2022年4月17日日曜日

Хүүгийн бэлэг

Жаахан маамаа нар албанаасаа харьж ирэх замдаа, гадаа тоглож байхдаа газраас түүсэн зүйлсээ бэлэглэж өгөөд байдаг тийм ээ? Энэ эсвэл зөвхөн энд байдаг л үзэгдэл үү? 

Хэлж мэдэхгүй юм. 


Дулаараад гадаа тоглох нь ихэссэн чинь бэлэг нь хүртэл олширсон. Ихэнхдээ чулуу. Том жижиг, гонзгой зууван гээд л хэлбэр нь л өөрчлөгдөнө. Хэсэгтээ хармаандаа хийж явна. 

Тэгэхгүй бол санаад нэхнэ. Хаячихсан гэвэл бөөн юм болно. Туршлагатай ээж тул хэдийд хаяхаа мэднэ шүү дээ. Дунд зулзага бас яг тийм байсан. Гэнэдээд нүүрэн дээр нь хаяж мангартсан гэж байгаа. Хэ хэ. Бөөн чарлаан, майлаан болсныг санадаг юм. 

Үүнийг эгчтэйгээ хамт гарахдаа олж ирсэн. Яг хэн нь ээждээ зориулж түүснийг бол мэдэхгүй. Дүү нь л байх тийм үү? 

Чулуунаас гадна модны мөчир, навч бас өгнө. Навчис нь хатаад хармаагаар дүүрэн үртэс болно. Угаахдаа мартана. Ккк

Эртээд сакүрагийн модон дор алхахдаа унасан дэлбээнээс нэгийг аваад "май ээж ээ бэлэг" гэсэн. Хээв нэг шүү. Эгдүүтэй л дээ, тэр өгч буй агшин бол.

Хавар болоод янз бүрийн хорхой шавьж гараад, тэр нь хааяа бэлгэнд ирнэ. Данго мүши гэлэг хорхой бол түгээмэл бэлэгний нэг. Монгол нэр нь модны бөөс, ойн бөөс гэж байсан байх. 

Гэхдээ яг зөв нэр нь эсэхийг мэдэхгүй. Цэцгийн савны ёроол гэх мэт чийгтэй газар байдаг. Бариад авахаар өөрийгөө хамгаалаад зараа шиг бөөрөнхий болчихдог хорхой. 

Жаахан хүүхдүүд бөөрөнхий болчихоор нь барихдаа нэг их сэжиглэдэггүй, айдаггүй юм билээ. 

Ээж бол сэжиглээд, айгаад бөөн юм болно. Сэмээрхэн хаячихаад, зугтаад явчихсан гэж хариулна. Хи хи. 

Том болоод, гого бэлэг өгөөрэй гэж одооноос захиж байгаа. Хөлдүү төмс болчихов оо гэж. Ха ха. 

За түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