2024年6月14日金曜日

Хүн аалз

Зээ, том болоод "хүн аалз" болно, "цагдаа" болно гэсэн нэг хүн байна. Киног нь хэд хэд үзчихсэн юм аа. Хэ хэ. Тэгээд л одоо хуруу гар нь яг л тэр спайдермэнийхээ үйлдлийг нь дуурайгаастай. 

Угтаа үзүүлэх дургүй байсан ч, эгчтэй хамт үзээд, дараа нь ганцаараа хэсэг үзээд. Энэ техник хэт хөгжих бас дэмий юм. Зурагтаар гарсан киног зурагтандаа хадгалчихаад дахин дахин үзээд байх юм. 

Нэлээд хэдэн жилийн өмнө манай зурагт эвдрээд, хэсэгтээ зурагт үзэхгүй их аятайхан байж билээ. Даанч засчихсан. Шинээр авч илүү зардал гаргаагүй нь их юм даа, тийм ээ? Хэ хэ.

Гадаа халаад, цэцэрлэгт нь хааяадаа өдөр бассейнд орж байгаа юм. Анги ангиараа хуваарьтай, амар. Угаасан хувцас хурдан хатддаггүй өдийд бол. 

Тэгсэн усны малгай, шил хоёрыг ингэж ашиглаад тоглоод байдаг шүү. Хо хо. Энэ малгай, шил хоёрт нь жаахан л улаан өнгө орчихсон бол за тэгээд яг л хүн аалз. Хи хи. 

Энэ түрийвч. Сая өнгөрдөг хагас сайнд цэцэрлэгт нь эцэг эхчүүдэд зориулсан нээлттэй өдөрлөг болоод. Хүүхдүүд өөрсдийн бодож олсон тоглоомоороо тоглуулна. 

Тоглоом тоглохын тулд мэдээж мөнгө хэрэгтэй. Мөнгөө хийх түрийвч хэрэгтэй. Тэгээд хүүхдүүд өөрсдөө тэр бүхнийгээ цаасаар хийж. Зулзагын хийсэн түрийвч. Өнгөн хэсэгтээ ийм хүн аалзны зурагтай. 

Тэр гар хуруу, түүнээс нь гарч байгаа аалзны утсыг харж байна уу? Хөөрөн сэтгээд зурсан байна уу? 

Ээж шууд л зургийн дугуйланд явуулчихдаг юм билүү? гэж бодож энэ тэр. Спорт хөөлгөх санаатай л даа, уг нь. Гэхдээ эгч нарыгаа дуурайсан "хөдлөх" дургүй байх шиг санагаад, санаа дагаад тэр байх.

Түрийвчний ар тал. Энэ аалз нь шүү. Мөнгөн дэвсгэрт дээр өөрийнхөө нэрийг бичсэн байсан. Ирээдүйд мөнгөн дэвсгэрт дээр нэр нь мөнхөрхөөр алдартай хүн болог ээ. 

Зарим хүүхдүүдийн мөнгөний дүн бол асар өндөр тоо бичсэн харагдана лээ. Хэ хэ.

Хань ижил хүүхдээсээ илүү баясав. Хүүхдүүд ээлжилж, нэг тоглоомын газрын хүн, нэг зочин болж оролцсон. 

Эцэг эхүүд хүүхдийнхээ тоглуулж буй тоглоомоор эхэлж тоглоод, дараагаар нь хамтдаа хүүхдийнхээ тогломоор байгаа тоглоомоор тоглосон. 

Гэм нь зураг дарж болохгүй. Бусад хүүхдийн нүүр царайг энд тэнд цахим ертөнцөд тавьж болохгүй гэсэн хатуу дүрэмтэй. 

Зүгээр л сайхан амьд харилцаатайгаар, тоглож наадацгаав.  

Ямартай ч түрийвч хөөрхөн санагдаад эндээ мөнхлөв. Бодит түрийвчийг нь ч гэсэн хадгалахыг хичээнэ ээ.

Түр баяртай. бүгдэд нь амжилт хүсье. 

2024年6月13日木曜日

Зугаалга

Нэлээд зайтай газар хөдөө ууланд очоод унаагаар, тэгээд өглөө нь аажуухан босоод, моддын дундуур алхаад, бидэн гурав. Сэтгэл тэнийгээд сайхан...

Эгч яваагүй ээ, ганцаараа байх нь чухал одоохондоо. Хэ хэ. 

Хөдөө нутгийн уулын засмал зам. Тансаг байна уу? Модон түнээлтэй зам хэсэгтээ л үргэлжилдэг. Машинаар зугаалах, явган зугаалсан ч сайхан. Гэхдээ зам дагаад алхах нь жаахан эрсдэлтэй, ялангуяа хүүхэдтэй алхах бол. Машинууд их хурдтай давхина.
 
Моддыг ажиглах гэдэг болсон байна лээ. Номны ач тус шүү дээ. Гаднах холтос нь гэмтэж үү? Бэртэж үү? Хэн нэгэн зочин үүрлэж үү? гээд л. Хэ хэ.

Моддын нэрсийг нэг бүрчлэн нэрлэж мэдэгүй хүн шүү дээ. Хойшид бага багаар ганц нэг модыг хараад таньдаг болохыг зорино оо. Навчыг нь харж л ялгаж нэрлэдэг байх тийм үү?

Модны үндэс, ишийг мөн харж, анзаарахыг хичээнэ ээ. Эргэн тойронд нь мөөг байна уу? Элдэв шавж байна уу? гэж.Тэдгээр бичил биет, жижиг ургамлын ач тус асар их гэдгийг уншиж мэдсэн хүн байна даа. Тийм ээ?

Япон улс ой мод ихтэй, 90 хэдэн хувийг нь өөрсдөө тарьсан гэж ярьдаг. Олон жилийн өмнө тарьсан гэхээр залуу, зулзаган мод ихтэй гэсэн үг байх нь. 

Заримдаа ч манайхаас 4 дахин бага газар нутагтай байж ширэнгэ мэт бөглүү ой ихтэйд нь гайхна өө. Өөрсдөө тарьж ургуулсан гэхээр бас биширнэ.

