2024年12月17日火曜日

Төмсөгний тухай

Манай энэ япончууд бас л айхтар, хөөрхөн сэтгэнэ шүү. 

Ажлынхаа хажуугийн хотын харъяа номын сангаас сонирхолтой гэгч ном зээлж ирэв ээ. Угтаа үлэг гүрвэлийн л ном зээлэх санаатай орсон юм. Ойрд энэ номын сангаар шагайгаагүй юм билээ. 

Үлэг гүрвэлийнхээ номыг ч зээлсэн л дээ. Үүргээ давуулан биелүүлээд сонин хачин агуулгатай ном зээлчихсэн, би ч ном гэхээр л дандаа л үүргээ давуулан биелүүлчихдэг гэмтэй биш зантай хүн. Хэ хэ. 

Амралтын өдрөөр уншиж өгөв өө. Зулзага цаанаа л нэг хачин жигтэй инээд  алдаад болдоггүй шүү. Жуумалзаад л. Ха ха. 

Өөрийх нь нандин чухал эрхтний тухай яриад байна гэж мэдээд байдаг шүү. Уншиж дуусан дуустал жоготой инээд алдсан. Дагаж би бас инээгээд, аав нь тэнд бас үе үе жуумалзаад л. Хи хи. 

Гаднах хальс буюу уут нь хэрхэн ямар үүрэгтэй, өөрийнх нь маш эмзэг бөгөөд чухал эрхтнийг нь элдэв нян зэргээс хамгаалах зориулалттай тухай дэлгэрэнгүй бичиж шүү. Хүүхдэд зориулсан гэхэд. 

За тэгээд л үрийн шингэн ялгаруулдаг, эмэгтэй хүнд ч хоёр төмсөг байдаг, тэрнийг нь өндгөвч гэж нэрлэдэг, эмэгтэй хүний бие дотор байдаг гэж мэгээд л дэлгэрэнгүй л бичиж. 

Тавхан насандаа ийм мэдлэг олж авдаг одооны энэ хүүхдүүд нэг бодлын азтай. Би яасан, өөрийн бие доторх өндгөвч, өндгөн эс зэргийнхээ тухай хэзээ хойно л мэдэж авсан даг. 
 
Худалч хүнд томыгоо төрүүлэхдээ, ха ха. Одоо бодоод байхад их л харанхуй бүдүүлэг байжээ. Өөрийгөө өрөвдчихлөө. Хи хи. 

Эрэгтэй хүнтэй унтахаар л хүүхэдтэй болдог гэж хальт мулт л мэддэг байлаа шүү дээ. Бусдаар тэгээд харанхуй харанхуй.
 
Би ч багыгаа төрснөөс хойш энэхүү ангарагаас ирсэн гишүүнийхээ төмсгийг үе үе гайхан харна аа, хаха. Заримдаа ч шалчийсан, үрчийсэн арьс л харагдана. Заримдаа ч хатуу бондгор болчихсон байна. Гэх мэт. 

Одоо томроод нэг их ажиглалт хийж чадахгүй байна л даа. Хи хи. Хамаагүй их нүд унагавал гаж донтон болчихно биз дээ?

Ямартай ч иймэрхүү бэлгийн боловсролын тухай номтой үе үе учруулж, уншиж өгч байх юм шүү. Яваандаа өөрөө уншдаг болохоороо нууж нэг, ил нэг уншаад явах биз, тийм ээ? 
 
Цуврал ном тул "шодой"-ных нь тухай ч байдаг байх. Дараагийн ээлжинд зээлж ирж уншина аа. Бас л сонирхол татаж байна шүү.

Хүүхэд томрох ч лүд юм дөө.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年12月16日月曜日

Хараацай зогсолт 1 үргэлжлэл

Орсон ч гарсан ч, боссон ч суусан ч барьж гүйж байгаад уншаад дуусгалаа. Гэхдээ өмнөх "ид жилбэ"-тэй номныхоо завсраар бараг талд нь хүртэл уншчихсан байсан юм өө. 

Мөн бидний 12 сард уншиж ярилцах ном тул, эртхэн уншиж л байх минь гэж бодоод л. 2 дэвтэртэй. Одоо хоёр дахиа эхэллээ. 

Зээ, эхний дэвтэрт сүүл хэсэгтээ нэлээд гомдол, тайлбар маягийн агуулгатай бичвэрүүд зонхилно. 

Зохиолч тэр бүр сонин хэвлэлээр ярилцлага өгдөггүй, элдэв хов жив хөөж тайлбар өгдөггүй болохоороо тэр байх, тухайн цагт тохиолдсон ганц нэг хов живт хариулт тайлбар өгсөн ч юм шиг санагдав. 

