2024年7月4日木曜日

Бэлэг

6 сард би бэлгэнд умбасан сар байлаа. Шуудангаар ирсэн. Баярлалаа найзууд минь. Муу зан сурч байна шүү. Хэ хэ.

Цагаан архиар нь чавганы дарсаа хийнэ. Гэхдээ энэ жил чавга сайн ургаагүй жил. Хэд хэдэн танилууд минь санаа нь зовчихсон хэлж байна лээ, хөөрхийс. Уучлал гуйгаад байсан. Хэ хэ. Тийм дарамттай тийм ээ, би? 

Аягүй бол надаасаа харамлалаа гээд гомдчихно шүү дээ. Яахав миний танилуудын модных муу ургацтай байсан байх. Түүнээс дэлгүүрт зарагдаж л байсан л даа. Худалдаж авч мөнгө үрэхгүй л гэж эд нарыгаа дарамталж байхгүй юу. Хэ хэ. Уучлаарай, та нартаа эрхэлдэгт. Талархаж явдаг шүү.

Ирэх жил шуналтай гэгч нь дарах юм шүү. Тэр болтол шилнүүдээ сайн "суллана".

Хушхан самарны ийм савалгаатайг нь анх удаа бэлгэнд авч идэв. Эх орноо, хуш модоо, хэрэмнүүдээ хайрлаад би самар захихгүй байгаа. Би болон хань ижил гэсэн хоёр хүний идэх хувь ч гэсэн, хэрмэндээ очиг, хуш мод минь амраг гэж бодоод. 

Модны тухай уншаад, энэ самарныхаа модыг ямар их сүйтгэдэг билээ бид, монголчууд гэж өөрийн эрхгүй бодогдоод, самранд явж буй хүмүүсийг яаж ухааруулах вэ гэж толгойгоо гашилгаад амжсан. 

Яг одоохондоо бол бүтэхгүй юм шиг санагдсан. Ядаж л модонд хадаг уядагаа больчих хэрэгтэй эхний ээлжинд тийм ээ.

Дээрх хайрцган дотроо ийм ууттай. Хөөрхөн. Нэг удаагийн норм хэмжээг минь тогтоогоод өгчихсөн. Түүнээс ч бас л гар зогсдоггүй тийм ээ? 

Гэснээс багадаа оригоор нь цөмдөг байсан минь дэндүү жаргалтай, дэндүү дураараа цаг үе байж дээ. Одоо дахин нэг тэгж оригоор нь барьж байгаад, гар хуруугаа давирхай болгож ирээд л самар цөмөх юмсан гэж мөрөөдөн сууна даа. 

Байгаль дэлхийгээ хайрлацгаая. Хайртай гэж зүгээр нэг хэлэх биш, үйлдлээрээ хайрлацгаая. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年7月3日水曜日

Ам хөдөлнө

Ажлаасаа өөр газраар орох зав цаг өөртөө гаргаад л байна өө, яаж ийгээд. Хэ хэ. Тэгэхгүй бол ажил гэр, гэр ажил, дугуйлан гэсэн зэрэгт ядраад хааяадаа бас "эмор"-моор үе гарна өө. Хүн л болсон хойно. Эмо үүрд...

Зээ, үүнийг зочноо дайлахдаа хамтдаа орсон Стаарбаксын амттан. Би жингээ хасах туйлын зорилготой тул амттан идээгүй, урд нь идэж үзсэн болохоор. Кофегоо дангаар нь л уусан.

Маш богинохон хугацаанд маш ихийг ярьж амжсан. Хо хо. Ядаж байхад би хурдан ярьдаг...

Дайлуулсан, өдрийн цайны цагаар. Алимтай нь амттай. Бүр дараа дахин авч иднэ ээ, өөрийгөө магтахдаа. Сүүлийн үед өөрийгөө магтаж бай, өөрийгөө хайрла гэж их уншиж буй тул.

Үүнийг, хүүхдүүд байрласан япон айлын эмээ биднийг дайлсан. Би иймэрхүү жимс нэг их иддэггүй л дээ. Яг жимсийг нь оригоор нь буюу дангаар нь худалдаж аваад идэхийг илүүд үздэг. 

Ингэж бэлдсэн нь хэт нялуун санагддаг. Хүүхдүүдтэй буу халангаа идчихсэн. 

Гэснээс энэ айл маш хөдөө, уулын мухарт байдаг юм билээ. Байшин нь их том. 100 хэдэн жил болж байгаа гэсэн. Дараа өдрийн цагаар очиж үзнэ гээд хэлчихсэн байгаа. 