Мод гэснээс ижий аав минь хашаандаа алимны мод тарьсан. 3 жил орчмын дараагаас ургац хураах байх. Охин нь энд мандарины мод тариад, бас л 3 жилийн дараагаас ургацаа хураана. Хэ хэ. 

Нас яваад, хүний амьдралд нэг их юм хэрэггүй ээ гээд байгальтайгаа л ойрхон байх нь сайхан гэж бодож эхэлсэн шүү. Ха ха. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年6月11日火曜日

Ээж байх

Хүүхдийн хүмүүжлийн тухай ном уншаад байсан даа. Үе үе ээж байхын хэцүүг, сайхныг тунгаан бодно оо.

Бясалгал гэж хэлэхгүй ч, оройдоо зулзагаа унтуулахдаа үе үе бодно. Сүүлийн номонд бичсэнчлэн "зулзагуудынхаа унтсаныг хараад уужирч, талархаж, тайвширч бай" гэж. Үүнийг хэрэгжүүлэх санаатай. 

Унтаж байхад нь үнсэж, үлгэх дуртай. Хөөрхөн тийм ээ?

Хамтдаа дэлгүүр хэсэхдээ хүртэл сэтгэхүйг нь, танин мэдэхүйг нь хөгжүүлэх гэж үзнэ.
Хөөх гэж ирээд, ээж өөрөө маш их гайхаж биширч байгаа дүр эсгэнэ. Нэг ёсондоо жүжиглэнэ, анх удаагаа үзэж харж байгаа мэт. Ха ха.

Өөртөө багахан цаг гаргаад үчсин орсон нь. Зун цаг айсуй тул үсээ нэлээд богино тайруулчихлаа.

Гэрийн залуус хөөрхөн байна, үзэсгэлэнтэй байна гэж хэлсэн. Угаасаа тэгж хэлэхгүй бол ээж нь гомдоод сүйд болно биз дээ? 

Харин эгч "зохихгүй байна, та үсээ дээш шууж боох нь зохьдог юм байна" гэсэн.  Хань ижилдээ охин тэгж байна гэсэн чинь "надад таалагдаж байвал болно, өөр юу хүсэх вэ дээ?" гэсэн. Хо хо. 

Бодоод байсан, би өөртөө таалагдах ёстой биз дээ. Бусдад биш. Хо хо.

За энэ ёстой үнэн зураг байна аа. Хажууд аав нь зүв зүгээр, сув сул "оршиж" байхад ээж ээж гээд наалдаад унах юм. Би их ажилтай суугаад байгаа шүү дээ. Номоо уншаад, хоолоо хуурангаа түр амсхийх зэрэгт яг цагийг нь олоод наалдчихна. 

Тэгээд гар нь тувт энгэр лүү. "Мээмчик"-г минь их сурамгай тайлж ирээд л. Ха ха. Хол зайтай тулдаа л нэг юм тэсэж байна дөө. Ойрхон бол яг энэ зураг дээрх шиг л юм болох нь.

Ээжүүд минь та бүгд хичээж байгаа шүү, чадаж байгаа шүү, зүтгэж байгаа шүү, би та нарын араас хөл нийлүүлэх гэж яваа нэгэн шүү. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年6月10日月曜日

Хан боргоцой

Намайгаа ихээхэн дэмждэг нэг япон эмэгтэй бий. Ганц намайг ч биш юм аа, гэр бүлийнхнийг минь бүгдийг дэмжинэ. 

Баяр хөөр, гуниг зэрэгт дандаа дулаахан сайхан үг хэлдэг. Үе үе зулзагууддаа амсуулаарай гээд амттан өгнө. Зулзагуудынхаа буянаар хань ижил бидэн хоёр ч даган баясана.

Энэ удаагийнх нь амттан тайвань улсаас оруулж ирж худалдаалдаг хан боргоцой. Голыг нь хүртэл иднэ. Хаях зүйл гэвэл гаднах хальс нь. 

Тайвань улс их сүрхий. Суугуул мужид маань ихэд нэр хүндтэй. Нутгийнхаа бүтээгдэхүүнийг харилцан экспортолчихдог. Үе үе хоорондоо захиалгат нислэг хийгээд аялчихна.

Гэрт нэг л хүн энэ жимсийг арилгаж, хэрчдэг. Хэ хэ. Бид аав аа гэж ирээд л эрхлэлдээд, та л гоё арилгаж, хэрчдэг гээд аавыгаа онгирооно. Аав зулзагуудынхаа гуйлтыг бол "за" л гэж хүлээж авна.

Бага зулзага бид хоёр голыг нь авч идээд байсан чинь сүүлдээ хэл ам хорсоод, зулзага ус ус гээд нэхэж уусан. Ха ха.

Урлаг уу? Хэ хэ. Бүр нэг сэтгэлээсээ. Би бол томхон томхон хэрчээд, за идэцгээ гээд л тушаана шүү дээ. Идэхгүй бол өөрөө л идчихнэ. Ха ха. 

Жижиглэн хэрчсэн байгаа тул хатгаж аваад ам руугаа хийхэд их амар байсан. Тэр харагдаж байгаа жижигхэн сэрээнүүддээ би их хайртай. Нэг газар ажлаар явж байгаад, санамсаргүй таараад, худалдаад авчихсан. Үнэ нь ч дажгүй, үнэтэй биш байсан.

Мэдээж нэг дор бүгдийг нь барахгүй тул, маргааш нь идсэн. Бага зулзага өмнөх өдөр нь хэл нь хорссон тул бага идсэн. Эгч их дуртай тул их идсэн. Хэ хэ.

Жимс жимсгэний үнэ нэмэгдээд, би энэ жилд алим их бага идсэн. Яагаад ч юм худалдаж авах сэтгэл төрөхгүй байна өө. Хи хи. 

Хэсэгтээ бүсээ чангалах шаардлагатай хүн шүү дээ. Хо хо. Тунг нь тааруулах...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年6月9日日曜日

Цэцэгс

Чухал чухал ном уншаад, чухал чухал сэдвээр бичсэн хүн тархиа жаахан амрааж байгаа юм шүү. Ойлгоорой. 