Энд тэнд хэрүүл хийгээд байлгүй ингээд чимээгүйхэн, уран зохиолын хэлбэрт оруулаад, бүр ном болгон хэвлээд гаргачих чинь тун догь арга ч юм шиг...

Би бас ганц нэг гомдол, зэвүүцэл, хорслоо уран зохиол болгоод, хэн нэгэн дүр гаргаж ирээд бичдэг ч юм билүү. 

Суугуул мужид минь байдаг монголчуудыг "малууд" байдаг, бид л өөрсдөө хүн нь гэж боддог, яриад явдаг ИКС, ИГРЭГ гээч хүмүүсийн тухайд гээд бичвэл бичнэ шүү дээ. 11 шиг л чимээгүй, орхичихоод байгаа болохоос. Ха ха. 

Тун дажгүй ишлэлүүд олж уншсаныгаа түүж бичье дөө. Зүгээр суухаар зүлгэж суух минь. 

Зөвхөн бие махбодоороо ойр байхыг гэрлэлт эсвэл хайр гэхгүй шүү дээ. Чимээгүйхэн хайрлана гэдэг жинхэнэ, бүтэлтэй хайр ч байж мэдэх юм...

Бууж өгөхөд харамсмааргүй хоёр төрлийн л хүмүүс байдаг. Эхнийх нь сайхан сэтгэлтэй хүмүүс. Удаах нь хурц ухаантай хүмүүс.

Үлгэр мэт яруухан төгсөлтийг хүлээвч кино мэт яаж ч төгсөж мэдэх тоглоомыг гэрлэлт гэдэг шүү дээ.

...Гэвч үлдэгсдийн өвдөлт маш удаан үргэлжлэх болно. Дэндүү удаан...

Ихэнх хүн бичвэрийн цаадах бичвэрийг уншиж чаддаггүй. Наадахыг л... Бид үсэглэгдэж буй үгсийг л уншдаг юм. Үсэглэгдэхгүй байгаа, харагдахгүй байгаа, зөвхөн мэдрэгдэж буй тэр бүдэг чичирхийлэл ч яруу найраг шүү дээ. 

Мянган тэнэгийг араасаа дагуулснаас нэг ухаантанд тоогдсон нь дээр.

Сонссондоо биш харсандаа л итгэ гэдэг билүү? Үгүй дээ, нүд үнэндээ зүрхнээс харалган эрхтэн юм шүү. 

Энэ хорвоог азтай, амжилттай туулж яваа "хэвийн" бид хэвийн бус нэгэнд хэтэрхий харгис зангаа гаргахаас ер ичдэггүй нь ичмээр явдал билээ.

Зүгээр л харц! Гэвч хүний нүд хамгаас айхавтар хүчирхийлэгч, дарангуйлагч, эзэрхийлэгч эрхтэн...

Байхын жаргалыг мэдэхгүй бол байхгүйн зовлонг мэдэхгүй шүү дээ. 

"Эмэгтэй юм байж" хэмээх энэ зэмлэл эм хүний сэтгэлд зүүдэг маш том, хүйтэн цоож юм. 

Гээсэн он жилүүд, хаясан эд зүйлс, мартагдсан чадварууд, үүрд арилсан мөрөөдлүүд.

Урилгагүй зочин татараас дор. 

Суралцах ёстой болохоос барьцах ёсгүй. Хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй. 

Номыг зүгээр л унш! Дүн тавихын төлөө бус. 

Зээ ийнхүү эхний дэвтрээ хаан, хоёр дахь дэвтрийг нь сөхөв. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年12月15日日曜日

Мастер Маргарита хоёр үргэлжлэл 2

Ид шидийн номоо дууссан гэж хэлсэн тийм ээ. Зохиолын хоёр гол баатар минь хамаг зүйлээ орхиод "диваажин" луу явчихдаг, өнөөх гадны хүнийг дагаад. Нэг ёсондоо нас бараад сүнс нь гэсэн үг л  дээ.

Яг ч диваажин бас биш л дээ. Там юм болов уу? Бүү мэд. 

Маргарита ч ёстой нэг "галзуурч" өгдөг. Ид шидтэй учраад, шүүр унаад нисэхдээ. Замд таарсан юм болгоныг, өөрт нь жаахан тааламжгүй хандсан хүмүүсийг гээд л. Нэг байрыг орвонгоор нь эргүүлчихдэг. 

