2024年3月31日日曜日

Оройн зоог

Монголоос ирсэн 2 бүсгүйтэй хамт хооллосон гэсэн дээ. Тэр үеэр дарсан ганц нэг зургаа оруулах гээд л. Сонин содон байж магад гээд л...

Далайн хавчны мисо дүрлэг. Үүнийг ингэж халааж байгаад бусад далайн бүтээгдэхүүнээ шарж байгаад дүрж иднэ. Дажгүй амттай, би бол дасчихсан тул амттай байна өө гээд иднэ. 

Энэ халаагаад, нэг пор хийлгэчихсэн байгаа нь. 

Хаяаа. Би дуртай. Гуриланд ороогоод шарчихсан нь бүр ч илүү амттай. Хажуугийнх нь зөөлөн биет. Сам хорхой. 

Ингээд л шарж иднэ дээ. Сам хорхой сүүлд нь тэр хальснаас нь гаргаж идэхэд жаахан төвөгтэй. Түүнээс амт гайгүй. Гэхдээ ихэвчлэн цуу, дүрлэгнийх нь амт л амттагддаг дөө. Хэ хэ. 

Зөөлөн биет. Зажлууртай, дажгүй. Бас л амтлагчаар амтлаад, цуу гэх мэтэд дүрээд иддэг. 

За тэгээд хальт орчуулга хийхэд бол нэг их амтлаад, тамшаалаад идэхгүй ээ. Осолдохгүй л ам руугаа нэг юм хийнэ. Тэгээд хажуугийн хүн ярина, гялс залгина. Бараг зажлахгүй. Ха ха. 

Бүр албан ёсны орчуулганд бол орчуулагч нь хоол идэхгүй. Томчуудын ард сууж байгаад орчуулна. Сүүлд хөнгөхөн юм олж иднэ. Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年3月30日土曜日

Нутгийн идээ

Зээ, энэ японд нутаг бүр өөрсдийн гэсэн бүтээгдэхүүнтэй. Түүнийгээ нэр ус өгөөд, бренджүүлчихнэ. Заримдаа төвөгтэй, яагаад гэхээр үнэ нь хаданд гарчихна. Хэ хэ. Хаданд гарах ч гэж дээ, адилхан амттай, ижил нэрийн бүтээгдэхүүнээс үнэ нь бага зэрэг нэмэгдэнэ.

Миний суугуул нутгийн нутаг дэвсгэрт малладаг үнээний сүүгээр хийсэн хатаасан талх. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр. Зайрмаг нь хачин сайхан амттай. Сүү нь ч гоё. Тараг бас бий. 

"Цагаан сарнай" гэдэг нэртэй хоршоолол. Бүтээгдэхүүнээсээ Тайвань улс руу гаргана.

Дотроо ийм 5 ууттай. Нэг ийм жижиг уутандаа 2 ширхэгтэй. Энэ удаагийнх кофены амттай.

Сүү сүүн бүтээгдэхүүн гэхээр дан ганц цагаан идээ гэлгүй, иймэрхүү зүйлс ч хийдэг. Санаа авууштай...


Ийм хэлбэртэй. Бага зулзага дажгүй идчихнэ лээ. Кофены амттай гэсэн чинь тоохгүй байна лээ.

Бидэнд хүн бэлэглэсэн юм. Түүнээс ч нутгийнхаа иймэрхүү бүтээгдэхүүнээс барагтаа авахгүй, өдөр тутамдаа бол. Хаа нэгтээ ийш тийшээ өөр нутгаар аялахдаа бэлэг болгон худалдаж авдаг юм, хүмүүс. 

Дэргэд нь байж нутгаа сайн мэддэггүйтэй адил юм даа. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Бага хаваршаарай.

2024年3月29日金曜日

Амттан

Зулзага хийсэн. хийх болсон шалтгаан гэхээр яагаав өнөөх хайрын өдөр буюу миний хэлж буйгаар бол Шармаанийн өдрөөр амттан авчихсан хүн чинь эргэн хариуг нь барьж амттан бэлэглэх болоод. 

Өөрөө хийж өгнө гэсэн. Материалаа бага багаар цуглуулсан. Завгүй хүн чинь хааяа нэг ээжтэйгээ орж гарахдаа худалдаж авна. Би яг юу авах гээд, яг юу хийх гээд байгааг нь сайн ойлгоогүй л явсан. 

Зав нь болдоггүй, дээрээс нь ядраад гэдэг шалтгаанаар их л олон өдөр энэ амттанаа хийсэн. Би ч суулдээ уурлаад, эхнээсээ муудлаа, айлын хүүхдийн гэдэс гүзээ өвтгөчихөв бла бла.
Ээждаа бас хийж өгнө гээд л байсан. Ээж дотроо надад хэрэггүй ээ, би амттангаа хасах гэж ядаж байна гэж хэлээстэй. Гаднаа бол "за". 

Хийж ядаад байх юмгүй. Бэлэн зүйлс худалдаж аваад л, хэрчиж, шахаж чимэглээд д болчихсон. Одоо ч амар болжээ, дуртай зүйлсээ цахим хуудсуудаас харж байгаад л хийчихнэ. 

Энэ хуванцар саваа бас худалдаж авна. Надад бол илүү зардал санагдсан. Ирэх жил ингэж хийлгүй бэлэн юм авч өгөөрэй л гэлээ, тэвчихгүй. Ха ха. 

Ирэх жил угаасаа ингэж өгч авалцахгүй гэсэн. Ашгүй. Дэмий ажил ихтэй, мөнгөнд ч гарлагатай. 

Үгүй яахав, бүр анхнаас нь бүхэл үрийн гурил ч юм уу? Овъёос ч юм уу? Сахар хэрэглэлгүй хийвэл бас өөр. Крем харахаар шууд өөх болж харагдаад байгаа. Ха ха. Бүгд очоод миний гуалиг гэдсэнд очоод наалдчих юм шиг санагдаад...

Гадил жимс, гүзээлзгэнээ дангаар нь л идчих юмыг тийм ээ? Хэ хэ. Уг нь хэлээд, үглээд л байна, ойлгож хүлээж авахгүй байна. Яалтай...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年3月28日木曜日

Хайран ааруул

2 сард нэгэн таньдаг хүн Токиод ажлаар ирээд, хань ижилд захих юм байна уу? гэхээр нь надад хэлэлгүй ааруул захьжээ. 