Мөн дур тавиад алга болчихолгүйхэн шиг, та нарынхаа мэлмийг ч бас сайхан зүйлээр мялаая гэж бодоод. Ха ха. 

Энэ хорвоо дэлхий дээр сонин сонин ургамал, ногоо, хорхой шавж их байх юм тийм ээ. Ихэнхийх нь нэр усыг хэлж мэдэхгүй, мэддэг зүйлээр маруухан нэгэн би чинь. 

Улаан өнгийн цэцгээ ойртуулаад дарахад. 

Эдгээр цэцэгсийн нэрсийг ерөнхийд нь тоймлоход байна аа дараах маягаар заримыг нь орчуулж, оноож болох юм. Заримыг нь болж ёстой хайгаад олоогүй ээ. Мэддэг хүмүүс хэлж өгвөл баярлана аа. 

ロベ-Phoenix reobelenii-Финикийн дал мод.
カスミ草-Gypsiphila, baby’s breath-Хамхуул?
たにわたり-Asplenium antiquym-?
グロリオサ-Gloriosa-Глориоза.
アリウム ギガンチウム-Allium giganteum-?
モンステラ-Monstera-?

Нил ягаан өнгийн цэцгийн нэрний зургийг дараагүй байх юм. Дараа энд тэнд таарвал тэмдэглэж авна аа. 

Ойртуулаад харахад ийм. Багадаа нэг ийм өнгөтэй бөөрөнхий цэцгээр ээжтэйгээ хамтдаа амьтан хийж тоглодог байснаа санадаг юм. Бага зэрэг хатгана. Өө, нэр нь орж ирдэггүй ээ. Санахаараа бичнэ ээ. 

Наранцэцгээ бол нэг юм таниад байгаа юм аа. Хаанаас нь ч харсан. Хэ хэ. 

За тэгээд байнгын уншигчид минь мэдэж байгаа тийм үү? Заримдаа ч цэцэгнээсээ илүү ваар сав нь анхаарал татсан, чамин байдаг тийм ээ? 
 
Гэснээс манайд хоёр ваар бий. Нэг нь болор, нэг нь шаазан. Жилдээ нэг байна уу? хоёр л ашигладаг дөө. Ядаж сардаа нэг болгох юмсан дөө. Хань ижил гуай та нэг юм бодно байгаа? 
 
Гэснээс унших байгаа, өнөөх маань. Ха ха. 
 
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年6月8日土曜日

Музей үзэв

5 сард байх аа, энд эртний Египтийн түүхт олдворын үзэсгэлэн болоод. Эгч бол үнэгүй юм болохоор найзуудтайгаа үзчихсэн байсан. Сургууль нь ч ойр юм дөө. 

Гэснээс энд музей нь ахлах сургуулийн хүүхдүүд хүртэл үнэгүй байдаг. их аятайхан. Тийм болохоор ээж аавдаа ч хэлэлгүй үзчихсэн байдаг, янз бүрийн үзэсгэлэн, үзмэрийг. Атаархмаар. 

Музей үзэх гэсэн юм аа, мөнгө гэж нэхэхгүй. Би чинь багадаа янз бүрийн юм үзэхийн тулд цалингаас цалингийн хооронд хичээж буй ээж ааваасаа мөнгө нэхэхдээ заримдаа их санаа зовдог байлаа шүү дээ. 

Тэгээд л байнга нэхээд байж чадахгүй болохоороо, заримдаа үзэхгүй, заримдаа худлаа хэлэх шаардлага гарна. Ай миний бага нас...

Sekhemet. Эртний Египт хэлээр "Хүчтэй" гэсэн утгатай.
Сүүлийнх нь өдөр яваад очсоныг ч хэлэх үү? Хүн гэж пиг. Шилэн хоргон дахь үзмэрийг нь үзэх гэж бүр уртаас урт дугаар үүсчихсэн. Томчууд ч яахав, хүүхдүүд л үнэн залхуутай байх шиг байсан. Ялангуяа бага насныхан. Миний зулзага ч дүрмийн дагуу уйдаад, бушуухан гэртээ харья аа л гээд байсан. Хэ хэ. 

Horus бурхан. Шонхор шувуун дүрст тэнгэрийн ба дайны бурхан.
За тэгээд, надаар хэлүүлэлтгүй мэдэх байх тийм ээ? Эртний Египтүүд тэнгэрээр нисэн дүүлдэг шувуудыг шүтэх нь их байсан шиг. Бурхадынх нь толгой нь ихэвчлэн ямар нэг шувуудын толгойг дүрсэлсэн байх юм билээ. 

Зандаршуулсан шарил билүү? Юу билээ? Зулзага энэ хэсэгт харин нүд нь сэргээд ирж байна лээ. Жаахан юм байж, бас мэдээд байсан. Хэн ч зааж өгдөг байна? Баахан томчууд дунд ганцаараа байх ч бас лүд юм өө.

Өөр зөндөө үзмэрүүд байсан. Тэр болгоны зургийг оруулна ч гэж юу байхав. Зулзагынхаа сонирхлыг татсан ганц нэг үзмэрийн зургийг л авсан. Сүүлд хамтдаа зураг үзэж, хааяадаа эргэн дурсахуй хийдэг тул. Хүүдүүд өөрсдийнхөө багын зургийг үзэх дуртай байдаг юм билээ тийм ээ? Томчууд ч харж, өхөөрдөж баясна шүү дээ. Том болсныг нь гайхаж...

За за үзмэрийнхээ тухай, ядаж тэр олдвороос нь ганц олигтой мэдээлэл биччихгүй, аар шаар, шалдир булдир зүйл бичээд суух юм тийм ээ. Ха ха. 

Дээрх хоёр нэрийг нь бичээд хайхаар, эсвэл эртний Египт гэж бичихээр гараад ирэх байх өө. Илүү ихийг сонирхож байвал шүү дээ. Миний залхуу хүрээд байна өө. Хэ хэ. 

