2025年12月23日火曜日

Ханэда

Зун 6 дугаар сард Ханэда нисэх онгоцны буудал орсон доо, нэлээд адал явдалтайгаар. Энэ удаад адал явдалгүй ч шинэ жилийн уур амьсгал ороод, гацуур модоо зассан Ханэда нисэх онгоцны буудал шинэ соргог байлаа. 

Одоогоос нэлээд олон жилийн өмнө бас шинэ жилийн уур амьсгал орчихсон байхад хэд хэд орж байсан л даа. Тухайн цаг үед нүүрном гэж байгаагүй, ухаалаг утасгүй байсан тул шууд ингээд гар утсандаа зураг буулгадаггүй байж. 

Зургийн аппаратандаа буулгана. Угаалгах нь ховор...

Энэ суугуул нутгийн минь онгоцны буудал. Би их эрт очсон тул ингэж хүнгүй зураг авч амжсан. Энэ сандалд угласан уут хөөрхөн санагдсан байх. Тэгээд л зураг дарсан байх өө. Заримдаа ч яагаад ийм зураг дарсан юм бол доо гэж бодоход хүрдэг. Хэ хэ. 

Мөн бүх зүйл ухаалаг утсаар явагддаг болж, их амар цаг хэмнэдэг ч болжээ. 
20 хэдтэй, 30 хэдтэй байхдаа орж үзэж байсан Ханэда нисэх онгоцны буудлын гацуур мод. Дэлгүүр хоршоо. Сэтгэл хөдөлсөн шүү. Худалдаж авахгүй ч ганган ганган дэлгүүр хоршоо хэсэх гоё тийм ээ. 

Тэгж хэсэнгээ нэг тийм хөөрхөн зүйл олоод худалдаж авах. Би 30 хэдтэйдээ үүгээр нэг дайрахдаа хань ижилдээ малгайны нэг хөөрхөн соронз авч билээ. Мөн гэртээ нэг хөөрхөн наалт авч байсан. Одоо ч гэрийг минь чимээд, хань ижлийн малгайнд өлгөөтэй байдаг юм. Тухайн үед охиддоо түлхүүрийн оосор авч байсан нь одоо ч гэрт харагддаг юм. 
Энэ удаад өөрийн эрхгүй сэтгэл гижигдсэн, бүр цаанаасаа нэг худалдаад авчих юмсан гэж бодсон зүйлтэй таарсангүй. Гэрийнхэндээ, ганц нэг хүнд бол амттан худалдаж авсан л даа. 

Оройн хоолоо Ханэда дээр идэцгээв. Нэг онгоцны буудлаас нэгний хооронд автобусаар явсан. Гадагшаа гарсангүй. Тэгэх цаг зав ч байсангүй тул нисэх дотроо нэг аятайхан гэсэн газар ороод л хооллосон.

Хааяа ч ингэж ажлын бөгчим өрөөнөөс гарч гадаах амьсгалаар амьсгалах ч сайхан шүү. Тийм үү? 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