Миний төсөөллөөр эх оронд минь байдаг шиг 9 давхар байшин. Гэхдээ бас арай өөр байж магад. Байрны харгалзагч гэх мэт хүмүүс гарахыг бодоход. 

"Амьдрал нулимсанд дургүй" дээр гардаг холын хамаатан эмээгийн байр шиг тансагдуу байр шиг байгаа юм. 

Цирк харин эх хотын минь хүүхэд байхдаа байнга очдог байсан цирк төсөөлөгддөг. 

Зохиолч нь эмч хүн байжээ. Бас морфинд донтсон хүн байсан гэдэг цуу яриа явдаг юм билээ Түүндээ донтоод, энэ ертөнцөөс тасарсан үедээ уг зохиолоо бичсэн байх гэсэн таамаг ч байдаг юм билээ. Таамаг ч биш, бодит явдал шиг байгаа юм. 

Дайны он жилүүд ч таарч. Эрүүл энх цагт хүмүүс элдэв эм, тариа, тамхинд донтоод байхад дайны хүнд хэцүү жилүүдэд бас арга ч үгүй байх тийм ээ? 

Өөр юу билээ? Булгаков гэдэг нэр ч монгол гаралтай нэр гэсэн. Тэгэхээр зохиолч монгол гаралтай байж ч мэдэх. 

Хүмүүсийн таамаглал, төсөөлөл, элдэв цуу ярианд хязгаар гэж байхгүй юм даа. 

Мастер Маргарита хоёрыг нас барахад Иван галзуугийн эмнэлгээсээ гарахаар болно. Мөн түүнтэй уулзаад хоёр гол дүрүүд маань нисэн одоход хажуугийн өрөөний өвчтөн нас брадаг. Энэ бол Мастер. 

Одоо цаг үеийн Харри Поттер шиг зохиол юм биш үү? Энэ энэ "алдарт" зохиолын киног нь ч үзээд ойлгодоггүй юм. Тэгэхэд охин минь дахин дахин уншаад л байдаг юм. Ёстой нөгөө нэг ширээний ном гэдэг шиг л...

Гэснээс олон сүрхий хүмүүс энэ номыг ширээнийхээ ном болгон, үе үе сөхөж хардаг гэнэ лээ. Би ч тэднийг дуурайдаг юм билүү? Ха ха. 

Овоо хэдэн жилийн дараа л нэг сөхөж магад. Одоо ч унших ном асар их. Жилд 35 ном уншаад байхад барагддаггүй шүү. Энэ тухай 2024 оноо дүгнэж нэг бичихдээ дэлгэрэнгүй бичнэ ээ. 

Ямартай ч "галзуу, солиотой, сонирхолтой" нэгэн зузаан номоо уншиж дуусган, хаагаад номын сандаа өрөв. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年12月13日金曜日

Хараацайн зогсолт 1

Төлөвлөгөөт ном. Монгол зохиолчийн ном тул уншихад харин ч нэг урамтай байна аа. 

Би Л.Өлзийтөгс зохиолчийн "Нүдний шилэнд үлдсэн зургууд", "Хотын үлгэрүүд"-ийг уншсан. Дахин уншиж буйдаа баяртай байна. Хөөрхөн найздаа эрхэлж, захиж авахуулсан. Баярладаг шүү, хонгор минь. 

Уншсан номныхоо тухай өмнөх блогтоо зүгээр л "уншсан шүү" гэж санаж байхаар л хальт л хоёр өгүүлбэр холбон бичжээ. Яахав нэгнийх нь зураг бол байсан. Нөгөө  нэгнийх нь зураг ороогүй байна лээ. 

Тэгэхлээр санаж буй зүйл тун ховор, тэдгээр номноос. 

Хараацайн зогсолтын эхний дэвтэрт орсон бага насны дурсамжуудыг уншиж байхад миний өөрийн бага насны дурсамжийн зарим нэг нь сэдрэв. 

Жишээ нь "Аллага", "Сүрэг" гээд байрны хөвгүүдийн тухай дурсамж. Миний багад ч байр маань хоёр орцтой, 9 давхар байшин. Байрныхаа бүх хүүхдүүдийг, орцныхоо бүх айлыг таньдаг байлаа. 

Охид хөвгүүдээрээ хуваагдаж тоглоно. Заримдаа хачин эвтэй, заримдаа чухам дайсагналцдаг байлаа. Санаж байгаагаар 9 давхраас ууттай ус асгаж дэггүйтнэ. Усаар байлдана. Чирдакан дээрээ гарч тоглоно, чирдакаараа дамжиж найзындоо орно.