Хамтдаа кофе уух бол хэзээд бэлэн шүү, гол нь зулзагуудын минь цагаас зөрж байвал болох нь тэр. Хичээлээс гадуурх дугуйлан секцийн цаг нь миний бас цаг болчих юм өө. Ээж хүн гэж агуу агуу, өөрийгөө магтан дуулъя.

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай. 

2024年7月2日火曜日

Еэвэнгийн тал нь хаана байна?

Еэвэн гэдэг үг сонсохоор л "Зэрэг нэмэхийн өмнө" гэдэг кино санаанд ордог уу? Хэрэв ордог бол үе тэнгийн үхэр хонин жилтэн байх нь. Хэ хэ. 

Хэрэв үгүй бол дүү юм байна өө. Хи хи. Эсвэл би "аниа нь" байна өө. Ккк.

Нэг инээдтэй нь энэ ууттайг өглөө ажилдаа явахдаа бэлгэнд аваад. Ажил дээрээ кофетойгоо талыг нь идчихсэн. Тарчихаад гэртээ ширээн дээрээ талыг нь гаргаад тавьсан чинь бага зулзага "хөөх би монголд идэж байсан, дуртай" гэж хэлснээ идсэнгүй. 

Тэгэхээр нь би тэсэлгүй, за за хүү нь л идчихсэн байгаа биз? гээд хань ижилдээ хэлчихнэ дээ гэж бодонгуутаа өөрөө идчихсэн. 

Бэлгэнд өгсөн элэг нэгтнүүддээ "яана аа, еэвэн өгсөн гэж битгий хэлээрэй" гэж аминчлан захив. Ха ха. 

Хань ижилд минь өгсөн л дөө, уучлаарай, өөрсдөө идэх гэж байхад нь бүр хоёрыг аваад идчихсэнд. Хо хо. 

Дараахан нь дахин нэг дугуй еэвэнг өөр хүнээс бэлгэнд аваад, нийтдээ гурван еэвэн идэв. Энэ удаад маш томоотой, хажуудахдаа эхэлж дээжээс нь өгсөн. Энэ дээжийг нь өгнө гэдэг бас их сонин тийм ээ? 

Асар их хүндэтгэл л юм даа, эртний сургаалиар бол. Би ч энэ эртний сургаалийг ягштал баримталдаг уу? гэхээр бас үгүй...

Ойлгож уншиж чадаж байна уу? Нэг еэвэн идсэнээ юун ч дэлгэрэнгүй бөгөөд өнгөтөөр биччихэв дээ, тийм ээ? Гол нь байна аа, багадаа иддэг байсан зүйлээ хааяа нэг, хүний нутагт идэх чинь бас маш өөр мэдрэмж шүү гэж хэлэх гээд ээ.

Үүнийг гадаадад удсан хүмүүс л мэдрэх байх дөө. Одоо тэгээд наадмын хуушуур, хорхогоо санаад арааны шүлс асгардаг улирал буюу "гадаадын бид"-ний эмзэг үе эхэлж байна. Хэ хэ.

Борооны улирал дуусаасай, норох ч бас онцгүй байна шүү.

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2024年7月1日月曜日

Монгол амт

Монголоос гийчидтэй, монгол амттантай 6 сар өндөрлөв. 

Дэнж хотойтол нааддаг 7 сар минь сайн байна уу? Хуушуур л бодогддог. Бөх бол онц биш, хамгийн дэмбэрэл нь наадмын дараа доппинг гээд шуугина. Үзэхээ ч байсан...

Амттанаа мөнхөлж зураг оруулав. Намайгаа аарууланд дуртай гээд гэртээ байсан өнгөт ааруулаа хамаад ирсэн гэсэн. Хөөрхөн байна уу? Мөн гоё бор ааруул ч байсан. Хамгийн түрүүнд дуусдаг нь шүү дээ. 

Наана нь байгаа нь ааруулан үрэл. Зулзагууд дуртай. Гэхдээ бас дур сонирхол нь өөрчлөгдсөн нь ажиглагдсан. Ээж л ганцаараа шахуу идэв.

Багадаа иддэг байсан 100-гийн жигнэмэг шиг санагдсан. Бүхэл үртэй, зузаавтар байсан. "Аз хур" гэдэг нэртэй. Цайнд дүрээд идэхэд амттай байлаа. 

Дараа дэлгүүрээс хайж үзнэ ээ. Мэдээж монголд. Гэхдээ нүд эрээлжлээд, яг монгол бүтээгдэхүүнээ олж харахад энерги шаардах юм билээ.

Хамгийн тансаг нь энэ тос. Талхан дээр түрхээд идсэн, өглөөд. Цөс минь баярласан байх аа. Өглөөдөө шар тос байвал иднэ, ихэнхдээ масло иддэг юм. 

