2020年10月13日火曜日

Орчин

Япон орныг жижиг газар нутагтай, хүн ам ихтэйг нь гайхдаг тийм ээ бид. Тийм байж сургууль, цэцэрлэг, орон сууцны гадаах цэцэрлэгт хүрээлэн гээд орчин нь их том талбайтай гэж гайхдаг байж билээ.

Одоо бол дасаад, ер нь бол сургууль цэцэрлэгийн гадаа заавал талбай байх ёстой. Байх байхдаа том байх ёстой гэж боддог болсон. Түүний нэг баталгаа болгож ганц нэг зураг оруулах санаатай.

Өнгөрдөг бүтэн сайнд суугуул мужийнхаа нэг жижиг хотын хөдөө аж ахуйн чиглэлээр сургалтын хөтөлбөрөө боловсруулж, ирээдүйд хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр явах сонирхолтой сурагчдыг элсүүлж сургадаг ахлах сургууль орох боломж гараад. Явчихаад ирсэн. 

Буугаад л орчныг нь гайхаж, биширч байгаад л ирлээ. 

Сургуулийн үүдээр гараад харахад нэг иймэрхүү. Цаг байсан тул боргол олж уух санаатай. Тэгсэн энэ замаар доошоо уруудаад, доор төгсгөлд нь автомат ундаа зарагч байгаа гэхээр нь алхаж буй байдал. 

Өглөө нь борголоо ууж амжаагүй юм. дунд зулзага сагсны тэмцээнтэй. Бэлтгэл ажилд нь ам, гар бие оролцох гэж. Бас бага зулзага сэрчихээд хормойдож, тэврүүлээд. Юун боргол? Оройд нь өөрийнхөө авч явах зүйлээ бэлдсэн байсан тулдаа л хам хум түүнийгээ аваад л гарсан.

Юу бичиж байлаа? Аан тийм, орчин, талбай...

Сургуулийн хоолны сургалт явуулдаг анги танхимын цонхоор дарсан зураг. Тэр цаана харагдаж байгаа нь ч сургуулийн барилгууд. 

Оюутан байхад МУИС-ын 2 дугаар байрны ар талд иймэрхүү жижиг талбай байдаг, бид хааяа тэнд салхилдаг байж билээ. Одоо бодоход бүхэл бүтэн их сургууль байж орчин муутай байж дээ гэж...

Сургуулийн барилга хоорондын дундах ногоон байгууламж. Улаанбаатар хот, ер нь суурин газруудад дутагддаг зүйлийн нэг тийм ээ?

Бүтэн сайны өдөр байсан ч сурагчид сургууль дээрээ дугуйлан секцэндээ хамрагдаад завгүй... 

Тухайн өдөр миний уулзсан сурагчдаас 3 хөвгүүн өнгөрдөг жил монгол явж танилцах дадлага хийсэн гэсэн. Таалагдсан шиг байна лээ, эх орон минь. Их хөөрхөн хөвгүүд байсан. Дурлахаа алдав. Ккккк.

Гурвуулаа кэндогоор хичээллэдэг. Өмсгөл энэ тэрээ авч очиж, монгол сурагчдад танилцуулсан байсан. Сүрхий байна уу? 4-үүлээ яваад, нэг нь төгсөөд явчихсан юм билээ.

Дотор нь нь явж байхдаа ганц нэг зураг дарсныгаа дараагийн бичлэгт. Түр баяртай. Бүх уншигчдадаа амжилт хүсье.

2020年10月12日月曜日

Цайлсан нь

Шинэхэн долоо хоногийн мэнд ээ. Гарчигаа юу гэж өгөхөө мэдэхгүй хэсэг тээнэглэзэв. Хэ хэ.

Баасан гарагт бага сургууль орж эх орноо танилцуулах хичээлд явчихаад ирсэн дээ. Өглөө бага зулзагаа өчихөөд л гараад давхисан. Энд тэнд хурдны зам тавигдаад, бас ч гэж хурдан хүрчихдэг болоод байгаа. Зорьсон газартаа.

Хурдан гэдэг нь 30 минут хурдассан. Цаг нартай уралддаг энэ арлын оронд 30 минут хэмнэнэ гэдэг чинь асар том зүйл л дээ. 

Хамгийн түрүүнд очсон. Япончуудаас түрүүлж. Цаг барьдаггүй бла бла гэж хэлүүлдэг монгол хүн би тэд нараас түрүүлж ирсэндээ догь байсөөн. Хи хи.

Эхлээд захирлын өрөөнд орж, өнөөдрийн зорилго энэ тэрээ хэлж мэнд мэддэг бичигдээгүй хууль бий. Заримдаа захирал нь гадуур ажилтай гээд эзгүй тохиолдол ч гарна.

