2021年8月22日日曜日

Юүтүбийн ач тус 3

Энэ удаад ээж өөрөө юүтүбийн ач тусыг мэдрэв. Хөршүүд минь сайхан том том сонгино өгөөд өө. Оройд хоолондоо хийхээс гадна дангаар нь ямар нэг зүйл хийж болох нь уу? гээд хайсан чинь гараад ирж байна шүү.

Харахад бараг л ойлгомжтой юу? Ингэж хэрчээд хоёр талаас нь эргүүлж тойруулж шарна. Элдэв цуу энэ тэрээр амтлаад байсан байх шүү. Надад бол хэрэггүй л санагдсан. 

Эхний удаад яахав дуурайж хийсэн. Дараагийнхаас бол сонгиныхоо амтыг мэдэрч, аль болох оригоор нь идвэл гоё. Мөн сүүл хэсэгт нь бага зэрэг масло хийж шарсан. Тун дажгүй.

Энэ их амархан. Сонгиноо таллаж хуваана. Бичил долгионы зуухандаа халааж зөөлрүүлнэ. Гаргаж ирээд шарна. Гахайн утсан мах бас шараад дээр нь ингэж тавина, таваглахдаа. 

За бараг өөрсдөө зохиогоод дуртай амтлагчаараа амталсан ч болохоор. 

Нэг инээдтэй нь яг тэр орой дунд сургуульд байхад нь япон хэл зааж байсан шавь ирэв ээ. Үүнд минь гар хүрдэггүй ээ. 

Тэгсэн мань хашир сонгинод дургүй гэдэг юм даа. Ха ха. Хөдөөнөөс ирсэн хамаатнууд маань бас сонгино иддэггүй байж билээ. Гайхдаг байлаа. Би чинь өөрөө нугасгүй хүн шүү дээ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年8月21日土曜日

Юүтүбийн ач тус 2

Дунд зулзага үдээс өмнө ээжийнхээ ажил дээр ирж, даалгавраа хийнэ. Үдээс хойш гэртээ харьж дугуйландаа явах бэлтгэлээ базаан үлдэнэ. 

Ингэж үлдэхдээ юүтүбээс иймэрхүү хоол хийж сураад байна.

Хаш. Ээжийн үе үе шардагтай ижил. Хальс нь бага зэрэг хатуу байсан. Урмыг нь бодоод ёстой амттай сайхан байна гэж ирээд л идлээ. Хи хи.

Жижгэвтэр төмс. Хальстай нь чанасныхаа дараагаар халуун бүлээнээр нь хавууж байгаад масло түрхэж иддэг. Хальсыг нь мэдээж хаяна. Том төмс бол зүгээр байдаг. Энэ удаад манайд жижиг төмс л байлаа. 

9 эрдэнийн хөршүүдийн минь нэг авчирч өгсөн. Баярлалаа.

За энэ өндөгтөй шөл хамгийн шилдэг нь. Амт гэж салахын аргагүй. Онгироож байгаад хэд хэд хийлгэж уусан. 

Хамар нь сархайж ирээд л, тэрүүхэндээ хөөрхөн онгирно оо. Би чадаж байна уу? мундаг байна уу? гэж ирээд л. 

Гэх мэтчилэн охин үр минь хоол хийж сурах гээд л. Юүтүбийн ач тусыг бас бишрээд л сууж байна дөө. Хэрэгтэй зүйлсдаа ашиглаж чадвал энэ цахим орчин шиг хэрэгтэй юм алга тийм ээ? 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年8月20日金曜日

Юүтүбийн ач тус

Өдрийн мэнд ээ. Бясалгаад алга болчихлоо гэж бодоцгоосон уу? Хэ хэ. 

Бясалгах зав алга өө. Бага зулзагадаа мөөмдүүлсээр байгаад таарч байна. Мээмнээсээ гарсан ч энгэрээс бол байнга зүүлттэй. 

Зуны амралт нь дуусах дөхөж буй дунд зулзагынхаа хийсэн хоолны зурагнаас оруулах гээд л.

Туна буюу алтан жад загасыг чанаж зүссэн ократай холиод бас бус зүйлээр амталсан гэсэн. 

Жижиг тавагтай нь мөөг, бяслаг, гахайн утсан мах холиод шарсан байгаа нь.  

Гахайн утсан махыг нарийхан хэрчсэн чинжүүтэй хольж, шарсан нь. Амтлагч нь юу юм бол? Өөрөө юүтүбээс харж хийсэн учраас юугаар амталсныг нь хэлж мэддэггүй ээ.

Чанасан хулуу. Элсэн чихэр, цуу хийж чанасан байх. 6 халбага ч билүү элсэн чихэр хийнэ гэж байхаар би ганц нэг халбага багасгаарай гэсэн. Өөрөө чихэрлэг талдаа, нэмээд сахар нэмэхээр чинь хэцүүеэ.

Япончууд хоолондоо маш их сахар хийдэг. Гайхаад байдаг юм. 

Хэсэгтээ зураг үргэлжилнэ шүү. Сонирхолгүй бол алгасаарай. Түр баяртай. Бүгдэд нь амжил хүсье.