Зээ, хэсэгтээ нам жим байна, гэхдээ бас нэг зүйлд бэлтгэнэ. 

Борооны улирал утгаараа үргэлжилж байна. Өнөөдөр бол үе үе аадар бороо цутгаж байна.

Хот төлөвлөлт, ус зайлуулах тогтолцоо сайн тулдаа усанд автчихалгүй "орших" юм энэ улс. Биширмээр, хүндэлмээр...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年6月29日土曜日

Жамиль

Энэхүү номыг унших юмсан гэж бодон бодсоор, цаг үе нь 2024 оны 6 сар байлаа. 

Өвс, бухал, үтрэм гээд уншихаар дээхэн үеийн орос кинонууд санаанд орох юм. Хэ хэ. Яах аргагүй л бага насанд минь орос ах нарын нөлөө их байсан нь мэдэгдэнэ.

Уг номын агуулгыг бичих илүүц биз ээ? Олон жилийн өмнөөс л хүмүүс мэр сэр тэмдэглэл бичсэн. Түүнийг нь би уншчихаад л унших номныхоо жагсаалтад багтаасан.

Уншаад дуусахад бүсгүй хүний хайр гэж агуу юмаа л гэж бодов. Эр нөхөртэй, дайнаас эсэн мэнд ирэхийг нь мэдсээр байж "орон гэргүй, тэнүүлч" гэх хочит залууд дурласан, хайрласан залуугаа дагаад яваад өгөх, бүсгүй хүний хайр сэтгэл...

Хаашаа явах, хаана очих, хаана амьдрах гээд л олон олон асуудал байгаа шүү дээ. Түүнийг мэдсээр байж хайр сэтгэлээ, зүрхээ дагах шийдэмгий түс тас үйлдэл.

Харин хайрт залуу нь хүний хайлан гэх юм уу? Саяхан уншсан "Их Тээлийн даваа"-нд гардаг Тулга шиг, бүрэг дуу цөөнтэй залуу Данияр. Эрчүүд болгоны сэтгэлийг гижигддэг сайхан хүүхэн Жамиль.

Бэр эгчдээ сэмхэн сэтгэл алдарсан, түүнийгээ зургаар илэрхийлэх, уг зохиолын хүүрнэгч, зурах дуртай Сеит.

Мэдээж хадам ээж, нутгийн хүмүүс гээд хэд хэдэн хүний нэрс гарна. 

Нэрийг нь дурдсан 3 баатрын сэтгэлийн гүн дэх тэмүүлэл, тарчлаан, уй гуниг, баяр хөөрийг дүрсэлсэн "хайр"-ын тухай ном. Гэхдээ хайрын тухай нялуун, бал бурам болсон үгс маш хомс. Гэсэн ч энэхүү туужийг Францын нэрт яруу найрагч Луй Арагон франц хэлэнд орчуулахдаа Жамиль нь "Дэлхийн хамгийн сайхан хайрын түүх" гэж тодорхойлсон байх юм. 

Дурлалт хосууд харцаараа ойлголцоод, үйлдлээрээ биесээ мэдрээд, сэтгэлдээ тохиролцоод, зүрхэндээ амлалт өгөөд, сүүлд нь хамтдаа"оргочихдог". Түмэнтээ зөв ч юм шиг. Хүн тэгээд сэтгэлээрээ л амар амгалан, сэтгэлээсээ аз жаргалтай байхад өөр юу хэрэгтэй гэж тийм ээ?

Заримдаа энэ гадны хүмүүс их сонин аргаар бичиж, тэмдэглэж тодорхойлох юм тэ. 

Бодоод байсан манайхны хайрын зохиол, дуу шүлэг нь бас нэг тийм ойлгомжгүй байдаг байх даа, гадныханд. Хи хи. Хайр дурлал гэснээс хайрын тухай шүлэг их цуглуулж уншдаг байжээ. Одоо ч бүр дөжирсөн, ер нь бол төмс болох тал руу нас хэвийж байна даа гэж. 

Хирошима хот яваад атомын бөмбөгдөлтийн тухай уншсан, үзсэн зэрэг үйл явдалтай давхцаад, би ч бас энэ жижиг номоо цүнхлээд явсан. Замдаа таван мөр ч болтугай ахиулах гээд. 

Тэгсэн зохиолын үйл явдал бас дайны жилүүдийн эгэл жирийн ард иргэд, тэдний сэтгэлийн эмзэг утас хөндөгдөж буй тухай гардаг нь сонин учрал байлаа.

Дайныг хүсэх юм биш. Харамсалтай нь өдийд ч дайтаад байгаа улс, үндэстэн оршсоор буй нь үнэн сэтгэл эмзэглэм. 