Цагаан гаатай цайгаар дайлуулсан. Надаас гадна хоёр япон, нэг монгол, нийт 4 хүнд ийм суурьтай аяганд цай хийж өгсөн. Бас хүн бүрийн урд ийм навч тавиастай. Гоёмсог санагдаад, гар өөрийн эрхгүй ухаалаг утас руугаа...

Гэрт нээрээ ийм шилэн, дөрвөлжин зүйл яваад байсан. Ингэж ашиглаж болох юм байна гэж бодсон. Бараг л хаячих гээд байсныг минь яана? Худалдаж аваагүй, хэн нэгэн л охидод минь? өгсөн байж магад. Ямартай ч гэрт байсан.

Цагаан гаатай цай уусан хүн чинь, ажлаа 200 хувь амжилттй даван биелүүлсээн. 

Та бүхэнд ч шинэ долоо хоногт нь амжилт хүсье ээ.

2020年10月11日日曜日

Салатны өдөр

10 сарын 10-нд төмсний салатны өдөр гэнэ шүү. Нийслэл салат юм даа манайхаар. 9-ний баасан гарагт бага сургууль орчихоод, сургуулийн яг хажууд байдаг хүнсний дэлгүүрээс өдрийн хоолоо авч идэх санаатай явж байгаад энэ зургийг олж харсан.

Гэрт төмс байгаа, нээрээ маргааш хийж идье байз гэж бодонгоо салат худалдаж авч идсэн. Эдний салат төмсөө зөөлөн, нялцгай хийдэг. Манайхан болохоор төмсөө томхон хэрчээд зажлууртай идэх дуртай.

Эхлээд өндөгтэй салатыг сагсандаа хийчихээд явж байхдаа олж харсан тул нэмээд л аваад, идчихсэн. Идсэнийхээ дараа л их идчихлээ гэж бодож энэ тэр. Хэ хэ.

За үүнийг би яг хагас сайнд 10-нд хийж идсэн. Гэрт ногоон өнгийн ногоо байдаггүй. Хөргөгчин дэх ногоонуудаа ашиглав. 

Энэ хагас бүтэн сайнд гал тогоо, хоол унд бага эргүүлж байгаа ч, бүтэн сайны ажлаараа гал тогоо эргүүлээд амжсаан. Яаж зүгээр байхав. Тэр тухайгаа дараагийн бичлэгээр тайлагнамз. Хи хи. 

За тэгээд ирэх шинэ долоо хоногтоо амжилттайгаар гялалзацгаарай...

2020年10月10日土曜日

Цэцэг

10 сарынхаа цэцэгний зургийг оруулчихуу? СБА шүү дээ таминь.

Цэцгийн сургалт явагдаад л байгаа бололтой. Үе үе ингэж үзэсгэлэнгээ гаргаад л байна. Эмээ голцуу хүмүүс сургалтанд хамрагддаг. 

Ээжийгээ авчирч суулгах юмсан гэж бодно оо заримдаа. Хөөрхий бурхны орондоо заларчихсан эмээгээрээ, энх тунх буй ээжээрээ төлөөлүүлж, монгол эмээ нарыг бодохоор бас л...

Эмээ минь даалуу, хөзөрт дуртай. Би бол даалууны мастер болтлоо л тоглосон байдаг юм. Тухайн үед амралт, сувилалд явуулж байгаагүй шиг санаад.

Ач зээгээ харна, хааяа гадаах хөрш эмээ нартайгаа буу хална, хаа нэгтээ дэлгүүр хоршоо явна. Өөр нэг их сүртэй сэтгэл санааг нь сэргээх, урам зориг авах зүйл ховор шиг санагдаад байдаг юм.

Боломжтой нэг нь амралт, рашаан сувилалд явна. Рашаан сувилал чинь бас хөөрхөн үнэтэй юм билээ тийм ээ?

Гэхдээ хөдөө гадаа гараад, байгаль дэлхийгээсээ эрч хүч авчихдаг дөө, бодоод байсан чинь. Хотоос гарч чаддаггүй хүмүүст л хэцүү байх.

Бага зулзагатайгаа зугаалж яваад, цементнээс ургасан цэцэгтэй таараад. Багад бид чинь "Цементнээс цэцэг ургаж, Цэрмаа хүүхэн цэрэгт явж" энэ тэр гээд л хэрэлддэг байлаа. Энэ үгийг урдны нэг бичлэгт бас бичсэн санагдчихлаа.