2021年8月11日水曜日

Ухамсар ба хандлага

Блогтоо бичээд оруулчихвал санаж байх юм даа гэж бодон наадаг цаасаар тэмдэглэсэн хуудас нэлээд хэд байхаар нь ганц нэгийг нь зориудаар цөөллөө. Бичих гэсэн залхуу хүрээд байна. Тэгсэн  ч цаана нь овоо хэдэн ширхэг цаас байна шүү. 

Бага багаар бичиж л байя дөө. 

"Ухамсрын таван дасгал

1. Амь, амьд зүйлсэд хүндэтгэлтэй хандах.

2. Хүлээцтэй хандаж сурах.

3. Дур тачаалд хэт автахгүй байх.

4. Бусдыг сайн сонсож чаддаг байх, хайраа шингээн ярьж сурах.

5. Хэрэглээндээ ухамсартайгаар хандах.

Энэ тавыг товчхон тайлбарлаж бичсэн байсан. Гарчигнаас нь харахад л ерөнхийдөө ойлгомжтой тул алгаслаа. 

"Дөрвөн зүйлийн "хүнс"-ийг ухамсартайгаар хэрэглэх"

1. Хүнсний бүтээгдэхүүн. Энэ бол ойлгомжтой биз? Дэлгэрүүлж бичсэнгүй шүү. 

2. Мэдрэхүй, сэтгэгдэл. Бид мэдрэхүйн эрхтнүүдээрээ дамжуулан хязгааргүй хэрэглээн дунд оршдог. Үзэх, харах, мэдрэх, хүсэх гээд л. Энэ олон мэдрэхүй, сэтгэгдлээ ухамсарлаж, хязгаарлах.

3. Өөрийн хүсэл зориг. Юуг хамгийн их хүсэж буйгаа мэддэг байх. 

4. Ухамсар. Аливаа үйлдэлдээ ухамсартайгаар хандах. Бусдыг зовоох, эмзэглүүлэх үг үйлдэл зэргээ хянаж, ухамсарлах. 

Эдгээрийг ч гэсэн дэлгэрэнгүй тайлбарласан байсан. Залхуурсан бөлгөө. Худлаа худлаа орчуулж бичих чансаа дутаад өө. Ккк. 

"Эх болсон газартаа хандах таван хандлага"

1. Талархангаа, миний цусан холбоотой бүхий л өвөг дээдэстээ мэхийн ёсломуй.

2. Талархангаа, миний оюун санааны бүхий л өвөг дээдэстээ мэхийн ёсломуй.

3. Талархангаа, миний эх болсон газар, энэхүү газар нутгийг өвлүүлж үлдээсэн өвөг дээдэстээ мэхийн ёсломуй.

4. Талархал, нигүүлсэх сэтгэлтэйгээр толгой мэхийн өөрийн энергийг хайртай хүмүүстээ дамжуулах.

5. Ойлголцол, нигүүлсэх сэтгэлтэйгээр толгой мэхийн өөрийг минь зовоож, дорд үзэж ирсэн бүгдийг уучлах.

Мөн л дор бүрнээ дэлгэрэнгүй тайлбартай байсан. Өөрийн оршиж буй энэ цаг үе, энэ газар нутаг, өөрийн ухаан бодол, үнэт зүйлс зэрэгтээ ямагт талархалтайгаар хандах. Сэтгэл хангалуун байх.

Мөн үр хойч үедээ ч сайн сайхныг өвлүүлж үлдээх гэсэн утга бүхий гэж мунхаг би ойлгосон. Зөв үүе? 

"Дараах таван зүйлийг тунгаан бодох"

1. Бидний хүнс дэлхий бөмбөрцгөөс бидэнд илгээсэн бэлэг. Эх газар, агаар, хязгааргүй хайр энэрэл шингэсэн хөдөлмөр бидэнд үүнийг олгосон.

2. Бид энэхүү бэлгийг хүлээн авах болзлыг хангасан байхын тулд ухамсартайгаар амьдарч, ухамсартайгаар идэж чаддаг байх. 

3. Бид ухамсрын төвшинд дээшилж, идэж буй зүйлдээ хүндэтгэлтэйгээр хандаж чаддаг байх.

4. Бидэнд шим тэжээл өгдөг, өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг хүнсийг л идэж чаддаг байх.

5. Бид ойлголцол, хайрыг ухамсарлахын тулд л энэхүү хүнсийг иддэг байх.

Нээрээ л бодоод байсан чинь хэт их идэх, хэт их худалдаж аваад идэж амжилгүй муутгах гээд л заримдаа ч өөрсдийгөө "амны хишиг нь ар дээрээ гарлаа" гэж үглэдэг шүү. 

Хөргөгчинд хааяадаа зарим нэг ногоо цагаагаа мартаад, муутгаад хаях тохиолдол бий бий. Үүнийгээ багасгах, бүр арилгах. 

Төгсгөл хэсэгт би би гэсэн торноосоо гарах, ангижрах тухай бичсэн байна лээ. Ойлгомжтой тийм ээ. Би л болж байвал, миний л зүйл биелж байвал гэдэг аминчхан үзлээсээ салах юм даг уу даа. 

За ёстой удаан уншсан номоо уншиж дуусгалаа. Цаана дахин нэг ном нь бий. Хугацааг нь дахин сунгаж байгаад уншаад дуусгах санаатай. 