Цахилгаан шатаар тоглоно, айлын хонх дараад зугтаана.

Бусад байрныхантай резин, чиртаагаар өрсөлдөнө. Байрны ах нарын дугуйнд сундлаад, тэр хавиа тойрно. 

Хөвгүүд харин шувуу байтугай л амьтан "алж" тоглодог байсан байх. Хань ижил л лав энд өгүүлдэг шиг муурыг өндрөөс шидэж үзсэн л гэсэн. 

Мөн байрны хөвгүүд чулуугаар байлддаг байсан. 

Зохиолын гол дүр болох Зохиолч нь Мама буюу хадам ээжтэйгээ хуучилдаг хэсгүүд их хөөрхөн. "Юу яагаад" гэдэг бичвэр нь хөөрхөн. Өөрийн эрхгүй инээсэн.

Маматай ярих харилцан ярианд хөөрхөн хөөрхөн, ухаарал хайрласан өгүүлбэрүүд мэр сэр гарна. 

"...Хүн чинь уурлахаараа их тэнэг, тэнэг, жижигхэн зан гаргадаг юм шүү дээ. 

"... Ер нь битгий уурлаж байгаарай, миний охин! Ээж нь бол уур хүрэнгүүт амаа хамхичихдаг даа, хө. Үг хэлмээр байсан ч дуугардаггүй. Тэвчсэний буруу гэж ер байдаггүй юм шүү. Бүх юм болоод өнгөрсний дараа хэдэн өдөр, хэдэн сар харамсаж шаналснаас тэрүүхэн зууртаа тэвччихэд дараа нь сэтгэл санаа хөнгөн байдаг даа." 

Сүүтэй цайны тухай бичсэнийг нь хань ижилдээ уншаад өгчихвөл ч надаас сүүтэй цай нэхээд салахгүй болохоор л бичсэн байлаа. Учир нь би сүүтэй цай гээд байддаггүй л дээ. Хань ижил болохоор будаатай сүүтэй цайнд дуртай. За тэгээд борцтой бол бүр ч...

"...өрөмтсөн сайхан, өтгөн шаргал сүү хийгээд 100 удаа самарчихсан, атга шар будаа шидээд, сүүлтэй хуурчихсан юм уу, хэдхэн ширхэг борц хаяад буцалгачихсан, чимх хужиртай, халуун цай чинь ядаргаа тайлж, хий хуйг дардаг, муухан хоолноос хамаагүй дээр унд шүү дэ хө. Ер нь миний охин хожим, ээжигйээ үхэхээр муу хоолыг түлхээд сайн цай л уучихаж байгаарай..." 

Гэснээс эндхий сүү тослог багатай тул өтгөн сайхан цай болдоггүй юм өө. Тийм болохоор би сүүтэй цай чанах дургүй. Кофег бол чанана шүү. Хэ хэ.

Өмнөх сарын "галзуу солиотой" номыг бодвол тун даруухан, эгэл, монгол ахуй гардаг тул амархан ч уншигдаж байна өө. 

1 дүгээр номоо дуусгаад дахин нэг тэмдэглэл бичнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年12月12日木曜日

Төгсрөх

Охины хийсэн амттан. Гаднаас нь харахад төгсөрчихсөн байна уу? 

Амтыг нь харин хэлж мэдэхгүй байна өө. Гар хүрч болохгүй гэдэг тушаалтай тул зураг л дарав. Яахав дээрх чимэглэлийх нь ганц нэг ширээн дээр өнхөрснөөс нь хурууныхаа өндгийг норгож ирж байгаад л түүж "амсав". Ха ха.

Холын хөршийн минь өгсөн амтат төмсийг хэн ч идэж болохгүй, би 12 сард амттан хийнэ гээд сонинд ороож далд хийсэн. 

Гэхдээ энэ удаагийн амтат төмс нь өөр соорт байсан байх, өөрийг уламжлалт аргаараа шарахаар гоё болж өгөхгүй байсан юм. Тэгээд л зулзага минь амттан хийхээр шийдсэн.

Цаасан аяга, аяган жигнэмэгийг нь дэлгүүрээс бэлэн худалдаад авчихна лээ. Энэ ногоон өнгөтэйг нь өөрөө хийсэн. Чимэглэл мэдээж бэлэн худалдааных. 

Амтат төмсөө чанаад, нухаад, хүнсний будаг оруулагчаар ийм ногоон өнгөтэй болгосон. Гацуур модыг дүрсэлсэн. Шинэ жилийн сар учраас тэр. 