Заримдаа ч бичсэнээ мартах гээд байдаг шүү...

Цэцэгний хажуу дахь нүх рүү гараа хийж бариад, зулзагатайгаа алхах чинь бас л зугаатай шүү. Борооны ус зайлуулах шугам руу урсдаг хоолой гэж хэлэхээр арай л эрт үү хэхэ? 

Хааяа энэ лүү нь жижиг амьтад орчихдог юм билээ. Дээр нэг сонин амьтан орчихсон гарч чадахгүй л байх шиг байсан. Яг хаагуур яваад орчихсныг бүү мэд...

Хааяа сармагчин, зэрлэг гахай, буга гэх мэт амьтад хотод орж ирээд, хүүхэд хөгшид айлгаад гэж мэдээгээр гардаг. Энэ үед сургуулиас зурвас ирнэ. Сурагчдыг болгоожтой бай гэж анхааруулсан, онцын шаардлалагүй бол орж гарахгүй байхыг сануулдаг.

Ер нь хэт их хөгжил байгаль хүн хоёрыг их холдуулдаг шиг...

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2020年10月9日金曜日

Явчихаад ирлээ

Үдээс өмнө бага сургуульд очиж эх орныхоо тухай танилцуулах хичээлээ заачихаад ирлээ. 

Суугуул хотоос минь 1 цаг 30 минут гаран явна. Өглөө эрт гарсан. Бага зулзагаа эрт албанд нь өгсөн. Нэмэлт цагийн төлбөр төлнө. Ганц нэг удаадаа яахав тийм ээ? 

Заавал шагай няслаж үзмээр байна гэсэн сургууль талын хүсэлтийг хүндэтгэн, өмнө нь шагайгаа нэг бүрчлэн ариутгаж арчсан. Овоо цаг зарсан шүү. 350 ширхэг гаран шагай.

Нэг сонирхолтой харилцан яриа болсон. Шинээр ирээд удаагүй нэг дарга маань асууж байна аа.

-Бүгдийг нь өөрөө хийгээ юу?

-Үгүй ээ, харин бүгдийг нь идсэн.

Над руу нэг том харснаа инээгээд л цаашаа алхсан. Айсан байх даа. Хэ хэ. Гэхдээ ийм яриа болохоос өмнө аминдаа зөндөө л тайлбарлаж хэлсэн юм. Ямаа хонины гэж ирээд л.

Ямартай ч хөгжилтэйгөөр гараараа эхэллээ. 12 сар хүртэл хэд хэдэн бага сургуульд заана. Энэ жил корона гээд цөөн сургууль хүсэлтээ өгчээ, манайд. Ирэх жил дахин дуудмаар болтол нь хичээх юм шүү дээ. 

Жил бүр дууддаг сургуулиуд минь энэ жил ч дуудсан. Баярын нулимс унагаах шахам л боллоо. Хи хи. 

Байнга нэг өрөөнд суух бус, хааяа нэг ингэж орчин солигдох гоё тийм ээ. Хагас бүтэн сайнд бас орж гарах ажилтай байгаа. Сонин сайхнаасаа хуваалцана аа. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт...

2020年10月8日木曜日

Ахлах сургуулиар сонин сайхан?

Том зулзага өнөө өглөө, нийт 3 дугаар ангиараа зугаалгатай гээд гарсан. Азгүй нь яг энд бороотой, би өглөө хүргэж өгсөн. 

Ийм бороотой өдрүүдэд нэг ажил нэмэгддэг нь томыгоо хүргэж өгөх болдог. Бага минь сэрчихсэн үед ч яахав, тэврээд л аваад гарна. Харин унтаж байх үед нь яадаг юм билээ гэж тээнэглэзнэ.

Эцсийн дүндээ унтаагаар нь тэврээд л гарна. Тэврэхээр угаасаа сэрчихдэг. Сайхан нойрноос нь сэрээчихлээ гэж ээж өөрийгөө зэмлэнэ. Эгч нь уучлаарай, хөөрхнөө минь гэж ирээд л нялуурна.

Суугуул муж, хажуугийн муж хоёрыг хиллэсэн газарт байдаг паарк орж зугаална. Төв газруудын том том пааркуудыг бодвол жижиг Хирүзэн гэдэг паарк. Эндхийн хүмүүс хүүхдээ бага байхад их явдаг гэсэн. 

Бид нэг удаа хорооныхонтойгоо пааркын гадаах мах шарж иддэг ресторанд орж байсан юм байна. Цаг агаар сайхан үед нэг явна гэж ярьсаар өдий хүрчээ.

Ерөөсөө ойрын хугацаанд явж ирнэ ээ. Хэ хэ. 