Тэгж захьсаныхаа дараагаар надад хэлээд, миний аман дээр яг ном гэж гарах гэж байсан чинь мань хүн өөдөөс ном захихгүй шүү гэж байна. Тэгвэл ааруул захьдаа л гэлээ. Аль хэдийн захьчихсан гэж байна шүү. 

3 сар гарлаа. Ааруул ирдэггүй ээ. Ядаж байхад нэг хэсэг ааруул үнэд ороод гээд монголд шуугьсан даа. Тэр тухай зураг хөрөг харах болгонд л удахгүй би ааруул идэх юм чинь гэж бодогдоод. Ккк.

Бүр тэсэхээ байгаад хань ижилдээ сануулав. Ирсэн хүн буцсан аль хэдийн. Явуулчихаарай гэж үлдээсэн хүн лүүгээ утасдаж асуугаад, сануулаад шуудангаар авахаар боллоо. 

Тэгсж сануулсны дараагаар бас 7 хоног шахуу хүлээнэ. Шуудан хүлээх гоё. Нэг тийм догдлол төрөөд, байн байн шуудангаа шалгаад байдаг өөрийн эрхгүй. 

Хүсэн хүлээсэн шуудан ирлээ. Эзгүй байсан тул, үлдээсэн утсаар нь залгаад дахин хүргүүллээ. 

Задаллаа. Гүн шок...

20 сайхан шарыг минь 2-хон хулгана идчихлээ гэдэг шиг л юм болов. Ийм сайхан ааруулыг минь яаж байна аа, тийм үү? 

Хөлдөөгчинд хийчихгүй дээ, ийм болсныг нь мэдсээр байж шуудандаж л байдаг гэх мэтээр бодоод, гомдол төрөөд л байлаа. Зургийг нь дараад шууд хань ижилд явууллаа. 

Хажууд нь өөрсдөө хийсэн бололтой арай өөр ааруулыг тусдаа уутанд хийсэн байсан. Тэд нь арай гайгүй. 

Гэхдээ хамгийн дуртай, хамгийн үнэтэй ааруулыг нь ийм болгочихсон байсан. 

Тэгээд л бодлоо, сэтгэл дутчихлаа даа гэж. Бид хоёр бол хүмүүст ирсэн шууданг нь дамжуулж өгөхөөсөө өмнө шууд л хөлдөөгч, нэг бол хөргөгчиндөө хийчихдэг. Хүнсний зүйл биш байсан ч хамаагүй хийчих гээд байдаг. Ха ха. 

Заримдаа хүнд дамжуулаад өгөөрэй гэсэн шуудан нь битүү багласан байдаг тул, зөвшөөрөлгүй задалж болохгүй тул тэр чигт нь хөргөгчиндөө хийдэг. 

Тэгэхгүй бол дулаан чийглэг энэ улсад чинь юм их амархан мууддаг. Үүнийг овоо хэдэн жил болчихсон улс уг нь мэдэж л баймаар гэж бодоод л...

Хэсэг хугацааны дараа гомдоллохоо больсон больсон. Алба ч биш дээ, хүнд төвөг удчихлаа даа гэж бодов, эсрэгээрээ. Гэхдээ л хаа хаанаа хайран мөнгө зарлагадчихлаа тийм үү? 

Хань ижлийг ажлаасаа ирэхэд нь амыг нь асуусан, яадаг юм. "Ном захьсан бол хичнээн удсан ч ингэж муудахгүй л байсан даа" гэж. Инээж байна лээ, мань хүн. Үнэн юм чинь. Дараа хашраад ном захих байгаа? Хи хи.

Түр баяртай, та нар минь жаахан л сэтгэл гаргачихаж байгаарай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年3月27日水曜日

Дулаардаггүй ээ

Дулаардаггүй ээ, цаанаа нэг зэврүүн, сэрүүн салхитай, бороотой. Энэ борооноос үнэхээр залхаж байна шүү. 

Удахгүй сакүра цэцэглэх гээд л, япон хүмүүс нь өөрсдөө хүлээж дийлэхгүй, нүцгэн шахуу модныхоо доор сууж баясаад байна гэсэн шүү. Мэдээгээр гарсан.

Миний ойрын сонин сайхан гэвэл монголоос ирсэн 2 бүсгүйд нэг орой оройн зоогийнх нь үеэр орчуулга хийсэн. Суртэй орчуулга биш л дээ, япон монгол талууд хоорондоо танилцах арга хэмжээ. 

Япончууд нь монголдоо бэлэг өгсөн. Монголчууд нь бэлэггүй байлаа. Бараг анх удаагийн тохиолдол, бага зэрэг гайхав. Сумдаас ирсэн. Аймгийнхан нь хэлээд, сануулаад өгөхөд яадаг байна аа гэж бодов. 

Хойшид анхаарна биз дээ? Бэлэгнийхээ том жижиг, үнэтэй зэрэгтээ огт биш, дипломат зан л даа. Нэг шил архи байхад л болох юм. Дараа ууцгаагаарай ч гэдэг юм уу, хэ хэ.

Гэснээс галт тэрэгний буудалтай ойрхон, үе үе монголчууд ирэхээрээ буудалладаг зочид буудлаар хальт оров. Үүдний хэсэг нь өөрчлөгджээ. Аятайхан ч болчихсон юм шиг. Жижигхэн зай багатай л даа. Гэхдээ л таалагдсан. 

Ийм том ширээтэй болж. Хүмүүсээ гарч ирэхийг хүлээнгээ номоо дэлгэнэ гэж бодсон шууд л. Би чинь ширээ харахаар л номоо дэлгээд суумаар болдог хачин ааштай шүү. Хо хо.

Гэртээ аваачаад тавьчихмаар гоё ширээнүүд байна уу? Хэ эх. 

Энэ зочид буудлын өглөөний хоол нь их дажгүй гэнэ шүү. Дараа зөвхөн өглөөний хоол идэхээр очиж үзмээр санагдсан. Зарим буудал, өглөөдөө гадны хүн мөнгөө төлөөд орж хооллож болдог газар байдаг юм. 

Жуулчны улиралын үеэр ачаалал ихтэй бол зөвхөн буудалласан хүмүүстээ л үйлчлээнэ. 

