр. 

Жижиг газрууд цаасан тор, гялгар тороо үнэлээд, төлбөртэй болгочихсон. Том газруудад хаа нэгтээ үнэгүй хийж өгдөг юм билээ.

Би цаасан ууттай бэлэг ирэхээр эвхээд хадгална аа. Дараа нь өөрөө хүнд бэлэг өгөхдөө ашигладаг. Заавал цаасан уут гэхгүй л дээ, хөөрхөн гялгар уут ч байсан хямгадахыг хичээнэ ээ. Насны намрын шинжийн нэг хэлбэр гэж сонссон. Ха ха.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年10月29日火曜日

Тураг гогой 2

Нэг сэдвийн тухай юун ч их бичвэрүүд оруулдаг юм тийм ээ? Хэ хэ. Зураг байгаад байна аа, бичмээр санагдаад, хуруу минь өтчихсөн юм шиг зүгээр байхгүй байна аа. Ха ха.

Гифү мужийн Гифү хотод мөн энэ тураг гогойны загасчлалыг жуулчдад үзүүлж харуулдаг газар байдаг юм билээ. Бүр ийм хөшөөтэй. 

Эндхийн нэг юмыг их гайхна аа. Хөшөөнүүд нь ямар ч өнгө будаггүй, төмрөөрөө. Манайхаас үлгэр жишээ аваад солонгын долоон өнгө хосолсон хөшөө хийж болно оо доо. Ха ха.

Завьнууд нь бас хөөрхөн томроод, өнгөлөг болоод ирж байна лээ. Манайхаар бол аймгийнх нь төв л дөө. Бид чинь нэг суманд очиж байрлаад, тэндхийхээ голын эрэг дагуух тураг гогойн загасчлалыг үзсэн хэрэг.

Бодвол оройн цагаар жуулчид ихсэх байх, захиалгаа өгсөн хүмүүс цуглаад.

Эхний зурган дахь хөшөөг хажуу талаас нь дарсан байдал. Хийц нь уран байгаа биз? 

Өнгө мөнгө алаглуулахад яадаг юм гэж наргиа байсан шүү. Миний хувьд ийм төмрөөрөө байвал зүгээр санагддаг. Арчлахад ч гэсэн. 

Аан тийм, сүү дусаагаад, хадаг уядаггүй нь тун дажгүй тийм ээ? Хи хи.

Иймэрхүү нүүрээ гаргаад, толгойгоо цухуйлгаад зургаа авахуулдаг булан их байдаг. Тухайн газрынхаа онцлогийг харуулсан зүйлсийг ингэж хэвлээд гаргаад ирчихсэн, хүүхүүд их сонирхоно. 

Бид ч дүрмийн дагуу зулзагынхаа зургийг дарсан.

Буусан буудалд, мөн аялал жуулчлалынх нь газар бүрт ийм чихмэл тоглоом байсан. Би худалдаж аваагүй ээ. Чихмэл тоглоомонд нэг их дуртай биш, мөн хөөрхөн үнэтэй байсан.

Нэг иймэрхүү, нэг муж аймаг, цаашлаад бүр сумдууд нь хүртэл өөрсдийн гэсэн онцлогийг бүр нэг тултал нь хөгжүүлээд, тултал нь сурталчлаад, тултал нь үйлчлээд буцаах юм өө. 

Байгалийн тийм баялагтай гээд онцлоод хэлчихээр зүйлгүй газрынхан чинь хүмүүсээ хөгжүүлээд, тэр хөгжүүлсэн хүмүүс нь хот, тосгодоо хөгжүүлдэг шиг байна. 

Бид газар доорх баялагтаа хэт эрдээд, нэг л өдөр өөрсдөө хоосон хоцрох вий гэж айх юм даа...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年10月28日月曜日

Тураг гогой

Зээ, тураг гогой гэдэг шувууны нэр, шувууг мэдээд авсан. Мартчихалгүйхэн шиг, хоолтойгоо холиод идчихэлгүйхэн шиг байвал ч болох нь тэр. Мартахгүйн тулд л ингэж бичээд байдаг юм, шинэ соргог зүйл мэдэж авахаараа. 

Ингэж бичиж гадагшлуулбал толгойд үлдэх нь илүү гэж уншсан. Мартчихлаа гэхэд дараа нь блогоо ухаж төнхөх юм даа...

Энэ зургийг өмнөх тэмдэглэлдээ оруулсан. Энэ загасны завинд эмэгтэй хүн сууж болдоггүй юм гэнэ. Тэгээд гэрийн том жижиг эрчүүд загасчдыг "найрсныхаа" хүчинд тэр бүр суугаад байдаггүй завинд суучихсан. 

Азтай байгаа биз дээ? Нүүрэмгий, нээлттэй байх ч зүгээр юм өө. Хажуудахаасаа суралцаад явчих санаатай ч, ичих булчирхай минь томорчихдог заримдаа ч. Хааяадаа ч дажгүй, нээлттэй байж чаддаг л даа.

Загасчилж дуусаад, цаана тусдаа өөр завьтай, наашаа хараад сууж буй жуулчдад ёсолж байгаа нь. Тураг гогойг олсоор уяж барьдаг загасчин нь сүрлэн банзал өмсдөг юм билээ. 