Том зулзага хүргүүлэх замдаа дэлгүүр орж өдрийн хоолоо худалдаж авсан. Бэнто хийж авч явах уу? гэсэн чинь үгүй гэсэн. Учир нь бэнтогоо идсэний дараагаар хоосон сав энэ тэр нь ачаа болно, хөнгөхөн юм иднэ. Бас автобусандаа амттан энэ тэр идэх учиртай юм гэнэ. 

Замдаа автобусандаа хөгжөөнт асуулт хариулт энэ тэртэй. Хүндэтгэж явдаг хүнийнхээ нэрийг бич гэсэн гэнэ. Орж ирэхгүй болохоор нь өвөөгөө гээд биччихсэн гэсэн. 

Угаасаа ч өвөө том зулзага хоёр амь л даа. Багад нь харж, харуулж өссөн хоёр болохоор. 

За тэгээд дуртай багш, дуртай юу юу ч гэлээ? Өмнө нь бичүүлж аваад, дараагаар нь "энэ хэн бэ? гэж таалгах юм гэсэн. 

Ахлах сургуулийн, ахлах ангийн хамгийн сүүлчийн нийтийг хамарсан арга хэмжээ. Хөгжилтэй яваад ирнэ гэдэг эргэлзэхгүй байна өө. 

Маргаашнаас эхлээд их сургуулийн конкурсанд бэлдээд толгой өндийх завгүй л байх юм шиг байна лээ. 

Гэснээс Японд конкурсанд бэлдэж буй хүүхэд гэдэг чинь гэртээ, эргэн тойрондоо, ер нь нийгэм бүхэлдээ л залаад ирсэн бурхан шиг байдаг юм байна. Хүн болгон л конкурсны хүүхэд хичээж байна уу? Саад болж болохгүй, Завгүй байгаа биз дээ?

Гэж санаа тавиад л...

Энэ тухай дараа бичнэ ээ, марталгүй.

Бүгдэд нь амжилт шүү.

2020年10月7日水曜日

Ариутгагч 2

Эртээд номын сан ороод. Энэ удаад зээлээгүй, зээлсэн номоо буцааж өгсөн. Та нартаа зураг үзүүлнэ гэсэн болохоор бага зулзагынхаа тэвэрч явсан номыг ариутгаж үзүүллээ шүү. 

Үргэлж л уншигч та нарыгаа бодож явдагийн илрэл. Тэгэхэд та нарын байж байгаа царай. Ха ха. Айсан уу? Бага байхад ээж хааяа ингэж үглэдэг байсан санаанд орчихлоо.

60 секундад л ариутгачихаж байна шүү дээ. Хөгжөөд байна, тэр хөгжил нь иргэд рүүгээ, хойч үе рүүгээ чиглэсэн, хандсан байна.  

Гэтэл манайх яасан билээ? За за баахан л үглэх хэрэг гарна. Ярьшиг. Тэгээд ч урдны бичлэгт хальт дурдсан шиг санаж байна. 

Бага зулзага хайртай номыг нь аваад нэг хайрцаг дотор хийчихсэн чинь гайхаад, хариугүй л уйлчих гээд л харж зогссон. Дуусаад номыг нь гаргаад ирсэн чинь нүд нь гэрэлтээд л хөөрхөн. 

Энэ номыг ёстой нэг биенээсээ салгахгүй байгаа. Нэг бодлын төвөгтэй. Тэвэрч барихад хажууд нь бас нэг том ном. Хэ хэ. 

Яг ямар ном бэ? гэвэл "Хөрш Тоторо" гэдэг ном. Худалч хүнд өдөрт нэг хүүхэлдэйг киног нь үзчих санаатай, өнөөх минь. Бид нүд болон биеийг нь хайрлан зурагт үзүүлэхгүй байх санаатай.

Анхаарлыг нь сарниулах гэж бас л ухаан, авъяас шаардана шүү. 

Та нар жаахан маамаагийнхаа тэгж аашлах үед нь хэрхэн аргалдаг вэ? Туршлагаасаа хуваалцаарай...

Бүгдэд нь амжилт...

2020年10月6日火曜日

Ижимэ? 2

 Сагсны дугуйлан дээрх асуудал ямар шаттай явагдаж байгааг бичих гээд л.

Дасгалжуулагч нь утсаар биднээс асуусан. 

-Ангийх нь багштай уулзаж ярилцах санаатай, та хэдээс зөвшөөрөл авах гээд.

-Өө тэг тэг, харин зулзагын минь нэрийг тэр тэгж хэлсэн гэж уг хүүхдэд хэлэхгүй байхыг хүсье.

