2022年3月24日木曜日

7 хоногийн тойм 2

Тойм бичлэгийн үргэлжлэл шүү. СБА шүү, журмын олон уншигчид минь.

За энэ 3 сарын 14-ний "Цагаан өдөр" буюу 2 сарын 14-ний "Шармаанийн өдөр"-р шоколад зэрэг амттан авсан хүмүүс өгсөн хүндээ буцааж өгдөг өдрөөр ажлын харчууд хүүхнүүддээ өгсөн шоколаднууд. 

Хайрцагных нь зургийг албаар орууллаа. Юу гэдэг нэртэй болохыг нь хараад дараа нь бас амьтан хүнд өгөхөд хэрэгтэй байж магад гэж бодов. Нэрнээс нь хайхад хаана зарагддаг, ямар үнэтэй болох нь гараад ирэх байх. 

Бэлэгний санал болгож өөртөө болон та нартаа зориулж дарсан шүү. Хэ хэ.

Дотроо ийм. Бөөрөнхийнүүд тун дажгүй амттай. Миний дуртай төрөл. Хажуугийн ууттайгаас нь идээгүй ээ.

Энэ бол нэлээд түгээмэл зарагддаг. Амт ч тун дажгүй. Олон төрөл болохоор шилж сонгоод идчихнэ.

Дотроо ийм олон төрөлтэй. Би хар голцуугаас нь түүж идсэн. Түүж идсэн гэдэг нь ажлынхан барагтаа иймэрхүү зүйл идэхгүй. Ганц нэг бий л дээ, маньтайгаа ижил нь. 

Хоолноос хоолны хооронд ер нь л юм идэхгүй гэж үзнэ дээ.  Тэгж байж эрүүл саруул, гуалиг жингээ барьдаг байх өө. Суралцах гээд тэр бүр чадахгүй байгаа зүйлийн минь нэг.

Үүний гаднах хайрцагны зургийг дарж амжаагүй. Харин энэнээс би идээгүй. Өөрийн хувиа гэртээ авч ирээд зулзагууддаа хуваагаад өгчихсөн. Өгчихсөн ч гэж дээ, бага зулзага идэхгүй гэсэн. Эгч л тэнд азны коля гээд ганцаараа идэж харагдсан.

Энэ бүхнээс жил бүр л бодогддог ганц зүйл гэвэл. Бизнесийн ухаан гэж айхтар байгаа юм шүү. Бага багаар хэлж, сурталчилж явсаар улс даяараа дагадаг болчихдог. 

Эрт дээр үеэсээ ийм өдөр гэж байгаагүй, эд нар л өөрсдөө зохиочихсон гэж ойлгоод байгаа. 

Нэг сайхан нь хань ижлийн ажлынхан ингэж өгч авдгаа больчихсон. Их амар. Хариуг нь өгөх гэж дэлгүүр хэсэж цагаа алдахгүй, мөнгөө үрэхгүй. Хэт их амттан идэхгүй. 

Тоймын 2 дахь хэсэг нэг иймэрхүү. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年3月23日水曜日

7 хоногийн тойм

Сүүлийн бичлэгнээс хойшхи 7 хоногийнхоо тоймыг хүргэе ээ. Нэг бүрчлэн бичих эсэхээ сайхан шийдээгүй байна. 

Нөөтбүүкээ асаахгүй яваад байсан чинь блогоо мартах гэж байна. 

Төрсөн өдөр, цагаан өдөр, цэргийн баяр, бас бус тэмдэглэлт өдөр гэх мэт. 

Эхнээс нь бичихэд 2 зулзагын төрсөн өдөр болж өнгөрөв. Ойрхон болдог ч тус тусдаа бялуу авч иднэ гээд. Бид наана нь дунд зулзагаа жаал явуулж, хамтдаа л нэг бялуу авч идье ээ. Хэмнэлт хийх хэрэгтэй шүү дээ. 

-Жижигхээн ч байсан хамаагүй, тус тусад нь тухайн өдөр нь байвал л гоё.

Түс тас ийм хариулт ирсэн. 

За тэгээд бялуугаа авах болохоор хань ижил, аятайхан томхон бялуу аваарай. Ийш тийш дагуулж явж чадахгүй байгаа юм чинь, ядаж бялууг нь идмээр байгаа, дуртайгаас нь аваарай гэж үүрэгдсэн. 

Аав тэгж үүрэгдэхгүй бол ээж бол үнэнгээсээ жижигхээнийг авчихаж мэдэх учир. Ер нь гэрт нэг тийм үрэлгэн талдаа хүн нэг, тэр үрэлгэн занг нь дарж байдаг нэг хүн байдаг тийм ээ. 

Би тэр үрэлгэн занг дарагч нь байна өө. Хэ хэ. Булга намнаач нь танайд гэдэг шиг. Хэ хэ.

Зайрмаган бялуу. Бага зулзага дээрх бөөрөнхийг нь болон нэр нь бичээстэй шоколадыг л идсэн. Иддэггүй, тухайн өдрөө цатгалдсан байх. 

