9 сард болсон хамгийн том үйл явдлынхаа тайланг бичилгүй болохгүй.
Намрын дунд сарын 17. Балжинням, Дашням давхцсан ерөөлтэй сайхан өдөр. Бага зулзага минь сэвлэгээ үргээж, "мөнгөн толгой"-той боллоо.
Яг энэ зурган дээрх шиг л болсон. Энэ зураг нь Иккюү сан гэж алдаршсан нэг ламын багынх нь зураг. Эрдэм мэдлэгтэй, сэргэлэн нь дэндсэн хүү байсан гэдэг юм билээ.Би өхөөрдөөд Иккюү сан гэж дуудаж байгаа. Хэ хэ. Бүр хайр хүрээд байгаа юм чинь.
Бүстэй хүүхэд хөдөлгөөнтэй байдаг гэж үнэн юм. Дээл өмсөхгүй гэж уйлаад, элдэв л арга чаргаа хэрэглэлээ.
Гялс хөндөөд, бушуухан шиг тайлж санааг нь амраав. Яг хусах үед бол нүцгэн шахуу, амар.
Мөн гар нь нэг зүгээр байхгүй, хусч байх явцад толгойгоо илээд, гараа хяргуулчих гээд.
Онлайнаар ерөөлөө хайрласан эмээ өвөө нартаа баярлалаа. Хүрэлцэн ирсэн хол ойрын хөршүүддээ баярлалаа.
Нөгөөдөр нь албандаа очоод, эхлээд жаахан ичисгээд, биеэ барьж байснаа гадаад гарч тоглоод гайгүй болсон гэж харилцах дэвтэрт нь бичсэн байсан.
"Бүгд хөөрхөн болсон байна гэж хэлсэн" гэж өөрөө бидэнд тайлагнаж хэлсэн.
Гэснээс ярихгүй юмгүй, хэлэхгүй үггүй болсон. Хэл яриа асар хурдан хөгжиж байна, бүр нүдэнд ил тод хөгжөөд байна. Түүнээс ч бүстэй хүүхэд орой хэлд ордог гэж зөндөө сонссон болохоор.
Эгч нь дүүгээ элдэвлээд, тогойг нь илж гүйгээд, хань ижил толгойг нь харж өхөөрдөөд. Ойрын үед маш их эрх болж байна. 2 настны хямрал билүү? Тэр бас байх шиг байна.
Юм болгоныг ээжээрээ хийлгэх гээд, нэр цохоод, хааяа ч уур хүрч байна шүү. Гэхдээ ингээд эндээ бичсэн чинь үүнаанааа гээд хайр хүрээд л явчихлаа. Ккк.
Аавдаа ачлалтай, ээждээ энэрэлтэй, эх орондоо элэгтэй, түмэн олондоо хүндлэлтэй, сайн хүн болоорой гэж ерөөе ээж нь.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