-За. Хэд хэдэн хүүхэд байгаа тул, тэгж нэр усыг нь онцолж хэлэхгүй, санаа зоволтгүй.

Яагаад ингэж санаа зовж байна вэ гэвэл, ээж аавдаа, багшид ховлосон гээд ижимэ нь эсрэгээрээ гаардаг гэж сонсож байсан тул. Тийм болохоор л хүүхдүүд зөвлөлдөж чадахгүй явсаар эцсийн шатандаа амиа хорлох тохиолдол гардаг байх.

Дугуйлантай өдөр нь жаахан эрт очсон чинь дасгалжуулагч нь явцаа, хойшид авах арга хэмжээгээ тайлбарласан. 

Багштай нь ярьсан. Ангидаа бас тийм дээрэнгүй зантай. Үг хэл нь нэлээд бүдүүлэг. Уг сурагчид анхааруулга өгсөн. Одоогоор ээж аавд нь хэлээгүй байгаа гэж багш нь хэлсэн гэнэ. 

Дасгалжуулагч болохоор ээжтэй нь утсаар ярьж ерөнхий байдлыг хэлэхэд, ээж нь: гэртээ ч бас нэлээд ааш муутай, бүдүүлэг үг хэллэг их хэрэглэдэг, нэлээд хэцүү зантай хүүхэд гэсэн гэнэ. 

Тэгээд та хэд ч бас хэлээд загнаад явж болно оо гэж зөвшөөрөл өгсөн гэнэ. Одооноос тухайн хүүхдийг засаж залруулах, хүмүүжүүлэх ажилд нийт багаараа л үзэж тарах бололтой.

"Чиний хэлдэг бүдүүлэг үг хэллэг, биеэ авч явж буй байр байдалд чинь гомддог эмзэглэдэг хүмүүс байдаг юм, алдаагаа засахыг хичээж, үнэхээр сагсанд дуртай бол баг хамт олноороо хичээе" гэж хэлэх юм гэсэн.

За тэгээд бүр засрахгүй бол хэсэг хугацаанд амрааж нэг үзнэ. Эцсийн арга хэмжээ нь хөөх гэсэн. 

Гэхдээ хөөх дээрээ тултал мэдээж цаг шаардана, бас нэг хүүхдийн ирээдүй учраас шууд хаячихаж болдоггүй бололтой. Бас л сүрхий улс юм. 

Одоогоор уг охин сүүлийн хоёр өдөр дугуйландаа ирээгүй. Хувийн ажил гарсан тул гэж бичсэн байсан. Өнөөдөр бэлтгэлтэй, ирэх эсэхийг мэдэхгүй л байна. Гэхдээ өнөөдөр зулзага минь өөрөө амарна. Учир нь шүдээ үзүүлж эм түрхүүлнэ. Өдөр судар нь таарахгүй, давхцаад.

Жаахан хувийн мэдээллийг нь цацахад, олуулаа амьдардаг гэнэ. Ах эгчтэйгээ хэрэлдээд, тэднийхээ хэлж буй үг ярианаас суралцчихдаг байх даа? Мөн ээж нь хүүхэд бүртээ цаг гаргаж чаддаггүй байх гэж хэрэгт дуртай ээж нарыг ярианаас олж сонссон. 

Ар гэрийнх нь байдлыг сонсоод өнөөх охиныг учиргүй өрөвдөж энэ тэр. Хэ хэ. Нээрээ л хүүхэд эмзэг юм болохоор хаа нэг газар өөрийгөө илэрхийлмээр болдог. Түүнийгээ гэртээ биш дугуйландаа гаргаад байдаг юм боловуу ч гэж бодогдох...

Хэсэг хугацааны дараа үргэлжлэлийг бичнэ ээ. Түр баяртай. Амжилт...

2020年10月5日月曜日

Элс бас бяцхан гар

Элстэй найз болсон. Нэлээд хэдэн жилийн өмнө бас их дотно найзалдаг байлаа. Хэсэгтээ би тэр найзыгаа мартсан байлаа. Муу хүн шүү би ч. Хэ хэ.

Булцгар хөөрхөн гарыг нь хараад байгаарай. Саначихлаа. Хэ хэ. Зарим нэг хүүхдийг бодвол тийм ч "пулцгар" биш ээ. Өөртөө таарсан хөөрхөн л махтай шөлтэй. Нэг их хөвсгөрөөр ч яахав гэж боддог. Ээж шигээ сүүлд түүнийгээ хасах гэж бөөн л юм болно шүү дээ, тийм ээ.

