2023年12月29日金曜日

Жаргалтай мөнгө 2

Номоо номын сандаа өрж хураахаас өмнө эндээ бага сага зүйл тэмдэглэж үлдээх санаатай. Учир нь миний номнууд тоогоо алдаад, дээрээс нь зулзагуудын номнууд нэмэгдээд, манай гэрийн номын тавиур нийт 3. Бүгд номоор дүүрэн, сүүлдээ зайгүй болоод. Ооё. 

Гайхуулсан уу? Хэ хэ. 

Бид мөнгийг хэрхэн өгч, хэрхэн авч байгаагаас хамаарч мөнгө уйлж, эсвэл инээж байдаг. 

Хэрэв мөнгийг гэмшил, уур бухимдал, харамсал, уйтгар гунигтайгаар өгвөл мөнгө "Уйлж байдаг". Харин эсрэгээрээ мөнгийг хайрлаж хүндлэн, талархаж, баяр хөөртэйгөөр өгвөл мөнгө "Инээж байдаг" юм. Учир нь өгч байгаа хүний эерэг сайхан энерги тухайн мөнгөнд шингэсэн байдаг. 

Энэ их үнэн байгаа биз? Жишээ нь би жаахан "дургүй" хүндээ мөнгө өгөхөөр уур хүрээд байдаг. Ха ха. 

Харин эсрэгээрээ "дуртай" хүндээ мөнгө өгөхөд яагаад ч юм өөрөөрөө бахархах, талархах сэтгэл төрдөг. Та бүхэнд ч бас иймэрхүү мэдрэмж ганц нэг удаадаа төрсөн байх тийм үү? 

Мөнгө бол энерги. Маш олон хүмүүс мөнгийг дайсан мэтээр боддог. Энэхүү хар хүч нь биднийг хүрэх ёстой амьдралдаа хүрэхээс хойш татдаг. Харин цөөхөн хүмүүс л мөнгө бидэнд баяр хөөр, талархал, аз жаргал авчрах боломжтойг олж харсан байдаг. Ялангуяа мөнгийг хүнд эерэг энергитэйгээр өгөхөд буцаагаад хариуд нь ирэх эерэг энерги авдгийг мэдэрсэн хүмүүс байдаг. 

Үнэн, үнэн. Би ч эхэндээ мөнгийг үзэн яддаг байлаа. Мөнгөнд дурлаад, араас нь үхэн хатан гүйдэг, хахууль авдаг, худал хэлдэг, мөлждөг улсуудыг бодохоор мөнгийг үзэн яддаг байлаа. 

Сүүлийн хэдэн уншсан номнуудаасаа мөнгийг үзэн яддаг бодол минь буруу юм байна гэж ухаараад, мөнгийг хүндлэн хайрлахаар шийдсэн болно. Хэ хэ. 

Харин тэр буруу замаар мөнгө олоод байгаа хүмүүс л хөөрхийлөлтэй гэдэг өнцгөөс хардаг болсон. Том дэвшил биз?

Хайр халамж, нөхөрлөл зэрэг эерэг энерги дунд эргэлдэж буй мөнгө бол "Жаргалтай мөнгө" юм. 

Хүмүүс мөнгөний ямар шархтайгаа, тэр шарх нь анх яаж үүссэнийг, өдөр тутмын амьдралд нь хэрхэн нөлөөлж байгааг ойлгож, тэр шархаа эдгээсэн цагтаа л эрүүл эд баялгийг бүтээж эхэлдэг. Хүн мөнгөний шархаа эдгээхэд санхүүгийн байдал нь шууд илт өөрчлөгдөж, сайжирдаг. 

Багадаа авсан нэг сэтгэлийн шарх санаанд ороод, үүнийг уншсан чинь.  "Монгол улсын их сургуулийн Олон улсын харилцаа"-ны сургуульд тэнцэв ээ. Тухайн үедээ гэр бүл, хамаатнуудын дунд энэ үйл явдал гэрэл цацруулсан юм. Учир нь "харилцаанд" орно гэдэг чинь нэг бол их толгойтой, нэг бол мөнгөтэй хүн ордог гэдгээрээ алдартай байсан юм. Тэгсэн нэг хамаатан минь баяр хүргээд мөнгө бэлэглэв ээ. Тухайн үедээ бол их мөнгө байсан. Хүүхэд байсан би ч баярлаад л хоёр гардан тосож авсан. Дараахан нь өнөөх хамаатантайгаа жаахан түр тар хийв ээ. Тэгсэн чинь хөөрхий ижий аав 2-т минь агсам тавиад, би танай хүүхдэд их мөнгө өгсөн гэж мэгээд. Тэр сонссон үг, ижий аавыг минь дайрсан үг, одоо ч сэтгэлд минь хадаастай. 

Үүнээс үүдэлтэйгээр заримдаа хүн мөнгө өгөхөөр авмааргүй санагддаг, энэ хүн дараа нь мөнгө өгсөн гээд агсам тавиад унах вий гэж айдаг болчихсон. Ялангуяа ойрын төрлийн хүмүүсээс аль болох мөнгө авахгүй байхыг хичээдэг болчихсон. 

Өөрөө хүнд мөнгө өгөхдөө бас иймэрхүү дээрэнгүй байдал гаргахгүй юм шүү гэж боддог юм. Мөнгө биш аяга угаагчаа л нэхэж бэлэглэх юм шүү гэж боддог доо. Хи хи. 

Японд "Үнэгүйгээс илүү үнэтэй юм үгүй" гэдэг үг бий. Ёстой нэг үнэн үг санагддаг. Үнэгүй олдсон юм заримдаа энэ мэт олон жил сэтгэлийн хямралд оруулдаг байх нь гэж ухаарсан юм даа. 

Энэ сэтгэлийн шархаа би хэрхэн эдгээхээ мэдэхгүй, ямартай ч ингэж бичсэнээрээ, уудласнаараа бага хэмжээгээр эдгэж магад л юм. 

Өөр олон сайхан зүйл бичээстэй байсан. Үрэлжлүүлж бичих эсэхийг мэдэхгүй л байна. 

Түр баяртай. Ирэх ондоо жаргалтай мөнгөө улам бүр нэмэгдүүлцгээе. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