Гэснээс энэ жил япон номынхоо тоог нэмэх санаатай. Санаатай ч биш бүр төлөвлөсөн. Энэ ном анхных нь. Дахин нэг ном зээлчихсэн байна, арай л эхлээгүй байна. Бас л хичээл номтой холбоотой. Батцэцэгийн танилцуулсан номны япон орчуулга нь юм.
Зээ хэрхэн хүүхдээ хичээлээ санаачилгаараа хийдэг болгох вэ гэхээр, их нарийн учир жанцантай юм байна шүү. Ээжээс их л хүчин зүтгэл гарах бололтой. Аав ч бас хамтраад хичээчихвэл болох гээд байх юм. Зохиолч болохоор нэг их хүчлээд, стрессдээд хэрэггүй шүү л гэсэн байсан л даа.
Гэхдээ л огт стрессдэхгүй байна гэж байхгүй биз дээ? Тийм ээ. Хэ хэ.
"Өдөр бүр магтах. Хөөх, тийм үү? Ямар сайн хүү эсвэл охин бэ? Ээждээ энэ чаддаг зүйлээ заагаад өг, тэгэх үү?"
Энэ магтах гэдгийг зулзага дээрээ үргэлж хэлж л байна. Тоогоо зөв бодоход нь, нэрээ цэвэр бичихэд нь, ээждээ туслахад нь гээд л. Аль болох хий хоосон магталгүй, ямар нэг үйлдэлд нь магтах нь чухал шиг байна лээ шүү.
"Дуртай учраас сайжрах биш сайн чаддаг болоод түүндээ улам дурлах" гэдэг замаар явбал сайн. Аль болох би үүнийг чаддаг, би үүндээ сайн гэдэг мэдрэмж, ханамжийг суулгаж өгөх.
Бусдаасаа бага зэрэг л илүү, чадварлаг байх юм бол хүүхэд өөртөө итгэлтэй болж улам хичээе, суръя гэж боддог болдог. Бяцхан хэмжээний "сайн, илүү" гэсэн мэдрэмжийг нь хөгжүүлж, "чаддаг, чадна" гэсэн мэдрэмжийг хүүхдийнхээ ой тоонд суулгаж өгөх, мэдрүүлэх нь чухал.
Багаас нь хичээл хийх нь сонирхолтой, хөгжилтэй гэж хэлж, ойлгуулж, мэдрүүлж байх. Ингэхдээ "за одоо миний хүүгийн, миний охины чаддаг тооныхоо хичээлийг хийчих" гэх мэтээр чадах, сайн гэсэн үгнүүдийг оролцуулж ярих. Мөн өнөөдөр ийм зүйлийг мэдэж авлаа, ийм зүйлийг чаддаг боллоо тийм ээ? гэж ярилцаж байх.
Хичээл + хөгжилтэй, сонирхолтой цаг хугацаа гэдэг ойлголтыг багаас нь суулгаж өгөх. Хааяадаа бага зэрэг амттан идэнгээ хичээл хийх. Хэт их ач холбогдол өгөөд, хэт их цэвэр цэмцгэр орчинд хичээл хийх гэж хүчлээд хэрэггүй. Учир нь хүүхэд ядрах нь амархан тул аль болох тайван амгалан, байгаагаараа, хүүхэд ч өөрийгөө хүчлэхээргүй орчин байвал сайн.
Өдөрт хамтдаа 20-30 минут хамтдаа хичээллэх. Юу ч байж болно. Заавал хичээл байх албагүй, ном унших, ойр зуурын тоо бодох, зураг зурах гэх мэт юу байж болно. Гол нь хамтдаа хийх.
Хүүхдээ ямар нэгэн зүйл чадах үед нь, чаддаг болоход нь алгаа таших, гар барилцах, тэврэлдэх, гараа атгалцаж баярласнаа илэрхийлж, тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлийг гаргаж байх. Хамт инээж, хамт хөөрч мэдрэмжээ хуваалцах нь чухал.