Зураг бол оруулна аа. Бичих эсэхийг таашгүй. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年8月10日火曜日

Хүчтэй сэтгэл хөдлөл

Сэтгэл хөдлөл асар өндөртэй хүмүүс байдаг даа. Сайн сайхан сэтгэл хөдлөл, муу муухай сэтгэл хөдлөл аль аль нь. Тийм хүмүүст зориулсан бясалгал. 

Заавал тийм сэтгэлийн хөдлөл өндөртэй хүмүүс ч биш, заримдаа бид бас их уурладаг, бухимддаг, шаналдаг үе байдаг даа? 

Тэр үедээ бас үүнийг хийхэд зүгээр юм байна. 

Сэтгэлийн хүчтэй хөдлөлийг дарах хамгийн амархан бөгөөд энгийн арга бол "гэдсээрээ амьсглах" юм. Ухамсарт амьсгалаа энэ удаад гэдсээрээ авна аа гэсэн үг. 

Айдас, бухимдал гэх мэт хүчтэй сэтгэл хөдлөлд автсан үедээ ухамсараа, анхаарлаа гэдсэндээ төвлөрүүлнэ. Мөн ийм үед толгойгоороо бодох нь аюултай. Хүчтэй сэтгэл хөдлөл нь шуурга шиг зүйл байдаг тул аль болох өөрийн үндсэн чанарт хурдан шилжих хэрэгтэй. 

Гэдсээ дээш нь доош нь хөдөлгөн төвлөрнө. Гэдсэндээ анхаарлаа төвлөрүүлж, ухамсартайгаар амьсгална. Үүнийг суунгаа, хэвтэнгээ хийж болно. Гэдсэн дээрээ ямар нэг зүйл тавиад хөдөлгөөнийг хянаж болно. 

Гэдсээрээ амьсгалах дасгал.

1. Амьсгал авангаа бүхий л анхаарлаа гэдсэндээ төвлөрүүлнэ.

Амьсгалаа гарганаа бүхий л анхаарлаа гэдсэндээ чиглүүлнэ. Гэдсэндээ гэдсэндээ.

2. Амьсгал авангаа гэдсэнд төвлөрсөн анхаарлаа сарниулахгүйг хичээнэ.

Амьсгалаа гарганаа гэдсэнд төвлөрсөн анхаарлаа сарниулахгүйг хичээнэ. Гэдэснээс сарнихгүй.

3. Амьсгал авангаа гэдэс дүүрч буйг л анзаарах. 

Амьсгалаа гаргангаа гэдэс хоосорч буйг л анзаарах. Гэдэс дүүрч, гэдэс хоосрох. 

4. Амьсгал авангаа амьсгал авалт хурдан, гүехэн, жигд бус буйг анзаарах. 

Амьсгалаа гаргангаа амьсгал гаргалт хурдан, гүехэн, жигд бус буйг анзаарах. Амсьгал авах арга, амьсгалаа гаргах арга.

5. Амьсгал авангаа амьсгал авалт удаан тайван болж буйг анзаарах.

Амьсгалаа гаргангаа амьсгал гаргалт удаан тайван болж буйг анзаарах. Тайван, удаан.

6. Амьсгал авангаа уур хилэн, бухимдал, айдас, итгэл алдрал, зовлон алсарч буйг мэдрэх. 

Амьсгалаа гаргангаа уур хилэн, бухимдал, айдас, итгэл алдрал, зовлон алсарч буйг мэдрэх. Хүчтэй сэтгэл хөдлөл алсарч байна. 

7. Амьсгал авангаа уур хилэн, бухимдал, айдас, итгэл алдрал, зовлон замхарсныг мэдрэх.

Амьсгалаа гаргангаа уур хилэн, бухимдал, айдас, итгэл алдрал, зовлон замхарсныг мэдрэх. Хүчтэй сэтгэл хөдлөл замхарч одлоо.

8. Амьсгал авангаа өөрийн амар амгаланг мэдрэх.

Амьсгалаа гаргангаа өөрийн амар амгаланд инээмсэглэл бэлэглэх. Амар амгаланд инээмсэглэх.

Үүнийг дотны хүмүүстээ хэлж зааж өгвөл бас сайн. Сэтгэл хөдлөл түр зуурынх гэдгийг сануулж байх. Түр зуурын сэтгэл хөдлөлд тэр бүр автаад, зовоод байх хэрэгтэй гэж үү?

Ялангуяа хүүхэдтэй хүмүүс энэ бясалгалыг хийж байвал зүгээр. Хүүхэд тань элдэв ааш гаргаж, элдэв сэтгэл хөдлөлд автсан бол та бүүний гарыг атгангаа тайвшруулах. Мөн гэдсээрээ амьсгалаа аваад үзэхийг санал болгох. 

Гэж бичжээ. Цаашаа бас хэд хэдэн бясалгалын арга байна. Төстэй санагдсан ч эндээ бичиж үлдээмээр. Номны буцаах хугацаа өнгөрчихөөд, бичихээсээ залхуу хүрээд гэсэн хоёр зүйл тулгараад байна. Яах уу?

Гялс хариу. Хэ хэ. 