Япончууд нь өөрсдөө тэгж магтаад байсан. Эд нар чинь хаа газар явахдаа хоолонд их ач холбогдол өгдөг улс.

Дараа хоолныхоо зургийг оруулна аа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年3月21日木曜日

Аварга мод

Энэ сарын ном яруу найрагч кохиолч М.Уянсүхийн "Аварга мод". 

Нэг хэсэг тувт орчуулгын ном уншсаныг ч хэлэх үү? Монгол зохиолчийнхоо, монгол ахуйг өгүүлдэг ном уншсан чинь цаанаа л нэг сэтгэлд өег. 

Нэр ус, газар нутгийн оноосон нэрнээс авахуулаад л "тансаг" мэдрэмж. Тэр нь элдэв газар усны нэрийг тогтоочих юмсан гэж хүчлэхгүй тул ядрахгүй, зүгээр л мэдэрч унших тансаглал.  

Мөн монгол ижий, монгол зан үйл, миний ч тэр бүр мэдэхгүй нутгийн заншил, эх хэлний минь өвөрмөц хэлц, үг хэллэг ихээр гардаг нь мөн л нэгэн төрлийн тансаглал. 

Гадаад орон луу тэмүүлж, гадаад ертөнцтэй л танилцах, мэдэх гэж зорьдог болчихсон өнөө цагт эргээд эх орныхоо тухай, уламжлалынхаа тухай унших нь зайлшгүй байх ёстой зүйлийн нэг гэж боддог болжээ. 

Жаахан байхдаа, залуухан байхдаа нэг их тоодоггүй байж. Гадаадад удаан амьдрахаар бас л монгол ахуйгаараа цангах тохиолдол гарна. Зарим нэг зан үйл нь хэтэрхий туйлширдагт ч бухимдана. 

 За тэгээд амьдралд их ойр сэдэв болох "архичин" хүний бодролыг өгүүлнэ. Архинд донтох, шартах, ойр хавийнхан нь хэрхэн хүлээж авах, тэдний бодол гээд л, миний хувьд ч амьдралтай сэдэв. Хэ хэ. 

Ихэнх айл болгонд, хамаатан саданд "балгачихдаг" нөхдүүд бий. Тэднийг бид аз үзнэ, жийрхэнэ, зэвүүцнэ, дөлнө. 

Өөрт минь нэг сайхан дурсамж байдаг. Энд ирснийхээ хэдэн жилийн дараа ажлаар монголд явж байхдаа нэгэн авга ахтайгаа таарлаа. Зочид буудлын гадаа. Авга минь ажлаа хийж явсан, би ч мөн адил. 

Хөөрхий минь үе үе балгадгаараа бас хамаатнууддаа алдартай. Би нэг их юм бодолгүй, буудлынхаа өрөөний хөргөгчнөөс тэнд байсан шар айрагнуудыг нь, нэг давхрын баарнаас нэг шил юм худалдаж аваад, авч ирсэн япон тамхинаасаа нэгийг, ганц бохьтой гээд л өгсөн юм. 

Дараахан нь аавд минь маш их баярласан, хөөрсөн хүн "дүүгээрээ их бахархсан, мөн баярласан, тор дүүрэн бэлэг өгсөн шүү дээ надад" гэж жаахан халамцахаараа л байнга ярьдаг байсан гэнэ билээ. Хөөрхий минь нэг удаагүй, тэнгэрт заларсан даа. 

Энэ явдлаас хойш энд тэнд жаахан уудаг ч байсан хамаагүй хамаатан садан, танилтайгаа таарвал дуртай ганц юмыг нь аваад өгчихөж байх юм шүү гэж боддог болсон доо. 

Хэр удаан амьдраа билээ? Би дахин хэзээ тэдэнтэйгээ таараа билээ? гэж боддог болсон доо...

Түүнээс би чинь бас л архи гэхээр үстэй толгой арзайдаг үе байсан байсан. Одоо өөрөө улаан дарс "гөвчихдөг" болсон тул толгойтой үс арзайх нь эрс багассан. Ха ха. 

Уншиж дуусгаад дахин сэтгэгдэл бичиж магад л юм. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年3月19日火曜日

Анги дэвших бэлтгэл

3 сар талдаа оров. Удахгүй хаврын амралт, шилжилт хөдөлгөөн. 

Өнгөрдөг баасанд олон олон бага сургуулийн төгсөлтийн арга хэмжээ болсон. Гадуур хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Энэ жил харьцангүй тайван байгаа гэр бүлийн маань хувьд өөрсдийн хэмжээнд анги дэвшихдээ бэлдэцгээж л байна. 

Бага зулзага жилийн хугацаанд ангидаа хийсэн бүтээлээ авчирсан. "Дурсамж" гэж бичээстэй уутанд хийж авчирна. 

Нэг нэгээр нь гаргаж ирж гэрийнхэндээ харуулна. Ээж бүр алга ташиж, гоё хийж, чадварлаг зурж гэж магтана. Хамар нь сархайгаад онгирно, өнөөх минь.

Энэ эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд хийж наасан нь 3 сарын эхээр болдог охидын баяраар хийсэн бүтээл.

Энэ урлагийн үзлэгээрээ чоно болохдоо өмссөн баг. Гэм нь явцын дунд уйлаад, чонынхоо дүрийг хагас дутуу гүйцэтгэсэн. Түүнийгээ цухас дурдаад авна лээ. Ирэх жил үзүүлээд өгөх юм гэсэн.
"Сар харах" өдөрт зориулж хийсэн. Намар 9 сард болдог. УРгац арвин байхыг бэлгэдсэн уламжлал. Саран дээр туулай байдаг гэж үздэг. Тэрхүү доигийн туулай нь мочи буюу цагаан будааны бөмбөлөг иддэг гэгддэг. 
7 сард урласан болов уу? гэж таасан. Наранцэцэг хэзээ дэлбээлдэг билээ? Хэ хэ. Хайчилж бэлдсэн дүрсийг эвлүүлж наасан байх. Түүнээс арай ч ийм чадварлаг хайчлахгүй байх аа. Хи хи.

Дун хорхой. Бас л хөөрөхн сэтгэсэн байгаа биз? Зураг дарахдаа өнцгийг нь олоогүй байна тийм лүү? Толгой нь тэр урт гонзгой нь шүү. Ха ха. Нэр бичээстэй байсан тул аминдаа нэрийг нь нууцалж элдэв наалт наасан бөлгөө. Хо хо. 