Маргааш нь харин идээд байсан шүү.

Дотроо ийм. Энэ улаан ногоон нь аманд ороод тэсэрдэг. Багад тэсэрдэг чихэр гээд байсан даа. Тэр юм шиг байна лээ. Дунд зулзага дуртай, тийм болохоороо л дүүгээ панаалдаж үүнийг авсан. 

Гадуур хооллоно гэж байсан чинь цэцэрлэгт нь ко гараад, амраад. Онцын шаадрлагагүй бол орж гарч болохгүй гэдэг хүсэлт ирээд, бид чинь ухамсартайгаар түүнийг нь дагасан. Хэ хэ. 

Нэг бодлын хэмнэлттэй шүү дээ. Тэртээ тэргүй бага зулзага нэг их сүртэй идэхгүй, гэртээ ч мөн адил. Мөн гэртээ элдэв амтлагч энэ тэр холиогүй жамц давсаараа амталсан энгийн хоолоо идэхэд эрүүл мэндэд ч хэрэгтэй. Ооё. 

Гэхдээ ээж хааяа гадуур хооллох дуртай дуртай. Нэг удаа ч гэсэн тогоо шанаганаас хол, амар шүү дээ. Тийм үү?

За бусдыг нь дараагийн бичлэгээр. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年3月16日水曜日

Эхийн зөн хайр

Нэг сонирхолтой ном уншиж дуусгалаа. Зохиолч нь Минато Канаэ. "Охин", "Илчлэх" зэрэг номыг бичсэн. Ээж охин, ээж хүү гэсэн гэр бүлийн гишүүдийн харилцааны талаар өгүүлдэг, эдгээр уншсан ном. 

Хэтрүүлж хайрлах, хэрхэн харьцахаа мэдэхгүй байх, гэр бүлийн уур амьсгал, аав эцэг хүний гэр бүл дэх оролцоо зэргийг өгүүлсэн. Ихийг бодогдуулна.

Энэ номын агуулга нь бас л...

Гарчиг нь "эхийн зөнт хайр" гэх юм болов уу? Дангаар нь зөн гэхээр ирээдүйг нь зөгнөсөн зөн совин болчих гээд. 

Дангаар нь хайр гэхээр нэг тийм хайр нь ундарсан, бялхсан ээж хүний тухай болчих гээд. 

Эмээ, ээж, охин гурвын хоорондын биедээ хандаж буй хандлага, биесээ хэрхэн хайрлаж байгааг өгүүлнэ. 

Эхийн хайр гэж юу вэ? Охины ээжээ гэсэн сэтгэл? 

Охины ээжээсээ хүсэж буй жижигхээн анхаарал, хайр, магтаалын үг өдөр тутмын амьдралд нь хэрхэн нөлөөлөөд, хойшид амьдралд нь хэрхэн нөлөөлж болохыг мэдэрсэн ном байлаа. 

"Ээж" гэж гардаг эмэгтэй багадаа ээждээ таалагдах гэж, ээждээ магтуулах гэж л хичээдэг байсан. Ээжийн магтаал түүний амьдралын салшгүй нэгээхэн хэсэг болчихсон байдаг. 

Мэдээж аав нь ч түүнийг магтдаг, харамсалтай нь аав нь оюутан байхад нь хорт хавдраар нас барна. 

"Ээж" хүнтэй сууна. Охин төрүүлнэ. Охиноо хараад эхийн зөнт хайр ундран гарч ирдэггүй. Харин охин нь өөрийнх нь ээж буюу "эмээ"-д нь таалагдах болов уу? гэж бодно.

Хүнтэй суухдаа ч ээжийнх (эмээ) нь хэлсэн үг асар их түлхэц болно. Хүргэн ээж 2-ын сонирхол нэг. Хүргэний зурсан зураг, уншдаг шүлэг таалагдана. Ээж (эмээ) ч хүргэнийхээ уншдаг шүлэгт дуртай байдаг. 

Охиныхоо үг үйлдэл зэргийг ч эмээд нь таалагдахаар байлгаж заана, сургана. 

Зээ охин ч ээжийгээ баярлуулах гэж эмээгээ баярлуулах үг үйлдэл хийнэ. Эмээ нь баярлавал ээж нь баярлах тул насандаа таарамгүй үг хэлнэ, үйлдэл гаргана. 

Гэтэл хүргэний гэр бүл эсрэг тэсрэгийн туйл. Магтаалын үг хэлдэггүй, хадам ээж чанга хатуу. Ээжийг илт дээрэлхэж хамаг байдгаа хийлгэнэ. Загнана.

Харин зохиолын төгсгөлд өөрийн охидын нэрийг мартаад, зөнөгөрдөг ч. Бэрийнхээ нэрийг мартахгүй, бэрдээ сайн хандана. 

Тэгээд л бодлоо. Миний охид яадаг байсан бол? Ээжийгээ баярлуулах гэж хичээдэг байсан болов уу? Ээжийгээ баярлуулах гээд өөрсдийнхөө хүсэл мөрөөдөл, үзэл бодлоо дотогш нь залгидаг байсан болов уу?