Нэлээдийг хийгээд дугуйлангийнхаа "сэнпаи" нарт өгөхөөр авч явсан. Гэрийхэнд нэг ч оногдсонгүй шүү. Ядаж ганцыг ч болов хуваагаад амсаарай ч байхгүй ээ. 

"Одооны энэ хүүхдүүдийн сэтгэл санаа нь найз нөхдөд" л байх шив дээ. Эхийн санаа бол угтаа үр зулзагууддаа л явах юм.

За тэгээд хийгээд, оролдоод байгааг нь үнэлээд, урам хайрлаад л явж байя дөө. Өөр яалтай?...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年12月11日水曜日

Урлагийн үзлэг

Цэцэрлэг дэх сүүлчийн урлагийн үзлэг. Жаахных нь уйлж дуулж оролцдог байсан үе ард хоцорч, маш чадварлаг оролцдог болжээ. 

Хөгжөөд л байдаг. Ээж хөгжиж байна уу? Ха ха. Овоо хэдэн ном л унших шив дээ? Чамлалтгүй. 

Дуулж хуурдана. Мөн хөгжимдөнө. Энэ жилийн хөгжим нь tympany гэдэг цохивор хөгжим байлаа. Тун чадварлаг дарсан. Хүч нь ихдээд цохиураа нэг унагаасныг эс тооцвол. Хэ хэ. 

Энэ мэтээр багаасаа хөгжмийн өндөр мэдрэмжтэй болж өсдөг юм байна өө. Энд анх ирээд л мэдсэн зүйлийн минь нэг л дээ. Би өөрөө багадаа юун хөгжим дарах, солгой гэж хэлүүлээд дуу хуурнаас хол явлаа. 

Яахав хааяа нэг бүжиглэдгийг эс тооцвол урлаг уран сайхан надаас хол оршдог байлаа. Хэ хэ.

Зулзагынхаа зургийг хамаагүй оруулж болохгүй тул цахимаас ийм нэг зураг зээлээд ирлээ. 

Боддоо, наад захын жижигхэн сумын цэцэрлэгт хөгжим төрөл төрлөөрөө байна гээд. Атаархдаг л юм. 

Ирэх жилээс бага сургуулийн урлагийн үзлэгийн тухай дахиад л залхтал чинь бичих нь ээ. Өршөөгтий. Ха ха. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年12月10日火曜日

Хүйтрэв

Суугуул муж хүйтэрч байна өө. Шаргал, налгар намрын улирал удахгүй цасан цагаан өнгөөр солигдох юм гэсэн. 

Хань ижил өвлийн дугуйгаа сольж тавив. Бага зулзага гарч туслав. Ашгүй туслагчтай болж байх шигбайна. Түүнээс ч намайг тусал энэ тэр гээд "базаад" байдаг юм. 

Өөрийн төлөөллөө төрүүлж өсгөж байгаа юм билээ би чинь. Хэ хэ.

Ажлын хажууд байдаг бяцхан цэцэрлэгт хүрээлэн дэх моднууд. Ингэж хөөрхөн шав шар болно. Нуг улаан хүрэн мод байсан. Яагаад ч юм шаргал өнгө л нүдэнд тусаад, миний зургийг дараачээ гээд байсан болохоор нь, тэр улаан хүрэн өнгийг алгасав. Хи хи.

Урд нь төмөр замын өртөө байсан шиг байна лээ, энэ цэцэрлэг. Дээр үеийн буудлын үлдэгдэл байдаг. Дулааны улирал эрэгтэй голцуу жаахан маамаа нар ээж аавтайгаа салхилж харагддаг. 

Би ч дүрмийн дагуу зулзагаа нэг дагуулж ирнэ гэж бодож л байна. Мартчих вий дээ, сүүлийн үед "орно оо, гарна аа" л хүн явж байна өө.

Тагтаа ирж салхилдаг юм билээ. Заавал Гандан орох гэлтгүй, энд ирээд тагтаа хооллож болох юм билээ. Атга цагаан будаа, талхны үйрмэг барьж ирнэ ээ. Зулзагатайгаа. 

Угаасаа яг хажууд нь байдаг хотын номын сан ормоор байна л гээд байгаа юм. Том зурагт ном зээлж болдог учраас дуртай. Ойрд шагайсангүй, номын сан минь гомдчих вий дээ. 

Цас орохоор цасны зураг орууламк...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年12月9日月曜日

Гацуур мод

Дэлгүүр хоршоод сүлд модоо засчээ. Нэг орой гялс дэлгүүр орохдоо бас зураг дараастай. Хэ хэ.

