2021年7月22日木曜日

Эх болсон их газар

Уншиж буй номныхоо таалагдсан хэсгээс утгачилан хөрвуулж оруулав. Яг орчуулна гэдэг бол үнэндээ хэцүү зүйл. Үгийн баялаг, мэдлэг мэдээллээр би өөрөө маруухан байна. 

Бурхан шашны тухай нэг их уншдаггүй хүнд бол бүр ч хэцүү юм. Зарим нэг хэт шашинд автсан хүмүүсийг шүүмжилдэг, эсрэг байр суурьтай байдаг тул, энэ талаар нэг их унших гэж оролддоггүй байж. 

Миний мэдэхийн шашинд хэт автаад, шашны эд зүйлс ихээр цуглуулаад байдаг хүмүүсийг ойлгодоггүй. Наад захын шүтлэг бол байх хэрэгтэй, хэтрүүлж болохгүй л гэж боддог.

Гаднаас нь харахад бол асар их шүтлэгтэй, үгээр болон үйлдлээр нүгэл үйлддэггүй, үнэхээрийн амар амгалан улс байх гэж бодохоор. Гэтэл үг нь, үйлдэл нь нэлээд гажсан улс байдаг тийм ээ? 

Оршил их урт болж байна. Бичсэн зарим нэг бодлоо устгалаа. Зарим нэг хүмүүс ойлгохгүй байж магад гэж бодов.

Их газрын хөдлөшгүй бат бөх зан чанараас суралцах талаар ингэж бичжээ. 

Будда өөрийн хүү болох Рахулдаа сургасан нь: Их газар шороо өөр лүү нь юу ч шидэлж байсан тэр бүгдийг байгаагаар нь хүлээх авч эсрэгээрээ өөр ямар нэгэн зүйлд хувиргах чадалтай байдаг.

Их газар шороонд хог, цөмийн хаягдал зэргийг хаясан ч уурлаж хилэгнэлгүй хүлээн авдаг. Мөн ус, сүү гэх мэтийг асгасан ч түүнд эрдэж бардамнадаггүй. Их газар нь ямар ч таагүй зүйлийг хэдхэн долоо хоногт үзэсгэлэнт цэцэг, амтат ногоо болгон хувиргадаг.

Ямар ч муу муухай зүйлсийг, ямар ч үзэсгэлэн төгөлдөр зүйлсийг хүлээн авах чадвартай байдаг. Энэ нь их газрын гайхамшигтай сайн чанар юм. 

Бид ч үе үе ойр дотны хүмүүсээсээ уур хилэн, гомдол зүхэл, үл ойлголцлыг мэдэрдэг. Тэр үедээ энэ бүхнийг байгаагаар нь хүлээн авах чадваргүйгээсээ нэг бол өөр зүйлд хувиргах чадваргүйгээсээ болж хариу сөрөг үйлдэл үзүүлдэг. 

Элдэв таагүй зүйлийг мэдэрч хүлээж авахдаа өөрийгөө их газрын хүү, охин нь гэж бодох, санах юм бол тэрхүү их газар шигээ хүчтэй, тайван, хөдөлшгүй бат бөх байж чадах биз ээ?

Эх болсон их газраа сэтгэл оюундаа төсөөлөн, их газар шигээ бүгдийг байгаагаар нь хүлээн авч өөр зүйлд хувиргаж чаддаг болох хэрэгтэй. Ямар нэг зүйлд шаналахдаа сэтгэл дотроо их газар юугаан төсөөлөн, дараах үгийг хэлээд нэг үзээрэй. 

"Их газар минь миний бие машид ихээр шаналж байна. Энэхүү шаналалыг хүлээн авах хүч хайрлаач". 

Чиний бие их газартай салшгүй нягт холбоотой. Чи өөрөө их газар. Үүнийг хэрэгжүүлж дадвал чиний зовлон шаналал зөөлрөх буйз аа.

Эх болсон их газраасаа хөдлөшгүй бат бөх байх талаар суралцаад явбал юуг ч хүлээн авах чадвартай болно. Ингэж л чадвал дахин зовж шаналахгүй. Өвчин зовлон чинь өөр зүйлд хувирч, өөрийг чинь зовоох, шархлуулах зүйлдээ хандаж эелдгээр инээмсэглэж чаддаг болно.

Гэж сургасан байдаг юм байна. Тэгэхээр гаднаас ирж байгаа олон олон дарамт шахалт, зовлон, шаналалыг байгаагаар нь хүлээж аваад, тэдгээрт инээмсэглэл бэлэглээд, эсрэгээр нь тэдгээрийг өөр зүйлд хувиргаж чаддаг болох. 

Ингэж чаддаг бол мундаг аа. Нээрээ л таагүй үг хэлсэн, таагүй зүйл хийсэн гэх мэт хүмүүст тэдний хийсэнтэй адил үйлдэл хийх гээд байдаг тийм ээ. Би ч сүүлийн үед зүгээр хаяж сурч байгаа. Хо хо. 

Жишээ нь нүүрномынхоо найзаас хасаад хасаад явчихна. Тэгвэл амар юм билээ шүү дээ. Тэдгээр хүмүүсийн нэг их ухаантай хүн болж бичсэн нийтлэлүүд нь, сэтгэгдлүүд нь харагдахгүй, уншигдахгүй. 

Жинхэнэ үйлдэл нь, үг нь асар бохир мөртлөө олон нийтийн сүлжээнд нэг л их ариун цагаан хүмүүс их тийм ээ? Та нарт бас тийм танил бий биз дээ? Байвал зүгээр л аниад аниад явчихаарай. Ккк.

Мөн өө тэгж л байдаг юм гэж тоохгүй байж сурах гэж байгаа. Харин нийгмийн гаж үзэгдлийг шүүмжилдэг хэвээрээ. Нийгмээрээ засрахгүй бол ирээдүй минь бүрхэг болчих гээд байна л даа. Тийм үү? 

Журмын олон уншигчид минь ч өөрсдийн бурханлаг чанараа хөгжүүлж, тайван амгалан байдаг юм шүү. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