Мэдээж байсан байх. Манай монгол хүмүүжил чинь бас л хүүхдийн сэтгэхүйг жаахан барих гээд байдаг талтай шиг. Ээж аавыгаа гомдоолоо, эхийн хайр бол агуа энэ тэр гээд хаших гээд байдаг талтай.

Яахав үнсэж үлгэх, үнэрлэх, тэврэх гэдэг дээр япончуудыг бодвол чөлөөтэй ч гэсэн үзэл бодол, хүсэл мөрөөдөлд нөлөөлчих гээд байдаг шиг санагддаг. 

Саяхан бага зулзага минь "ээж нил ягаан өнгөнд дуртай болохоор" гэж хэлсэн. Ээжийнхээ дуртай өнгийг биш өөрийнхөө дуртай өнгийг сонгоорой л гэлээ. 

Яг энэ номыг уншиж таарсан болохоор, бодлоо. Өөрөө ч мэдэлгүй хүүхдүүдээ өөрөөсөө хамааралтай болгоод байгаа юм биш биз?

Номыг агуулгыг тод томруун бичих гэсэн чинь нэг л болж өгөхгүй байна. Өөрсдөө олж уншихыг хичээгээрэй, японд байдаг нь. 

Кино нь ч байдаг байж магад. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年3月15日火曜日

Хөршийн холбоо

Хөршийн холбооныхоо ачаар бид ч өдөр бүр баяр тэмдэглээд байх шиг. Хэ хэ. Хажууд нь улаан дарсаа шижмичхнэ. Тэгэхээр чинь одоо өдөр бүр маартын 8 биз дээ? Ккк.

Тарагтай бялуу. Зулзагуудын төрсөн өдрийг урьдчилан тэмдэглэн, оруулж өгсөн. Жаахан эрт ч гэсэн яахав, тарагтай шүү гээд л. Мэссэж ирээд, зулзага гэр лүү нь гүйсэн. Хи хи.

Хажуунаас нь харахад ийм. Бага зулзага идээгүй, ээж нэмчихсэн. Ккк. Хань ижил асуугаад л байсан. Санаа нь бас нэмчих санаа байсан айх. Яах гэж оройтсон юм гээд хэлчих. Хо хо.

Үүнийг Шармаанийн баярын өмнөхөн хийж өгсөн. Үүнийг харин бага зулзага идсэн. Нэмэх боломж олдоогүй. Хэ хэ. 

Ойрд баяр маяр юу билээ? гээд байхгүй юу? Даварчихсан тийм ээ? Өөрөө хийгээд идэхгүй. Өөрөө хийх гэхээр бөөн ажиллагаа, дээрээс нь их хийгээд, юм үзээгүй юм шиг ихийг нэг дор идчих гээд байдаг сул талтай хүн би. Яалтай. 

Гэснээс "Идэх эмгэг" гэдэг ном уншаад эхэлсан. Гайгүй байгаа. Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年3月14日月曜日

Охидын эргэн тойронд

Охид том болох сайхан. Дагаад ааштай болох нь ч сайхан. Хэ хэ.

Дунд зулзага хийсэн. Голоод л байсан. Амт нь дажгүй. Бэлэн гурил зуурч хайрсан болохоор өөрөө бие дааж амтлаад гэсэн хэцүү зүйл байхгүй. Нэг бодлын амар. 

Нэг бодлын бэлэн зэлэн зүйлс чинь хүнийг их муу занд сургадаг тийм ээ. Япончууд нэг хоол хийх гэж грамм энэ тэр гээд сүйд болдог нь хааяа залхмаар.


О.зулзага өвөл харьж ирэхдээ дүү нараа эрхлүүлж ийм зайрмаг авч өгсөн. Томчууд хамт эрхэлсэн. Одоо дүү нарынхаа төрсөн өдрийн бэлгийг шуудандана гэсэн. Ирээгүй л байна. Дунд зулзага их л догдолж, хүлээн ядан сууна. Энэ долоо хоногт ирэх байгаа.


Зулзагууддаа авч өгдөг юм, хааяадаа. Бага нь исгэлэн гээд идэхгүй юм. Багадаа идээд л байдаг байсан. Хэт чихэртэй хүнс нь ихэдсэн байх, ойрд. Гэхдээ бялуу нэг их идэхгүй байгаад нь дотроо баяртай байгаа. 

Чихэрлэг зүйлсээс аль болох холуур л явбал тийм ээ? 

Гүзээлзгэнэ түүж иддэг газар очих гэж яриад л. Аавын ажлыг харна даа. Бас тэр нь захиалга өгч очдог гэсэн. Ойрын хэд хоногтоо азнах санаатай, ко гуай чинь их ойрхон яваад байгаа. 

Нэг иймэрхүү, бүр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年3月13日日曜日

Нүүх ёс

Гэрийн өөдөөс хараад хэд хэдэн хөрш айл бий. Тэдний нэг нь нүүх болоод. Нүүх боллоо гээд жижигхэн хөөрхөн амттан барьж ирээд. 