Хийж өгсөн бөмбөлөг, хэв зэргийг минь шууд л базаад хаячихаж байгаа юм чинь. Тэгээд ээж нь  өө л дөө гэхээр өөдөөс маасайж инээнэ. 

Хань ижил хүүгийн минь майжигамаа нь засрах байгаа л гээд байгаа. Хэ хэ. Өө яахав, монгол хүн байна даа майга зүгээр шүү дээ, гэхгүй юу. Хи хи. Эмээ өвөө нь морь унаад майга болчихсон хүүхэд шиг гээд өхөөрдөөд л.

Саяхан аав нь нэг өглөө албанд нь аваачиж өгөв өө. Хүүгийнхээ нэртэй гуталны тавиурыг олдоггүй ээ гээд утасдаж энэ тэр. Хүү нь аавынхаа хөлнөөс зуурчихаад ангидаа ордоггүй, багш нь тэврээд цаашаа явсан чинь чарлаад уйлсан гээд л сүрийг бадруулж ирээд л ярив.

Аан тийм бас ангийг нь өнгөрөөд л явж байна гэсэн шүү. Ха ха. Бас л сүржин улс шүү энэ аавууд. 

Аав минь бас одоо ч ярьдаг юм. Би жаахандаа мөн л чарлаа байсан гэсэн шүү. Аавын захнаас зуурчихаад чарлаад. Ажлаа хийж байхад нь чихэнд нь хадаастай өнждөг байсан гэж. Ээж бол тоохгүй, ажлаа хийдэг, цаашаа яваад орчихдог байсан гэсэн шүү. Хо хо.

Үүнээс л харагдаж байна. Ээжүүд бол чанга үедээ чанга, хатуу үедээ хатуу. Зөөлөн үедээ дэндүү зөөлөн гэдэг нь, тийм ээ? 

За ямартай ч намрын налгар өдрүүдэд зун нь борлоогүйгээрээ борлох янзтай. Малгайгаа л салгахгүй юм шүү...

Бүгдэд нь амжилт хүсье өө.

2020年10月4日日曜日

Ариутгагч

Ариутгал, ариутгагч гэдэг зүйлтэй нөхөрлөж байна тийм үү? Хүмүүн төрөлхтөн.

Гар хөл, ам хамар, орон гэр зэргээс авахуулаад л.

Хэдэн сарын өмнөөс мужийн төв номын сангаас ном зээлэхдээ ашиглаж буй зүйл бол зураг дээрх ариутгагч.

Ийм төхөөрөмж. Үйлчлүүлэгчид зээлсэн номоо энэ төхөөрөмж дотор хийж ариутгана. Нэг удаадаа 6 ном хийнэ. Дотор нь төмөр өлгүүр шиг зүйл дээр номоо тохож тавина.

Хаалгыг нь хаагаад л товчыг нь дараад л болно. Тэгэхээр салхи үлээж номны хог тоосыг үлээж арилгана. Хэт ягаан туяагаар номны нянг устгана.

Техник, технологи хөгжинө өө гэж. 

Тэгээд л бодно оо. Эд нар хөрөнгө төсвөө иргэдийнхээ хэрэгтэй зүйлд зарж чадаад байх юм. Иргэд нь уншдаг, мэддэг, мэдээлэлтэй байдаг, боловсролтой байвал ямар ч бэрхшээлийг даваад гарна гэж үздэг байх нь. 

Тэгсэн манайхан дотроо алдаагүй байж, сургууль цэцэрлэгээ нам хааж, хойч үеээ мэдлэг мэдээллээр цангааж, аль болох л харанхуй бүдүүлэг рүү уруу татаж, хонь шиг номхон дуулгавартай байлгах гэж улайран, махран зүтгээд байгаа нь нүднээ ил харагдаад...

Түүнийг нь яг дотроо байгаа хүмүүс анзаардаггүй, мэддэггүй, учир нь тархиа угаалгачихсан. Өнөө маргаашаа яая гэж байгаа олонх энэ бүгдийг анзаарах манатай. Настай улсууд нь төрөө тахин шүтчихсэн, төрийн минь сүлдээ өршөө энэ тэр гээд ямар ч нийгмийн идэвхи байхгүй...

Нүүр ном, инстраграм нь хэдхээн  хүмүүсийн хүрээлэлд мэдээллээ цацдаг. Түүнийг нь хараад болоод байна гэж боддог...

За за халиад нисчихлээ. Ямартай ч цар тахал гарсан ч уншаад байгаарай, мэдээлэлтэй байгаарай хүмүүс минь...

Дараа нээрээ чадвал энэ төхөөрөмжийн дотор талын зургийг дарна аа...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт шүү.

