2026年3月24日火曜日

Хүүхдээ өөрөө хичээл хийдэг болгож өсгөх ээжийн дадал 5

Тэмдэглэж авсан цаас минь дуусдаггүй ээ. Та хэдийг залтал чинь л бичих бололтой шүү. Залхаж байвал алгасаж болно шүү, таны л сонголт. Хэ хэ. 

Дэлгүүр хоршоо дагуулан явж хүнсний ногоо гэх мэт зүйлсийг сонгуулж авч байх. Энэ нь зах зээлийн мэдлэгт нэмэр болно. Гэр ахуйн барааны дэлгүүр ч дагуулан явж байх. Тэндээс хүүхэд ямар нэгэн зүйл хийх шинэ санаа оноо төрөх, олоход нь тустай. 

Нэг ёсондоо хөдөлмөрийн хичээлд нь тустай юм уу даа. Бага сургуульдаа хормогч хийдэг, дунд ангидаа модоор сандал, тавиур гэх мэтийг хийгээд байдаг юм. Эр эм гэж ялгахгүй бүгд л нэг зүйл хийдэг. 

Дугуйгаар зугаалах. Дугуйг хэрхэн жийх аргачлал гэх мэтийг бага байхад заах. Дугуйгаар дамжуулж замын хөдөлгөөний хууль дүрэм зэргийн талаар ярилцах. 

Гэснээс энэ дугуйтай холбоотой замын хөдөлгөөний хууль улам л чангарч байна. Жишээ нь ахлах ангийн сурагчид дугуйгаар хичээлдээ явах бол заавал аюулгүйн малгай өмсөнө. О.зулзагын үед тийм хууль гараагүй байсан юм. Саяхан бас нэлээд нэмэлт өөрчлөлт орсон тухай мэдээгээр яваад байсан. Дугуй унаж чаддаггүй болохоор нэг их сонирхоогүй юм. 

Дунд зулзага энэ хавраас дугуйгаар сургуульдаа явна, тиймээс дэлгэрэнгүй уншиж судлая даа гэж бодоод л сууна.  

...Мэдээж зурагт үзэх, пс тоглоом, манга зэргийг огт хорьж болохгүй. Бага хэмжээгээр дээрх зүйлсийг сонирхдог байх нь гэмгүй. Гол нь цаг нартай байлгах. 

Хүүхдийг вакумжуулсан орчинд өсгөхгүй байх. Аль болох хорвоогийн сайн мууг аль альныг нь үзүүлж, мэдрүүлж байх. 

Насны зөрүүтэй хүмүүстэй харилцуулж, уулзуулж байх. Ах хүүхэдтэй тоглуулах өөрөөс нь бага насны хүүхэд харуулах гэх мэт. Ингэх нь ах хүний үгийг сонсдог болдог. 

Энэ тал дээр манай монгол бол хэлүүлтгүй маш сайн хэрэгжүүлдэг тийм ээ. Заримдаа ч бүр залхмаар. Хэ хэ. Японд эсрэгээрээ, эмээ өвөөгөөсөө, хамаатан саднаасаа хол өсдөг тул насны зөрүүтэй хүмүүстэй уулзуулж, харилцуулах хэрэгтэй гэдэг нь зөв. Арай л хол, хөндий өсгөөд байгаа юм шиг санагддаг. Зулзагууд минь ч хамаатан саднаасаа хол өсөж байна өө, яанам бэ? 

...Хүүхдийнхээ яриаг дуустал нь хэлүүлж, сонсох. Дундуур нь орж яриаг нь гүйцээхгүй байх. Аль болох хүүхэд өөрөө хэлсэн ярьсныгаа хэлж гүйцээх. 

Хүүхдийнхээ зүйлийг аль болох өөрөөр нь хийлгэх. Урдуур нь орж хийхгүй байх. 

6-10 нас хүртэл нь аль болох биеийг нь даалгах. 

Үг хэл, ярианд нь анхаарах. Хараалын үг, ёс бус үг хэлэхэд нь сануулж, анхааруулж, хэлж болохгүй гэдгийг нь ойлгуулах. 