За би энэ нүүх суух тухай бичиж байсан санагдана. Сонирхож байвал олж уншаарай. Хальт дурдахад нүүгээд явахдаа, нүүж ирэхдээ ойр хавийн хөрш айлууддаа бяцхан зүйл барьж очоод нүүж ирснээ, нүүгээд явах гэж байгаагаа хэлнэ. 

Хэрэв дээрх зүйлийг хийлгүй ёс алдсан бол танд юу ч тохиолдож магад. Ккк.

Гаднах хайрцаг нь нэг ийм. Мэдээж гадуур нь жижигхэн цаасан торонд хийсэн байсан. Хээ хуарнаас нь харахад орос ч юм шиг харагдаад. Санаа дагаад тэр юм болов уу? 

Хэвлэл мэдээлэл тэр аясаараа оросын тухай гараад байгаа болохоор...

Дотроо ийм жигнэмэг байсан. Бага зулзага идээгүй. Ээж давуу эрхээ эдлээд идчихсэн. 2 сар гарснаас хойш юун дэглэм энэ тэр болсон. 

3 сарын төрсөн өдрүүдийг тэмдэглэж дуусгаад дахин зөв гольдролдоо орно. Хичээнэ би. Ха ха. 

Өө тийм, энэ залуухан гэр бүлийн нөхөр нь монгол явж байсан. Одооны ажил нь монголтой нэлээд олон жилийн өмнөөс хамтарч судалгаа энээ тэрээ хийдэг газар. 

Уг нь харилцан бие биенээ уриад, монгол хоол хийж идээд, буу халцгаана гэж ярьсаар байгаад хэрэгжүүлж чадсангүй нүүчихлээ. 

Би оронд нь жамц давсаа өглөө. Давс өгөөд гээд гайхаж магад. Манай жамц давсанд япончууд дуртай байдаг юм. 

Дахин уулзалдахын ерөөл талбиад салцгаалаа. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年3月12日土曜日

Хавар айсуй

Хавар айсуй. Энд тэнд гоёмсог цэцэгнүүд мэлмий баясгаадл сайхан байна өө. Ойрын хэдэн өдөр ч сайхан нартай байна. Салхи харин зэврүүн цаанаа л. Хаврын салхи хавирга нэвт гэдэг шиг хамаагүй бас нимгэлж болмооргүй өдрүүд.

За энэ багыгаа авах гээд очиход үүдэнд угтдаг цэцэг. Мэдээж байнга ийм, нэг цэцэг байхгүй. Дунд нь хэд хэд солино. Одоо төгсөлт, элсэлт дөхөж буй тул цэцгийн худалдаа ч орлого ихтэй байх байх.

Төгөлдөр хуурын багшийн гэрийн үүдэнд. Үе үе блогтоо бас зураг оруулдаг даа. Хэ хэ. 

Ингэхэд, энэ япон айлын үүд нь ийм эмх цэгцтэй, элдэв зүйлс байдаггүй байна аа? Гэж бодно оо. 

Хараад байсан чинь хүүхдүүд нь томроод тусдаа гарцгаасан, нэг бол ганц бие хүмүүсийн гэрийн үүд эмх цэгцтэй байдаг юм байна гэж мэдэж авсан.

Надтайгаа ижил зулзагуудынхаа дунд эргэлддэг бол за тэгээд гутал, углааш, гадуур хувцас гээд л хөглөрдөг юм билээ. 

Аминдаа багадсаныг нь монгол явуулаад, нэмж авалгүй байх гэж үзэж таж буй хэдий ч улирлын чанартай гутал их юм аа. 

Гэснээ би энэ өвөл о.зулзагынхаа голоод орхиод явсан гутлаар гангарах шив дээ. Хо хо. Ганц гутал ч биш юм аа, хэд хэдэн цамцаар нь гоёсон. Хи хи. 

Цэцэг ярьж явснаа хадуурав. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年3月11日金曜日

Алим

Алиманд дуртай хүн байна өө. Гэм нь сүүлийн хэдэн жил үнэ нь огцом өсч байна. 

Аль болох улиралд нь буюу өвөл авч идэхийг хичээдэг ч, улиралдаа ч гэсэн үнэтэй байна. 

Японд хойд нутгийнх нь алим амттай гэгддэг. Аомори мужийг илүү онцлоод байдаг юм билээ. Суугуул мужийнхаа алимнаас зөндөө л идсэн. Нэг их муудахгүй ээ, амт бол дажгүй.


Чадвал өдөрт нэгийг идчих санаатай. Хатуу, шүүслэгт нь илүү дуртай. Ногоон алим нэг их авдаггүй юм байна. Заримдаа жаахан онцгүй нь таарчихаад байдаг. Тэгээд л авахгүй байгаа байх. 

