2023年10月25日水曜日

1982 оны Ким Жи Ён

Найзуудынхаа бэлэглэсэн номнуудаас нимгэнээс нь түүж уншиж байна. Гол нь 11 сараас өмнө ямар нэг хөөрхөн ном уншчих санаатай. 

11 сард их зузаан ном унших даалгавартай. Уншчихаад мэдээж зураг оруулна. 

Зээ энэхүү номны тухай бичсэн хэн нэгний тэмдэглэлийг уншаад, шууд захихаар шийдсэн. Ер нь бол сүүлийн үед хүмүүсийн тэмдэглэлээс харж байгаад л унших номоо сонгочихдог болсон.

Дажгүй нь ч бий, тиймхэн нь ч бий. Гэхдээ нэг их голж шилэлгүй уншчихдаг юм өө. Янз бүрийн, сайн муу, сонирхолтой сонирхолгүй гээд олон төрлөөр уншиж байж л уншдаг нэр зүүнэ гэж хувьдаа боддог. 

Бичсэн хүмүүсийн хөдөлмөрийг ч үнэлэх хэрэгтэй. Муу гэгддэг зохиолыг уншиж байж, шүүмжилж байж зохиогчид нь, зохиолчид нь хөгжинө гэж боддог. 

За оршил нэг иймэрхүү. Агуулгыг дурдах илүү ч үе тэнгийн үхэр хонин жилтэй нэгэн бүсгүйн тухай гарна. Бага нас, өсвөр нас, насанд хүрсэн үе гээд.


Охин хүүхэд болж төрснийхөө төлөө нийгэмд "ад үзэгдэх" олон олон эмэгтэйчүүдийн төлөөлөл. Манай улсад ч байдаг үзэгдлүүд...

"Оргүй байснаас охинтой нь" энэ үг миний зэвүүг их хүргэдэгийг ч хэлэх үү? Ингэж хэлсэн хүнтэй шууд хэрэлдмээр санагддаг. Ха ха. 

За тэгээд, үе тэнгийнх юм болохоор яг тэр жилүүдэд манай улсад, манай гэрт ямар байсан юм бол? гэж харьцуулж бодонгоо уншлаа. 

Харьцангүй гайгүй шүү. Жишээ нь ангийн даргад ихэвчлэн охид сонгогддог байж. Байрны минь ах нар хүн чанартай байж. Соц нийгмийн ач гавъяа ч бий. Байрныхаа дугуйтай ах нарын дугуйнд нь сундлуулаад энэ тэрүүгээр "зугаалчихдаг" байсан. 

Одоо бол ч хааш нь аваад явахыг бас л хэлж мэдэхгүй тийм ээ? Айдас хүйдэс...

Ижил төстэй тал байна байна. Хүү төрүүлж өгч чадаагүй гээд орондоо шөнөжин уйлж хонох ээжийн дүр төрх. Манайх чинь сүүлийн үед бүр "мэдрэлтэж" өгч байгаа сураг байдаг, тэдэн хүү төрүүлсэн бол тийм ийм бэр ч гэх шиг. 

Тэгж ярьдаг хүмүүс өөрсдөө эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр нэг өдөр ч болтугай ажиллаж үзэх хэрэгтэй. Төрнө гэдэг өөрөө асар их өвдөлт...

Хэрээс хэтэрсэн туйлшрал шиг санагддаг. 

Мөн охин хүүхэд сураад хэрэггүй гэдэг үзэл нь манайхны дээхний үзэл сурталтай адил байлаа... Бүр нэг тийм цаанаасаа л гэр бүлээ бодох ёстой гэсэн бичигдээгүй хууль үйлчлээд байдаг, охин хүүхдэд, залуу бүсгүйчүүдэд.

Эмээгийн гаргаж буй ааш, үйлдэл ч аяа бас хорвоогийн хатуу жамыг яалтай билээ гэсэн байртай шүү. 

Бодоод байхад энэ дэлхийд бидний хэдэн бүсгүйчүүд ер нь ямар гай тарьчихсан юм? Харин ч дур тачаал, хүслийг нь хангаад, үр үндсийг нь гаргаад, өсгөөд, хүмүүжүүлээд, хамаг юмыг нь хийгээд байхад гэж бодогдоод зэвүү хүрээд байдаг юм. Хо хо. 

Тийм биз дээ? 

Яагаад өөрөө ад шоо үзэгдээд байгаагаа, яагаад дүү нь халамж хайрыг тултал нь эдлээд байгааг ч мэдээгүй бяцхан охин... Өсөж томрохын хэрээр ойлгож эхэлнэ. 

Ерөөсөө л хүйс. Эм хүйс. 

Сургуулийн дүрэм журам, үндэсний ёс жаяг гээд л бүхий л зүйл нь цаанаасаа л эм хүйсийг гадуурхсан, ад үзсэн, дорд үзсэн. Аль ч улсад, аль ч тивд байсаар ирсэн, бага багаар халж буй ч...

Охид эмэгтэй хүн болохоороо, эхнэр хүн болохоороо, ээж хүн болохоороо ямар их зүйлийг тэвчдэг, золиослодогийг олон олон бүсгүйчүүдийн жишээнээс харж байна өө, өөрөө ч нэг нь... 

Маш ойр сэдэв тул 7 хоног уншина гэж төлөвлөсөн чинь урсаад л байсан. Хоёрхон хоногт дуусчихлаа. 

Ганцхан эмэгтэйчүүд ч биш, эрчүүд ч, залуус ч энэ номыг уншаасай гэж зөвлөх байна өө. Ээж нь, найз охин нь, эхнэр нь, охин нь энэ зохиолын гол баатар Ким Жи Ёны төлөөлөл юм шүү дээ гээд тэдгээрийгээ ойлгодог, "нөхөрлөдөг" баймаар...

Охидыг, эмэгтэй хүмүүсийг "бөгс бөөр, хөх мөх" гэж хармаагүй байна өө. Зүгээр л хүн гэж хардаг болмоор байна өө. Тийм биз дээ? 

Эмэгтэйчүүд бид чинь дааврын амьтад гэж хэн хэллээ дээ, нэг хүнээс сонсчихсон шүү. Тэгэхээр бидний сэтгэл санааны солонгон аашнууд маань нэг л өдөр ийнхүү Ким Жи Ёны "өвчний шинж тэмдэг"-р илэрдэг байх даа...

Мөн манайд яг иймэрхүү энгийн, өдөр тутмын амьдралыг өгүүлсэн ном байдаг болов уу? Нэг л их уянгалсан, хатан ухаан ярьсан агуулга ихтэй шиг. Заримдаа ч тэд нарыг дуурайх гэж, тэд нар шиг байх гэж хичээгээд туйлаас ядарсан байдаг юм. 

Өөрийн мэдэлгүй л чадалтай, ухаантай хатад шиг байх ёстой бла бла гэдэг мэдрэмж, бодол тээчихсэн явж байдаг юм байна. 

Ямартай ч охиддоо санаатай, санаандгүй хэлчихдэг "хүйсийн ялгаа"-тай үг хэллэг юу билээ гэж бодон бодон уншлаа...

Зүгээр л оршмоор байна. Хо хо..

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