Номын дэлгүүрүүдийн худалдагчдын шалгаруулалтад шалгарсан номоо оных нь дарааллаар унших санаатай гэж хэлсэн дээ.
Тэгээд 2004 оных нь Эрдэмтний хайрласан томъёо. 2 дахь жилийнх нь буюу 2005 оных нь энэ "Шөнийн зугаалга". Зохиолч нь Онда Рики. Эрэгтэй хүн гэж бодсон чинь эмэгтэй хүн байсан. Нэрнийх нь ханзнаас тэгж бодсон хэрэг.
Бас нэг ном нь 14 дэх удаагийн шалгаруулалтын эхэнд жагссан байдаг юм байна. 12 ном уншиж байж Онда Рики-н номтой дахин золгоно гэсэн үг.Гэснээс би ойрд номыг Баабарын хэлдгээр ёстой идэж байна аа тийм үү? Хо хо. Жаахан онгирчих уу? Ккк.
За тэр маазрах ч яахав.
Нэлээд зузаан, бас үсгийн хэмжээ жижиг болохоор мөд урагшилж өгөхгүй л байна. Дээрээс нь би ямар тухтай барьж уншиж чадахгүй л явна. Өдөрт ганц хоёр хуудсаар ахиулна.
Гол агуулга нь нэгэн ахлах сургуулийн уламжлалт арга хэмжээний явцын тухай өгүүлнэ. Ямар арга хэмжээ вэ гэхээр? Сургуулийн бүх сурагчид 24 цагийн турш алхдаг, 80 км алхаад л байна алхаад л байна.
Дунд нь мэдээж амрана, өдрийн хоолоо иднэ, оройн хоолоо иднэ. Мөн 2 цаг гаран түр дуг хийдэг шиг байна лээ. Би яг одоогоор оройн хоолны цагийн өмнөхөн хэсэг дээр явж байгаа.
Энэ хооронд нэг ангийн хүүхдийн харилцан яриа, өмнөх жилүүдийн алхалтаар болсон үйл явдлын тухай гээд л гарна. Ахлах ангийн хүүхдүүд л болсон хойно хайр сэтгэл, үерхэл, нөхөрлөл, хичээл, конкурс гээд л бодол, яриа хөврөнө.
Такако гэдэг охин ангийхаа Тоорү гэдэг бандитай нэг ч үг дуугарч үзээгүй, энэ хоёр хоёулаа биесээсээ их дөлнө. Тэр нь ийм учиртай. Эцэг нэг, эх ондоотой хоёр.
Тоорүгийн аав нь залуудаа Такакогийн ээжтэй сүүлэрчихдэг юм аа. Тэгээд л хоёр талд хоёр бүсгүй жирэмсэн. Такакогийн ээж харин чанга, ганцаараа охиноо өсгөнө. Ааваас нь юу ч нэхэлгүй.
Анх энэ хоёр биесээ харсан нь аавынхаа оршуулга. Хүү мэдээж охин ээж хоёрыг үзэн ядсан харцаар харна. Энэ харцыг охин одоо ч мартаагүй. Тэд хоорондоо нэг ч үг солилцоогүй. Хувь тавилан тэр хоёроор тоглоод нэг ахлах сургуульд орно.
Эхний 2 жил нь өөр өөр анги байсан болохоор тааралдахгүй амар байсан ч, төгсөх ангидаа нэг анги болчихно. Хоорондоо ярихгүй ч харцаараа яриад байгааг нь ангийхан нь анзаарна.
Бие биедээ сайн юм байна гэдэг цуу яриа гарна. Энэ алхалтын баяраар тэдний "учрыг" нь олох гэж ангийн нэг цоглог хөвгүүн төлөвлөсөн байна.
Яг одоогоор ийм хэсэг дээрээ. Дуусгаад дахин бичихийг хичээнэ ээ.
Зурагт тайлбар өгөх үү? Яагаад ижил ном хоёр байна гэхээр. Эхлээд ажлын ойрхон номын сангаас зээлэх гээд орсон чинь нэг хүн өрсчихөж. Захиалга өгөв.
Дараахан нь зулзагуудтайгаа мужийн номын сан орохдоо асуусан чинь байж байхаар нь зээлэв. Зээлээд гараад явсны дараагаар хотын номын сангаас залгасан, ирж аваарай гэж.
Урмыг нь бодоод, ажил ч ойрхон юм болохоор, зулзагуудын ганц нэг номыг буцааж өгөнгөө гэх мэт есөн жор нь бүрдсэн тул зээлчихсэн. Хэ хэ. Тэгээд ч зузаан ном, дуусгаж гэж ухнатсаар байтал эхнийх нь буцаах хугацаа болох тул амар гэж бодов.
Төгсгөл нэг иймэрхүү. Сонгууль ч дуусав, ном уншилтандаа төвлөрөх минь. Бүгдэд нь амжилт хүсээд, түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