Гэснээс алимтай жигнэмэг хийж үзэх гэсэн холын мөрөөдөлтэй. Эмээ болохоороо л хийхээс. Орос бабушка нар шиг. Орсон гарсан гийчдээ алимтай амттанаар дайлаад л. Хэ хэ. 

Бондгор, хормогчтой эмээ төсөөлөгдөж байна шууд л. Хи хи. 

Орос гэснээс энэ дайн хурдан дуусаасай. Аль нь манай тал юм бүү мэд. Кино шг шууд л манай тал, дайсны тал эхнээсээ ил бол амар байхгүй юу? Даанч далдуур маш олон тал байгаа бололтой. 

Багадаа иддэг байсан орос чихэр, орос алим, орос молоко...

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2022年3月5日土曜日

Шунал хөдөлгөгч

Байсхийгээд л миний шуналыг хөдөлгөдөг нэг хүн байдаг. Ярьсан хэлсэн, бичсэн, уншсан зүйл нь дандаа шуналыг минь хөдөлгөдөг. 

Та нарт тийм хүн бий юу? Байхгүй бол олж аваарай. Аягүй бол би ч та нарын шуналыг хөдөлгөдөг байхыг үгүйсгэхгүй тийм ээ? Хэ хэ. 

Том дэвтэр, Бичиг үсэггүй хүн, Нотолгоо, Гурав дахь худал, Амраг номнуудыг орчуулагч Болортуяа эгч. 

Мэдээж дээрх номнуудыг бүгдийг нь уншчихсан. 

Саяхан 2021 онд уншсан номнуудаа танилцуулсан ютүб дээрх бичлэгийг нь үзээд, шунал хөдлөөд явчихсан. https://www.youtube.com/watch?v=Kte_skaTTFE Сонирхож байвал ийшээ орж үзнэ биз дээ?

Тэр өдрөөсөө эхлээд Азхур, Интерном гэсэн номын дэлгүүрүүдэд хайр зарласан. Хайр зарласан ч гэж дээ, угтаа бол байнга шахуу орж гардаг байхгүй юу, цахим хуудсаар нь. 

Ямар нэг номын тухай хэн нэгэн танилцуулсан байвал дээрх хоёр дэлгүүрийн цахим хуудсаар шагайж, үнийг нь, хэмжээг нь, агуулгыг нь уншиж мэдээлэл авдаг юм. 

За тэгээд Болортуяа эгчийн танилцуулгаас хойш нойр хоолондоо муудаад, монголд байгаа ээж аав, дүү, бэр зэрэг хүмүүсийгээ ч амар тайван суулгахаа байв. Ха ха. Бараг л нүднээс гарахыг шахав шүү дээ таминь минь. 

Дээрх хоёр дэлгүүртэй чаатлаад. Дэлгүүртэй чаатлах ч гэж юу байхав? Мэдээж, тухайн ажлыг хариуцсан ажилтан л байгаа шүү дээ. 

Бөөн сүрийг бадруулаад уншихыг хүссэн номнуудаа онлайнаар захиалахыг нь захиалаад, очоод ав гэж үүрэгдэхийг нь үүрэгдээд. Сэтгэл овоо тэнийж байсан чинь бэрээс мэссэж ирэв. 

Нэг ном нь дууссан, төлбөр буцаагдана гэнэ ээ гэв. Шууд зүрх рүү нэг юм ёнк гээд л явчихсан. Хэсэгтээ жаал бухимдав. Дуугай байхгүй, онлайн захиалга болохоор мэдэхгүй, түрүүлж ирсэн нэгэнд нь зарчихсан юм уу, хүргэлтээ захиалга өгсний дараа нэлээд удаж байж гаргадаг биз дээ? Бла бла гээд номын дэлгүүрийг дарамтлаад авсан. Хо хо. 

Хаа очиж дэлгүүрийн ажилчид төлөв, даруухнаар уучлаарай, 5 сард дахин хэвлэлтээс гарна гэж хэвлэлийн газар нь хэлсэн гэхээр нь жаахан уужрав шүү дээ. 

Уур бүхимдлаа урьтал болгосонд эсрэгээрээ уучлаарай. Хи хи. 

Өө тийм, бас нэг дуугай байгаагүй зүйл гэвэл. "Та бүхэн, танай хоёр номын дэлгүүр зохиолч Наминчимэд гуайтай хамтраад, гадаадад байдаг уншигчдадаа зориулж, гадаад дотоодын номны шуудангийн зардлыг хөнгөлөх ажилд дуу хоолойгоо хүргэвэл таарна" гэчихсэн. 

Зөв үү? Буруу юу? 

Хамгийн ихээр уншихыг хүссэн ном нь байсан юм. Бас нааш нь дайж авчрах хүнээ олчихоод, за гэдэг ам тангарагыг нь авчихсан байсан юм. Жавхлан юм аа ерөөсөө. 

Жавхлан гэснээс, Жавхлангийн нэг дууг дуулж сурч байгаа. Ха ха.

Би чинь наашаа ном авах гэж бас л сүрийг бадруулдаг байхгүй юу. Чаддагаар нь ижий аавыгаа зарна. Тэд чинь настай хүмүүс болохоороо бас тэр түр бас уухайн тас за гээд хөдлөхгүй. 