За маамаатай айлуудад ч уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Түр баяртай.

2024年3月18日月曜日

3 сарын 14

Эл өдөр "Шармаанийн өдөр-өөр авсан бэлэгнийхээ хариуг барьдаг өдөр. 2 сарын 14-нд амттан, бэлэг авсан бол өгсөн хүндээ буцааж бэлэг өгнө гэсэн үг. 

Бизнесийн ухаан гэж бас л айхтар байгаа юм шүү. Энэ хоёр өдөр япон улсад амттан маш ихээр зарагддаг байх. Яг тоо хэлж мэдэхгүй байна л даа. Мэдээж судалгаа байдаг л биз?

Би ажлынхаа газрын хүнээс авсан чёкогоо гэртээ авчирч тараагаад, оронд нь нэхсээр байгаад амттан авахуулаад идсэн. Сэргэлэн толгой шүү. Хэ хэ.

Угтаа идмээргүй байсан л даа. Зулзагууд л аав орой ирэхдээ гоё амттантай ирэх болов уу? гэж асуугаад байхаар нь сэмхэн утасдаад захив.

Эхний зурагт харагдаж байгаа ягаан цаасыг задлахаар ийм хайрцаг гарч ирнэ. Энэ их дажгүй амттай чёко. Баярын үер хоорондоо нэлээд өгч авалцдаг. Годива нэрт чёко нэлээд үнэтэйдээ ордог тул үнийн хувьд боломжтой гэдэг утгаараа ч гүйлгээ сайтай байдаг байх.

Потроо ийм 12 ширхэгтэй, 4-лээ гурав гурвыг идсэн. Би голцуу харыг нь шилж иднэ. Зулзагууд сүүтэйгээс нь сонгож иднэ. Үлдсэнийг аав иднэ, хөөрхий минь сонгох эрх байхгүй. Хэ хэ. 

Манайхан чёко хийдэг болоод байгаа ч сайжруулах хэрэгтэй санагддаг тул ингэж зураг оруулдаг шүү. Амт, хэлбэр гээд л хэн нэгэн нь санаа аваад, өөрийн бизнестээ ашиглаг гэж их өгөөмөр загнадаг шүү, би. Ха ха. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年3月15日金曜日

Тоглоом

Бага зулзага инээд хүргээд байна. 

Суугуул нутагт минь хоёр хөөрхөн охид ээж аавыгаа дагаад ирсэн байгаа юм. 

Гэрт минь эгч нараас үлдсэн эмэгтэйлэг зүйл үлдэж үү? гэж хайдаг болчихсон би. Хэ хэ. 

Тэртээ олон жилийн өмнө о.зулзагаа дагуулаад ирж байсан дурсамж сэдрээд. 

Тэгээд л хөөрхөн бяцхан охидод жаахан ч гэсэн тус болчих гээд л...

Бага зулзагаасаа, хөөрхөн ягаан өнгөтэй, чи нэг их тоглодоггүй эмэгтэйлэг тоглоомноосоо илүүчлээрэй гэж би гуйхгүй юу?

Тэгсэн өнөөхийн маань хармын сэтгэл хөдөлчихсөн. Хо хо. Тоглодоггүй тоглоомуудаа гаргаж ирээд, ингэж өрөөд тоглоод эхэлсэн. Энэ яг тэн хагас нь, цаана нь дахиад иймэрхүү хэмжээний тоглоомууд байна. 

Энэ хармын сэтгэлд бас нэг нөлөөлсөн зүйл гэвэл, би нэг их тоглоод байдаггүй мөртлөө хаячихаж бас боломгүй тоглоомуудаас нь монгол явуулчихдаг юм. Тэгээд өнгөрдөг зун эмээ өвөө дээрээ очсон чинь мэддэг тоглоомууд нь, тоглож байсан мөртлөө гэнэт алга болчихсон тоглоомууд нь явж байна гэнэ шүү. Ха ха. 

Бараг л эмээ өвөөгөө "хулгайч аа, хулгайч аа" гэх нь холгүй л юм болсон. Яагаав, "Гарын таван хуруу" кинонд Шагдар хүүхдийнхээ тоглоомыг сүүлд суух гэж буй хүүхнийхээ охинд өгчихсөн байхыг хүү нь хараад "хулгайч аа, хулгайч аа" гэж орилдог доо. 

Угтаа би зөвшөөрөл авдаг юм. Хүүхэд л болсон хойно өгснөө мартчихдаг бололтой шүү. Эгч нар ч яахав, хөөх энэ нээрээ дурсгалтай тоглоом байна тийм ээ, гэж бага насаа дурссан шиг л байх шиг байсан. 

Ижий аав минь зарим нэг тоглоомуудыг нь хадгалж байгаад, ач нар нь, бусад жаахан маамаанууд ирэхээр гаргаж ирж тоглуулдаг тул, бас бус тоглоомууд гэрт нь байдаг юм. Хэ хэ. 

Хармын сэтгэл гэснээс манайд харамч удам байдаг гэсэн. Ха ха. Гэхдээ би өгсөн нь их байдаг шүү, одооны өндөрлөгөөс харахад. Ха ха. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年3月14日木曜日

Баярын зоог

Бусад гэрийн эзэгтэйн баярын ширээн дээрх зоогийн зургийг хараад өөрөөсөө ичнэ ээ. Гэсэн ч залхуу зан минь дийлээд гоё ширээ барагтай засахгүй ээ. Хэ хэ. 

Мөн ширээн дээр минь уншиж буй номнууд минь явж байдаг болохоор, хоол моол, ширээ мирээ гэхээр ном л нүдэнд тусаад, залхуу хүрчихдэг. Хи хи.

Эрхээ хамгаалах өдрөө хань ижлээрээ хийлгэсэн хоол. Хажууд нь би өөрөө жаахан ногоо хуурч тавьсан. Өөхтэй шарсан хавирга. Амт бол тансаг. Нэг их өөх иддэггүй ч жилдээ ганц удаа энэ хоолны өөхийг бол амтархан иддэг. 

Бага зулзага хүртэл нэхэж ирээд идээд байсан. Монголд иддэг шиг өөхтэй мах тэр бүр иддэггүй тул энэ өдрийн энэ өөхийг бол хорихгүй ээ, би.