Тэгээд ч би чинь цахим өдрийн тэмдэглэл маягаар блогоо бичдэг тул, интернэтэд дэлгэрэнгүй байгаа зүйлийг энд нуршаад яахав тийм ээ? 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年6月7日金曜日

Бялуу

Ээж л болсон хойно бялууг төрөл төрлөөр нь зураг дарах юм даа. Хо хо. 

Бүгдийг нь ч идчихээгүй ээ. Ганц нэгийг л илдсэн, бусдыг нь гэрийн гишүүд бас иднэ ууна, тэд ч гэсэн хүн шүү дээ. Ха ха.

Үүнийг нэг япон эмээгийнд. Чамин бүтээлэгтэй гэж. Залхуугүй улс шүү эд. Би ч сүүлийн үед залхуураад иймэрхүү чамин ганган зүйлсээс холуур явахыг хичээж байгаа. 

Тэгээд ч бага насны хүүхэд асгана цутгана. Тийм ээ? Хи хи.

Үүнийг хэн ч сонголгүй, хань ижилд тунаж үлдээд, нэг өдрийн дараа идсэн. Орой нь ажлаасаа тарж ирээд, гайхаад л байсан. Амттан нь байж л байсанд. Ха ха. 

Аргагүй шүү дээ, бид нэг их дуртай биш юм чинь.Нялуун талдаа санагдаад байдаг юм.

Ээж үүнд дуртай. Бяслагтай tarte. Энэ үг чинь франц үг юм байна. Бидний хэлж сурсан тоорт юм шиг байгаа юм тийм үү?

Би ийм tarte дуртай. Хөвсгөр бялуунаас илүү санагддаг. 

"Tiramisu". Итали амттан юм байна. Тира нь дээш өргөх, ми нь намайг, сү нь дээшээ гэсэн утгатай гэнэ. Тэгэхээр намайг дээш өргөөч буюу намайг зоригжуулаач, намайг магтаач, намайг тайвшруулаач гэх мэт утгатай гэнэ шүү. 

Хааяа идчихнэ ээ. Дуртай зүйл болох шоколат, кофе зэргээр хийдэг болохоор тэр байх. 

Эдгээр бялууг"ээжийн өдөр"-р дүү нар барьж орж ирсэн юм. Би чинь заримдаа эндхийнхээ "өндөр ээж" шиг л байна шүү дээ. Ха ха. Өөртөө ахадсан цол өгсөн шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年6月6日木曜日

Оригами

Бага зулзагынхаа тухай их бага бичээд байна гэж бодоод байгаа хэдий ч, яг бичээд суухаар шал өөр зүйл биччихсэн суух. Хэ хэ. 

Цаг минутаар өссөн юм шиг л байна. Одоогийн өндөрлөгөөс харахад. Түүнээс ч өдөр тутамдаа бол түүртэнэ ээ түүртэнэ. Бухимдах үедээ бухимдана, ихэнхдээ хайрлана, энхрийлнэ. Хо хо.

Пуужин. Цэцэрлэгтээ хийсэн, их хэцүү байсан гэж ярихаар нь нээрээ гэртээ хамт хийж үзье гэж бодоод хийсэн. 

Аминдаа хөөрхөн нугалаад л байгаа юм. Хөөрхөн эгдүүтэй хоёр гар. Харахаар хайр хүрнэ. 

Нэг хөөрхөн санагдсан нь цаасаа нугалаад явж байснаа "байж байгаарай, индүүдхэе" гэсэн. Тэр нь нугалаасаа дахин хурууныхаа өндгөр дарж "тодотгох"ыг хэлээд байх шиг. Байх шиг ч гэж дээ, монголоор юу гэж хэлэх вэ? 

Нугалаасаа бататга?

Нугалаасаа тодотго?

Ямартай ч би нэг япон хэллэг сурч авлаа. Энэ мэтээр зулзагатайгаа тулж ажиллахаар ээж өөрөө хөгжинө өө гэж үнэн шүү.

Цэцэрлэгтээ хийсэн зүйлээсээ ээжид зааж өгсөн. Усан онгоч, нэг нь бас л пуужин. Энэ пуужин гэхдээ бас хөөрхөн, соруулаар үлээлгээд нисгээд байсан. Хөөрхөн хэцүү ч юм билээ, нугалахад. 

Томчуудтай хамтарч нугалахгүй бол бас ойлгохооргүй. Бид 2 ютүб гэгч сайхан ачтай буянтай юмны ачаар л хийлээ. Юм хөгжинө өө гэж.

Дарахаар үсэрдэг далайн хавч. Энэ хоёрын нэгийг нь нөгөөд нь давхарлаж оруулах юм билээ. Эхэндээ жаахан ойлгоогүй, хоёуланд нь нүд ам зураад. Тэгээд дангаар нь үсэргэсэн чинь нэг цовхчиж өгөхгүй байсан юм. 

Хэсэг азнаад дахин нэг хараад ойлгосон. Бас л нугалахад хэцүү талдаа, хүүхдэд бол. Манай хүн сүүл хэсэгтээ ээжийн гоё нугалсныг аваад, өөрийнхөө хайш яайш нугалснаа ээжид өгнө, тэрүүхэндээ хөөрхөн зальтай. 

Уг нь индүүдээд л хичээж нугалаад байгаа ч, нэг л эвээ олж өгөхгүй л байх шиг шүү.

Эрчүүдийн хийсэн бүтээл. Аавтайгаа хамт нугалав. Дунд нь арай л энэ нугалж буй сэлмээрээ байлдчихсангүй. Ха ха. Хэлэлцээд байгаа нь бүү мэд, хэрэлдээд байгаа нь бүү мэд, зулзага аавдаа томорч сонсогдсон. 

Индүүдээч гэж ирээд л аавдаа заагаад байх шиг байсан. Ха ха. Аав бол мэдэж байгаа шүү дээ, дээр нь хоёр ч эгч "өсгөлцчихөөд" байхад тийм ээ.