Шуудангийн зардал номноосоо үнэтэй болохоор ижий аав хоёр минь бас миний өмнөөс гайхаад, хайран санагдаад байдаг шиг билээ. 

Наашаа цаашаа хүн ирж очдог байхад ширэн нүүрлээд ном дайдаг байлаа. Одоо яг миний суудаг мужид хүн ирэхгүй байна л даа. 

Ямартай ч 2 сард гурван ном захиад авахуулчихсан байсан. 3 сар гараад нэмж 5 ном захьчихаад сууж байна. Энэ хачин шуналыг одоо яах уу? 

Гэрт уншиж амжаагүй номнууд зөндөө л байна. Гол нь зулзагнууддаа цаг гаргаад тэр бүр завдахгүй гүйж байтал хүмүүс миний шуналыг хөдөлгөөд байх юм...

Өө тийм нэг номыг нь япон хэлээр унших санаа төрсөн. Номын санд байна лээ, хайсан чинь. Ашгүй. 

Хань ижил бас нэг ном нэмээд захиадхаач гэсэн. Ерөөсөө ном гэдэггүй хүн чинь. Би наана нь бөөн баяр. 2 болгочих уу гээд байна аа бас. Хи хи. 

Ямар ном уншмаар санагдаад, байж сууж чадахгүй гэгэлзээд, бухимдаад, тэгснээ уужраад байсныг дээрх линкээр нь ороод бичлэг үзсэн хүмүүс шууд таах байх. 

Гартаа оруулаад, уншихаараа мэдээж блогтоо бичнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

Жич: Гэрийнхэндээ баахан төвөг удсан хүн чинь ая тал засаад "Дахиж хэсэгтээ ном захихгүй ээ, дахиад ном гэж яриад, бичээд унавал загнаарай, чадахгүй чадахгүй, тийм зав зай алга гэж" гээд хэлээд тавьчихлаа. Би чадна аа...

2022年3月4日金曜日

Бас л идсэн уусан

За бас л идсэн уусан бичвэр шүү. Ядаргаатай юм гэж бодсон нь алгасаарай. Хэ хэ. 

Сая бүтэн сайнд намайгаа крашладаг хоёр ч өвөө залгаад.  

-Чи минь гэртээн байна уу? 

-Байна байна, яасан ийсэн?

-Краш чинийхээ царайг нэг харчихмаар санагдаад.

Ха ха. За за энэ сүүлийн өгүүлбэр тоглосон юм шүү. Гэхдээ л уулзмаар байна аа гэдэг чинь намайгаа санасан л гэсэн үг биз дээ? Энэ чинь одоо.

За үүнийг гэр нь ойрхон өвөө өгсөн. Яагаад өгсөн гэхээр? Би энэ оны сүмогийн хуанли аваачиж өгсөн юм. Нэг "банзүкэ"-тэй хамт. Одоо ч монголчууд сүмо үг хэллэг надаас илүү мэддэг болсох байх тийм ээ?

Банзүкэ гэдэг нь тухайн сард барилддаг сүмочдын оноолт, дараалал бүхий япон улалмжлалт цаасан дээр хэвлэсэн зүйл байдаг.

Яваад орсон чинь өнөөдөр ууна биз дээ? 

-Хамт сүши идэнгээ ганц лааз шар айраг уух уу? 

гэдэг юм даа. Хо хо. Гэгээн цагаан өдрөөр шүү, 5 цаг л болох гэж байсан байх. Би ихэвчлэн бага зулзагатайгаа очиж хааяа даа буу халдаг юм. Энэ удаад ганцаараа очсон болохоор хань татсан байх.

Хань ижил нь асрамжийн газар байдаг, хоёр хүү нь хол. Нэг нь бүр гадаадад байдаг, бараг харьж ирэхгүй биз дээ гэж ярьдаг.

Тэгээд л бодлоо. Миний муу ижий аав бас ингээд л ярьж суугаад, орсон гарсныг хань татаж суудаг байх даа гэж.

Данхтай цайгаа хувааж уух хань ижил насны бөгсөнд их хэрэгтэй гэдэг дээ. Энд тэгсэн ганц нэг шар айраг хувааж уух хань хэрэгтэй байдаг шиг. 

Тэгээд хамтдаа гарч дэлгүүр ороод, сүши авсан. Тэгснээ гэрийхэндээ бас ав. Чамайг уучихаад очихоор хэн хоол хийхэв? Бас хань ижил чинь уурлахгүй гэсэн. Ха ха. Инээдтэй байна уу? 

Маргааш орой нь залгаснаа, хань ижил чинь уурласан уу? Гайгүй юу гэж санаа тавьсан. Хи хи.

Өнөөх нэг өвөө нь үүнийг авчирч өгсөн. Тэгснээ нээх хөөрхөн, бууз идмээр байгаа шүү. Дараа хийж өгөөрэй гэсэн. Самган нь болон бэр нь дуртай. 