Гэснээ о.зулзага дунд сургуульд байхдаа үлээвэр найрал хөгжмийн дугуйланд явдаг байсныг санаж байна уу? Тэгэхэд гэдсээрээ амьсгалаа авч, гаргаж үлээж буй аяа аль болох таслахгүй, уртаа гэгч нь үлээх гэж дасгал хийдэг байсан. 

Заалгаж байдаг байж. Энэ номтой эртхэн таарсан бол тэр гэдсээрээ амьсгалаа авч, гаргах аргыг заалгана гээд л сууж байх байсан даа...

За журмын олон уншигчдадаа амжилт хүсье. Түр баяртай.

2021年8月9日月曜日

Бурханлаг чанарын бясалгал

Хэсэгтээ Тич Нат Хан-ы номноос бичих нь шиг байна шүү. Ингэж бичиж өөртөө үлдээхгүй бол мартчих гээд байдаг тул. Мөн номын сангаас зээлсэн ном тул дуртай үедээ сөхөж харах боломжгүй. 

Өөрийн доторх бяцхан хүүхдийнх нь тухай номыг харин худалдаж авах бодолтой. Сонирхолтой санагдаад байгаа тул. Сэтгэл зүйн талаарх ном бараг уншдаггүй тул, энэ талаар аажим аажмаар уншина аа. 

Оршил минь урт болдгийг уншигч олон минь мэдэж буй тийм ээ? 

Өмнөх бичлэгт хүний эд эсэд элдэв зүйл багтаж байдаг гэж бичээд өндөрлөсөн байна. Энэ талаар бага зэрэг дэлгэрүүлэх үү? 

Бидний эд эсэд сайн сайхан зүйлээс гадна муу муухай зүйл хүртэл багтаж байдаг. Жишээ нь айдас, хүчирхийллийн үр ч багтаж байдаг. Атаа хорсол, уур хилэн гэсэн сөрөг мэдрэмжүүд хүртэл багтдаг. 

Гэхдээ бид үүнийг оролдлогоороо өөрийн доторх ухамрсын хүч, эелдэг зан чанарын хүч, ойлголцлын хүч зэргийг тамын тогоо руу чулуудахаас сэргийлж, хамгаалж чаддаг. 

Хүн гээч амьтан зовоод ирэхээрээ өөрийн доторх бурханлаг чанараа мартдаг, өөрийн доторх сайн зан чанараа мартдаг, өөрийнх нь дотор зовлонгоос өөр зүйл байхгүй, айдас, замбараагүй байдал, муу муухайгаас өөр зүйл байхгүй гээд тархиндаа кодлочихдог. 

Өөрийн бурханлаг чанараа мартахгүй байх чухал. 

Будда бясалгах явцдаа мөн айдастай нүүр тулсан байдаг. Будда Мара чөтгөрийн явуулсан хорон санаат цэргийнхний сумыг цэцэг болгон хувиргасан байдаг. Тэгсэн Мара дахин гарч ирээд маш үзэсгэлэнтэй бүсгүйн дүрд хувиран гарч ирнэ. 

Буддагийн зүрх сэтгэл, тачааллыг хөдөлгөн түүний зорилгыг мартуулахыг оролддог. Будда нэг гараа өргөн "Чи бол төсөөллийн төдий зүйл, чи бол бодит зүйл биш" гэж хэлэхэд өнөөх үзэсгэлэнт бүсгүй арилаад өгдөг. 

Энэ мэтээр Мара нь айдас, хүсэл тачааллаар Буддаг дийлж чадаагүй болохоороо энэ удаад хязгааргүй эрх мэдэл, эд хөрөнгөөр түүний сэтгэл санааг урвуулахыг оролдоно. Будда дахин нэг гараа өргөн бодит зүйл биш ээ гэж ирээд л Мараг хөөн явуулдаг. 

Үүнээс харахад Будда нь өөрийн сайн, буянт чанартаа анхаарлаа чиглүүлж, түүнийгээ дуудан Марагийн үзүүлсэн харуулсан бүхэн мөнх зүйл биш гэж таньж мэдсэн нь зорилгоосоо буцалгүй, ялахад хүргэсэн байдаг.

Гэж бичсэн байна. Санаж байх гэж бичлээ, дахин хэлэхэд. Буддагийн тухай цаг зав гаргаж уншина аа. 

Нэг зүйл ойлгосон нь энэ хорвоо ертөнц дээрх бүхий л зүйлс чинь хийсвэр, мөнх бус гэж. Шунал тачаалаа дарж, гаднаас  ирж байгаа элдэв дарамт шахалтыг сайн сайхан зүйлс болгож өөрчлөх чадалтай байх, түүнд суралцах. 

Өөрийн сайн чанар, бурханлаг чанараа марталгүй байх бясалгал

Өөрийн доторх сайн сайхан чанартаа анхаарлаа чиглүүлж, түүнийг ухамрсын төвшинд аваачих нь ямар ч зовлон бэрхшээл дунд байсан ч чаддаг. Ухамсарт амьсгал, амсьгал төвлөрөлтийн дадал зуршлаар өөрт минь бурханлаг чанар оршиж байдаг, нигүүлсэл, ойлголцлын чадвар байдаг гэдгийг үргэлж санаж сэрж яваарай. 

1. Амьсгалаа авангаа яг одоо амьсгал авч байна гэж бодох.
Амьсгалаа гаргангаа яг одоо амьсгалаа гаргаж байна гэж бодох. 