2020年10月3日土曜日

Намар

Намар цаг сайхан тийм ээ? Жимс жимсгэнэ боловсроно. Гол нь муухай бүгчим халуун дуусаж, орж гармаар болно. Мөн идээд уугаад явчихмаар санагдана. хэ хэ. 

Бага зулзага бид хоёрын гадаа өнжих цаг бага багаар нэмэгээд. Би заримдаа ажил амжихгүй шууд л хүчээр гэртээ орчихоод байгааг эс тооцвол.

Энэ  навчыг бидэн хоёр, эгчийгээ төгөлдөр хуураа заалгаж байх хооронд номын сан орж зээлсэн номоо буцааж өгчихөөд, гадаа нь түр саатан, унасан навч цуглуулсан байдал.

Үүнийг монголоор навч гэнэ ээ, японоор хаппа гэнэ ээ, англиар. За за тоглосон юм. Англиар хэлж мэдэхгүй. Хи хи. Харвал санаж магад. Байнга зууралдахгүй болохоор ой тоонд үлдэхгүй юм...

Гадаа тоглоход сэрүүхэн сайхан байна. Манай хүн орохгүй гэж зүтгэдэг болсон. Элсэн дээр л хамаг цагаа авна. Үе үе энэ тэрүүгээр зугаална.

Өөр гоё намрын өнгө авах гэсэн чинь энд жаахан оройтож намар болно оо. Моднууд нэг тийм сэтгэл гижигдэм гоёхноор алаглаж эхлээгүй байна. Гэснээс тийм модны өнгө алагласан байгалийн үзэсгэлэнг магтан сайшаахын тулд хотоос жаахан зайдуу гарах хэрэгтэй л дээ. 

Тийм цаг зав нь гарах нь уу? Гэхдээ хичээж ойрноос нэг гармаар л санагдаад...

За бүгдэд нь амжилт хүсье.

2020年10月2日金曜日

Намрын уншлага

Японд намар цагийг "Уншлагын улирал" гэж хэлдэг. 

Халууны улирал дуусаад, сэрүү ороод ном уншихад таатай байдаг болохоор тэгж нэрийдсэн юм болов уу? 

Юугаараа дутахав. 2 сар гарангийн өмнө худалдаж авсан номоо эхлүүллээ. Өмнөх "Хаан цадиг" номоо эзэнд нь буцааж шуудандах санаатай дуншаад л байна. 

Дээр хэлж байсан даа, номын дэлгүүрүүдийн худалдагч нарын санал болгодог номын жагсаалтыг тэргүүлсэн ном. 2019 оны шалгаруулалтаар. 

Өмнөх шалгарсан номыг санал болгосон "коохай"-ын санал болгосон ном. Цаана нь дахиад нэг санал болгосон ном бий. Үүнийг дуусахаараа уншина гээд ойрхон тавьчихсан байгаа.

Яагаад түүний санал болгосон номнуудыг худалдаад авчихснаа гайхаад л сууна. Хэ хэ. Бодвол телевид ажилладаг, мундаг, сүрхий гэж хүндэлдэг болохоороо тэр юм болов уу? 

Мөн Ээнээгийн оруулдаг номнуудаас авч уншмаар байдаг ч айгаад. Хэ хэ. Хэрэгжүүлж чадах болов уу? Чадахгүй, амжихгүй хий дэмий л санаа зовж стрессдэх юм болов уу гэж бодоод. 

Санал болгосон уран зохиолын номнуудыг харин авчихаад байна гэж өөрийгөө таагаад... 

Ерөнхий агуулга нь арван жилийн нэгэн охины амьдрал гарна. Асран хамгаалагч нь хэд хэд солигдоод. Тэр тоолонд хэрхэн яаж амьдарч байсан тухайгаа нэг эргэн санасан, нэг одооныхоо амьдралын тухай, сургууль дээрх найз нөхдийнхөө харилцааны тухай зэрэг гарч байна. 

Одоогоор 140 хуудас уншсан. Хурдандаа орно. Эхлээд 5 хонож буй гэхэд. 372 хуудастай ном байна. Уншиж дуусгаад дахин бичихийг бодно оо. Нэг бол бушуухан дараагийн санал болгосон номыг нь унших гээд бичихгүй ч байж магад. Тухайн өдрийн тэнгэр мэдэх хэрэг.

Та бүхэн бас "Уншлагын намар"-г маш сайн ашиглаарай. Түр баяртай.

2020年10月1日木曜日

Ижимэ?

Ижимэ гэдэг үгийг энд амьдардаг улс бол маш их сонсдог. Ялангуяа хүүхэдтэй ээж аавууд.