Тэгж байгаад бууз хийж хөлдөөгөөд аваачиж өгөхөөр ярилцаад л байна.

Өө энэ хамтдаа шар айраг уусан өвөөгийнд идсэн. Хөлдүү халаагаад л идчихдэг. Дээд гурил нь жаахан түүхий ч юм шиг. Өвөө дутуу халаасан байх. Ккк. 

Ганцаараа байдаг болохоор хоол хийхгүй. Иймэрхүү бэлэн юмаар л болгодог бололтой. Дараа нэг гэртээ урьж халуун шөл уулгая гэж бодоод байгаа.


Үнэтэй гэсэн шар айргаараа дайлсан. Наана нь арай жаахан хямд нь байсан л даа. Крашдаа бас чанартай юмаар үйлчлээд байна аа, хөөрхий минь. Хо хо. 

Би ганц биш 4, 5-ыг уучихсан байх шүү. Час улаан хацарлаад л гэртээ яваад орсон. Манайхан нүд нь орой дээрээ гараастай. Ккк.


Харихад бас үүнийг боож өгөөд байна аа. Хариад гэрийнхэнтэйгээ идээрэй гээд. 4 хуваагаад зүсэхээр яг л таарсан хоолны дараах амттан болчихож байгаа юм. 

Бага зулзага идээгүй юм байна. Би нэмчихсэн байх шүү. Халчихсан байсан болохоор санадаггүй гэхгүй юу? 

Энэ амттаны зургийг нүүрномдоо оруулсан чинь бас нэг өвөө дараа уухдаа хэлээрэй, наадахыг аваад очно оо гэсэн. Бас нэг крашлагч минь. Ха ха. 

За ингээд нэг бүтэн сайныг бид далайн хишгээс хүртэж, гэдэс гарах шив дээ. Дээрх хавч чанасан байсан болохоор, амар байсан. 

Япон эмээ өвөө нарынхаа ачаар үе үе сонин содон зүйл их л идэх юм дөө. 

Та нар минь ч бас гадаад хүн таарвал, гадаад хүнтэй найзалбал эх орныхоо сонин содон зүйлээс өгчихөж байгаарай. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年3月3日木曜日

Талим өвгөн минь дээ

За би нимгэн номнуудаасаа түүж уншиж байгаа юм шүү. Олон нимгэн номтой байна уу? Хэ хэ. 

Зохиолын баатар Анарын дуртай гэж жигтэйхэн зүйлийн нэг нь морь унах. Боломж гарвал морь уначих юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөн наадмын талбай руу зүглэнэ. Ингээд нэгэн цайлган бүсгүйтэй танилцаж морийг нь гуйж унана.

Түүнд уриалгахнаар морио өгч унуулсан бүсгүйг Ийнгаа гэнэ.

Ийнгаагийн юунд ч юм татагдсан Анар түүнд сарын дараа гэрт нь очиж уузлахаар амлалт өгнө. Ийнгаа ч түүнийг гэртээ урьж морь унахыг хүснэ...

Ёстой нэг цагаахан, ариухан хайр сэтгэлийн эхлэл ингэж тавигдана. 

Өмнөх номонд гардаг шиг "татаж чангаадаг" зүйл гарахгүй. Гоё.

Гаднаасаа нэг муу хөдсөн дээлтэй хөгшид минь дотроо ямар их, ямар аугаа зүйлийг агуулж байдгийг ухааруулсан ном санагдсан. 

Талим өвгөний тэр ухааны цар, байгальд хандаж буй хандлага зэргээс их зүйл ойлгоно. 

Хот газраас тэс өмнөө, нарлагхан, цэнхэрлэн харагдах үзэсгэлэнт уул толгод, нүд алдам тал нутаг, хөх тэнгэр, ногоон зүлэг, сувдан цагаан гэр, чулуун гэр эдгээрийн тухай уншаад, Монгол харихдаа хөдөө л амьдардаг юм шүү гэх бодол тээв. 

Ер нь гадаадад амьдардаг улс хэрэв үүнийг уншвал тэгж бодогдохоор, бодогдуулахаар бичигдсэн. Зохиолчийн агууг биширнэм...

Хотод төрж өссөн надад ингэж бодогдохоор, хөдөө өссөн хань ижил аягүй л бол маргааш ерөөсөө "харьлаа" гэх вий дээ. 

Тийм болохоор л "хүн байгаль хоёр хүйн холбоотой" гэж ярьдпаг, сургадаг, бичдэг биз ээ?

Олон юм бичмээр байвч өөрсдөө уншваас тансаг тул зургийг нь л орууллаа. Хэ хэ.