Дэвтэрт нь улаан өнгөөр "цэцэг" зурахдаа томоор зурж өгч байх. Хүүхэд энэхүү цэцгэнд их дуртай байдаг.
Японд сурагчдын дэвтэрт дугуй дүрс зураад түүнийхээ гадуур дэлбээ зурж цэцэг болгодог юм. Үүнд хүүхдүүд их дуртай байдаг юм билээ. Би ч хааяа бага сургууль явахдаа цэцэг зурах боломж гарвал өөрийнхөөрөө томоо гэгчийн цэцэг зурдаг. Япон багш нарынхаас нь өөрөөр зурдаг юм. Дуурайх гэхээр мартчихаад байдаг болохоор, шууд л өөрийнхөө дүрслэлээр л зурчихдаг.
Мөн зуны даалгаврынх нь дэвтэр энэ тэрийг шалгаад эцэг эх нь улаан харандаагаар цэцэг зурдаг юм. Үүнийгээ ч би мөн дуртай, томоо гэгчийн цэцэг зураад байсан минь зөв байж шүү. Зулзага минь хажууд их л баяртайгаар мишээгээд л, үе үе бидэн хоёр наалдчихаад л цэцгээ зурснаа саналаа. Ээж нь багш болчихсон юм шиг таатай мэдрэмж төрж байна шүү гэж ирээд л бидэн хоёр нялуурсныг ч хэлэх үү? Хэ хэ. Энэ зун мөн маш дуртайгаар, маш томоор цэцэг зурна аа.
Хүүхдийнхээ маш жижигхэн ч байсан хамаагүй амжилт, өсөлтийг олж харж чаддаг байх, мөн түүнийг нь магтдаг байх. Хичээж буй зүйлийг нь өчүүхэн гэлтгүй магтаж байх. Бидэнд мэдээжийн, өчүүхэн, жижигхэн зүйл мэт санагдаж болох ч хүүхдэд бол их том зүйл байдаг.
Цэцэрлэгтээ, сургуульдаа хийж сурсан, чадсан зүйлээ ярихад нь завгүй байна гэж төвөгшөөлгүй сонсоод, хамтдаа ярилцаж, магтах.
Хүүхэд чинь ямар нэгэн зүйлийг үл ойшоосон, үл тоосон, үл сонирхож байвал энэ их сонирхолтой шүү дээ, хөгжилтэй байгаа биз дээ гэж хэлэн анхаарлыг нь хандуулж хэлж, ярьж байх.
Танай гэр дэх харилцан яриа маш чухал шүү. Өдөр тутмынхаа харилцан ярианд мэдлэг болохуйц яриа, сэдвийн тухай оруулж байх. Жишээ нь зүйр үг, хэлц үг, түүхэн хүмүүсийн намтар, үйл хэрэг зэрэг агуулгыг оруулж, харилцан яриагаа баялаг болгох.
Мэдээж ойрын үеийн дэлхийн мэдээ мэдээлэл, мөнгө санхүүгийн тухай, валютын ханшны тухай, эдийн засгийн тухай ч байж болно.
За энэ удаагийн бичвэрээ өндөрлөе. Өчнөөн л зүйл бичиж тэмдэглэж. Дараагийн бичвэрт үргэлжлүүлэн бичимз. Дахин хоёр ч бичвэр болгож оруулж магад, их л урт тэмдэглэл байна. Олон цаас ашиглаж, том том сараачиж бичсэн байна.
Цэвэр бичиж чадахгүй, дээрээс нь товчлоод, япон, англи, монгол хольж бичээд, өөрийн бичгийг гаргаж унших гэж хөөрхөн л юм болж байна. Англи гэчихэж ээ, өнөөх чинь. Их амархан үг байна өө, дэвтэр, ном гэх мэтхэн. Хо хо.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