Суугуул хотод минь байдаг уртаашаа өргөөшөө ганц молл нь. Жаахан зайтай баруун бүсийн хотод арай жаахан том салбар нь бий л дээ. Тэр бүр тийшээ цаг заваа үрээд явахгүй, тийм цаг ч гарахгүй юм аа.

Үүний голд зулзага зогсож зургаа даруулсан. Томчууд бол тоохгүй ээ. Бушуухан л авахуулах юмныхаа тасаг руу жирийгээстэй. 

Гэрийн минь бяцхан мод. Мэдээж том нь бий л дээ. Түүнийгээ бүрэн дүүрэн засах гэж бас л хэдэн өдөр болно оо. Аав гэрлийг нь чимэглэж өгөх, эгч сааг нь чимэглэх гээд л. 

Бага зулзага ганцаараа хөөрч, тоглоомуудаа өлгөсөн. Ээж үе үе хамт энэ гоё юм байна, урд хэсэгт өлгөе гэж хошуу нэмсэн шиг ээ...

Энэ бяцхан мод бас муудаад, тоглоомууд нь уначихаад байна лээ. Арга ч үгүй биз дээ, бас л олон жил зулзагуудын минь гарын аяыг дааж ирсэн юм чинь. Нэг харсан тоглоомууд нь уначихсан, ах гуай модоор нь буу хийгээд тоглож харагдсан. Ха ха.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年12月8日日曜日

LaQ үргэлжлэл

Үргэлжлэл. Ээж зураг дар гээд л бариад ирдэг юм. Ээж ээж гэдэг үе дээр нь сайн эрхлүүлэх юм шүү гэж бодоод л... Хи хи. 

Бид хоёрын нялууныг гайхна аа, хүмүүс.

Наран цэцэг, далдуу мод. Яг л байгаа биз дээ. Энэ тоглоомын ертөнцийхөн бас их сайн сэтгэх юм тийм ээ. Биширнэ.

Хавч хорхой. Гэснээс суугуул нутаг маань нэгэн төрлийн далайн хавчийн олборлолтоороо тэргүүлдэг, тэр нь амттай гэгдээд, үнэ нь ч өндөр. 

Дээр үед монголоос ирсэн хүмүүсийг дайлаад, гэм нь бид мэдэхгүй учир бараг гар ч хүрэлгүй тарж билээ. Хэ хэ. 

Бид хонь гаргаад, шинэ гэдэс чанаж өгдөгтэй л агаар нэг юм даа.

Хавч хорхой нь юу ч билээ дээ хавчаад барьчихсан байгаа нь. Зурагнаас харахад хавч нь хавчийгаа барьж идэх гэж байгаа бололтой дог шүү. Хи хи. 

Гэх мэтчилэн амралтын өдөр, албанаасаа тарж ирээд бидэн хоёрын хийдэг ажил нэг иймэрхүү. Зурагт үзүүлэхгүй байгаа. Мөн гар утас. Зулзагуудынхаа дэргэд гар утас бага маажиж буй бөлгөө би.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年12月6日金曜日

Инжир ба алим

Инжир жимс өгч явуулдаг нэг залуу бий. Хань ижилд өгөөд л явуулна. Хаая өгч явуулаагүй бол горьдоно би чинь. Ха ха. 

Ганц инжир жимс биш л дээ, лийр, кимчиний байцаа, сонгино гээд л өөрийн тариалдаг бүхий л зүйлээсээ өгнө. 

Би хариу бэлэг болгож хааяа жамц давс бэлэглэнэ. Мөн кофе өгөх ч тохиолдол бий. Аан тийм хааяа буузаар дайлна. Дараа нэг хуушуур хайрч өгнө гэж бодож байгаа.

Өөрөө тарьдаг юм. Туршилтаар л тариад байх шиг байгаа юм. Хэлбэр нь дэлгүүрт зардгаас бага зэрэг өөр, бага зэрэг жижиг. Амт бол мэдээж тун чиг амттай. Гэрийнхэн идэхгүй юм. Нэг их дуртай биш шиг санагдсан.

Дотроо ийм. Би ч дуртай гэж юүхэв. Ер нь надад дургүй жимс ч гэж алга. Хэ хэ. Хутга энэ тэр хэрэглэхгүй, гараараа ингэж дэлгээд л идчихээд байгаа. Тэгээд л хальсыг нь хаячихна.

Зээ, энэ хойд нутгийн алим. Маш амттай. Сүүлийн хэдэн жил алим их үнэд ороод, би тэр бүр худалдаж авч идэж чадахгүй байгаа. Алимны мод тарьчихмаар, өөрийн гэсэн газартай бол ч...