Бэлэн болсон сэлэм. Хөөрхөн л сэлэм байгаа биз дээ?  Хэсэгтээ л үүгээрээ байлдаж тоглосон. Одоо ч гэрт хөглөрөөд л байж байна. Хэсэг байлгаж, тоглуулж байгаад хаяна даа.

Эгч нараас өвлөгдөж үлдсэн олон олон "оригами" цаасыг үр бүтээлтэй ашиглаж л байна. Жигнэмэгийн хайрцаг дүүрэн л цаас байна. Зүү утасны төмөр хайрцаг шиг, бидэнд олон юмны төмөр хайрцаг байна аа. Хи хи.  

Гэхдээ байна аа, минимал болох санаатай, энэ хайрцагнуудаа цөөлж байгаа. Хайрцаг л байвал дотор нь "сонин сонин юм" хийж хадгалаад байх янзтай шүү. Ккк.

Зээ, энэ бол "зургийн аппарат". Японоор "пачин камэра" гэнэ. Яг зураг дарахдаа дуугаргадаг байхгүй юу. Ёстой хөөрхөн. Нугалахад ч амархан. 

-Ээж ээ, наашаа хараарай, зураг дарлаа шүү. 

-За, одоохон. Ээж нь өнцгөө олоодхоё. 

Ха ха. Яг жинхэнээсээ зураг авахуулах гэж байгаа юм шиг л тоглоно шүү дээ.

Энэ бол ээжийн бүтээл. Өдөрт дор хаяж гурван ширхэгийг нэхнэ. Бэлэн болсныгоо заримыг нь далд хийнэ. Заримыг нь уулзаж учрах танил, найз нөхөдөө бэлэглэнэ. 

Саяхан гэхэд өмнө нь хамт ажиллаж байсан тайвань найздаа, мөн нэг хятад найздаа хэд хэдийг бэлэглэсэн.

Бэлэглэх хүн зөндөө гарч ирдэг болохоор нэхээд л тавьчихдаг. Амар байдаг юм. 

Нэг иймэрхүү, сүрхий бүтээлч улсууд байна уу? Хэ хэ. Ногоон өнгө давамгайлжээ, энэ удаад.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年6月5日水曜日

Зун цаг айсуй

Зун цаг айсуй. Наана нь борооны улирлыг давж гарах хэрэгтэй. 

Олон хоног бороо орох ч бас л уйтай шүү. Ээж хүнд бол нэлээд бэрхшээл тулгарна. Угаасан хувцас хатахгүй, зулзагуудыг ийш тийш зөөхөд, энгийн үед зарцуулдгаас нэг дахин илүү цаг, хүч зарна...

Гол нь эрүүл саруул, даваад туулдагтаа талархнам...

Ажлын газрын гадаах жижигхэн цэцгийн мандалд айлчлан ирсэн зочин. Байнгын үйлчлүүлэгч нэгэн бүсгүйтэй таараад, хамтдаа баясан харж, жаал зогссон. Бага зулзагатаа үзүүлэх гэж зураг дарсан.

Наашаа хардаа, зураг дарах гэсэн юм гэсэн чинь их дуулгавартай наашаа харсан. Хэ хэ. "Мэлхий гүнж" гэдэг үлгэр сэтгэлд тод үлджээ, бага наснаас минь. Мэлхий гүнж болон хувирахдаа их гуалиг, өндөр гүнж болж хувирдаг даа. 

Багадаа уншиж байсан үлгэрүүдээ дахин нэг унших юмсан гэдэг хүсэл төрдөг л юм. Тэнэг Иван гэж ирээд л гардаг орос ардын үлгэрүүд байна.

Өнгөрдөг зун эх орондоо амарч ирэхдээ ийм найзтай болсон. Үе үе хэрэглэнэ. Эгч нь хааяа сургуульдаа авч явж харагддаг. Соруултай тагтай. Би хааяа орж гарахдаа кофе чанаж хийгээд авч явна. Эх орноо хөөрхөн сурталчихаж байгаа биз дээ? Бэлэглэсэн найзууддаа баярлалаа.

Зун гэснээс бас л айхтар хална гэхээс халширч буй хэдий ч маш олон ном "эзэндээ" ирнэ гэж бодохоос нойр хүрэхгүй л байна. Хо хо. 

Гэснээс ойрд ном унших онгод бууж ирсэн тул, олон ном амжуулах санаатай. Дүүриймаагийн ажил эхлэхээс өмнө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年6月4日火曜日

Өөрийнхөөрөө дур 50

6 сард бидний унших ном. Гарчигнаас уншаад л ямар чухал ном болохыг таав уу? Дуусаагүй л дээ, эхний дэвтэр нь талдаа орох гэж байна. 

Яа, арай жаахан залуу насанд минь энэ ном таарсан бол гэж бодлоо. Тэгсэн бол "ичимхий" эрхтнийхээ тухай илүү нарийн ширийн судлаад, ичимхий биш тун аятайхан, бүр дур булаам гэж мэдэж авах байлаа. 

Нэлээд залуудаа энэ номыг уншсан бол номонд бичсэнээр, зөвлөснөөр толь барьж аваад л үзэж тарахгүй юу тийм ээ. Хо хо. 

Гэхдээ бас бодлоо. Биднийг жаахан байхад өөрийн гэсэн орон зай, өөрийн гэсэн цаг зав нэлээд хомс байж. Гэртээ ганцаараа байх үе барагтаа байхгүй, дүү, хамаатан гээд л заавал "хамтдаа" 

Тэгэхээр чинь энэ номд бичсэнчлэн дур булаам эрхтнээ харах, сонжих, ажиглах боломж бага байжээ. Их л хаалттай сэдэв, ариун цэврийн хэрэглэл, сарын тэмдэг гэж хэлэхээсээ ч ичдэг байж... Хэ хэ. 

Мөн иймэрхүү төрлийн ном уншаад сууна гэж байхгүй л дээ. Ихэнх үйлдэл минь ер нь бол "хараат". Ээж аав, найз нөхөд, хамаатан садан гэх мэт хүмүүсийн байнгын хараан дор. 

