Гэхдээ байна аа, боловсролдоо анхаардаг айхтар улсууд чинь зүгээр нэг цонхлуулчихгүй байна шүү. Өглөө эрт босгох аргаа олчихож байгаа юм. Таблетийг нь өгч явуулаад, өглөө тэдэн цагт ирц бүртгэнэ шүү гэж байна.
Бага зулзага бидэн хоёр сүрийг бадруулаад л таблетаа холбов. Би бас урд өдөр нь гэрээсээ ажиллана гэж мэдүүлгээ өгөөд, ажлын пс-гээ авч ирсэн юм. Учир нь сургуулиас нь ухаалаг утсанд мэдээ ирсэн юм. Маргааш амарна гэж.
Тэгэхээр нь би ч гэрээсээ ажиллаяа гэж хүсэлт өгөөд, хамтдаа гэрээсээ нэг нь ажлаа хийж, нэг нь хичээлээ хийсэн юм. Ээж л анх удаагаа гэрээсээ ажилласан тул пс-гээ холбох гэж мунгинав. Ажлын цагаас 5 минут хоцорч оров. Цагаа бүртгүүлэх ёстой юм.
Гэртээ яг ажлаа хийж байна уу? гэж шалгах гэж тэр. Хэ хэ. Бас тайлангаа бичих ёстой юм билээ. Хийсэн юмтай хүн чинь юухан байхав, дор нь л тайлагначихна.
Зулзага хөөрхөөн. Багшаасаа асуулт асуугаад л, асуултанд хариулж байна шүү. Эгдүү хүрээд, гүйж очоод тэврээд үнсээд авмаар л байлаа. Ха ха.
Тэгснээ хажуугаар нь ээжтэйгээ бас яриад байх юм аа. Би ч санаа зовоод, мик-ээ хаасан юм уу? гэж асуугаад байна аа. Мик-ээ хаагаагүй байж хоёулаа энд хэлээ хазаад, хошуугаа цорвойлгоод ярьчихсан явж байвал дараа нь ангийхан нь шоолно биз дээ? Хи хи.
Гайхал цас яасан бэ? гэхээр. Тээр нэг жилийнх шиг хунгарласангүй. Japan sea Polar air mass Convergence Zone гэдэг үзэгдэл болоод их хүйтрээд, цас их унах тул, сурагчдын аюулгүй байдлыг харгалзан үзэж амарсан, нэг өдөр.
Маргааш нь хичээл ердийнхөөрөө явагдсан. Харин эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан нээлттэй хичээлийн арга хэмжээ цуцлагдсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг харгалзан үзсэн хэрэг.
Гэрээс ажиллах, хичээллэхийн нэг сул тал нь огтоос алхсангүй, миний алхалтын тоо 2000 ч хүрсэнгүй. Түүнээс ирж очихдоо алхаж буй тул овоо хэд алхчихдаг юм. Бага зулзага бас цаг зав гарвал л зурагт асааж байдаг шүү.
Дунд зулзага өрөөнөөсөө цухуйхгүй байна шүү. Эрх биш нэг гарч ирж ходоодоо баясгасан. Ха ха.
Давуу тал нь нүүр амаа янзална гэхгүй, юу өмсөх вэ гэхгүй. Хи хи.
Өө тийм, маргааш нь хичээлийнхээ нэг цаг дээр цасаар тоглоно гээд, солих хувцас гэх мэт зүйлсийг бэлдүүлж аваад явсан. Хар хүйтэнд гадаа цасаар тоглосон. Орой нь гялгар ууттай нойтон хувцсаа авч ирсэн. Ээжийн ажилд ажил нэмж энэ тэр. Хо хо.
За тэгээд энэ өвлөө өнөтэй давахын тулд хичээнэ дээ. Тийм үү? Цагаан сар ч болох нь. Бууз хийж хөлдөөнө дөө...
"Цонхлов" гэснээс, арван жилд байхад цонхлоход хичнээн баярладаг байв. Гэхдээ цагийг их дэмий өнгөрөөдөг байж дээ. Одоо бол ч баахан ном цүнхэлж яваад, уншихгүй юу. Ха ха.
Гэхдээ ангиараа буу халаад, инээж хөөрөөд сайхан л байсан байх даа, тэдгээр өрүүдэд.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