2026年10月17日土曜日

Сохор шар шувуу

Сэрүүсээд сайхан байна өө. Халуунд хүний эрч хүч их буурна. Дагаад ямарваа нэгэн зүйлийг хийх оргилуун их хүсэл ч буурна. 

Эх оронд минь сэрүүхэн сайхан байдаг болохоор та нар минь уншихыг бол үзүүлж өгдөг биз дээ? Ажиллахыг ч мөн үзүүлээд өгдөг биз дээ? Хэ хэ. 

Халуун зунаар японд ирсэн хүмүүс "ямар ч агааргүй" гэж хэлдэг. Агааргүй бол амьсгалж чадахгүй биз дээ? 

Эх орон минь тийм л сайхан сэнгэнэсэн сайхан агаартай байх нь. Тэрхүү давуу талаа ашиглаад уншихыг ч, ажиллахыг ч нэг үзүүлээд өгдөг юм шүү, хүсэх юм л тэр...

Оршил нэг иймэрхүү. Сонин хачин ном уншсанаа зураг хөрөгтэй нь оруулах гээд л. 

Садэх Хедаяат зохиолчийн "Сохор шар шувуу". Аяа бас л толгой эргүүлсэн агуулга. Иран улын зохиолч. Утга зохиол судлаачдын анхаарлын төвд явдаг зохиол гэнэ. 

Зохиолын гол баатар үхэхийнхээ өмнө элдвийг бодон, эргэцүүлэн, нүглээ? наманчлан бичиж буйг өгүүлнэ. 

"Надад бичих л үлдсэн. Бичихгүй аваас би мэдрэлийн өвчтэй болох биз. Харин бичих тусмаа би хэзээ ч эдгэхгүйгээр өвдөж байна."

Дээрх зүйрлэл нь зохиолчийн өөрийнх нь амьдралын төрх ч юм шиг санагдсан. Энэ зохиолчид чинь өөрийн мэдэрсэн, өөрт тохиосон зүйлсийг дүрслэн буулгахдаа гаргууд шүү дээ. 

Сарны гэрэл дэх анир чимээгүй харанхуйд хар морьд хөллөсөн сүйх тэргэнд суугаад үл таних хатангир өвгөнөөр газарчлуулан нэгэн үзэсгэлэнт бүсгүйн цогцсыг булахаар яваа нэгэн "хүний" тухай гарна. Энэ бүхэн нь яг одоо болоод буй үйл явдал уу? Эсвэл нүглээ наманчлан бичиж буй хүний тархин доторх хийсвэр дүрслэл үү? Ялгаж танихад бэрх бэрх.

"Харанхуйн эстетик бүтээлүүдийн нэгэн том төлөөлөл" гэж үздэг юм байна. "Нууцлаг, гунигтай, сонирхолтой бөгөөд ихэвчлэн харанхуй, бүрхэг өнгө аястай зүйлсээс гоо сайхныг олж харах урлаг, загвар, амьдралын хэв маягийн чиг хандлага" гэж байна шүү энэ харанхуйн эстетик гэдэг ойлголт нь.

Үнэхээр л унших явцад харанхуй өрөө л дүрслэгдэнэ. Авс, шарил, цогцос гээд уншихаар чинь арга ч үгүй биз?  

"Кавкаист" арга барил нэвт шингэсэн зохиол гэнэ. Тэгээд ч зохиолч 48 насандаа амиа хорлочихосн юм байна. Зарим нэг зохиолчдын философийг ойлгохгүй юм. Тархин доторх нь элдэв зүйлсээр "дүүрэн" байдаг байх даа? 

Гутранги үзэл... 

Арга барсан, цөхрөл шингэсэн бараан дүрслэлүүд... 

Нэг сонирхолтой санагдсан зүйл нь дээр үеийн томоохонд тооцогддог байсан хот, Ираны нийслэл хот зэргийг манай их хаан, монголчууд сүйтгэсэн гэж тайлбар хэсэгт гардаг. Ганцаар зогсохгүй хэд хэдэн хотын нэр гарна. 

"Завхай эм, асрагч эх, эхнэр, үзэсгэлэнт бүсгүй..." гэж ирээд л хүүхнүүдийн тухай их өгүүлнэ. Хүүхнүүд бид харанхуй ертөнц, гэгээлэг ертөнцөд ямагт гол дүрд гоцлох юм даа тийм ээ? 

Ямартай ойлгосон ч юм шиг, эсвэл огт ойлгоогүй нэгэн номоо хаагаад, номын тавиуртаа хураав...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