2026年5月19日火曜日

Хичээл сонирхолтой болох мөч

Саяхан ютүбээр хэний ч билээ бичвэрийг сонссон юм. Нэг номны тухай танилцуулга байсан. Солонгос хүний. Сүүлд дахин сонсох гээд, өнөөхөө олдоггүй. Номны тухай танилцуулдаг хэдэн хүнийхээ ютүбээс хайгаад ч олсонгүй ээ. 

Бүгдийг нь дуустал хайгаагүй л дээ. Тэгсгээд орхичихсон. Учир нь япон хэлээр нь унших гээд зээлчихсэн байсан юм. 4 дүгээр сард уншиж дууссан. Бичих гэсээр байтал 5 сар гараад талийж...

Маш олон сар цүнхэлж явсан. Үргэлжлүүлээд л зээлээд байсан. Уншиж дуусгаад санаа амрав. Уншихад амархан бичлэгтэй, агуулгатай, ханз энэ тэр нь ч хүнд биш байлаа. 

Агуулга нь ч хөөрхөн. Хаа нэгтээ агуулгыг нь зургийг нь дарж охиндоо явуулсан. Миний үглээд, хэлж ад болоод байдаг зүйлийг биччихсэн байсан тул. Хэ хэ. Ашгүй гэж ихэд олзуурхав. 

Пак Сонхёк гэдэг хүний бичсэн "Хичээл сонирхолтой болох мөч" гэдэг ном. Зохиолчийн нэрийг нь би япон хэлнээс монголчилсон шүү. Өөрөөр хэлж, бичдэг байж магад. 

Солонгостоо 450 мянган ширхэг борлуулагдсан, бестселлэр ном гэнэ. Зохиолч нь 4 уулын дунд байх нэгэн тосгонд төрж өссөн. 

Хичээлээс хол хөндий, залхуу нэгэн байсан гэнэ. Гэнэт л цоорсон юм байна. 15 наснаасаа юм дагуудаа.  

Тэр тухайгаа өөрийн туршлага дээрээ үндэслэн номоо бичсэн. Энэхүү номоо бичиж дуусгахад 8 жил зарцуулсан гэнэ. 

"Яагаад хичээл хийх ёстойгоо мэдчихвэл хэрхэн хичээл хийх тухай хариулт аяндаа л тодорно." гэжээ. 

Үнэн тийм ээ? Хүн ер нь яагаад хичээл хийх ёстой юм бэ? Энэ тухайгаа толгойндоо ёнк хийтэл нь хийгээд, ойлгоод авчихбал аяндаа л хичээл хийгээд эхлэнэ тийм ээ? 

"Чиний хамгийн том өрсөлдөгч бол чи өөрөө. Өчигдрийнхөө, өнгөрснийхөө өөртэйгээ өнөөдрийн өөрийгөө харьцуулах хэрэгтэй" гэсэн шүү. 

Би өчигдөр энэ номыг уншаагүй байсан бол өнөөдөр энэ номыг уншчихсан, номноосоо олон зүйл мэдээд авчихсан байх нь байна шүү дээ. Тийм үү? 

Нэг л амьдрах амьдралдаа сайхан амьдармаар байна шүү дээ. Үүний тулд хичээл хийх. Хичээл хийх нь ямар ашигтай вэ? Мэдээж нэг л амьдрах амьдралыг тань сэтгэл ханамжтай, таатай, аз жаргалтай болгоно. Тийм үү? 

Гэх мэтээр мэдээжийн зүйл бичсэн байсан. Мэдээжийн зүйл болов чиг бид налайгаад л, залхуураад л, утсаа маажаад л суудаг даа. 

Багадаа энэ мэт агуулгатай ном олж уншсан бол гэж бодогдох. Ижий минь л хичээлээ хий гэж үглэдэг байлаа. Өөрөөр ингэж "үглээд өгөх" хүнгүй, "үглээд өгчих ном"-гүй цаг үед өсчээ. 

Өнөөдөр бол эсрэгээрээ, ном, подкаст, ютүб, блог гээд л есөн жороороо л "хичээлээ хий, хэл ус сур" гээд л загнах нь холгүй, зарим нь ч шуудхан л загнаж байна шүү дээ. Тийм байхад л хичээл хийхгүй, унтаад л байдаг хүн байна, миний эргэн тойронд. Хэ хэ. 

Блогийг минь, үүнийг уншиж буй хүүхэд залуус байвал "өөрөөсөө яагаад би хичээл хийх хэрэгтэй вэ?" гэж нэг асуугаад үзээрэй. Нухацтайгаар асууна шүү. Мөн би хэдийд хичээл хийх ёстой вэ? Би ингээд л утсаа маажиж байх хооронд бусад хүүхдүүд аль хэдийн хичээлээ хийгээд эхэлчихсэн, ирээдүйд юу сурахаа, ямар мэргэжилтэй болохоо тодорхойлчихсон, надаас нэг биш нэлээд алхам урагшилчихсан байна гэж бодоод нэг үзээрэй. 

Хор шар чинь буцалж байна уу? Хэ хэ. Үргэлжлэлийг дараагийн "дугаар"-т...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