2022年11月18日金曜日

Гацуур ба юмны үнэ

Гадаа намар дуусаагүй байхад, дотор өвөл болчих юм. Ойрд дэлгүүр хоршоо ороогүйг ч хэлэх үү? Тэгсэн шинэ жилийн уур амьсгал оржээ, хэдийн. 

Ойрын хэд хоног сайхан налгар өдөр үргэлжилж байна. Яахав дунд нь ганц нэг бороо орно. Гэснээс нийтийн халаалт гэж байхгүй тул ажлын байр болон гэр хүйтэн байна. 

Удахгүй халаалтаа өгөөд, гэрээ халаагаад ирэхээр тогны үнэ талийж өгөх байх даа гэх айдас хүйдэс дагаастай...

Дунд зулзагын шагналыг гардаж авахаар хажуугийн хот ороод. Тэгсэн хотын улаан булан, номын сан байрладаг байрны гадаа ийм улаан мод сүндэрлээд, өөрийн эрхгүй хараа булаасан. 

Хараа булаахын зэрэгцээ гар шууд ухаалаг утас руугаа явна. Энэ бүр зуршил болсон байна лээ. Маш идэвхитэй байдаг бүхий л цахим хуудаснаа оруулах гэж тэр шүү дээ. 

Энэ хот уг нь 1 цаг гарангийн л зайтай. Тэр бүр очихгүй ээ, хажуугаар нь сүнгэнээд л байдаг болохоос. 

Шагнал гардуулах ёслол дуусгаад, харих замдаа зулзагаа эрхлүүлж дэлгүүр оров. Өөдөөс гацуур мод угтав. Хараад л шууд хөөх, бид бас гацуураа засахгүй бол тийм ээ? гэж ярилцав. 

Засаагүй байна өө одоогоор. 12 сар гаргаад засах санаатай. Бас л ажил орно шүү дээ. Амралтаар бид амарч чадахгүй байна л даа. Заавал нэг ажилтай байна өө. Энэ хагас бүтэн сайнд ч хувийн ажил их их. 

Дэлгүүр хоршоо гэдэг нь хүнсний дэлгүүр орж гялс ногоогоо авчихаад л гарна. Гэр лүүгээ яарна. Ар гэрийн ажил гэж их их. Ээжийн ажил ч их их. Цаг нартай уралдаад байгаа хэрнээ л...

Дэлгүүр хэсэхээ байх чинь их хэмнэлттэй. Гэрийн элдэв хэрэглэдэггүй зүйлс нэмэгдэхгүй. Гэм нь худалдаа хийхгүй байгаа хэрнээ л хөглөрөөд байна өө. Тэгэхээр сайн цуглуулсан байх гээд байна тийм үү?

Гацуур модны гоё гоё чимэглэл гарсан байна лээ. 330 иений дэлгүүр нээгдсэн байна лээ. Орж нүдээ баясгачихаад л гарсан. Худалдаа хийгээгүй, маш том амжилт. 

Угаасаа юмны үнэ асар хурдтай өсч байна. Өдөр тутамдаа авдаг хүнсний үнэ бол санхүүд минь мэдэгдээд, цаанаасаа хэмнэлт гэж толгойд буугаад хараа дээгүүр хээв нэг өнгөрөөж сурч байна. Хэ хэ. 

Тог цахилгаан, усны үнэ ч нэмэгдсэн. Яаж хэмнэх билээ? Эдгээрийг...

Картны барааны үеийнх шиг хагас өлөн зэлмэн байж сурах хэрэгтэй болох ч шиг. Угаасаа өлсгөлөн байх сайн гээд байгаа биз дээ, тийм ээ? Хо хо. 

За бултаараа энэ цар тахлыг аятайхан даваад гарчих юмсан тийм ээ? Ядаж байхад ямар тэнэг гарууд нь дайтаад байдаг байна аа? Ард иргэд нь хэцүүдлээ, дайтаагүй улс нь ингэж хэцүүдэж байхад тийм ээ? 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье ээ.

0 件のコメント:

コメントを投稿