Муу утгаараа биш  л дээ. Бидэнд өөрийн гэсэн тусдаа өрөө байдаггүй байжээ л гэж хэлэх гээд... 

Мөн иймэрхүү сэдэв хаалттай ч байж дээ. Ховор ч байж. 

Одооны охид бүсгүйчүүд нэг бодлын их атаархмаар. Их чухал сэдвийн талаар яг л тохирсон насандаа, үедээ олоод уншчихна. 

Гэснээ эр хүний шодойг бэлгэ дэмбэрэл болгоод магтан дуулаад, лаг лаг зүйлтэй зүйрлээд л. Тэгснээ бүсгүйчүүд бидний дур булаам эрхтнийг есөн жороор нь хэлээд л, доромжлоод байдгийг ойлгодоггүй шүү. 

Тэгснээ бидэнд унаж тусаад, чичрээд дайрдаг юм байж. Ха ха. 

Мөн "онгон хальс" гээч "үйлтэй юм"-н талаар уншаад, нэлээд дээр уншиж байсныг минь ёстой сайхан бататгаад өгсөн байна лээ. Энэ тухай нэлээд хуучинсаг бодолтой, найз охиноо, хайртай бүсгүйгээ, гэргийгээ онгон хальс нь цоорчихсон байсан гэж бодож явдаг эрчүүд байвал заавал унших хэрэгтэй л санагдлаа. 

Энэ нэг "ядаргаатай" юмнаас болоод таны охин бас ирээдүйд нөхөртөө адлагдаад байвал тэнэг биз дээ? Хэддүгээр зуун билээ? 

За тэгээд сэрэл өдөөгч, сэрэлд саад болдог зүйл гээд л сонирхолтой бөгөөд уншихад урамтай байна өө. Хэ хэ. 

Гэхдээ байна аа? Бүсгүйчүүд минь бидний эрхтэн бүгд ижил, бүгд дур булаам, бүгд үзэсгэлэнтэй. Харин бидний сексийг мэдрэх мэдрэмж бүгд өөр өөр гэнэ шүү. Тийм болохоор эд эрхтнээ голоод, сэтгэлээр унаад байх шаардлагагүй гэж байна шүү. 

Клубынхан маань юу гэж ярьцгаах нь уу? Сонирхолтой талаас нь ярьцгаах байх даа, хурдхан шиг ярилцах юмсан гэж бодоод л сууна. Хо хо. 

Наана нь 2 дэвтрээ бушуухан уншиж дуусах. Өмнөх бичвэрт танилцуулсан япон номыг давхар уншаад, тэрэнд бас анхаарлаа төвлөрүүлээд, заримдаа энэ номоо хойш нь тавиад байна өө. 

2-ланг нь уншаад, дахин сонирхол татсан зүйлсээс нь оруулна аа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年6月3日月曜日

Одоогийнхоосоо арав дахин хурдтайгаар

Яг одоо уншиж буй ном бол Paul R.Scheele гэгч хүний "The ProtoReading Whole Mind System" гэдэг ном. Дээрх эрдэмтэн PhotoReading аргыг санаачилсан бөгөөд Neuro Linguistic Programming-н эцэг гэгддэг юм байна. 

Англиар уншаад, ооё. Хэзээ нэгэн цагт ийм хэцүү номыг англи хэлээр уншдаг болчихсон гээд яриад, бичээд явбал сайхан аа. Тэгвэл би та нартай дуугарахгүй ээ, гэхгүй юу. Ха ха. 

Канда Масанори-н орчуулгаар нь уншсан юм аа, япон хэлээр. Энэ Канда Масанори гэдэг хүний тухай номны тухай ярьж ютүбд оруулдаг Батцэцэгийн номын танилцуулгаас олж сонсоод. 

Яг тэр танилцуулсан номыг нь зээлж аваад хэсэг цүнхэлж яваад, дараагийн хүн зээлмээр байна гээд захиалга ороод ирлээ гэхээр нь оронд нь хайж байгаад энэ номыг олж зээлсэн юм. 

Бас л хөөрхөн хугацаа өнгөрчихсөн. Учир нь би өнөөх хүүхдийн хүмүүжлийн тухай ном "Модны нууцлаг амьдрал" номнуудаа уншиж гүйгээд, энэ номыг хойш нь тавиад байлаа л даа. 

6 сарынхаа номны хажуугаар нэг япон уншдаг заншлаараа үүнийг зориглон барьж аваад л сууна. Тэр бүр хурдан уншиж амжихгүй л дээ. 
Өрөөстэй олон номоо яаж ийгээд уншиж дуусгачих санаатай, тэгээд л энэ номны гарчиг нь анхаарал татсан байх. 

"Та одоогийнхоосоо арав дахин илүү хурдтайгаар ном уншиж чадна" гэж орчуулсан байна. 

Ерөнхий агуулга нь хэрхэн хурдан унших, ингэж хурдан уншихдаа зүгээр л минутын уншлага биш агуулгыг нь ойлгож, толгойдоо үлдээж унших аргыг зааж өгнө. 

Тэрхүү аргых нь нэр PhotoReading гэдэг арга. Англи үгнийх нь утгаас л харахад ерөнхийдөө нэг зураглал харагдаж байна уу? 

Англи хэлтэй залуус их тул та миний чадан ядан, мөн удаан оруулах бичвэрийг хүлээлгүй интернетээс хайгаад үзээрэй. Нэг шинэ санаа оноо танд өгч магад. Тийм үү? Амжилт хүсье. 

Жич: Зургийг аль энэ сарын эхэнд дарсан байна. Би чинь номоо эхлэхдээ илж таална, зураг хөргийг нь авч мөнхрүүлнэ. Хуудсуудыг нь эргүүлж, дотроо зурагтай юм, зураггүй юм гэж харна. 

Заримдаа эхлэл үгийг, заримдаа төгсгөлийн үгийг нь эхэлж уншдаг заншилтай. Мөн зохиолчийнх нь танилцуулгыг уншина. 