2. Амьсгалаа авангаа өөрийн биеийн эд эс бүхэнд буй ухамсрын хүчийг мэдэрч байна гэж бодох. 
Амьсгалаа гаргангаа тэрхүү ухамсрын хүчний ач буянаар би тэтгэгдэж байна гэж мэдрэх. 

3. Амьсгалаа авангаа өөрийн биеийн эд эс бүхэнд буй итгэл үнэмшлийн хүчийг мэдэрч байна гэж бодох. 
Амьсгалаа гаргангаа тэрхүү хүчний ач буянаар би тэтгэгдэж байна гэж мэдрэх.

4. Амьсгалаа авангаа өөрийн биеийн эд эс бүхэнд буй билэг ухааны хүчийг мэдэрч байна гэж бодох.
Амьсгалаа гаргангаа тэрхүү хүчний ач буянаар би тэтгэгдэж байна гэж мэдрэх.

5. Амьсгалаа авангаа өөрийн биеийн эд эс бүхэнд буй энэрэл нигүүлслийн хүчийг мэдэрч байна гэж бодох. 
Амьсгалаа гаргангаа тэрхүү хүчний ач буянаар би тэтгэгдэж байна гэж мэдрэх. 

6. Амьсгалаа авангаа өөрийн биеийн эд эс бүхэнд буй амар амгалангийн хүчийг мэдэрч байна гэж бодох. 
Амьсгалаа гаргангаа тэрхүү хүчний ач буянаар би тэтгэгдэж байн гэж мэдрэх. 

7. Амьсгалаа авангаа өөрийн биеийн эд эс бүхэнд буй эрх чөлөөний хүчийг мэдэрч байна гэж бодох. 
Амьсгалаа гаргангаа тэрхүү хүчний ач буянаар би тэтгэгдэж байна гэж мэдрэх.

8. Амьсгалаа авангаа өөрийн биеийн эд эс бүхэнд буй сэхээрлийн хүчийг мэдэрч байна гэж бодох. 
Амьсгалаа гаргангаа тэрхүү хүчний ач буянаар би тэтгэгдэж байна гэж мэдрэх.

Өдөрт 2-3 минут ийнхүү амсьгалдаа төвлөрч үзээрэй. Сэтгэл санаа хөнгөрөөд сайхан болох буйзаа. Үүнээс илүү гүнзгийгээр бодоод хэрэггүй. Харин өөрийн доторх сайн чанартаа итгэх. 

Гэж бичжээ. Хэрэгжүүлж эхлээгүй ч нэг нартай сайхан өдөр сөхөж харахаар блогтоо бичсэн бөлгөө. 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай. 

2021年8月8日日曜日

Хөдөөний хоол

Хөдөөний айл ямар хоол хийж иддэггийг өнгөтөөр харуулах уу? Гялс хариу. Ккк

Зээ үүнийг надад зориулж хийсэн. Бяслагтай хаш ногоо. Өөр бас бус зүйл хольсон байсан л даа. Асуулгүй, амаа олохгүй идсэн.


Энэ өнөөх кабокки буюу солонгос хулуу. Чанаад цуунд дарсан байгаа нь. Хоолны хачирт тун догь юм билээ. Зөндөөг идсэн. Цагаан будаатай хамт идэхэд гоё санагдсан.

Нэг өдөр нь ийм нарийн гоймон чанаж идсэн. Зун цагт их иднэ ээ үүнийгээ. Хүүхдүүдийг зугаатай байлгах үүднээс урт хулс модныхоо голоор? урсгаж иддэг. Энэ тухай нэгдэх блогтоо бичсэн байдаг шүү.

Сонирхвол олж уншина биз ээ?

Биднийг махчих юм болохоор мах заавал байна өө. Би ч заримдаа албаар махнаас нь биш, бусад ногоо, загаснаас нь л иддэг. Тэртэй тэргүй гэрээр дүүрэн мах байхад тийм ээ?

Хясаатай мисо шөл. Энэ хясааг нь дунд зулзага дуусгаж өгдөг. Нугасгүй. Эмээ хясаатай шөл нэммээр байна аа л гэнэ. Заримдаа ч санаа звмоор. Ээ дээ энэ хүүхдүүд үү. Ккк. 

Гэснээс энэ муж нь Шинжи гэдэг нуурынхаа ийм жижиг хясаагаараа алдартай.

Мах шарахаараа махаа ороож иддэг навч. Заримдаа дун хорхой энэ тэр явж харагдана өө. Ийм хорхой шавьж ихтэй байх тусмаа эрүүл шүү. Няслаж хаячихаад л иддэг. Хи хи.

Гүзээлзгэнэтэй, инжир жимстэй ундаа. Халуунд их амттай байсан. Жаахан маамаа нарт зориулж хийсэн ч би уусаан, яаж зүгээр байхав. 

Гэх мэтээр бид хөдөөх япон ээж аав, эмээ өвөө дээрээ очиж идэж ууж, унтаж эрхэлсээр ирдэг ээ. 

Корона гарчихаад бид тэр бүр очиж чадахгүй байна аа. Уг нь жаахан л урт хоногийн амралт таарвал гараад давхидаг байлаа. Энэ муухай ко гуай хаа нэгтээ зайлаасай...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年8月7日土曜日

Шинэ ногоо

Нэг шинэ ногоог олж мэдээд. Хөдөө эмээ өвөө дээрээ очихдоо идсэн. 

