2025年2月21日金曜日

Хагацал

Хорвоогийн жам ёсоор биднийг энэхүү "хагацал" гээч зүйл тойрч гарсангүй, дайрч гарав. 

Хадам аав минь тэнгэрт заларсан. Хань ижил очиж уулзан, толгойг нь түшин, ажил явдлыг нь сайхан зохион байгуулсан. Олонтойгоо явсан, зөв явсан хүн тул маш олон хүн цугласан, ирсэн гэсэн. 

Олон жил уулзалдаагүй хамаатан садан, төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгээ уулзалдсан. Наашаа миний биеийг ч асуух сөхөөгүй, хүмүүс орж гарсан. Би энд чих өвдөөд, ганцаараа байхад ярьсангүй гэж жаахан туньсан. Нэмээд хэлэхэд би жаахан эрх шүү. Хи хи. 

Одоо тэгээд дэргэдэх хань ижилдээ л эрхлэнэ дээ тийм үү? Аавдаа гүйж очоод эрхлэх гэхээр холдоод байгаа юм чинь. 

3 жилийн өмнө гэнэт бие нь муудаад, хань ижил дуудагдаад очиж байлаа. Тухайн үед алтан гарт эмч, сувилагчдын ачаар босоод ирсэн. Талархаж явдаг. Дараа жилийнх нь зун бид гэрээрээ очиж өвөөдөө үнсүүлсэн. Бага зулзага минь ямартай ч өвөөдөө 2 жил ч дарааллан очиж золгон, үнсүүлсэн. Дунд зулзага анх уулзаад нүд нь орой дээрээ гарч билээ. 
"Хөөх, ямар өндөр юм бэ?" 

Аргагүй шүү дээ, ой хэдэн сартайдаа л нэг очиж байсан, дунд нь нэг явах гэсэн чинь цар тахал гараад очиж чадаагүй, удчихсан. 

Энэ удаагийн өвдөлт ерөнхийдөө хүнд оноштой, өвчтэй хүмүүст тохиолддогийн нэгэн адил дотор эрхтний үйл ажиллагаа, цусны эргэлтийн үйл ажиллагаа гээд ихэнх нь л муудсан. Эмнэлэгт хэвтсэн ч аажим аажмаар дордоод, нэг их удсангүй, бурхан болов. 

Гэхдээ би дотроо тэр жилийх шиг хүүгээ очихоор босоод ирнэ дээ л гэж бодож байсан. Харамсалтай нь...

Би очиж чадаагүй, бас оношыг нь нарийн сайн хэлж мэдэхгүй тул дээрхээс өөр зүйл эндээ бичиж төвдөхгүй нь. 

Мөн хань ижлийг нисэх гэсэн чинь суугуул нутгаар цас ихтэй, орон нутгийн онгоц нисдэггүй. Урагшаа өөр мужийн нисэх буудал руу машинаараа явж, тэндээ машинаа үлдээгээд, Инчён хүртэл нисэв. Тэгээд шөнө нь Улаанбаатар хүртэл нисэв. 

Яарсан сэтгэлийнхээ ачаар аавтайгаа уулзаж амжсан, толгойг нь түшиж чадсан. Хэрэв дотоодын нислэгийг хүлээж ганц нэг өдөр алдсан бол амжихааргүй байсан байна лээ. Бурхан танд баярлалаа... 

Хамгийн гол ажигласан зүйл нь хүн өөрөө маш зөв, өөрийн гэсэн үнэ цэнэтэй, олондоо хүндтэй явах ёстой юм байна. Үүнийх нь үр шим нь өөрийг нь тэнгэрт залрахад олон хүмүүс харамсан, гашуудаж, сүүлийн замд нь үддэг юм байна. 

Мөн үр хүүхдүүд нь ч эцэг эхийнхээ санаа сэтгэлийг амар амгалан байлгаж, ачлалтай, найз нөхөддөө үнэнч, олонтойгоо байх ёстой юм байна гэж. Хань ижил бол үнэхээрийн найз нөхөд сайтай, өөрөө ч тэдэндээ сайн ханддагийн ач буянаар тэд нь л маш их тусалсан. Түүнээс бид 2 энд их удсан мэдэхгүй, чадахгүй зүйл ихтэй...

Зул өргөж мэдэхгүй, би лаа асаасан. Зайгаар ажилладаг зул бол асаана. Тэр нь гэхдээ хэсэг минутын дараа унтардаг. Сэтгэлдээ бол сайн сайхныг хүсээд, ганц нэг маань уншаад л суулаа. Эрх жаахан зулзага минь бас мэддэг гурван мааниа ээждээ уншиж өгсөн. 

Түүнээс нэг их материаллаг талдаа шашин шүтдэггүй. Эсрэгээрээ тэр олон шашны эд зүйлс чинь байгальд ээлгүй, хог л болно гэж үздэг хүн тул сэтгэлдээ л залбирлаа. 

Үргэлжлэл тань болох ач нарыг нь чадлынхаа хэрээр сайн хүн болгож өсгөж, хүмүүжүүлэхийг хичээнэ ээ, жижигхан жаахан бэр нь. "Эндүүрмээр гэнэ ээ, аавтайгаа би" дууны үг шиг тантай хачин адилхан хүүд тань халамжтай хань нь байна аа, бээлийн чинээ жаахан бэр нь. Сэтгэл санаа амар, тэнгэрээс биднийгээ ивээж яваарай...

Харахад сүрдмээр, ёстой л өнөөх уул шиг том хүн. Үнэндээ бол хүргэн бэрүүддээ зөөлөн, хатуу үг хэлж үзээгүй ханхар сайхан эр. Ингээд л "явчихна" гэж хэн ч төсөөлөөгүй дээ.  

Насны намар хаяанд ирээд, бидний ижий аав ч байгалийн жам ёсоор өвчин хэлдэг болжээ, бид ч өөрсдөө эрүүл мэндээ бодох цаг хэдийнээ тулжээ. 

Бидний уй гашуудлыг хуваалцсан бүх найзууддаа, хамаатнууддаа, танилууддаа баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн эрүүл энхийг хүсэн ерөөе. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