2026年3月26日木曜日

Хүүхдээ өөрөө хичээл хийдэг болгож өсгөх ээжийн дадал 7

За ёстой өнөөдөр дуусгахыг хичээнэ ээ. Хэ хэ. 

Хүүхдэд өөрийн гэсэн цаг, ганцаараа байх цаг маш чухал, шаардлагатай байдаг. Энэ нь зөвхөн ганцаараа байх явдал бус юм. Ганцаараа ямар нэг зүйлийг анхаарлаа төвлөрүүлэн хийх цаг, ухаан санаа нь тухайн зүйлдээ бүр орчихсон тийм цаг хэрэгтэй. Таны хүүхдэд тийм цаг байна уу? Үгүй юу? гэдэг нь тухайн хүүхдийн ирээдүйд, том болоход нь чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Ганцаараа төвлөрөөд ямар нэг зүйлийг давтаж хийх нь их чухал. Жишээ нь ном унших, зураг зурах, баримлын шавраар бүтээл туурвих, өрдөг тоглоомоор тоглох гээд юу ч хийж болно. Эцэг эх хүүхдийнхээ тэрхүү цагийг нь хүндэтгэж, хүлээн зөвшөөрч, тийм цаг олгож байх. 

Хэрэв ийм цаг байдаггүй бол эхлээд хамтдаа тийм цагийг гаргаж, өнгөрөөж байх. Яваандаа хүүхэд тань дадал болоод ирэхээр өөрөө тэгж өөрийн гэсэн төвлөрдөг цагтай болно. Эсвэл ээж нь 1 цаг гаран ном уншина, тэр хооронд чи юу хийх вэ? гэх мэтээр ярилцаж хүүхэд чинь ямар нэгэн зүйлд төвлөрөх цаг гаргаж өгөөрэй. 

Юу ч хийж болно, эвлүүлдэг тоглоомоор тоглох, өрдөг тоглоомоор тоглох, ном унших, зураг зурах гээд л. Хамгийн гол нь ээжтэйгээ хамт байгаа мөртлөө өөрийн гэсэн цагийг ганцаараа өнгөрүүлэх нь чухал. 

Ингэж өөртөө цаг гаргаж, өөрийн гэсэн цагийг ямар нэгэн зүйлд төвлөрч сурвал ирээдүйд хичээл хийхдээ анхаарлаа сайтар төвлөрүүлж чаддаг болдог давуу талтай. 

Нэг зүйл анхааруулахад пс тоглоом тоглуулж болохгүй. Ганцаараа тоглож буй мэт боловч ийм төрлийн тоглоом хүүхдийн тархинд хэт их ачаалал өгдөг. 

Тооны хичээлдээ сайн хүүхэд ахлах сургууль, дунд сургуульд элсэх шалгалтанд тэнцэх магадлал өндөр байдаг. Учир нь  тооны бодлогын хариунд хэрхэн хариулснаар зөрүү их гардаг. Хамгийн бага зөрүүтэй байдаг нь нийгмийн хичээл байдаг. 

Тооны хичээлийн суурь дээр анхаарах. Энгийн нэмэх хасах үйлдэл, үржих, хуваах үйлдлийг бага ангийн 3 дугаар анги хүртэл нь сайтар ойлгуулах. Түүнээс хүнд хэцүү бодлогыг түрүүлж заах шаардлага байхгүй. Эсрэгээрээ түрүүлж зааж болдог нэг л хичээл бий. Тэр нь бутархай тооны хичээл. Энэхүү бутархай тооны нэмэх хасах, үржих хуваах үйлдлийг 5 дугаар ангид заадаг. Анх энэ бутрахй тооны тухай өнгөц дурдаад өнгөрдөг нь 3 дугаар ангид заадаг. 

Тэгснээ 3 жилийн дараагаар дахин бутархай тооны тухай заах нь хэт зайтай мэт санагддаг юм. Тийм болохоор энэ бутархай тооны тухай ном авч үзэх, ном зээлж үзэх нь зүгээр. 

Тоо бодох үйлдлийг олон дахин давтаж байх нь чухал. Үржих, хуваах үйлдлийг маш олон, маш сайн давтуулах нь чухал. 10 нас өнгөрчихвөл учир шалтгааныг нь хэлэлгүйгээр зааж чадахаа байх тул тэр болтол нь бутархай тооны үржих хуваах үйлдлийг зүгээр л сайн цээжжлүүлээд, нүдлүүлээд, тогтоолгох нь чухал. 

Тэгшитгэлийг цаг нь иртэл заахгүй байх. 

Аль болох цаас, дэвтэр ашиглалгүй, цээжээр бодуулах. Цээжээр бодох нь тархины маш сайн дасгал болдог. 

4 дүгээр ангиас хойш аль болох шугам хэрэглүүлэхгүй байх. Аль болох freehand-р зуруулж, бичүүлж байх. Толгойдоо схем зэргийг дүрслээд, зурах дасгал хийх. Нүдээ аньж байгаад тухайн дүрсийг төсөөлөх, тэгээд зурах. Ингэснийхээ дараагаар дэвтрийнхээ хоосон зай зэрэгт зурж, бодох дасгал хийх. 

Дүрс, дүрслэл зурах аргыг зааж өгөх. 

Бодлого, асуулттай дасгал дээр олон ажиллах. Ингэхдээ хариултыг нь өгөлгүйгээр, өөрөөр нь бодуулна, ажиллуулна. Засаж өгчихөөд алдаа байвал дахин бодуулна. Түүнээс шууд зөв хариуг нь хэлж болохгүй. 

За энэ хүртэл тооны хичээлийг голчлон бичлээ. Одоо улсын хэл буюу япон хэлний хичээлийн тухай бичнэ. 

Мэдээж маш сайн уншдаг байх. Ном, текст их унших. Ханзандаа сайн байх, цээжилсэн байх. Дунд анги, ахлах ангид ороход энэ хичээл дээр нэлээд ялгаа гарч ирдэг. 4-5 ангид орохоор дасгал ажиллах. Сонирхолтой байсан эсвэл гоё үйл явдал хөөж унших биш үгийн утгыг ойлгож унших нь чухал болж ирнэ. Тухайн агуулгын явцад гарч буй төлөөний үгс нь яг юуг заагаад байна вэ гэдгийг ойлгож унших. 

Зохиогчийн хэлэх гэсэн санааг тунгааж унших гэх мэт асуулттай дасгал ажил уншиж, ажиллах нь чухал. Түүнээс биш олон ном уншсан тул япон хэлэндээ сайн байна гэсэн үг биш юм. 

Мөн асуултыг уншихдаа хурдан уншиж ойлгох дасгал хийх нь чухал. 1 минутанд 1000 үсэг уншдаг болохыг эрмэлзэх. Энэхүү чадвар нь ирээдүйд ахлах анги, их дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд их ач холбогдолтой.  Мэдээж ингэж хурдан уншиж ойлгосноор асуултаа цагтаа хийж дуусна. 

Дээрх чадварыг эзэмшихийн тулд бага ангидаа уран уншлагыг олон цагаар, олон давтамжтайгаар хийх. Хүүхдээрээ уран уншлага, чанга дуугаар уншуулж байх нь зүйтэй шүү. 1-2 дугаа ангид байхад энэ дадлыг суулгавал их үр дүнтэй. Ингэх нь алгасаж уншиж, алдаж унших зэргийг нь засаж өгөх боломжтой тул үр дүнтэй байдаг. 

Хүүе, ингээд дуусгаяа энэ удаад. Урт болчихлоо. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