Нэр нь кабокки. Солонгос хулуу гэж японоор гарч ирсэн. Яг оносон нэр нь мөн эсэхийг хэлж мэдэхгүй байна шүү.

Хоёр хөгшин маань ч анх удаагаа тарьж үзэж байгаа гэнэ. Нэг нэгээр нь уутлаад, зарж байсан. Хүмүүс их л авдаг бололтой. 

Би харьж ирэхдээ туршилтаар нэгийг авч ирсэн. Овоо хэдийг авч ирнэ дээ гэж бодож байсан чинь зарагдчихаж. Хэ хэ.

Ингэж хэрчээд чанасан. Болохоор нь дээр яагаав алтан хөршийнхөө өгсөн мисо амтлагаар амтлан идсэн. Таалагдсан. Дараа дэлгүүрт таарахаараа худалдаж авч иднэ ээ. Дандаа л үнэгүй зүйлд санаархана гэж юм байхаю тийм үү? Хи хи.

Гэснээс ингээд үртэй юутай хэйтэй нь идчихдэг юм билээ. Амар, үрийг нь авч хаяна гэж ажил удахгүй.

Эдамамэ буюу шар буурцгийн шош. Бас л хоёр хөгшний тариалсан ногоо. Ийм нэг ууттайг өгсөн. Би өөрөө навч зэргээс нь салгаж ууталсан. 

Жилдээ ганц нэг удаа ингэж оригоор нь олж иддэг. Ихэвчлэн дэлгүүрээс ууттай хөлдөөснийг авч иддэг юм. Ориг ногоог бол аль болох ахиухан л авчихмаар тийм ээ. Ккк.

Чанасны дараах байдал. Үүнийг ихэвчлэн ууж идэхээ япон хүмүүс шар айрагныхаа даруулга болгож иддэг. 

Би ч бас уухаараа идэх дуртай. Гэм нь нэг дор олныг идэх гээд байдаг сул талтай. Алдаагаа засах гэж хичээж буй, засагдаагүй болно. 

Тэр цаана харагдаж байгаа эрдэнэ шишийг худалдаж авсан юм өө. Дунд зулзага дуртай. Ер нь бүгд дуртай. Бага зулзага л идэхгүй байна одоогоор. 

За нэг иймэрхүү л ногоо цагаатай зуныг өнгөрөөж байгаа ч нэг грамм ч хасагдахгүй миний жин. Улам л нэмэгдээд байх янзтай, яалтай? 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2021年8月6日金曜日

Зайрмаг

Дэлгүүрийн зайрмагийг зулзагууддаа идүүлэхгүй гэж санасандаа өөрсдөө хийдэг баатар болов. 

Ийм зүйл худалдаж аваад. Ашиглатлаа хэсэг ууттай нь байлгав. Хэ хэ. Зориг зүрх, бас материалаа цуглуулах хэрэгтэй тийм үү?

Банана жимсээр хийв. Энэ удаад ээж өөртөө хийсэн смүүжиг хийгээд хөлдөөчихсөн. Ямар болох бол гэж дунд зулзага их хүлээлттэй байлаа. Байн байн хөлдөөгч онгойлгож гүйгээд.

Гаргаж авахад их авъяас шаардах эд байна лээ. Хөлдөөгчнөөс гаргаж ирээд хэсэг байлгана. Халуунд дорхноо гэсэх тул мартахгүй байх хэрэгтэй.

Гаргаж ирээд долооцгоов. Ээжид бол таалагдсан. Угаасаа л ээж уух гэж байсан смүүжи юм чинь. Хэ хэ. 

Гэрийн бусад гишүүдэд таалагдсангүй. Нэг нэг долоож үзээд л больцгоох шив дээ. Ээж хэдэн өдөр дарааллаж банана зайрмаг идсэн. Ккк.

Дараагийн удаад санан санан, бодон бодон киви жимс авлаа. Сүүтэй холиод, нунтаглаад хийж хөлдөөлөө. Дунд зулзага бас л ямар болох бол гэж догдлоостой. Хөлдөөгчний хаалга үе үе онголзоостой.

Гаргаж ирээд долооцгоолоо. Бага зулзага нэг долоогоод л ээждээ өглөө. Дунд зулзага хэсэг идэж байснаа ерөөсөө гашуун байна аа гээд буцаав. 

Хань ижил бол идсэн. Би ч зулзагуудынхаа зайрмагтай нийлүүлж хэдэн өдөр л кивитэй зайрмаг идэв. 

Өөр ямар жимсээр хийх үү гэж бодов. Гашуун бус жимс юу билээ? Аминдаа элсэн чихэр хийхгүй гэж үзэж тарж байгаа ухаантай. 

Гашуу нясуун амтыг нь дарахын тулд заавал нэг тийм амтлагч хийх болчих гээд байна тийм үү? 

Аан тийм сүүний оронд шошны сүү ашиглаж байгаа. Би дуртай юм л даа. Боргол уухдаа сүүний оронд хийж ууна, сүүтэй холих гэсэн зарим нэг хоолны төрөлдөө хийж ууна. 

