Худалч хүнд бараг хагас жил зээлж явсан ном. Хүнд хэллэггүй л дээ. Ойлгомжтой ном хэрнээ л яагаад ч юм удаан цүнхэлж явав. Шалтгаан нь бараг ойлгомжтой л доо...
Би л өөрөө сүрийг бадруулж, тэмдэглэж авах минь гэж өөртөө ажил удаад, удчихсан. Тэгснээ нэг их сүртэй бичиж тэмдэглэж ч амжсангүй ээ. Хувь хувьсгалын ажил ихтэй.
Дээрээс нь бүхэл бүтэн нэг сарыг бичилгүй алгассан гээд л...
Энэ хүний тухай номын клубынхаа нэгэн гишүүнээс дуулж мэдээд номыг нь зээлж авсан. Хагас жил гаран цүнхэлж явсан. Арай ч монгол руу цүнхэлж яваагүй. Хэ хэ.
8 сард уншиж дуусгасан. Бичих гэж явсаар байтал 9 сар гарав. Буцааж өгөхгүй бол ч ном зээлэх эрх минь хаагдах байх шүү. Яанам билээ?
Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг, цахим ертөнцөд асар идэвхтэй, олон олон ном хэвлүүлсэн эмч хүн. Сэтгэл судлалын хүрээлэнтэй, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголтыг энгийн үг хэллэгээр олон нийтэд түгээн таниулах ажлыг хийдэг.
Энэ удаад зээлж авсан ном минь тэртээх 2015 онд хэвлэгдсэн "Уншсанаа мартахгүй байх унших арга" гэдэг нэртэй ном. Зохиолч мэдээж өөрөө бол маш их уншдаг.
Мөн бичдэг. Зохиогчийн нэрийг Кабазава Шион. Жинхэнэ нэр нь бол өөр. Кабазава Шион бичгийн нэр нь.
Дажгүй дажгүй санаанууд байна лээ. Миний ганц нэг хэрэгжүүлдэг ч арга барилаас дурдсан байна лээ. Миний хэрэгжүүлдэг гэж томрох ч юу байхав. Хаа нэгтээгээс олж уншаад, үе үе амьдралдаа хэрэгжүүлчих санаатай үзэж тардаг "дадал" болгочих санаатай зорин, үйлддэг үйлдлүүдийг дурдсан байсан.
За тэгээд олон л зүйлийг бичсэн байв. Бүгдийг нь тоочихгүй мэдээж. Ерөнхий санаа онооноос нь дурдвал:
Сул гарсан минут, секунд болгоныг ном уншихад зориул. Жишээ нь эмнэлэгт зэрэг ямар нэгэн үйлчилгээний байгууллагад дарааллаа хүлээнгээ, галт тэргээр, автобусаар ажил руугаа, сургууль руугаа явж байхдаа гээд л хэдэн минут хүлээх шаардлага гарсан тохиолдолд ч номоо дэлгээд унших. Хэдхэн минут ч байсан хамаагүй. Тэр олон хэдхэн минутыг нийлүүлбэл овоо хэдэн цаг болно. Тэрхүү овоо хэдэн цагтаа овоо хэдэн мөр, хуудас уншсан байх болно...
Үүнийг бол би маш сайн гүйцэтгэдэг. Дадал болчихсон. Ганц минут ч байсан хамаагүй номоо дэлгэдэг. Харьцангуй уншдаг ард түмэн дунд амьдарч буй тулдаа хүмүүсийн нэг их гайхсан харцанд өртөөд байдаггүй.
Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд япон хүмүүс ч уншихаа байж байна гэж шүүмжлүүлээд л байна. Ялангуяа залуус нь...
Уншсан зүйлээ гадагшлуулах. Энэ нь бусдад ярьж өгөх, бичиж тэмдэглэх, зааж өгөх, уншаарай гэж зөвлөх гэх мэт.
Номон дээрээ тэмдэглэж унших. Номондоо салхи оруулсан юм уу? гэмээр цэвэрхэн унших биш таалагдсан хэсэг, хэрэгтэй гэсэн хэсгээ шууд л номон дээрээ тодруулж, тэмдэглэж унших.
Би ч сүүлийн үед зоригтой шар өнгөөр тодруулдаг болсон. Харин балаар л зурж, тэмдэглэж чадахгүй байгаа. Хэ хэ. Оронд нь иймэрхүү маягаар блогтоо бичиж үлдээх.
Нэг бол өнгийн наадаг цаас нааж, хуудсаа тэмдэглэх. Дараа нь тэрхүү хуудсаа сөхөөд яг юу гэж бичээд би нь ингээд өнгийн цаасаар тэмдэглээ юм бол гэж харах.
15-45-90 гэсэн зарчмыг ашиглаж унших. Хүний анхаарал өндөр түвшинд төвлөрөх хугацаа 15 минут. Ерөнхий төвлөрөх хугацаа 45 минут. Энэхүү 45 минутыг дунд нь бага зэргийн завсарлагатайгаар дахин 45 минут төвлөрөхөд нийтдээ 90 минут.
Бага ангийн хичээлийн хугацаа 45 минут. Савангийн дууриуд ихэвчлэн 45 минут. Их сургуулийн хичээл 90 минут. Уран сайхны кинонууд дундах зар сурталчигааг нь хасвал ихэвчлэн 90 минут.
Хүний анхаарал хамгийн өндөр түвшинд төвлөрдөг 15 минутыг сайтар, үр өгөөжтэй ашиглаж ном уншиж сурах. Нэг ёсондоо маш сайн төвлөрч номоо унших хугацаагаа 15 минут байлгах.
"Унтахаасаа өмнө ном уншиж дадах." Ингэж унтахаасаа өмнө унших нь өдөр ном уншсанаа илүүтэйгээр толгойд үлддэг гэсэн судалгаа байдаг. Мөн илүү тайвширдаг гэж үздэг.
Зулзагыгаа бага байхад ном уншиж өгдөг байсан бол сүүлийн үед гар утас л мааждаг болжээ, унтахынхаа өмнө. Оройд ном унших тал дээр нэг л болж өгөхгүй л байна өө. Зулзагууд томроод тусдаа гарахаар л унших минь гэж мөрөөдсөөр. Хо хо.
За та бүхэн уншсан номоо хэрхэн мартахгүй байхыг хичээж байна даа? Туршлага хуваалцаарай.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:
コメントを投稿