Тахианы мах. Эрхээ хамгаалах өдрийнхөө шинийн 2-нд гадуур гарч жаал зугаалаад, дараагаар нь дайлуулсан. 

Тахианы мах. Аминдаа урд өдөр нь өөхтэй мах идсэн хүн чинь бага зэрэг илчлэг багатай хоол идчих санаатай. Хажуугаар нь зөндөө салат идсэн. 

Өө тийм, халбага улаан дарс уухаа бас мартахгүй ээ, цаадах чинь. 

Бэлэг бол аваагүй ээ, санхүүгээ баздаг хүн чинь тэгж байгаад өөртөө нэг юм авчих байх өө. Хи хи. 

Мөн энэ өдөр бялуу иддэггүй. Учир нь ойрхон 2 ч төрсөн өдөр тохиодог тул. Дээрээс нь гадаадад буй минь нөлөөлдөг. Байнга иддэг хоолноосоо арай өөр төрлийн хоол хийж идээд л болчихдог. Хэмнэлттэй байгаа биз?

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年3月12日火曜日

Том даваа

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ээжийгээ амраасан зулзагын минь төрсөн өдөр болсон. Ангидаа хамгийн сүүлд төрсөн өдөр нь болдог зулзагын хувьд их удаан хүлээсэн өдөр нь. 

Сарын өмнө бялуугаа захиалсан. Сүши буюу түүхий загасны газар орж хооллоно гэж захиалга өгсөн, ээж аавдаа. 

Түүхий загас идэхгүй л дээ. Өөр болсон мах, гоймон гэх мэт хоол л иднэ. Эгч нар бол харин дуртай, сайн иднэ. Гэртээ тэр бүр загас шарахгүй тул гадуур хооллохдоо загас идэх сонирхолтой надад бол азны коля. 

Сайндаа ч биш ээ, тодорхой таваг загас идэхээр нэг бөөрөнхий савтай тоглоом таарах магадлалтай байдаг юм. Тэрэнд нь л болдог, мань хүн. Хо хо. 

Гэрийн том жижиг залуус сарын өмнө захиалсан бялуу нь. Дээд талын кремийг нь идэх хүн олддоггүй. Харин бялуу нь өөрөө зайрмаг тул, амтархан идсэн. Ирэх жил ээж өөрөө эртхэн захиалаад, эртнээс хэлж ойлгуулаад, крем багатайг захиалах юм шүү. 

Энэ 4 сараас анги дэвшинэ. Ирэх жилийн 4 сард бага сургуульд орно. Маш хурдан, бүр маш хурдан цаг хугацаа өнгөрч байна. Тэр хэмжээгээр ээж ч бас нас явж байна. Хо хо. 

Сургуульд ороход нь сэмбийгээд, сэмбэгэр ээж байх юмсан даа гэж бодсон шиг л...

Бэлгэнд 2 шинэ гутал. Хямдарсан байхаар нь зориг гаргаад авлаа. Угаасаа гутал нь багадаад солих шаардлагатай байсан. Далимдуулаад л авч өгөхөө ээж мэднэ. Мөн зулзагын минь хувьд нагац эгч нь дуртай юмыг нь авч өгөөрэй гэж мөнгө өгсөн юм. Түүгээр нь гутал авч өгсөн. Хи хи. 

Ээж аавын бэлэг дугуй. Одоогоор хөлөөрөө жийж мэдэхгүй байх юм. Сонин. Эгчийг нь гуйлаа. Дүүдээ дугуй унахыг зааж өгөөөрэй, шагналтай шүү.

О.зулзага бас дүүдээ зааж өгч байсан юм. Ээж заагаад, сүүлдээ уур хүрээд загнаад... Эгчид нь за та хоёр дугуй унаад сурчихбал зайрмаг авч өгнө гэж хэлээд, 30 минут болоогүй унаад сурчихлаа гэсээр орж ирсэн юм даг. 

Аав тэр аргыг хэрэглэж үзэх гээд, ээжийн аргыг. Ха ха. Гэхдээ шагнал нь аймар их мөнгө амлаж байдаг шүү. Дуугай байсангүй, зайрмаг л амлаач, юун их мөнгө вэ? О.эгч нь дуулбал уурлана шүү дээ, бла бла...

Энэ эрчүүдийн том амлалт, пээдгэр амлалтыг яаж дарах уу?  Дунд зулзага нэлээд мөнгөний сонирхолтой байна, ойрд. Энэ нөхрийн тухай дараа бичимз...

Одоогоор дугуйгаа унаж сураагүй байна, бага зэрэг дулаараад, эгчийн зав зай л мэдэх байх даа. 

Бялуугаа идэж дуусаад л шууд, дараа жилийн төрсөн өдрийн яриа гарснаар төрсөн өдөр өндөрлөв. 

Бас нэг сонирхолтой яриа өрнөсөн нь дунд зулзага 

-Дугуй хэдэн төгрөг болсон бэ? 

-Дүүгийх нь өөрийх нь хадгалсан мөнгөөр авч байгаа юм. Түүнээс ээж аавын мөнгө биш.  

-Битгий худлаа яриад байгаарай, би яг тийм хэмжээний мөнгө бэлгэнд авна шүү. 

-Олон юм битгий яриад бай, төрсөн өдрийн лимит тэд.

-Үгүй шүү, олон юм ярина шүү.

-...?

Одооны энэ хүүхдүүдийн санаа, хэл амыг би гүйцэхээ байж байна шүү. Миний о.зулзага л даруухан байж, 2 дүүгээ бодвол гэсэн шүү юм бодоод л сууж байна. Ха ха.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年3月9日土曜日

Бясалгал

Энэ тухай үе үе уншчихаад л байна. Нэг хэсэг Тич Нат Ханы номыг уншаад, бясалгал их зүгээр юм байна даа, ямартай ч хааяа санахаараа уртаар амьсгалчихаж байя гэж боддог болоод, хэрэгжүүлнэ. 

Голцуу л мартчихсан явна. Жаахан бухимдахаараа бүр санан санан уртаа гэгч нь амьсгаагаа аваад, удаанаар гаргадаг болсон. Бухимдана аа би чинь, блогийнхоо агуулга шигээ байнга ном уншаад л, зулзагуудтайгаа тоглоод гүйнэ гэж байхгүй. Хэ хэ. 

