Абэ ерөнхий сайд нэг айл өрхөд хоёр ширхэг маск өгнө гээд хэлчихсэн юм байна. Би ч нэг их зурагт үздэггүй болохоор, өглөө нүүрномоос л мэдэж авлаа.
Ёстой л нөгөө хүний газрын ерөнхий сайдыг одоо юу ч гэж муулалтай. Ха ха.
1 маск 200 иений зардалтай, за тэгээд 50 сая өрхийнх 20 тэрбум иен. Дээр нь шуудангийн зардал орохоор яасан байх нь уу? Хэлэх үг олдохгүй байгаа биз дээ.
Монголд байсан бол хэн нэгэн даргын бизнес энэ тэр гээд л хардахсан. Хэ хэ.
Угаах арга энэ тэрийг нь зааж өгнө гэж хэлсэн гэнэ. Ха ха. Ер нь эндхийн юм болгон л заавартай л даа. Тэрийг нь өлгөж аваад л шүүмжилж байгаа байх. Хи хи.
Муу зүйл бодож стрессдэх нь дархлаанд муу гэсэн тул "чамлахаар чанга атгаад, угаах зааврыг нь сайтар уншиж судлаад, энэ муу вирусыг даван гарна аа" гэж мангар өөдрөгөөр бодож байгаа. Ккк
Энэ япончуудыг хараад байхад эрс шийдэлд хүрэхдээ удаан. Онц байдал зарлах уу яах уу? гээд л одоо түнтэгнээд байна. Бодвол холбогдох мэргэжлийн хүмүүстэйгээ ярилцаад, хуралдаад л байгаа байх даа. Тэгэхгүй бол ямар нэг зүйл боллоо гэхэд дараагийн хариуцлага гэж асар хүнд тусдаг болохоор хэлэлцэж хэлэлцэж нэлээд сүүлд шийдвэр гаргах нь олонтаа.
Токио гэх мэт хүн ам ихтэй хотууд өдөрт жар далаараа халдвартай хүмүүс нэмэгдэж байдаг. Яг миний суугаа нутагт одоогоор халдварт хүн илрээгүй. Цаг хугацааны асуудал байх. Түй түй...
3 сарын 29-нд Шимүра Кэн гэдэг инээдмийн, хошин шогийнх нь нэгэн нэрт хүн коронагаас болоод бурхан болсон нь нэлээд хүнд туссан байх шүү. Ер нь л хаяанд ирчихэж, хичээхгүй бол гэдэг ойлголтыг хүн бүрт өгсөн байх. Тамхиа хаях минь гэж сэтгэл шулуудсан хүн ч гарсан байх...
Өчигдөр охид минь гэртээ өнжихдөө бас баахан мэдээ сонсож л дээ. Тэгсэн хаана ч гэнэ үү нэг мужид 8 сартай жаахан маамаа корона тусаад, түүнийг нь мэдэхгүй баахан эмчилгээ хийгээд, зөндөө хүмүүс хавьтаад гэж гарсан гэнэ. Хөөрхий минь. Шууд л бага зулзага нүдэнд харагдаад, нулимс цийлэгнэв.
Монголд бас ижий аав, ах дүү, элгэн садан минь зүгээр байгаасай гэж сэтгэл шаналаастай. Аав минь өдөр бүр 11 цагийн ЭМЯ-ын мэдээг сонсчихоод надад тайлагнана. Өнөөдөр нэмж хүн илрээгүй гэж сонсохоор түр ч атугай тайвширна.
Нэг иймэрхүү, өдөр бүр корона гэж сонсоод короно ядаргаа, корона стресс гэсэн ойлголт аль хэдийнээ гараад эхэлчихсэн, тэгж ингэж даван туулъя гэсэн агуулгатай зурагтын нэвтрүүлэг гарч эхэлж байна.
Монголд гэртээ карантийнд байгаа хүүхдүүд хагас галзуурлын байдалтай байна гэсэн шүү. Хэ хэ. Жаахан давсалсан ч гэсэн ер нь л өдөржин гэртээ байхаар ямар л олиг байхав тийм ээ? Ид гүйж харайж байх ёстой насандаа байгаа хүүхдүүд ч ядрах нь аргагүй. Тэдгээрийг хараад гэртээ өнжиж буй эцэг эх ч ядаргаанд орох нь ч аргагүй...
За баахан бурчихлаа. Би ажлаа хийгээд өдөртөө гараад байгаа болохоор арай ч галзуурчихаагүй л байна. Хэ хэ.
Бүгдэд нь амжилт шүү. Бүгдээрээ цойлоод үлдэнэ шүү. Гэснээс "Цойлогсод" номыг уншмаар байна аа. Яах уу?...
0 件のコメント:
コメントを投稿