2024年1月10日水曜日

Ажлын өдрийн баяр хөөр

Эндхийн цагаан ногоон сар гэж хэд хоног амраад. Дунд нь пүрэв, баасанд ажиллаад дахин 3 хоног дарааллан амраад. 

Яасан? Баахан ном уншина гэж төлөвлөсөн хүн, байдаггүй ээ. Гал тогоог эзэгнэнхэн төрөөд л амралтын өдрүүдийг өнгөрөөх шив дээ. 

Үгүй яахав чамлахаар чанга атга, Күсамакүра номоо дуусгаад, 1 сард ярилцах нэг номоо эхэлсэн. Зузаан талдаа, Нобелийн шагналт зохиолчийн ном. Төвлөрч уншихгүй бол гэж бодоод л сууж байна. 

Ажил эхлээд, миний бүр нэг нар гарч байна. Учир нь би цайныхаа цагийг ном уншихдаа ашиглана. Ганцаараа, тэрийг ч амжуулчих юмсан, энийг ч амжуулчих юмсан гэж анхаарал сарнихгүй. Гоё. 

Гадаа хүйтэн, цастай, бороотой бол бүр амар. Гадагшаа гарахгүй, 2 давхарт байдаг нэгэн байгууллагын уншлагын танхимд номоо уншаад суучихна. Аяга халуун борголоор дайлдаг юм. Ундаа ч ууж болно, би л ууддаггүй болохоос. 

Одоо 2 сар гартал илүү амралтын өдөр байхгүй. Бүр хагас бүтэн сайны өдрүүдэд нь би онлайнаар номын дуу сонсохоор бүртгүүлчихсэн. Ойрд номын дуу сонссонгүй, сонсголоо сайжруулахгүй бол. Ккк.

Мөн мэдлэгээ тэлэхгүй бол, хоцроод байгаа юм шиг мэдрэмж төрөөд, эргэн тойрноосоо. Хэ хэ.  

Гэснээс би энэ жил тэмдэглэлийн дэвтэр авч амжаагүй л байна. Өмнөх жилүүдэд 3 жилээр нь гаргачихсан дэвтэр аваад, эхний жил нь маш идэвхитэй хөтлөөд, 2 дахь жил нь алдаг оног, 3 дахь жил нь бүр огт хөтлөөгүй. 

Тэгж бодохоор тэмдэглэлийн дэвтэр авах эсэхдээ эргэлзээд. Ухаалаг утсан дээрх зургаа хараад, нүүр ном, инстагийнхаа зургийг хараад болсон үйл явдлуудаа санаад байгаа. Хо хо. 

Болох үйл явдлуудаа бас толгой дотроо саначихаад л, гэрийн бусад гишүүдийнхийг нийтийн том хуанли дээр бичээд гэх мэт. 

Мөн ойрд орж гарах томилолт энэ тэр ч байхгүй болоод ч тэр үү? Нэг л онгод бууж ирэхгүй л байна шүү. 

Тэгэхэд цаана чинь бүсгүйчүүд маш гоёмсог дэвтэр гаргаад, хөтлөөд байдаг. 

2024 оныхоо зорилт, зорилго, мөрөөдөл, ажил хэргээ тэмдэглээд, алсын хараагаа мөн тодорхойлчихсон байх юм. Сүрхийг нь гайхахаас өөр юм алга дөө.  

Би ч гөлийчихсөн юм уу хаашай юм. Ер тийм эрч хүч, зорилго мөрөөдөл байдаггүй ээ. Ямартай ч зулзагуудаа аятайхан хүмүүжүүлээд, нөхрөө өөрийн хэмжээнд халамжлаад, жилдээ дор хаяж 12 номоо уншаад явахад болох ч юм шиг. 

Олчихлоо, энэ жил өрөөстэй номнуудаа ихэнхийг нь уншина гэдэг л том зорилт тавия даа. 

Бүгдэд нь амжилт хүсээд түр баяртай. 

0 件のコメント:

コメントを投稿