Би гардаж тарихгүй л дээ, худлаа л эндээ томроод, бүлт бүлт бичээд байгаа болохоос. Яг гардаж хийхийг нь бол хань ижил л хийх байх, ойлгомжтой. Ха ха.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年12月5日木曜日

LaQ

Нэг хөөрхөн эвлүүлдэг тоглоом байна. О.зулзага дүүдээ төрсөн өдрийн бэлэг гэж явуулсан. 

Ёстой ч нэг таалагдаад байгаа ээжид. Нэг харахад л нэг хөөрхөн зүйл бүтээчихсэн ээждээ үзүүлээд хөөрдөг юм. Саначихлаа байна, нэг базаж авч үнсчихээд ирье. Хэ хэ.

Босч очоод үнсэж, үнсэж ирлээ. Ккк. Нүдний шил. Хэлбэр дүрс яг л байгаа биз дээ? Дээрээс нь харахад ийм.

Урдаас нь харахад ийм. Бүр яг шүү. Өөрт нь бол таараад байсан шүү, зүүж үзсэн чинь. Ээжийг зүү гээд, яаж таарахав дээ. Эгдүүтэй гэдэг нь...

Stag beetle буюу эвэрт цох гэсэн. Энд эрэгтэй хүүхдүүд бүр тэжээдэг. Ха ха. Энэ хар эвэр нь бас дотогшоо орно, ил гарна. Их адилхан санагдаад байгаа, тэр эвэрт цохтойгоо. 

Мэдээж дагалдаж ном ирдэг. Тэр номонд нь олон төрлийн л зүйл эвлүүлж, угсрах арга нь байдаг юм билээ. Харж байгаад л нүд ирмэхийн зуур хийчихэж байсан.

Дараа бусад бүтээлүүдийх нь зурагнаас оруулна аа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年12月4日水曜日

Далбаа ба ном

Монголоороо амьсгална аа, заримдаа ч. Том жижиггүй. Сүүлийн үед цэцэрлэгт ч бас монгол моодонд орж байх шиг байна. Ганц нэг мэндчилгээний үг, тоо зааж өгөөд, ангийнхандаа. 

Эрхлэгч багш нь асуугаад би ч уухайн тас хэвлээд авч очсон. Саяхнаас зааж өгсөн сурагтай. 

Энэ далбааг ангийнх нь охин зурсан гэсэн. Энэ охинтойгоо том болоод гэрлэх юм гэсэн. Даанч бага сургууль нь өөр өөр. Таарч суух болов уу даа. Хэлж мэдэхгүй л байна шүү. Ха ха. 

Дуртай өнгийг нь асуугаад цэнхэр гэсэн чинь далбааг тойруулж будаж өгсөн гэнэ. Уг охин ч миний хөөрхөн зулзагат талтай шиг байна тийм үү? Хи хи.

Хөөрхөн, чадварлаг зурсан байна уу? Надаас илүү л зурсан байна шүү.

Номын сангаас ийм нэг ном олж ирэв. Монгол зураачийн бүтээл. Үе үе номыг нь танилцуулдаг даа. Шинэ ном гарсан байна. Шинэ ч гэж дээ, дээхэн л гарсан байх. Би олж таарах цаг нь сая л таарлаа. 

Казак үндэстний шонхор сургаж анд сургадаг тухай. Агуулга нь хөөрхөн. Ямар ч байсан монголд нэг ийм үндэстэн байдаг, тэдний аж ахуй, амьдралын тухай мэдэж авлаа, зулзагатайгаа хамт. 

Гэх мэтчилэн эх орноо үр үндэснүүддээ заах гэж, ойлгуулах гэж оролдох л юм. Сүрхий ээж нар шиг эх хэлээр нь яриулж, уншуулж чадахгүй байна л даа. Хичээх л юм, уг нь. 

Гэрээр дүүрэн л монгол үсэг, тоо, ном гээд л хөглөрч байна. Түүнийхээ ашиг тусыг нь эдлэж чадахгүй, зүгээр л нэг хөглөрүүлээд байна даа гэж өөртөө хэлээд л байгаа. Яахав энд тэнд эх орноо сурталчлахад хэрэг болдог л юм. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

2024年12月1日日曜日

Мастер, Маргарита хоёр үргэлжлэл

Зээ хө, талдаа ортол гарчигны хоёр баатартайгаа учрахгүй гэж мэд. Эхэндээ хэл ам сугалчих гээд байсан орос нэрнүүддээ дасаад, агуулга нь ч "хөөрхөн" болж эхэлж байна.