"Цахилж яваа гөрөөс" туужийн эсрэг талаас нь бичсэн, нэг ном мөтрлөө 2 зохиол уншина гэсэн үг. Нимгэхэн хөөрхөн зохиол хэрнээ ихийг бодогдуулсан, өгөөж ихтэй хоёр хөөрхөн тууж нэг дор уншчихна шүү...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2022年3月2日水曜日

Зургийн хичээл 2

За саяын өнгөрдөг бүтэн сайнд хоёр зулзага минь усан будгийн хичээл хийв. Эгч нь гэв гэнэт л бийр, будаг барьж ирээд, оймсоо тайлаад, өмдөө шуугаад суусан. Дүү сармагчин дээрээ тавьсан үе нь болохоор дуурайсан.


Эгч шууд гараа будсан, шар өнгөөр. Дүү шууд дуурайсан, улаан өнгөөр. Тэгээд ватум цаасан дээр дараад дараад явсан. Аавын гарыг бас будсан. Аав сүмочдын гарын хээ бүхий гарын үсэг шиг байна уу? гээд л хөөрсөн бүгд. Хи хи.


Гарынхаа дүрсийг дарж дуусаад, шууд хөлийн улаа будаад эхэлсэн. Ямар ч эргэлзэх зүйл байхгүй. Цэцэрлэгтээ ингэж будаж, гар хөлийн хээгээ дарж байсан улсууд, бага насаа санагалзанхан л будаж байсан, дунд зулзага.

Ижий аав нь яасан? Соц нийгэмд өссөн юм болохоор аливаа зүйлд ариг гамтай гэж өссөн юм болохоор, гайхасхийгээд л харж суув. Ккк.


Сүүлдээ бүр хөлийн шилбэ энэ тэрээ будчихсан сууж байсан. 

Энэ нил ягаан нь усан үзэм шүү. Хөлийнхөө хуруугаар тэр бөөрөнхийг нь зураад байсан. 

Яагаад ингэж гэнэт будаг шунх болов гэхээр цэцэрлэг сургуулиас нь ирсэн бүтээлүүдийг хэрэгтэй хэрэггүйгээр нь ялгаад, хаяхыг нь хаях гэсэн чинь ар тал нь хайран санагдаад, зураг зурна гээж хурааж байсан юм. 

Тэгээд л толгойд нь ёнк гээд л ороод ирсэн шиг байна лээ. 

Гэх мэтчилэн хагас бүтэн сайныг хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлцгээе гэсэн уриатай өнгөрөөдөг болж дээ. 

Та нар минь ч гэсэн үр зулзагуудынхаа төлөө "ЗА" гэж хэлцгээгээрэй. Амжлт хүсье. Түр баяртай.

2022年3月1日火曜日

Цахилж яваа гөрөөс

Кино ч байдаг, би багадаа жүжгийг нь үзэж байсан шиг санаад байгаа юм. Худлаа байж магад. Кино театрт киног нь ч үзсэн байж магад. 

Биднийг жаахан байхад ангиар нь хүүхэлдэйн театрт жүжиг үзүүлдэг, дадлагын багштайгаа хамт кино үздэг байлаа шүү дээ. 

Нэг кино санаанаас гардаггүй юм. Ангийн охид бөөнөөрөө уйлаад л, галстукаараа нус, нулимсаа арчаад л. Ха ха. Соц нийгэмд байсан байж нусны алчуур нь ч хааччихсан юм. 

Нусны алчуургүй явна аа гэдэг чинь намын үзэл суртлыг маш том зөрчсөн үйлдэл дээ, уг нь. Ккк. 

Гэснээс тэр кино нь ээжийн тухай кино. Нэрийг нь мартаж, ямартай ч их уйлуулдаг.

За оршил нэг иймэрхүү.

Жүжигчин Өлзийхүү тоглодгийг бол сайн санаад байгаа. Бусад жүжигчдийн нэрийг сайн мэдэхгүй байна өө. 

Хөдөөний ахуй амьдрал, хөдөөнийхний хайр сэтгэл. Хөдөө хөдөө гээд, хөдөөнийхний дургүйг хүргэх вий дээ. Монгол ахуй, монгол хайр дурлал гэе дээ. 

Хөдөөний эрчүүд жаахан халахаараа бас уусан нь доошоо ордог уу? Ха ха. Ихэнх монгол ахуйтай ном зохиолд тэгж гардаг тул. Хотынхон бас уусан нь доошоо ордог хүн бий л дээ. Гол нь хаалга үүд нь түгжээтэй тул тэр бүр харж явдаг хүүхэн дээрээ очоод, ороод хоночихдоггүй тийм ээ? 

За за их гоё зохиолын тухай бичих гэж байснаа, юу ч биччихэв дээ. Миний энэ хоёр мутар гуай. Ккк. 

Бодоод байх нь ээ, эзэгтэй хүмүүс хэт тогооны хүн болж, 60 чавганцын ажилдаа түүртэж нэг хэвийн байх, унжуу байх дэмий юм байна шүү. Дэжид шиг.

Тогоохүү шиг аальгүйхэн, харц чулуудсан, эрхийн балай байх ёстой юм байна шүү. Мэдэж авлаа гэхгүй юу? Хо хо. 

За унших завдалгүй хүмүүс киног нь үзээрэй. Үзэх боломжгүй нь уншаарай. Хэ хэ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.