Үнээний сүүг одоогоор бага зулзага л хярамлаж уудаг. Аан тийм хань ижил бас сэрүүн, хүйтэн өдөр хярамлаж уудаг. 

Туршилтаа үргэлжлүүлнэ ээ. Өөртөө амжилт. Бүгдэд нь амжилт. Түр баяртай.

2021年8月5日木曜日

Умалзуулж байна аа

За өнөөх "хурааж" ирсэн ногоогоо болгоод л идээд суугаа шүү. Хэ хэ. Ёстой л умалзуулж өгч байна гэдэг шиг л. Ккк

Сармисанд дуртай гэж нөхцөлгүй. Энд хятад сармис хямд, дотоодынх үнэтэй. Үнэгүй олдсон ориг сармисаа хийж идэж үзмээр санагдаад л яваад байсан аргаараа шарж идсэн.

Амттай болсон. Хань ижил бидэн хоёр л амаа олохгүй идлээ. Хоёр зулзага идээгүй ээ. О.зулзага минь дуртай болохоороо идэх л байсан байх даа. 

Төмсөөр баян байна. Бас нэг өвөө жижиг хайрцаг төмс өгсөн. Тэр гэхдээ жижиг төмс. Арилгахад цаг орно. Дунд зулзагыг л дайчилж байна дөө. Том төмсөөрөө тосгүй шарагчаа ашиглаж дээрх зурган дээрх гонзгой төмсийг шарав. 

Тосгүй болохоор жаахан аргуундуу, үзүүр хэсэг нь ингэж борлоод байсан. Тос өөх хориотой хүмүүст бол зүгээр байх тийм ээ? Энэ тосгүй шарагчаа жилд нэг л ашиглах юм дөө. 

Уг нь тахианы мах энэ тэр шарах гээд зөндөө л хоол хийж болох юм билээ. Залхуу хүн чинь яалтай?

Багадаа, намартаа нэг ингэж төмс шарж иддэг байлаа. Хайруулын тавгандаа тос хийж байгаад л, нимгэн хэрчсэн төмсөө шарна. Элдэв амттан, боов боорцог авч чаддаггүй байх үеийн минь тансаг хоол шүү дээ. 

Өдөр хичээлээсээ тарж ирээд хүүхдийн ордны дугуйландаа явахаасаа өмнө гялс шарж иднэ. Мөн элэг их шарж иддэг байж дээ. Арван жилийн ангийнхаа найз охины гэрт очиж их ч хоол хороосон доо. Баярлаж явдаг шүү. 

Түр баяртай, дараагийн бичлэгээр сонгино шарсан тухайгаа өнгөтөөр бичнэ ээ. Хэ хэ. Бүгдэд нь амжилт хүсье.

2021年8月2日月曜日

Удаан хадгалах

Амгалан, гэгээлэг мэдрэмжээ аль болох удаан хадгалах тухай. 

Сэтгэл дэх "гэгээлэг үр"-дээ анхаарлаа төвлөрүүлж, услан ургуулахын тулд дараах бясалгалыг хийгээд үзээрэй.
 
1. Амьсгалаа авангаа сэтгэл дэх амар амгалангаа мэдрэх.

Амьсгалаа гаргангаа сэтгэл дэх амар амгаландаа инээмсэглэл бэлэглэх.

2. Амьсгалаа авангаа сэтгэл дэх баяр баяслаа мэдрэх.

Амьсгалаа гаргангаа сэтгэл дэх баяр баясалдаа инээмсэглэл бэлэглэх.

3. Амьсгалаа авангаа сэтгэл дэх тогтвортой байдлаа мэдрэх.

Амьсгалаа гаргангаа сэтгэл дэх тогтвортой байдалдаа инээмсэглэл бэлэглэх.

4. Амьсгалаа авангаа сэтгэл дэх чөлөөт байдлаа мэдрэх.
 
Амьсгалаа гаргангаа сэтгэл дэх чөлөөт байдалдаа инээмсэглэл бэлэглэх.

5. Амьсгалаа авангаа сэтгэл дэх аз жаргалаа мэдрэх. 

Амьсгалаа гаргангаа сэтгэл дэх аз жаргалдаа инээмсэглэл бэлэглэх.

Хүн өөрийн доторх сайн талыг мэдэж, өөрт тань бурханлаг чанар бий гэдгийг мэдэж байх хэрэгтэй гэнэ. Сайн тал гэдэг нь тухайн хүний буянлаг чанар юм шиг байна.

Аливаа хүн бүрийн сэтгэлд нэг тийм харанхуй, сөрөг мэдрэмж төрөөд, түүндээ ялагдах үе байдаг. Яг энэ үед сайн чанар, буянлаг чанар нь тухайн харанхуй, сөрөг мэдрэмжид эзлэгдээд арга мухарддаг. 

Хүний мэдрэмж гэдэг бол яг л зурагтын суваг шиг зүйл юм. Одоо гарч буй суваг бидэнд таалагдахгүй бол сувгаа сольдог. Үүнтэй адил бид мэдрэмжээ сольж болно. 

Будда үүнийг "Хадаас солих" гэж хэлсэн байдаг. Харанхуй мэдрэмжээ гэрэлтэй мэдрэмжээр солих. Харанхуй гэдэг үг байгаа хэдий ч сөрөг гэж ойлгоход болох юм шиг санагдлаа. Гэрэлтэй гэдэг үгийг эерэг гэж ойлгов мунхаг би. Хэ хэ.