"Ид жилбэ" яваад байна. Энэхүү ид жилбэнд овоо хэдэн хүн өртөөд, баларч гүйцлээ. Өрөвдмөөр ч юм шиг, жихүүцмээр ч юм шиг.

Жилбэ гэдэг үг гараад. Анх удаагаа таарч буй тул албаар эндээ бичлээ. 

4 янзын утгатай юм байна. 

1. Сая төллөсөн малын сүү, шим - Жилбэ сайтай төллөсөн мал төлөө сайн цатгадаг. Ж.Самбуу. Мал маллагааны арга туршлага., жилбэ муутай (хүч тэвээрэг муутай), жилбэ орох (жилбэ нь нэмэгдэх), жилбэ сайтай жил (сүү, сааль, төл арвин жил), жилбэ суух (жилбэших).

2.  Горь: жилбэ хүрэх (а. Горь хөдлөх; б. Хүсэл эрмэлзэл төрөх), илбэ жилбэ [хоршоо] (арга мэх, арга саам, арга заль) - Мөнөөх тавтиргүй гичий чонын илбэ жилбэд хууртан арьсаа хуулуулжээ. Б.Бааст. Алтайн хөх дөнөн., *жилбэ төрөх (аливаа хэрэг явдалд аз завшаан тохиох).

3. Сувдаг, шунахай.

4. Дотоод хормой: жилбэний боолт (хүйтэн улиралд морь унахад дотоод хормой боох зүйл; шуулт). 

Энэ удаад 2 дахь утгаараа хэрэглэгджээ. 

Өмнө тэмдэглэлд дурдсан яруу найрагч минь хөөрхий эмнэлэгтээ л байгаа. Нэг сэхэж авахаараа бусдад ойлгомжгүй өнөөх гадаад хүн, хар муурныхаа тухай ярьж "солиороод" тэгээд л тариулчихна хөөрхий. 

Нэг "найз"-тай болно. Тэр нь манай гол баатар болох "Мастер". Арайхийж гол дүртэйгээ учран золгов. Мастер ч бас "галзуугийн эмнэлэгт". Үовлон нэгтүүд л бие биенийгээ учиргүй ойлгоод, яриа хөөрөө дэлгэлцээд, найз болох янзтай шүү.

Харин "гадаад хүн" яасан бэ? Хачин жигтэй хэрэг мандуулаад л, хүмүүст төвөг, гай удаад л яваа. Яах гэж Москвад гарч ирээд ид жилбээрээ хүмүүсийг гайхшруулаад, зовлонд унагаад байгаа нь одоогоор тодорхойгүй. 

Бүр хотынхоо циркэд олон хүмүүсийг цуглуулж байгаад ид шидийн үзүүлбэр үзүүлж, хүмүүс баахан аравтын дэвсгэрт тараана. Мөн хүүхнүүдэд гял цал хувцас тараана. 

Гэм нь өнөөх нь нэг хоногийн дараа эсвэл хэдэн цагийн дараа зүгээр л цаас болж хувирна. Хүүхнүүд нь нүцгэрнэ.

Ингэж гэсгээгээд, цээрлүүлээд байгаа нь ихэвчлэн шунаг, шунахай сэтглэтэй, үнэгүй зүйлд дуртай, жаахан буруу гарын, хүн муутай, бүдүүлэг, хулгайч, бусармаг үйлдэлтэй хүмүүс байна. 

Нэг жишээ гэхэд л трамвайд дайруулж толгойгоо таслуулчихдаг Берлиозын хамаатан нь хаа байсан Киевээс орон байранд нь санаархаад ирэхэд нь хамаг булчирхайг нь тоочоод, элдэв хачин жигтэй зүйл үзүүлж байгаад хөөгөөд явуулчихна. 

"Ийм хүмүүс хэзээ нэгэн цагт үйлийн үрээ эдлэнэ шүү" гэж Булгаков гуай уншигчдад ойлгуулах гэсэн юм болов уу? гэж мөхөс би бодлоо. Зөв үү?

Талаасаа бага зэрэг өнгөрөөд, Маргарита бүсгүйтэй учрав, арай хийж. Бүсгүй маань ч ариухан, цагаахан нэгэн биш бололтой юм билээ. 

Уншиж дуусахаараа дахиад нэг бичвэр оруулна аа. Маргаритыгаа яасан ийсэн тухайг нь. Сүүлд санахад хэрэгтэй. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.