2020年8月26日水曜日

Дуусдаггүй зуны даалгавар...

Яасан байх нь уу? Ингэсээн.

Орой нь унтах дөхөөд л шүд амаа угаа гээд л ээжийн ээлжит үглэлт, загналт хосолсон базалт яваад эхэллээ. 

Дунд зулзага тэнд

-Ааваа? 

-Өөв, миний охин?

-Энэ номыг өнөө шөнө унталгүй уншаад, энэ хуудсанд сэтгэгдлээ бичээдхээрэй...

-Юу? Яахаараа шөнө унталгүй унших болчихов оо?

Миний хардах сэтгэл бадраад л, шууд тагнуулын ажилдаа оров оо. Гэхдээ нэлээд тэвчээр гаргаад, шүдээ угаагаад л зогслоо...

Дунд зулзага аавыг гуйгаад нэмэргүй юм байна. Ээжид л загнуулаад ч болох нь ээ үнэнээ хэлээд гуйя даа гэж сэтгэл шулуудсан бололтой. 

-Ээж ээ? Багш уг нь энэ даалгаврыг заавал хий гэж хэлээгүй байхгүй юу? Тэгсэн өнөөдөр заавал хий гэж хэлсэн гээд байх юм. Шударга бус байна уу? Би л лав тэгж хэлснийг нь санахгүй байгаа.

-...

Асар их тэвчээр зааж, унш гэсэн номыг нь унших гээд үзлээ. Уг нь тийм ч хэцүү ном биш байна. Гэхдээ миний нойр хүрээд болдоггүй. 

-Эртээд чиний зээлсэн, ээж нь уншсан номноос бичиж болохгүй юу?

-Өө би сэтгэгдлээ биччихсээн. Тэгэхээр та дуугуй л унш...

Овоо хэдэн хуудас уншлаа. Дундуур нь дуг хийж үзлээ. Нэг сэрээд л сонсохоор манай хоёр унтаагүй, сагсныхаа бэлтгэл дээр болсон зүйлсээ яриастай...

Дахиад л хэдэн хуудас уншлаа. Сүүлдээ ч за за өглөө унших минь гээд унтаад өгсөн. Өглөө нь мэдээж жаран чавганцын ажилтай хүн уншаагүй. 

-Энэ даалгавараа маргааш өг, ээж нь өнөөдөр орой гэхэд уншаад дуусгахыг бодъё. Багшдаа ээж сэтгэгдлээ бичиж өгөөгүй гэж бурууг ээждээ тох.

л гэлээ. Яахав дээ, үнэн л юм чинь. Гэхдээ багш шударга биш, мань хүн өөрөө л багшийн хэлснийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргасан учраас бид ингэж гэрээрээ сандарч байна даг. Хэ хэ.

Ээж дотроо хайр хүрээд, хүүхэд л юм даа гэж бодсон ч ил гаргаагүй. Ажилтай хүн одоо тэр номыг нь яаж уншиж амжих вэ дээ. Энэ бичлэгийг гялс биччихээд, уншиж дуусгана. 

Агуулга энэ тэрийн талаар зураг хөрөгтэй нь дараагийн бичлэгээр оруулна аа. Мөн яг ямар учиртай даалгавар болох тухай ч бас бичнэ ээ. 

Түр баяртай. Өөрөө өөртөө амжилт хүсье...

0 件のコメント:

コメントを投稿