Ямар бэлэг авах нь тодорхой, харин яг юу гэдэг нэртэй ном авахаа хэлээрэй гээд л бичилцэнэ. Би чинь ажлынхаа зав зайгаар бичээд л, харин манай монголчууд чинь зогсоо зайгүй утсаа маажаастай.
Хурал цуглаан, сургалт зэрэгт ирж байж. Найз минь бол япон школтой хүн тул утсыг мааждаггүй, зөв хэрэглэнэ ээ. Үлгэр жишээ авууштай...
Нэгэн хятад зохиолчийн ном дууссан байсан тул хамгийн түрүүнд санаанд орсоноор нь Мэтт Хэйг зохиолчийн "Шөнө дундын номын сан" хэмээх номыг захиж авлаа. Баярлалаа найзуушка минь.
Өдөр бүр шахуу номын сан ордог хүнд номын нэрний "номын сан" гэдэг үг хамгийн тод үлдэж, шууд л аманд орсон нь тэр...
Номын тухай танилцуулдаг Батцэцэгийн ютүб сувгаас анх олж мэдсэн. Сонсоод, авах номынхоо жагсаалтад нэмсэн.
Уншсан. Таалагдсан.
Зарим нэг нь амьдрах гэж хичээж зүтгэж байхад зарим нь үхэх гэж оролдох, амиа хорлох...
Үхэхийг хүсч буй, амиа хорлох гэж буй хүмүүст энэ номыг уншуулбал ямар байх бол? гэж бодсон.
Номонд хэд хэдэн удаа дурдагддаг ишлэл:
"Суралцах цорын ганц арга зам бол амьдрах юм."
Нээрээ л амьдрахгүй л бол суралцаж чадахгүй шүү дээ. Маш энгийн, мэдээжийн юм шиг хэрнээ гүнзгий утга агуулсан байгаа биз?
Агуулга ярихгүй ээ. Тэртэй тэргүй агуулгыг нь өнгөтөөр ярьчихсан байгаа. Өөрсдөө сонссон нь илүү шүү дээ.
"Харамсаж үлдсэн аль нэг үйлдлээ буцаах боломж гарвал тэр зүйлээ чи өөрөөр хийх байсан уу?"
Амьдралд зөндөө л зүйлд харамсдаг. Тэгсэн бол, ингэсэн бол гээд л хөвөрч өгнө. Гэхдээ яг тэр цаг мөчид буцаагаад аваачвал өөр сонголт хийх болов уу? Бараг л үгүй ч байж магад тийм ээ?
"Дарамт л биднийг бүтээдэг..." гэх өгүүлбэртэй таарав. Тийм ч юм шиг. Нэг ёсондоо стресс юм даа, одооны хэллэгээр. Стресс тодорхой хэмжээнд байх хэрэгтэй гэдэг. Дарамт огтоосоо үгүй бол бид "хөгжихгүй" байх байсан биз?
"Мөрөөдлийнхөө зүг зоригтой алх.
Өөрийн төсөөлсөн амьдралаар амьдар." Хенри Дэвид Торо.
Зохиолын гол баатар Нора хэмээх бүсгүй америкийн философич Торогийн үзэл бодол, эшлэлд дуртай нэгэн аж. Хэлсэн эшлэлээс нь хэд хэд гарна. Зохиолын гол дүр биш зохиолч өөрөө дуртай байх л даа, тийм болохоор л зохиолдоо оруулж өгсөн байх.
Би энэ хүнийг мэддэггүй байлаа. Энэхүү сонирхолтой номыг уншсанаар гурван ч хүн мэдэж авав. Нэг нь мэдээж зохиолч. Нөгөөх нь Торо болон Бертран Рассел.
"Хайраас айна гэдэг амьдралаас айна гэсэн үг. Амьдралаас айдаг хүмүүс аль хэдийнээ хагас үхсэнтэй адил." Бертран Рассел.
Дуулгаваргүй байдал бол эрх чөлөөний үндэс суурь. Дуулгавартай хүн л боол болдог."
"Бидний амьдрал бол зөвхөн "сонголт" биш, ""алдсан боломжууд" гэсэн үг.
Айхтар голыг нь олоод хэлчихсэн байгаа биз. Би ч их л олон боломжийг алдсан байх өө гэж бодогддог л юм. Бас их дуулгавартай, аймхай талдаа...
"Ганцаардлаас илүү аятайхан хамтрагчийг би хэзээ ч олж байгаагүй."
Ганцаардахаас хэт айгаад хэрэггүй л гэж боддог би. Мэдээж ганцаардах нь ямар олиг байх вэ? Ганцаардал гэж яг яахыг хэлээд байна вэ? Яахаар ганцаардаж байна гэж үзэх вэ? Тухайн хүний л үзэмж, ойлголт юм шиг...
Үргэлжлэлийг дараагийн дугаарт. Босох хэрэг гарлаа.
Түр баяртай. Бүгдэд нь амжиллт.

0 件のコメント:
コメントを投稿