2026年3月27日金曜日

Гүн үйл 3

Ойрд номны тухай л бичээд, та бүхэн залхаж байна уу? Аятайхан нүд хужирлах зураг хөрөг оруулчихгүй тийм ээ? 

Гүн үйл номыг энэ бичвэрээр дуусгана, угаасаа. Ганц нэг шар өнгөөр тодруулсныгаа л эндээ бичиж үлдээх гээд л сууж байна. 

"Бид цаг хугацааг хэрхэн зарцуулж байгаадаа хяналт тавилгүйгээр, өдрийг урсгалаараа өнгөрөөдөг ажээ. Энэ бол асуудал. Иймээс та гүн болон өнгөц ажлуудаа тэнцвэртэй байлгаж, алхам тутамдаа"Яг одоо юу чухал вэ?" гэсэн асуултыг өөртөө тавихгүй бол элдэв зүйлд байнга сатаарна."

"Өдрийн минут нэг бүрийг төлөвлө."

Яанам бэ? Бүр минут нэг бүрээ төлөвлө гэж байна шүү дээ. Ерөнхийд нь л төлөвлөнө үү гэхээс, минут бүрчлэн бүртгэж бол чадахгүй ээ чадахгүй. Дуртай нь л тэгж төлөвлөнө биз. Ха ха. 

Өглөө бүр цахим шуудангаа шалгахаас татгалзах эсвэл ирсэн зурвас нэг бүрт хариу бичих зуршлаа өөрчлөх. 

Гэснээс би нэг бүрчлэн хариу бичих, сонин сайхнаа дуулгах ажлаа яаж шийдсэн бэ гэхээр? Нүүрномдоо зураг оруулчихдаг, тэгж идээд, ингэж уугаад гээд. Ха ха. Тэгэхээр тэрийг минь нүүрномын найз нөхөд хараад "аан за ашгүй энэ нөхөр амьд мэнд мэлтийгээд, идэж уугаад л дажгүй сайн яваа юм байна" гэж мэдээд, тэр бүр мессэж бичих нь багассан. Түүнээс "хүүе чи минь сайн уу?" гээд л их бичилцдэг байжээ, бид. 

Яг бие биедээ хэрэгтэй болсон, нэгнээсээ чухал зүйл асуух болсон үедээ аминчхан бичилцээд л явж байна. 

"Ажлаа 17:30 гэхэд дуусга." 

Энэ их аятайхан санагдав. Миний ажил ч угаасаа эрт тардаг л даа. Гэртээ тэр бүр ажлаа авчирч хийдэггүй. Яахав хааяа монголтой холбогдох ганц нэг зүйл гардаг л юм. Түүнийгээ хөнгөхөн шийднэ, нүүрномоор гялс бичилцээд, хариугаа өгч авалцана. 

"Холбогдоход хэцүү байх."

Энд 3 арга хэлсэн байсны сүүлийн арга нь хөндий мэт боловч зүгээр ч юм уу гэж санагдсан. хэ хэ. Хариу өгөхгүй байх, товчхондоо. 

За тэгээд гүн төвлөрч ажиллах, ямар нэгэн зүйлд бүхий л анхаарлаа төвлөрүүлэн хийх, ажиллах гээд байгаа хэдий ч ажилдаа улайрах, ямар нэгэн зүйлд улайрах гэж ойлгож болох юм. 

Жишээ нь би блогоо бичихдээ улайрах, ганц нэг зүйл орчуулахдаа улайрах, аяга угаагчаа нэхэхдээ улайрах гэх мэт. Гэхдээ байна аа? Энэхүү гүн үйл нь танд ямар нэгэн хэмжээгээр амжилт авчирч байх ёстой шүү. Эсвэл ямар нэгэн чадварыг эзэмшихэд ихээхэн тус болох ёстой. 

Сэтгэлийн тэнхээ хязгаартай, түүнийгээ ухаалгаар зарцуулах тодорхой дэглэм, зүй тогтлыг мөрдөх замаар төвлөрч, түүнийгээ удаан хугацаанд хадгалж сурах хэрэгтэй."

"Сэтгэлийн тэнхээ гэгч нээрээ л хязгаартай тийм ээ? Заримдаа тэнхэл алдрах үе гардаг шүү. 

Гүн үйлийг хэрэгжүүлэх "зожиг арга", "холимог арга", "хэмнэл бүхий аргачлал", "сэтгүүл зүйн аргачлал" гэсэн аргуудыг хэлжээ. Тодорхой ч тайлбарлаж өгсөн байна. Мөн энэхүү гүн үйлээ буюу улайралтаа дадал болговол их зүгээр гэнэ. Хаана, хэдий хугацаагаар төвлөрөх, төвлөрсөн бол хэрхэн ажиллах, төвлөрлөө хэрхэн дэмжих зэргийг ч дурджээ. 

Бодоод байсан чинь би юунд хэзээ хамгийн сүлд гүн гүнзгий төвлөрөөд, улайрсан бэ? гэж бодоод, санадаггүй ээ. Аливаа зүйлийг өнгөц л үйлдээд байх шиг. 

Гэхмэтчилэн ном уншихаараа өөрөөсөө асуудаг болжээ. Хариулт нь л яг таг гарч ирэхгүй байгаа болохоос. 

Үе үе сөхөж харна гэхээр худлаа л болох байх, ойрын хэдэн жилдээ ч. Хэ хэ. Ингэж бодсон, тэмдэглэсэн, цаас наасан номнууд минь нэмэгдсээр. Би өөрөө тэр бүхнийхээ хэрээр улам л уруудсаар буй мэт санагддаг болжээ. Хүн чинь өсөн дэвждэг атал...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