2022年1月16日日曜日

Эрвээхэй цахирмаа

Хотод минь байдаг ганц том моолын нэг буланд жижиг амьтдын дэлгүүр нээгджээ. Ойрд ороогүй байсан болохоор эртээд ороод, бөөнөөрөө тэнд бараг бүтэн өдөр болсон. 

Бага зулзага баярлаж байна гэж. Нохой, тоть, яст мэлхий, загас, туулай, зараа, муур гээд л байна шүү. 

Хань ижил гэртээ жижигхээн хөөрхөн аквариумтай болдог юм билүү? Хүүтэйгээ хамт загас тэжээдэг юм билүү? гэсэн. 

Зулзагууд нохой тэжээмээр байна л гэдэг юм. Хэд хоног сонирхоод арчлах л байх. Яваандаа миний ажил болно гэж бодоод, том болоод тусдаа гарахаараа тэжээгээрэй л гэдэг юм. 

Нээгдээд удаагүй болохоор ийм цэцэг энд тэнд харагдсан. Шинээр ямар нэгэн дэлгүүр хоршоо, хоолны газар гээд л нээхэд нээлтийг нь мялааж ийм цэцэг бэлэглэж, үүдэнд чимж байрлуулдаг юм. 

Нэр нь японоор 胡蝶蘭, англиар phalaenopsis orchid, монголоор эрвээхэй цахирмаа. Яг эрвээхэй цахирмаа гэж хэлдэгт яг таг 100 хувь итгэлгүй байгаа ч ямартай эндээ биччихлээ. 

Энэ цэцэгнүүдийн нэрсийг хайж олсноо мартчих гээд байдаг талтай. Мартахгүйн тулд, санаж байхаар эндээ үе үе ингэж бичдэг шүү. Ойлгоод, хөнгөн талаас нь уншаад өнгөрөөрэй. 

Гэснээс энэ цэцэгний зураг хөргийг хуучин болон шинэ блогтоо оруулж байсан шиг санаад байна. Дахин бичиж, үнэт цагаас нь хугасласан бол уучлаарай. Хэ хэ. 

Соёлтой гэгч нь хүн байна гэхгүй юу. 

Түр баяртай. Гэснээс цагаан ногоон сар боллоо доо. Бууз баншаа бэлдсэн үү? Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