Монголоор дээрэлхэх, тохуурхах гэх мэт угтгатай. Гэхдээ нэлээд хүнд хэлбэрийнх. 

Бага ангид байхад ангийн атаман, сургуулийн атаман гээд л хэсэг бүлэг байсан. Гэхдээ тухайн дээрэлхүүлж буй хүүхэд амиа хорлотол нь хорлож, дээрэлхэж байсан нь ховор байсан юм шиг тийм ээ? 

Японд харин маш хорлонтойгоор явагддаг. Тийм болохоор л сурагчдын дунд амиа хорлолтын тоо их. Үүнээс гадна сургуулиас завсарддаг. Арга нь маш нарийн. Нэг хэлтэй амтай хүүхэд өөрийн гэсэн фракцтай. Толгойлогч нь нэг хүүхдэд дургүй бол дагалдан баясагч нь дуурайж, хамтдаа дээрэлхэж эхлэх хувилбар нь хамгийн түгээмэл. 

За оршил нэг иймэрхүү. 

Дунд зулзага сагсныхаа дугуйланд дургүй болоод. Зарим нэг орой бүр уйлж ирээд л ээждээ, аавдаа хэлдэг юм. Би энэ сагснаас гарлаа, тэр энэ тэгж хэлсэн, ингэж хэлсэн гээд л. 

Саяхан нэлээд ширүүхэн уйлж өгөөд. Яасан гэхээр, дээд ангийнх нь нэг охин зулзагат минь бүдүүлэг үг хэлээд байдаг юм байна.

Ямар үг хэлсэн бэ гэхээр? Үх, ядаргаатай юм, дуугай бай, би чамд дургүй, яасан ч чалчаа юм гэх мэт гэж байна шүү. 

Зэвүүн байна уу? Сувд эрдэнээс ч илүү хайрлан өсгөж буй зулзагыг минь хэлэх хэлэхгүй үгээр хэлж байдаг. 

Тэсэхгүй өчигдөр эцэг эхийн төлөөллийнх нь тэргүүлэгчтэй ярилцсан. Яагаад шууд багш дасгалжуулагчтай нь яриагүй вэ гэхээр? Бага сургуулийн энэ дугуйлангийн тогтолцоо нь дунд, ахлах сургуулиас жаахан өөр. 

Гол үүргийг эцэг эхийн төлөөллийн тухайн жилийн тэргүүлэгч гүйцэтгэдэг шиг санагдсан. Тэргүүлэгч нь цааш нь дасгалжуулагчтай зөвлөнө. Жич: Энэ эцэг эхийн төлөөллийн тэргүүн нь жил бүр солигдоно. Ихэвчлэн төгсөх ангийн хүүхдийн ээж аав сонгогдоно.

Тэгсэн ганц зулзагат минь хэлдэггүй, бусад хүүхдэд бас үе үе хэлдэг гэнэ. Сургууль дээрээ буюу хичээл дээрээ бас ангийнхаа ганц нэг хүүхдийг бас дээрэлхдэг гэнэ. 

Дасгалжуулагчтайгаа ярилцаад, тухайн дээрэлхэгч хүүхэд, түүний ээж аавтай нь ярилцаад, бүр болохгүй бол тэр охиныг дугуйлангаас хөөх хүртэл арга хэмжээ авч магад гэсэн.

Байдлыг харж байгаад, бүр болохгүй бол сагсыг нь болиулчихна даа. Ямар амь биш заяа биш. Гэхдээ нэгэнт орчихсон юм чинь төгстлөө явчихвал гэж бодоод уг нь...

Спортын дугуйлан секцүүдэд ийм ижимэ их байдаг гэж сонссон. Бараг л байх л үзэгдэл мэт ойлголт яваад байдаг.

Ахлах сургуульд сурдаг монгол сурагчид минь бас элдвээрээ хэлүүлдэг гэсэн, хөөрхийс. Дээр бичсэн үх гэдэг үгийг бол өдөр бүр сонсдог гэсэн. Дээрээс нь нутаг руугаа зайлаач гэж өдөр бүр шахуу сонсдог гэсэн. 

Манайхан нэг их тоохгүй даваад гарчихдаг. Эхэндээ хэл усаа мэдэхгүй, сүүлдээ хэл ус сайжраад ирэхээр нэг их тоолгүй, эсвэл эсрэгээрээ өөдөөс нь хэрэлдээд л даваад гарчихдаг. Хэ хэ. 

Төрсөн зулзага дээр минь тулаад ирэхээр бас л эмзэг сэдэв шүү...

Бүгдэд нь амжилт.