Энэ удаад бясалгалын талаар монгол хэлээр олж уншив. Зохиолч нь япон хүн юм байна. Сүүлийн үед япон хүний ном бүтээл их орчуулагддаг болж тийм ээ? Заримыг нь би энд удаж байж анх удаагаа сонсож буй нэр ус ч харагдана. 

Алхалтын тухай номыг нь монголд нэг хүн уншаад байна, гээд л ярих болгондоо хэлээд байгаа. Японоор унших бодолтой. Уншмаар ном ч их байна даа...

Тэгсэн энэ удаагийн зохиолч Тич Нат Ханы бясалгах аргыг ерөнхийд нь үгүйсгэсэн байх юм. Бурхан болчихсон шүү дээ, хөөрхий 90 хэдэн насандаа. Зурагнаас нь харахад их амгалан дүр төрхтэй хүн байсан. 

Номыг бичсэн зохиолч маань ч тэнгэрт заларсан байна. Залуухнаараа явчихаж. 66 насандаа. Өнгөрдөг жилийн 3 сард. Жил болох гэж байна. 

Их олон бясалгалын арга байдаг гэнэ. Зүгээр л нүдээ аниад суух биш гэж байна шүү, хэхэ. Сүүлийн үед бясалгалын ачаар хүмүүс маш их сайн яваа, амжилтанд хүрсэн гэж сонсож буй тул яг ямар аргых нь бясалгалыг хийгээд байна гэж судлана аа. Би ч гэсэн амжилтанд хүрмээр байна өө. 

Хамгийн их таалагдсан нь "ном унших нь нэгэн төрлийн бясалгал" гэж бичсэн байна шүү. Мэдээж унших агуулгаасаа хамаарах ч гэсэн гоё урт, зузаан ном унших нь бясалгал болдог гэжээ. Уншаад байдаг хэрэг ээ. 

Нээрээ л гоё ном унших урамтай шүү. Дуусгаад номоо хаасны дараагаар нэг тийм үгээр илэрхийлшгүй мэдрэмж авдаг даа. 

Нэгэн шинэ ойлголт мэдэж авлаа. "Гурван хэмжээст ертөнц". Бидний өнөөгийн амьдарч буй энэ ертөнцийг хэлээд байх шиг байна тийм үү? 

Мөн бясалгана гэдэг чинь дээд төрлийн сүнстэй холбогдох юм байна. Сэтгэлээ бэлдээгүй байхдаа бас хамаагүй бясалгах хэрэггүй юм шиг байна. 

Нэлээд шинэлэг зүйлийг олж уншсан ном байлаа. 

Мөн зохиолчийн их олон ном орчуулагдсан байдаг юм байна шүү. Би анх удаагаа сонсож буй тул хойшид бага зэрэг сонирхоод явна аа. Нэлээд шашинлаг хүн юм байна. Бурханд итгэдэг хүн байна. 

Би чинь ний нуулгүй хэлэхэд сүүлийн үед энэ шашныг жаахан шүүмжлээд байгаа. Ялангуяа манай монголчууд арай хэтрүүлээд байгаа юм шиг санагдаад. Элдэв хэрэгсэл, үйлдэл нь олшроод, туйлшраад байгаа юм шиг санагдаад. 

Түүнээс шашин нь бас хүмүүсийг муу муухай зүйл хийхээс сэргийлж байдаг, угтаа байх ёстой зүйл гэж боддог л доо. Нүгэл болно гэж айгаад муу муухай, бузар зүйл хийхээс зайлсхийдэг хүмүүс ч их, би ч өөрөө далд ухамсартаа бурханд итгээд, нүгэл үйлдчихгүй юмсан гэж хичээдэг. 

За бясалгал хийдэг хүмүүст улам өндөр амжилтыг хүсээд, бясалгаж эхлэх юмсан гэж над шиг мөрөөдөөд явж буй хүмүүстээ гялс эхлээрэй, надаас түрүүлээд эхлээрэй гэж хүсье. Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年3月8日金曜日

Март8-ны мэнд ээ

Баярлах дуртай орны, үндэстний нэг хэлтэрхий юм болохоороо амралт аваад, амарчихлаа. Зад баярлана аа. Хэ хэ. 

Худлаа, худлаа. Бага зулзага уржигдраас бага зэрэг бүлээрээд. 37,4 хавьцаа. Пүрэв гарагийн өглөө бага зэрэг бүлээнтэй байсан ч цэцэрлэг рүү нь утасдаж асууж байгаад 37,5 хүрээгүй юм чинь өгч болно оо, өөрөө сэргэлэн цовоо л байгаа бол гэхээр нь аваачаад өгчихлөө. 

Учир нь ээжид энэ 7 хоногт амжуулах ёстой нэг ажил байсан юм. Тэрийгээ ч амжууллаа. Ашгүй албанаас нь утасдахгүй нь гээд л боргол уусан шиг сууж байтал утас диндон...

Халуун нь нэмэгдээд 37,8 хүрлээ, боломжтой бол ирж аваарай, ажилтай байхад нь утасдаад уучлаарай, төвөг удаад гээд л боловсон гэгч нь хэлж байна аа. 

Ажил тарах дөхсөн байсан ч 1 цагийн чөлөө аваад л явлаа. Нэг л их цоглог хүн угтаж байна шүү. Өдөр хоолоо зүгээр идсэн, уг нь цовоо л байна гэж багш нь хэлсэн. 

Ашгүй гэж бодоод гэртээ харьж ирээд, үзүүлэх үү? Яах уу? гэж бодоод сууж байтал гэнэт толгой өвдөөд гээд уйлав. 

Яаран нэг эмнэлэг рүү залгав. Өөдөөс баахан тайлбар тавиад, уур хүргээд. Ха ха. Таслав. Мэдээж таслахдаа учиргүй уурлахгүй ээ, дараа очих нэр нүүрээ бодно шүү дээ. Гэртэй минь их ойрхон газар. 

Бас нэг хүүхэд н о.зулзагатай нэг анги байсан. Тэр хүү нь эмч болохоор анагаахд сурч байгаа. Зулзагынхаа нэр нүүрийг бас бодно. Хи хи. 

Ажлаасаа гарах гэж байхад ажлын газрын нэг хүүхэн өнөөдөр ийм газар ажиллаж байгаа гэж хэлсэн юм. Тэр газар луу утасдаад очихоор болоод, хөдлөв. 

