Угтаа 8 сард унших ёстой байсан ном. Нимгэн, жижигхэн ном. Мөн ёстой хөөрхөн агуулгатай. Өөрийгөө гол дүрийн оронд тавьж далайн эрэгт дээр сайхан нам гүм унтав. Мөрөөдөмтгий, гэнэн хонгорхон охин. Далайн чанадаас ханхүүгээ ирж авахыг хүлээгээд л...
Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол ч...
Бага залуу насанд сэтгэлд тод үлдсэн бэлгэдийн үг, ерөөл хэлсэн хамаатан садан, танихгүй хүн, багш гээд л хүмүүс байдаг даа.
Ассоль гэх бяцхан охинд санамсаргүй таарсан Эгль өвгөн "...Ассоль чи өсөж том болно. Алс далайн уудамд, ургах нарны доогуур аранзал улаан дарвуул нэг өглөө чамд солонгорон харагдана. Туяаран гэрэлтсэн асар том дарвуултай хаш цагаан хөлөг номин цэнхэр давлагаа зүсэн чанх өөдөөс чинь чиглэн ирнэ..."
Зүйрлэлүүд нь уянгалаг. Цаанаа л нэг тийм сэтгэл татам.
"Үгийн хүчнээс сэтгэлийн хүч их буюу."
Александр Гриний "Аранзал дарвуулт хөлөг" гэдэг ном. Төгсгөл нь аз жаргалаар дүүрэн зохиол бичдэг бололтой. Анх удаагаа л уншиж байна. Өмнө нь уншиж ч байсан байж магад, бусад зохиолоос нь. Гэхдээ үгүй л болов уу? гэж бодно.
"Тэгэхэд нүүрэндээ галтай нүдэндээ цогтой ганган залуу хунтайж чиний зүг гараа сарвайн зогсож байгааг чи олж үзнэ. Тэр хунтайж "За сайн байна уу? Ассоль минь ээ. Эндээс холын хол газар чамайг би зүүдэндээ үзлээ. Тэгээд аваачихаар ирлээ...Тэгээд тэр залуу чамайг завиндаа суулгаад хөлөг онгоцондоо авчирч, чи гайхамшгийн оронд үүрд очиж, чамайг ирсний мэндийг мэдэх гэж нар сар мандаж, одон мичид тэнгэрээс бууж ирнэ."
За тэгээд Аким гуайн орчуулга. Уран цэцэн, уянгалаг байх нь аргагүй биз ээ?
Жижигхэн тосгоныхон түүнийг, аавыг нь элдвээр хэлж, шоглон доромжлоно. Түүнийг нь үл тоон, үлгэрч өвгөний хэлсэн сайхан бэлгэдлийг итгэнэ, үнэмшинэ, мөрөөднө, хүснэ, тууштай хүлээнэ. Догдлоно...
Ханхүү болох Грей үнэхээрийн өвөрмөц, ёстой л нүүрэндээ галтай нүдэндээ цогтой дүрслэл байлаа. Ассоль гүнжээ угтан авах гэж буй догдлол, бэлтгэл үнэхээрийн сэтгэл хөдлөм...
Хурц зоримог шийдэл бүхий, мөн нинжин сэтгэлтэй зоригтой хүчтэй ханхүү...
Унших явцад олон сонин үгтэй таарна. Тэгж байгаад бүгдийг нь тольдож үзнэ ээ.
Сэтгэлд өег, дулаахан, таатайхан, "шидэт үлгэр" байлаа. Хаа нэгтээ, хэн нэгэн лүү тэмүүлж дурламаар тийм ном байлаа.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:
コメントを投稿