За тэгээд та номыг хэр удаан, хэдэн цаг зарцуулж уншдаг вэ? Мөн уншсан агуулгаа хэр ойлгодог вэ? 
Бидний багадаа сурсан унших арга барил, дадал бол утгагүй дэмий зүйл. Та өнөөдрийг хүртэл баримталж ирсэн өөрийн унших арга барил, мөн олон нийтэд зөв гэгддэг унших аргыг таягдан хаях хэрэгтэй. 
 
Энэ удаад танилцуулах PhotoReading гээч нь 5 алхамтай. 
1) Preparation
2) Preview
3) PhotoReading
4) Postview 
5) Activation 
Эдгээрийг нэг бүрчлэн тайлбарласан байна. Яг орчуулах гэхээр миний бяд хүрдэггүй. Англи үгнээс нь ойлгочих байх тийм үү? 
 
PhotoReading-д юу чухал вэ гэвэл шинэ зүйл туршиж үзэх тэмүүлэл мөн тайван амгалан сэтгэл юм. Зөвхөн энэ хоёр л байхад болно.
 
Хүүхэд мэт танин мэдэх тэмүүлэл, гайхаж ханддаг хандлага, туршиж үзэх хүсэл, нээлт хийж явснаар таны өмнө урд өмнө үзэгдэх харагдаагүй гайхамшигт үүд хаалга нээгдэх болно. 

Уншлага нь таны ажил амьдралд, эрч хүчний тань ундрага болно гэдэгт итгэлтэй байна. 

Сонголт таны гарт. Хуучин арга барилыг зоригтойгоор таягдан хаях. Шинэ зүйлийг хамгийн түрүүнд, өрсөлдөн туршиж үзэх, шалтаг тоочихгүй байх. 
Шинэ зүйл эхлэхэд хаях ёстой зүйлс гэвэл:
  • Суралцагч гэдэг талаас өөрийгөө хэт доогуур үнэлдэгээ болих
  • Аливаа зүйлийг хойшлуулж, өөртөө итгэдэггүй, өөрийгөө доош нь хийдэг, өөрийгөө үгүйсгэдэг зангаа хаях
  • Алдаанаасаа суралцахад бус алдаандаа л хэт төвлөрөөд төгс төгөлдрийг хүсдэг бодлоо хаях
  • Санамсаргүй, санаандгүй зүйл болон зөн совинд үл итгэх хандлагаа хаях
  • Бүгдийг нэг дор мэдэхийг хүсдэг зангаа хаях
  • Үр дүнг чухалчилдаг зангаа хаях
  • Адгуу зангаа хаях
Нэмж хэлэхэд сөрөг үзэл бодлоо хамгийн түрүүнд хаях. Сөрөн бодол, сөрөг хандлага нь амжилтын эсрэг хамгийн том хана болдог. 

Өнөөдөртөө ингээд өндөрлөе. Цааш нь уншмаар, мэдмээр санагдаж байвал дахин хэлье, өөрсдийн мэддэг хэлээрээ хайгаад, судлаад үзээрэй. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2024年6月2日日曜日

Модны нууцлаг амьдрал 3

Мартсанаас номын баяр болоод, хэд хоног бужигнав тийм үү? Би ч нэлээд олон ном хүнд захиад, энд авчруулах гээд тохирсон байгаа тул энэ удаад шунал минь бага хөдөлсөн. Хо хо. 

Мөн уншаагүй номнууд минь тэр бүр цөөрөхгүй л байна. Нэмж авчруулаад л өрөөд тавьчихдаг. Нэг нартай өдөр уншиж дуусгана даа тийм ээ? Ямартай ч авчихсан байхад учиртай...

Зээ, модныхоо тухай үргэлжлүүлж бичээд, энэ бичвэрээр өндөрлөнө дөө. 

  • Борооны дусал хөрсийг хүчтэй балбахгүйгээр иш мөчрөөр дамжин зөөлөн газардаж байхыг мод хариуцна. Газрын хөвсгөр хөрс усыг бүрэн шингээж авснаар нарийн горхи үүсгэж юу юугүй урсаж алга болохоос сэргийлэн, ус чийгийг хөрсөнд тогтоож үлдээнэ. Хөрс усаар ханаж, модны нөөц сав дүүрээд ирсэн цагт илүүдэл ус аажим аажмаар, олон жил дамжин доошилсоор газрын гүний давхаргад улам бүр лав нэвчинэ. 

Манай орон шиг ой мод цөөтөй газар хөрс нь усаар бүрэн хангагдаж байдаг уу? гэдэг асуудалтай тийм ээ. Мэргэжлийн хүн биш тул хар ухаанаар л бодоход борооны ус нь хөрсөндөө шингэхгүй, урсаад явчихдаг, тэгээд л тэр шар усны үер гээч нь болдог байх тийм ээ? 

Мод үхсэнийхээ дараа ч горхинд ач тусаа өгсөөр байдаг. 

Үхсэн мод хүртэл зүгээр л тэр газраа байгаагийнхаа төлөө үнэ цэнийг бий болгож, амьд модны усны тэнцэлд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулдаг.  

Мөн сонин сонин нэртэй амьтан, шавьж их гарна аа. Ургамлын бөөс, булгийн эмгэн хумс, гүлмэрийн авгалдай, урын ялаа, урын хэдгэнэцэр, эрвээхэйн хүрэнцэр, төөлүүр, холтосч цох гэх мэт. 

Эдгээр шавжнууд бүгд дор бүрнээ өөрсдийн гэсэн үүрэгтэй. Хөрсөндөө, модондоо. Мэдээж зарим нь хор хөнөөлтэй. Хүмүүс бидэнд бол огтхон ч хөөрхөн харагддаггүй тийм ээ? Хи хи.

Гэснээс энэ япон хүүхдүүд багадаа хорхой шавжтай их ойрхон өснө өө. Зарим нэг хорхойг бүр тэжээдэг. Бага зулзага одоогоор хорхой тэжээнэ гэхгүй л байна. Үе үе нэг эвхрээд бөөрөнхий болчихдог хорхойг барьчихсан гүйж явдаг юм. 

Энэ хорхойны тухай нэг бичиж байсан санаад, нэрийг мартчихсан байна өө. 