Мөн энд хадаас гэдэг нь төмөр хадаас биш модон хадаасыг хэлж буй болно. Тэрхүү модон хадаас илжирч муудвал шинээр солино.

Заримдаа сөрөг мэдрэмжээ эерэг мэдрэмжээр сольсон ч өмнөх мэдрэмж хэт хүчтэй байх тохиолдол бий. Энэ үед сэтгэлд зөрчилдөөн үүсдэг. Тухайн зөрчилдөөнөө өөр нэгэн аргаар өөрчлөхийг оролдоно.

Өөрийн тань дотор тайвшрал, ойлголцол болон нигүүлсэл, амар амгаланг бий болгодог чанар гэж бий. Түүнийгээ олж мэдэх, санаж байх нь их чухал. Тэр л чанар бол чиний төрөлх зан чанар юм.

Товчоор хэлбэл тэр л тайвшрал, ойлголцол, нигүүлсэл, амар амгаланг бий болгодог чанар чинь таны болон чиний бурханлаг чанар билээ. 

Бурханлаг чанар миний дотор оршдог шүү, гэдгийг ямагт санаж, ухмсарлаж байвал таны зовлон шаналан дэр даруй зөөлрөх буй заа. 

Бурханлаг чанар бол хийсвэр зүйл огтоос биш. Хүрч мэдэрч болдог бодит зүйл. Бурханлаг чанар бидний эд эс бүхэнд оршдог. Бидний эд эс дан ганц бодит зүйлсээс бүрддэг ч зүйл биш. 

Бидний бие хэдий бодит зүйл боловч энэ нь мөд адил ухамсрын илрэл билээ. Түүнд бүх зүйл багтана. Эс нэг бүрчлэнд өөр бусад бүхий л зүйлс хамрагддаг. 

Энэ удаагийн бичлэгээ өндөрлөх минь. Яг юу бичээд байгаагаа сүүлдээ мэдэхээ байх гээд байна. Хэ хэ. 
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.

2021年8月1日日曜日

Амралт ба цагаан идээ

Ууланд амрахдаа шинэхэн сүү захиалж авчруулаад, өрөм загсаасан. Би биш, хань ижил л дээ. Өнөөх түрүү жилийнх шиг тусгай тослог худалдаж авч байгаад хийсэн. 

Дараа тослогоо ахиухан хийхээр болов. Дараа гэдэг нь жилийн дараа хийх юм болов уу? Хэ хэ. 


Маргааш өглөө нь талхан дээр түрхэж идсэн. Амт гэж ванлий байсан. Хэ хэ. 

Зарим нэг нутгийнхан ингэж өрөм загсаахдаа сүүнд нь будаа хийж хонуулдаг юм байна. Маргааш өглөө нь будаа нь болчихсон байсан. Хүүхэд байхад ингэж иддэг байсан гээд хань ижил хүүхэд насаа дурсан санагалзан идсэн. Сүүтэй будаархуу, өтгөн. 

Би идээгүй ээ, болсон илээнээс бүү буц гэж жаахныг амссан. 

Харих замдаа уулын жижигхээн кафегаар дайрч зайрмаг авч идэцгээсэн. Би борголтой зайрмаг авсан. Хань ижил борголыг тэр чигээр нь найруулж барилгүй хуурайгаар нь хольчихсон юм бишүү гэсэн. Хо хо.

За энэ мөнгө авдаг орой зулзагуудтайгаа идсэн зайрмаг. Дотор нь жимсээр ингэж инээмсэглэж буй царай гаргасан байсан. Гүзээлгэнэ, киви юм болов уу? Тэр ногоон нь. Гүзээлгэнээр хийсэн царайны хацар нь зүрх хэлбэртэй. 

Кивигээр хийсэн царайны нүд нь зүрх хэлбэртэй. Хөөрхөн сэтгэсэн байна уу? Хүүхдүүд дуртай авч иддэг байх, энэ инээмсэглэж буй царайг нь харах гэж. 

Хажуудах нь тараг. Би ууусан. Чихэргүйг авах гэж байгаад чихэртэйг авчихсан байсан. Чихэргүйг авдаг хүн л дээ. Яг чихэр, элсэн чихэр идэхгүй ч иймэрхүү хүнсний бүтээгдэхүүнүүд ч тодорхой хэмжээгээр сахар агуулж байдаг тул ядаж таргаа ч болтугай сахарны найрлагагүйг авчих санаатай...

Ааруул ээзгий идэж чадахгүй байгаа ч тараг голцуу сүү сүүн бүтээгдэхүүн л идэж байна дөө. Сайхан хатуу, тос даасан ингэний хоормогны бор ааруулаа санаад байна. 

Мөн хойд нутгийнхны хатуу, нимгэн ааруулаа ч санаж байна. Ээжийнхээ хатаасан элдэв жимсний хольцтой ааруулаа ч санаж байна. Ээзгий ихээр идэж унгахаа ч санаж байна. Ха ха. 

За ингээд бичсэн чинь шууд гашуун ааруул амтагдаж байна шүү. Бичлэгээ төгсгөе. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.