Энэ их чухал санагддаг. Манай монголд хүмүүс маш их хараалын үг хэлдэг. Ялангуяа эрчүүд, эрэгтэй хүүхдүүд. Бүр жаахан эрэгтэй хүүхдээ "ална шүү, п...а, хүүрээ" гэх мэт хараал хэлэхэд нь баярлаад, өхөөрдөөд байдаг юм билээ. "Эр хүн" чих шиг. 

Гайхмаар. Эр хүн чинь харин ч одоо үед үг хэлээ цэнэдэг, бусдад энэрэнгүй ханддаг болмоор байна өө. Хэнэггүй гэдэг үгийг арай өөрөөр ойлгодог, ухамсарладаг болмоор байна өө. Элдэв хараал хэлээд л хийморь нь доройтоод, ажил үйлс нь бүтдэгүй ч юм билүү? 

Үгийн хүч гэж ярьдаг даа. 

...Дугуйлан, секц нь хэцүү санагдсан ч шантралгүй үргэлжлүүлэх. 

Бага ангийн 3-4 хүртэл унших, бодох, бичих чадварыг суулгахад л болно. Суурь чухал. Түүнээс хүнд хэцүү бодлого бодуулах энэ тэр хэрэггүй. 

Чанга, уран уншлага хийлгэх. Бага ангидаа хүүхэд ганц нэг үг, үсгийг буруу унших тохиолдол байдаг. Өөрөө анзаардаггүй. Тийм болохоор уран уншлага хийлгэж, ээж аав түүнийг нь сонсоод эелдгээр засаж, хэлж өгөх. 

Бага ангид уран уншлагын даалгавар байдаг. Ямар нэгэн нэг шүлэг, сурах бичгээс нэг текст уншина. Гэрийнхэн нь сонсоод, тусгай цаасан дээр хэрхэн уншсаныг нь тэмдэглж, гарын үсгээ зурна. Голцуу л ээжийн ажил. Ээж ажлаасаа тарж ирээд давхар даалгавар хийнэ. Хэ хэ.

Мөн бага ангид байхад нь ном уншиж өгөх нь их чухал. Өдөр бүр амжихгүй бол 7 хоногт 1 удаа байсан ч болно. Хэрэв өөрөөр нь ном чангаар уншуулах бол сурах бичгээс нь өөр ном байх зүгээр. 

Хүүхдээ аль болох алдуул, алдаа гаргуул. Алдахад нь учиргүй загнаад байх хэрэггүй. Мөн зарим нэг багш нар "үүн дээр алдах гээд байдаг, анхаараарай" гэж түрүүлээд сануулаад байдаг. Энэ жаахан буруу гэж боддог. Аль болох алдаж байж, буруу хийж байж, буруу бодож байж түүнийгээ засаж залруулж байж суралцдаг, хөгждөг. Тэгээд ч хүн амархан хийсэн зүйлээ амархан, хурдан мартдаг. Олон дахин алдсан, алдаж буруу хийсэн зүйлээ сайн санаж байдаг. 

Хүүхэд томчуудын алдааг олж харахдаа дуртай байдаг. Томчуудыг алдаа гаргахад нь дуртай байдаг. 

Зарим үед хүүхдээрээ заалгах зүгээр. Ээждээ заагаад өг, хэлээд өг гээд үе үе заалгаж байх. Инэгэхэд бага ангийн хүүхэд их дуртай байдаг. Заагаад өгөхөөр нь "хөөх ингэж хийдэг юм уу? Энэ тоог ингэж боддог юм уу?" гэж магтаж өгөх. 

Өнөөдөр юу сурсан бэ? гэж асуугаад хүүхдээрээ тайлбарлуулж, анхааралтай сонсох. Үүнд нэг анхаарал зүйл нь ээж аав буцаагаад хүүхдэдээ тэгдэг ингэдэг гэж заахгүй байх. 

За өнөөдөртөө ингээд дуусгая. Дараагийн бичвэрээр дуусгах санаа байна. Хо хо. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