  • Мод наранд өөрийгөө чадлаараа цэнэглэж, нарны гэрлийн тусламжтайгаар сахар болон бусад нөөц бодисыг бий болгож авна. Энэ нөөцөө баавгайн адилаар "арьсан" доороо нөөцлөн хадгална. Ихэнх зүйл мод нөөц тэжээлийн бодисоо навчнаасаа иш, үндэс лүүгээ эргүүлэн татаж авах ёстой. 
  • Нохойны шээс модны ишийг түлж, үндсийг үхүүлэх аюултай. Үүний дайны гэмтэл хохирлыг өвөл цацдаг замын давс учруулна. Давсны хэмжээ өвлийн хатуу зөөлнөөс шалтгаалж кв метр газарт 1 кг гаруй ноогдохуйц байдаг. Бас болоогүй, шилмүүст модны өвөл гээгдээгүй шилмүүс машины дугуйнаас үсэрсэн нойтон давсанд чөлөө зайгүй шүршигдэнэ. Ингээд давсны дор хаяж 10% нь агаарт цацагдаж, мод гэх мэт дээр эргэн буухдаа түлэгдэл үүсгэдэг. 

Энэ нохойны шээсний тухай "Гудамжны хүүхдүүд" бүлэгт бичигдсэн. Нээрээ л нохой энд тэндгүй шээж харагддаг тийм ээ? Модны ишийг түлдэг тухай бодож байсангүй. Ихэвчлэн энэ хэсгийг жаахан хүүхэд гараараа бариад, түшээд, гар хүрэх байхдаа гэж бодоод, бага зэрэг сэжиглэдэг юм. 

Аз болоход японд хүүхэд тоглодог цэцэрлэгт хүрээлэнд нохойгоо салхилуулж болохгүй гэсэн дүрэм бий. Түүнээс ч манай монголд бол хүнд байтагуй модондоо хүртэл маш их халгайтай юм аа тийм ээ? Хүмүүсийн ухамсрыг л дээшлүүлэх, иймэрхүү мэдлэг мэдээллийг түгээх хэрэгтэй юм даа. 

За тэгээд мод бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтой. Улиангар, улиас, шилмүүст мод, гацуур, эвэрлэг мод, бургас, жодоо мод, нарс, царс, хус, агч мод, хүйрс, дуглас гээд л. Худалч хүнд би өөрөө энд нэрлэсэн олон моднуудыг гаднаас нь хараад бас нэрлэж чадах уу? гэвэл нэрлэж чадахгүй ээ. Ичиж байна өө. 

Жишээ нь гацуур гэхэд л байгалиасаа жинхэнэ ус сорогч мод гэнэ шүү. 

Зарим нь хүйтэнд тэсвэртэй, зарим нь хуурайшилтанд ажрахгүй. Нэг хэсэг нь шавжнаас нь өөрийгөө хамгаалах чадвартай. Нөгөө нэг хэсэг нь байнгын чийгэнд ч огт тоохгүй гэх мэт. 

Одоо гудманд тааралддаг моддыг хараад, ой дахь модыг хараад өрөвдөн энэрэх гэдэг болжээ. Мөн хорхой шавжийг ад үзэх минь багасах байх. Хэ хэ. Хөдөө нутагт амьдардагийнх, харьцангүй ой модтой ойр гэж өөрийгөө зөвтгөөд байгаа. 

Түүнээс заримдаа ч хот газрын гялалзсан хүүхнүүдийг харахаар хот гүйгээд орчихмоор санагддаг байлаа. Одоо бол харин ч ой мод, байгальтайгаа ойр байгаадаа талархан суунам. 

Мөн бага багаар энэ моднуудыг нэр усаар нь тогтоохыг хичээнэ ээ. Хи хи. 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2024年6月1日土曜日

Тансаг цэцэгс

6 сарын 1-ний буюу "Эх үрсийн баяр"-ын мэнд ээ. Манай японд хүүхдийн баяр болоод өнгөрчихсөн. Тийм ээс бид тэмдэглэхгүй. Хэ хэ. 

Ажлын газрын доор ийм "икэбана" буюу амьд цэцгийн бяцхан хөөрхөн үзэсгэлэн болоод. 2 урт ширээн дээр 4-5 ваартай цэцэг. 

Энэ далбагар ногоон навчийг "Луун мод" гэдэг юм байна. Англи нэр нь Dracaena. Япон хэлээр англи нэрийг нь ч япон дуудлагад оруулаад л хэлчихдэг юм байна. Нэг бодлын амар. Нэг сумаар 2 туулай буудчихна. 

Тэр улбар шарыг нь Strelitizia гэдэг юм байна. Монгол нэрийг нь олж чадсангүй. 

Belladonna гэдэг гэнэ. Монголоор "Гувай хатан", "Эгэл гоо хатан" гэдэг шиг байна. 

Та бүхэн мэддэг бол хэлж өгнө биз дээ. 

Ваар нь хөөрхөн. Час улаан өнгийн ваар, шар цэцэг. Өнгөний хослол гоёмсог байгаа биз? 
Belladonna гэдэг гэнэ. Монголоор "Гувай хатан", "Эгэл гоо хатан" гэдэг шиг байна.
 
Өнгөний хувьд дээрх шиг тод хөх, энэ зураг шиг бүдэг цэнхэр гэх мэт байдаг юм байна. 

Alstroemeria гэдэг цэцэг. Монгол хэлээр хайгаад олоогүй ээ. Булцуут цэцэг. Өнгөний хувьд бас олон юм билээ. Ягаан, нил ягаан, улбар шар гээд л. 

Өөр төрлийн цэцэг байсан. Түүнийх нь зургийг дараа оруулна аа. 

Гэснээс энэ цэцэгнүүдийн нэрсийг цээжлэх гэдэг ч асуудал юм өө. Тэгсгээд л мартчихна. 

Ямартай ч ингээд зураг хөрөг дараад, хальж нетээс хайж үзээд явж байтал ганц нэг нэрс нь ой тоонд үлдэх байгаа. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.