2026年9月24日木曜日

Бичихүйн тухай

8 сард эхлээд, 9 сарын дундуур уншиж дуусгасан ганц номныхоо тухай бичих минь. Сард 4 ном уншаад томроод байсан чинь эх орондоо очоод, элгэн саднаа харсан чинь гэнэт л юу ч хиймээргүй болоод явчихсан. 

Хамт байх богино цаг хугацаандаа хэнхэглээд ном тэврээд суултай биш тийм ээ? Сайхан буу халаад л, дуулж хөөрөөд л, инээж ханиагаад л, торойгоод үлдсэн буурлуудаа бодож мэлмэрээд л явсан. 

Эргээд ирэхэд минь хэд нь тэнгэрт заларсан байх бол? гэж бодохоор л... Жилийн өмнөхөн нэгэн сайхан буурлыгаа гэнэтхэн л "алдчихсан"... 

Гэж бодохоор л юун ном. Тэртэй тэргүй суугуул нутагтаа ирээд эморох үедээ, ганцаардах үедээ, сэтгэл санаа таагүй зэрэг үедээ номоор хань хийдэг тул, цаг нь болохоор уншина дөө гэж сэтгэл санаа өөдрөг явсан.  

Стивен Кинг "Бичихүйн тухай" гэдэг номыг сонгож аваад л цүнхлээд гарсан. Онгоцонд уншиж эхэлсэн. 

Дуусгалгүй буцаагаад л аваад ирсэн. Ачааны хажуугаар гэж загнуулна гэдгээ мэдээд нууцаар л цүнхлээд явсан. Ха ха. 

Ганц чихэр ч болтугай авч цүнхлээч гэж хэн нэгэн хүн хэлэх нь тодорхой тул. Хо хо. 

Зохиолч хэрхэн бичиж эхэлснээ, хэрхэн зохиолч болсноо, хэрхэн бичдэг арга барил зэргээ дуртатгал болгон бичсэн ном байлаа. 

"Зохиолч болъё гэвэл бүхнээс урьтан хоёр л зүйлийг тултал нь хий. Их унш, их бич. Энэ хоёрын тойрч гарах дөт зам гэж үгүй гэдгийг би ойлгосон." 

Хэмээн бичиж зохиолч. 

Угтаа би чинь уншаад л, бичээд л явдаг. Зохиолч болдоггүй ээ. Хи хи. Энүүхэндээ л ингэж бичиж байгаа юм шүү. Хошигнол ойлгоно гэдэгт найднам...

Үнэн байх өө, тийм үү? Сайн муу гээд л бүхий л зохиолыг унших ёстой байх. Мөн болсон болоогүй зүйл эрээчээд л суух ёстой байх. 

"...би чинь зурагтын элдэв балай бичлэгээр угжуулахаасаа өмнө бичиг үсэг тайлагдчихсан..."

Тэгэхээр байна аа, зурагт гэж ийм л хортой эд байх нь. Заавал зохиолч болохдоо ч биш, ер нь л уншдаг болгохын тулд зурагтынхаа цахилгаан утсыг тасдаад хаячих гэж байна шүү. Хо хо. 

Бодууштай. Ингээд л миний зурагт асаах дургүйг минь дэлхийн хүмүүс батлаад, нотлоод байдаг нь талархууштай. 

"Гуаглаж дуусдаггүй тэр хайрцгийг унтраачихвал зохиолын чанар сайжраад зогсохгүй амьдралын чанар ч дээрдэнэ гэж мэд."

Яадаг байх нь? Элдэв хэрэгтэй хэрэггүй мэдээллээс бага насандаа тархиа хол байлгах ёстой байдаг байх нь. 

Мэдээж насанд хүрэхээр зохиолынхоо сэдвийг олохын тулд олон зүйлийг үзэж харах хэрэг гарах байх л даа...

"Ер нь бол би хаа ч уншиж чаддаг. Гэхдээ надад ном уншиж суух дуртай газар гэж бий. Чамд ч бас бий биз?"

Надад яг одоогоор аятайхан газар алга дөө. Ажлын өдрүүдэд бол ойрхон номын сан орж уншина. Гэрт бол алга өө, зүгээр л буйдан дээрээ суугаад л уншиж байна. Яваандаа өөрийн гэсэн газартай болно доо гэсэн алс холын мөрөөдөлтэй...

Ингэхэд ном уншдаг архаг гаруудад минь "уншаад л суух дуртай газар" гэж бий болов уу? Асууя байз?

"Бичихүйн тухайд бол үсгийн сан чинь чиний гол багаж юм..."

Үгсийн уран сан минь ч баялаг багатай дөө, миний. Аминдаа баялаг үгсийн сантай болчих гээд л уншдаг санаатай, мөн сонин содон үгтэй таарахаараа тэмдэглэж аваад, утгыг нь хайж үздэг санаатай. Гэсэн хэдий ч тэдгээр үгсээ ой тоондоо хадаад, цагийг нь олоод хэрэглээд явах нь ховор өө. Тэр талдаа маруухан.

За цаашлаад дайвар үг, догол мөр, үйл үг, догол мөр, бичгийн хэв маяг, дүрийн онцлог гээд л бичжээ. Дэлгэрүүлээд уншина биз дээ, сонирхож байвал. 

Гэснээс саяхан уншиж дууссан нэг япон номонд энэхүү "Бичихүйн тухай" гэдэг номыг онцолсон байсан. "Ашгүй дээ, би уншчихсан шүү дээ" гэж өөртөө ихэд олзуурхав. Хэ хэ. 

Мөн энэхүү номонд миний уншсан хэд хэдэн номыг дурдсан байсан. Амтархан уншсан ганц нэг номыг минь "тааруухан" гэж дүгнэсэн байна лээ. Ха ха. 

"Маш их уншиж, мах их бичсэнээр л хүн хөгждөг шүү" гэдэг ишлэлээр өнөөдрийнхөө бичвэрийг өндөрлөе.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