Энэ өдөр үзүүлбэрийн сүүлийн өдөр байсан. 5 сар хүртэл амарна. Мэдээж загасчид амрахгүй, шувуугаа сургана, хооллоно, ажиглана гээд л завгүй...

Энэ өнөөх жуулчид суудаг завь нь. Сэлүүрчинтэй, тайлбарлагчтай. Аюносэ гүүрний цаад эргээс суугаад, загасчдын байгаа газар ирнэ. Тэгээд буцаад тураг гогойгоор загасчилж буйг "амьд"-аар нь харна. 

Ихэвчлэн нар шингэсний дараагаар загасчилдаг ч, зарим нэг газар өдрийн цагаар ч загасчилж, жуулчдыг татдаг гэсэн.

Загасчилж дуусаад, сагсанд нь хийгээд, тусад нь ийм байранд авчраад, сагснаас нь гаргаад хооллоно. Мөн тусдаа цэвэр усанд оруулдаг юм билээ.  

Шувууд нь бүр сурчихсан өөрсдөө далавчаа дэвээд, биеэ хатаагаад байсан. 

Тэгснээ бас байр луугаа алхана. Хөөрхөн.

Далайнх, голынх гэж байдаг гэнэ. Далайн тураг гогойг барьж сургадаг, голынх нь жижиг байдаг. Мөн ангайхай байхаас нь биш, нас бие гүйцсэн үед нь барьж аваад, сургадаг гэсэн. 

Өөр юу гэлээ? Дэлгэрэнгүй мэдмээр байвал өөрсдөө хайж үзнэ биз дээ? 

Аан тийм, эрчүүдийг минь завиндаа суу гэж "томорсон" загасчин нь 18 дахь үеийн залгамжлагч гэсэн. Хөрслөг, эрүүл чийрэг ах харагдсан. Хэ хэ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年10月27日日曜日

Нагара гол ба тураг гогой

Өмнөх бичвэрт Нагара гэдэг гомын тухай товчхон бичсэн дээ. Мужийнхаа аялал жуулчлалд асар өндөр үүрэгтэй гол юм билээ. 

Эрт дээр цагтаа бол "Тураг гогой" гэдэг шувуугаар загас агнадаг байсан гэнэ. Япон улс нь бүс нутаг, газар нутгийнхаа онцлогоос хамаараад амьдарлынх нь эс үүсвэр өөр өөр байж. 

Жишээ нь миний суугуул нутаг гэхэд л мужийн нэрний ханзнаас нь харахад эрт дээр үедээ шувуу агнаж амь зуудаг байсан гэх домог бий...

Харагдаж буй завинд жуулчдыг суулгана. Нэлээд хэд хоногийн өмнөөс захиалгө өгөх ёстой юм билээ шүү. Анхаарна биз?

Тэгээд өнөөх улаан гүүрэн доогуур гараад 1 км орчим газар яваад, тураг гогойгоор загас агнаж байгаа завийг ойроос, өөдөөс нь харж баясдаг юм билээ.

Бидэн гурав захиалга өгөөгүй тул ядаж хажуугаас нь харж баясах санаатай голын эрэгт очив. 

Тэгсэн хань ижил яахав, хэл яриа нь хөгжчихсөн хүн чинь загасчдыг "найраад" яриа өдөөд, тэр цаана шивэр авир гэж сонсогдоод л байсан. Би нэг жижиг хадан дээр суучихсан зураг дарж байсан юм. 

Голын цаад эрэгт ийм туг өлгөсөн байдаг юм билээ. Ер нь японд иймэрхүү зарын туг их өлгөдөг. Оройдоо хураачихдаг, өглөөдөө гаргана. Мөн бороо шороо ихтэй, хүчтэй салхитай өдөр ч хураана.

Гэснээс би энэ шувууны тухай мэддэггүй байсан шүү. Нуугаад яахав. Ханзыг нь ч, монгол үгээ ч мэдэхгүй. Хар галуу гэсэн ойлголттой. Хэ хэ.

Улаан гүүр. Хэ хэ. Нэр нь Аюносэ гүүр юм шүү дээ. Мартчих гээд л байна. Би хоёр ч удаа гатлаад амжсан, явганаар. Унаатай бол хэд хэд гаталсан юм байна. Энэ явган хүнд зориулсан зам нь.

Их өргөн, хүүхдийн тэрэгтэй, дугуйтай хүмүүс зөрөөд өнгөрсөн ч мөргөлдөөд байхааргүй. Иймэрхүү зам харахаар, өөрийн эрхгүй төрөлх хот минь ийм  болчихвол гэж дотогшоогоо өмөлзөнө.

Буудлынхаа цонхоор хараад, хүүе гялс гарцгаая гэж шамдуулан гарсан минь оносон байна билээ. Азтай байсан. 

Маш ойроос, бүр завинд нь суусан. Энэ талаар дараагийн тэмдэглэлдээ бичнэ ээ. 

Гэгээ тасрахаар ингэж загасчилдаг юм билээ. Зүгээр л голын эрэгт суугаад л хорхой шавжны дуу авиа, шувуудын жиргээ, голын урсгалын шаргиа гэх мэтийг сонсоод, тархиа амрааж суух ч сайхан амралт болох юм билээ.

Ийнхүү ийш тийш аялалаар, ажлаар, томилолтоор явах сайхан тийм ээ? Шинэ соргог зүйл мэдэж авдаг. Би ч дуртай...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.