Учир нь пүрэв гарагийн үдээс өмнө ихэнх жижиг хувийн эмнэлгүүд амардаг юм. Зулзагууд үзүүлдэг хүүхдийн эмнэлэг ч амардаг.  Ажлын газрынхаа хүүхэнд талархав. Дараа заавал талархсанаа хэлэх юм шүү. 

За гайхал зулзага чинь замд машинд бөөлжөөд. Би машинаа жаахан "зэвүүн" жолооддог гэдэг юм. Дотор муухай оргидог гэж охид хэлдэг юм. Тэр нь л болсон байх гэж бодоод. 

Тэр чигт нь бөөлжүүлээд, эмнэлгийн гадаа очоод л цэвэрлэлээ. Ёх, ямар азаар гэрээс гарахдаа хайрцаг сальфетка авч гарсан юм. Мөн цүнхэнд гялгар уут, нойтон сальфетка байж таарсан нь мөн л азтай байлаа. Хэ хэ. 

Машинд ч уг нь байнга л сальфетка явдаг л даа, яг дууссан байсан юм. Санах сэрэх нь орноо гарнаа тул, яг хэрэгтэй үедээ хэрэгтэй зүйлсээ аваад гарсандаа өөртөө олзуурхав. Хо хо. 

За тэгээд хамар луу нь уртаа гэгчийн хөвөн хийгээд шинжилгээ авсан чинь "энэ эмнэлэгт дургүй мэдэв үү?" гэж уйлаад. Ха ха. Хаана ч очсон адилхан шинжилгээ авна шүү үр минь гэж учирлав. 

Яг тэр нэг хэсэгхэн хугацаанд бие нь их л тавгүй байсан бололтой. Эмнэлгийн орон дээр шууд л хэвтээд, хагас унтаастай. 

Ээж тэгэх хооронд номоо дэлгээд уншаад байвал яах уу? Цаг бол алт. Утсаа маажих, ном унших хоёр яг ижил. Аль өөрт ашигтайгаа хийнэ тийм үү? Номоо дэлгэнэ. Тэртэй тэргүй эмнэлэг бас л хүлээлгэдэг газар. 

Шинжилгээний хариу гарлаа. Инфлүэнза буюу халдварт томуу Б. Тав хоног албандаа явж болохгүй, амрах ёстой. 

Ингэж л би баасан буюу мартын 8-нд амрав. Хэ хэ. 

Эмнэлгээс харьж ирээд 3 цаг гаран унтаад, босч ирснээ маш цоглог болчихсон тоглоод байвал яах уу? 

Өнөөдөр ч тоглосоор. Хамт тоглоё гэж шалаад, мөөмдөөд, хэлхэлдээд л сууж байна. 

Ирэх даваа гарагт амрана. Ашгүй дунд нь хагас, бүтэн гээд амралтын өдөр таарсанд бурхандаа талархая даа. Зулзагадаа талархая даа, хагас бүтэн сайныг тааруулж өвдсөнд нь. Хэ хэ. 

Нэгэнт амарсан хүн чинь орой нь зад баярлана аа. Халбага виногоо ууна. Хань ижлийг харьж иртэл юу ч хийхгүй. Идмээр байгаа хоолоо захиалчихсан. 

Гэрээ ч цэвэрлэхгүй, угаасаа би гэр цэвэрлэх ажилд дургүй, ганцаараа ч цэвэрлэдэггүй. Заавал хэн нэгэнтэй хамтдаа цэвэрлэнэ. Хэ хэ. 

Ер нь бол эрхээ эдлээд юу ч хийхгүй. Дуртай зүйлсээ хийнэ. Номоо унших, аяга угаагчаа нэхэх, блогоо бичих, гар утсаараа кино үзэх. Ха ха. 

Зээ нэг иймэрхүү эрхээ хамгаалах өдрөө өнгөрөөж байна. 

Энэ дэлхийн олон олон бүсгүйчүүд наад захын "хүний эрх"-ээ эдлэх боломжтой болоосой, эдлээсэй гэж хүснэм. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年3月7日木曜日

Хүүхдийн хүмүүжил 3

Олон зүйл нуршилгүй бичээд явна аа. Сүүлийн үед миний оршил уртсаад байгаа. Тийм ээ? 

6. Мартчихвал яана аа? Алдчихвал яана аа? Гэх мэтээр бүх зүйлд санаа нь зовчихдог бол хамтдаа төлөвлөх. 

А төлөвлөгөө, В төлөвлөгөө, С төлөвлөгөө гаргах. Мартахгүйн тулд бичиж тэмдэглэх. Үүнийг гэхдээ хүүхдээ нэлээд томрохоор нь хамтдаа хийнэ. 

Хүүхэд бол ирээдүйг урьдчилан харах биш "одоо"-доо амьдарч байдаг. Ирээдүйгээ харж, санаа зовох, төлөвлөх гэдэг чадвар охин хүүхэд бага сургуулийн 5 дугаар ангиасаа, эрэгтэй хүүхэд дунд сургуулийн 2 дугаар ангиасаа бүрэлдэж ирдэг. 

Мэдээж дунд нь дээрх чадвар эрт суух, орой суух хүүхэд ч бий. 

Мөн ээж аав нь хүүхдийнхээ сайн чанарт найдаж, итгэж байвал хүүхэд их дуртай байдаг. Өөртөө итгэлтэй болж, өөрийн сайн талаа улам зүлгэх аргаа олдог. 

7. Ямар нэгэн зүйл хайж байснаа олдохгүй болохоор нь залхаад тэр чигт хаячихдаг хүүхдэд "яагаад хайхаа больчихов оо? Сайн хайгаач ээ" гэж үглэх биш "хамтдаа үнэт эрдэнэс хайх уу?" гэж хэлэх. 

Мөн "хамгийн сүүлд хаана хэрэглэж байсан бэ?" гэж асуух. 

Дээрх арга нь ямар нэг зүйл эхлээд л амархан уйддаг хүүхдэд хэрэглэж болно. Ингэхдээ дуустал хий гэж шахахгүй байх. Албадах биш аль болох хөгжөөнэй, сонирхолтой байдлаар санал болгох. 

Юун дээр чадахгүй байна гэдгийг нь ажиглаад, эвтэйхэн санаа оноо өгөх. 

8. "Өө би тэртэй тэргүй чадахгүй юм чинь" гэж өөрийгөө голдог хүүхдэдээ "хийж үзэхгүй бол мэдэхгүй шүү дээ, чадах үгүйгээ" гэж үглэх биш "тэгж бодож байвал хийхгүй байж болно шүү дээ" гэж хэлээд үзэх. 

Учир нь ээж аав нь хүүхдэдээ хэт найдлага тавиад байхаар хүүхэд тэр найдварыг нь хөсөрдүүлэх вий гэж санаа зовдог. Эсрэгээрээ ээж аавын найдвараас чөлөөлөгдөөд ирэхээрээ "Хийх үү? хийхгүй байх уу? Оролдоод үзэх үү яах уу?" гэж өөрөө бодож эхэлдэг. 

Ээж аавын үг хүүхдэд их чухал, хүнд байдаг тул маш бодолтой хэлж ярих. 

9. Ээж аавынхаа өөдөөс цор цор, хар яр гээд байвал "ашгүй дээ, өөрийн үзэл бодлоо хэлдэг болж байна" гэж баярлах. Хүний өөдөөс харж байгаад өөрийн бодол санал зэргээ хэлчихдэг болж байгаа нь нэг ёсондоо хүүхэд тань хөгжиж байна аа гэж үзэн баярлах хэрэгтэй. 

Хүүхдээ байгаагаар нь хүлээн авах, ойлгох, харьцах. 

Энэ хэсгийн тухай япон ээжүүдээс нэлээд сонсож байсан тул зулзагуудаа үе үе цор цор гэхэд нь "аан, энэ маань ном журмаараа л хөгжиж буй байх нь" гэж хүлээцтэй ханддаг болсон. Мэдээж заримдаа би өөрөө бухимдаад, ээж аавынхаа өөдөөс цор цор гэлээ гэж загнадаг л даа. Хи хи. 

10. Хүүхдийнхээ чаддаггүй зүйлийг онцлон үглэх бус чаддаг зүйлийг нь магтах. Мөн хүүхдэдээ талархал илэрхийлж байх. 

11. Хүүхдийнхээ төвлөрдөг цаг, орчинг хамтдаа хайж олох. Мөн төвлөрч чаддаг хугацааг тодорхойлох. 

12. Эцэх эхийн хүслээр биш хүүхдийнхээ дуртай зүйлийг хөгжүүлэх. 

13. Алдах явдал байдаг гэдгийг ойлгуулах. 

14. Олон дахин анхааруулж байж хөдөлгөх бус өөрийг нь хөдлөхийг чимээгүй хүлээх. 

15. Хүүхэд өдөр бүр хөгжиж байдаг. Түүнийг нь ойлгох. Танд хөгжихгүй байгаа мэт, бахь байдгаараа л байгаа мэт харагдаад байж магадгүй. Эсрэгээрээ хүүхэд бидний нүдэнд үзэгдэж, гарт баригдах зүйлгүйгээр хөгжсөөр байдаг гэдгийг ойлгох. 

Нэлээд дээхэн уншаад дуусгаснаа товчхон базаал орууллаа. 

Түр баяртай. Хүүхдүүдээ эерэгээр загнаж хүмүүжүүлцгээе. Би ч мөн хичээнэ ээ. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年3月1日金曜日

Хүн аалз

Бага минь "хүн аалз"-аар нэг хэсэг амьсгалсан юм. Албан дээрээ зураг зурахаараа бас ингэж зурдаг юм байна. Үүнийг гэртээ аваад ирсэн болохоор нь мэдлээ. 

Үе үе их хөөрхөн зурдаг болоод байгаа гэж багш нь хэлсэн. Удахгүй цэцэрлэгийнхээ ахлах анги болно. Нэр нь "Сакүра". 

Тэрнээс өмнө төрсөн өдөр нь болно гээд хөөрсөн хүн л байна. Хи хи. 

Эгч нь элдэвлэж оролдоод л, өөдөөс нь мөчөөгөө өгөхгүй ана мана "хэрэлдэж" байна. 

Би болиоч ээ дүүгээ гэдэг байснаа больсон. Яагаав, өнөөх номонд эгч дүү, ах дүү нарын хэрүүл маргаан их зүгээр, хоорондоо харилцан хөгжиж байдаг гэж уншсан тул. 

Бодоод байсан чинь тийм байна тийм үү? Бие биедээ ялагдахгүй гээд толгой нь ажиллана. Ха ха. Хэл ам нь хөгжинө. Харин зодолдоод унавал дундуур нь орж салгах гэж бичсэн байсан л даа. Одоохондоо ч арай ч зодолдчихгүйхэн шиг л байна. 

Дүү нь жаахан юм болохоор шууд л уйлахаа урдаа барина. 
За тэгээд хүн аалз зурна үе үе. Мөнгө юу ч зурсан ингэж хүн аалзын хувцасны өнгөөр будаад байгаа. Улаан, цэнхэр гэж. Заримдуу цаасаа бүхэлд нь цэнхэрээр будчихсан байх жишээний. 

Сонирхолтой шүү. Нэг өнгөөр дагнаж будаад суухдаа анхаарал нь маш сайн төвлөрч харагддаг. Би ч ажиглаад л яваа. Эрэгтэй хүүхэд ямар байдаг байх нь вэ гээд л. 

Гэснээс гараа өөрийн мэдэлгүй өмдөн дотуураа оруулаад, шодойгоо оролддог юм билээ. Ха ха. Асуухаар наалдчихсан "юм"-аа салгаж байна гэдэг. Хо хо. 

Урлагийн үзлэг дээр тайзан дээр гарчихсан хэрнээ л өмнднийхөө гаднаас боожгоогоо хээв нэг оролддог жаахан маамаа нарыг хараад инээд хүрдэг байсан чинь одоо өөрийх нь хүүхдийн ээлж. Хи хи. 

За за хүн аалз бичиж байснаа юу ч биччихэв. Наддаа бол өвөрмөц л ертөнц тул юу зурах нь уу? Ямар үйлдэл гаргах нь уу? Их сонин л доо. 

Эрчүүд чинь ангараг гаригаас ирсэн гэдэг дээ. Хүүхнүүд бид чинь сугар гаригаас. Гэснээс энэ номыг олж уншина гэж төлөвлөсөн байсныгаа мартчихсан явна. Сануулсанд баярлаа зулзага минь. Ккк. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.