Зохиолчийнх нь нэрийг японоор хайж үзсэн чинь "Чингисү(япон дуудлага)" гэж бичдэг юм байна. Их Монгол улсыг үүсгэн байгуулагч Чингис хааны нэрнээс улбаатай гэж тайлбарласан байлаа. 

Өө л дөө, монголоор бас уншлаа, зохиолчийн намтрыг. Тэгсэн юу вэ? "Өвөө"-гийн минь нэрийг авч хэрэглэчихээд, эх орныг минь, нүүдэлчин ард түмнийг минь харгис хэрцгий, мөн өвөөг минь монгол хүн биш гэж хэлсэн байдаг юм байна. 

Сонгууль энэ тэр гээд нэлээд үндсэрхэг үзэл бодлоор амьсгалсан үедээ уншсаныг ч хэлэх үү? Гэдэн хөдөлчихлөө, яадаг туучий вэ. Ха ха. 

Цаазын тавцанг нь их сонсож байсан, уншсан ч байж магад, багадаа. Зохиолчид нь уур хүрээд, унших үгүйгээ сайн шийдээгүй л байна. Хо хо. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年6月28日金曜日

Цаасан шувуу

Зээ бид Хирошима дахь Сасаки Садако охины хөшөөг үзэж, цаасан шувуу өлгөсөн. 

Замдаа автобусанд явахдаа бас дуугай явчихгүй санаатай энэ талаар, атомын бөмбөгдөлтийн талаар жаал жуул уншив. 

Тэгээд нэгэн олзуурхууштай түүх олж уншсан нь бидний мэдэх "Цаасан шувуу" дуу бүтсэн түүх.

Энэхүү тогорууны дүрстэй олон зүйл байсан. Нэг хөөрхөн ээмэг авах гэснээ сэтгэлийн хөөрлөө хэсэг дарж байгаад бодоод үзсэн чинь дотор хүн минь "чамд олон ээмэг бий, тэдгээрээсээ бараг зүүдэггүй шүү дээ" гэж хэлсэн. 

Харин зүүн мөрөн дээрх чөтгөр билүү? тэр маань нэлээд ятгасан шүү. Ха ха. 

Худалдаж аваагүй ээ. Дараа очихдоо дахиад л нүд минь явах байх. Гол нь миний дуртай "сувд"-тай байсан юм аа.

Энэ шилэн хоргонд бид богино хэмжээтэй тогоруу өлгөсөн. Богино гэдэг нь цаасан шувуугаа жижигхэн нугалсан гэсэн үг. Яг ориг хэмжээгээр нь нугалбал энэ зурган дээрх шиг урт хэмжээтэй болно.

Энэ их дажгүй зураг байхаар нь оруулчихлаа. 

Бөмбөгдөлтийн дараагаар дахин өвс ургамал, цэцэг ногоо ургахгүй гэж цуурч байсан энэ газар миний эх оронд ч тэр бүр харагдахгүй гоёмсог цэцэгс ургаж, модон төгөл үргэлжилж байна дөө.

За тэгээд өнөөх дуу бүтсэн түүх? 

1978 оны намар их зохиолч Б.Явуухулангийн хүү Я.Энхээ нь Тэрэлжийн амралтанд нэгэн Япон залуугаас Садако охины түүхийг сонссон байна. Монгол хэлтэй Япон залуугаас сонссон гунигт түүхээр дуу хийхээр шийдэн үгийг нь бичин аяыг Д.Дашням гэж хүнээр хийлгэсэн байдаг. Энэхүү дуу нь 1979 онд “Улс төрийн дууны уралдаан”-д тэргүүн байр эзэлж байжээ. Энэ дуугаар дамжуулан Монголчууд анх Хирошимагийн цөмийн бөмбөгний аюулын талаар мэдэж авсан. Хамгийн сонирхолтой нь энэ түүхийг Я.Энхээ гуайд ярьж өгсөн Япон залуу нь элчин сайд асан Шимизү Такэнори байжээ.

Үг Я.Энхээ                                                  Ая Д.Дашням

                         Цаасан шувуу

Өвчинд нэрвэгдсэн өнчин охин

Өрөвдөм хүслээр шувуу хийжээ

Хийсний тоогоор нас нь уртсан

Хуучны домгийг итгэн биширчээ

        Зуун мянган шувуу хийвэл

        Ямар ч зовлонгоос салдаг гэжээ

        Зургаан тивээс хүүхэд бүхэн

        Япон охинд шувуу илгээжээ

Хөөрхий охины амьдрах хүслэн

Хүн төрөлхтөний мөнхийн хүслэн

Хийсэн шувууд нисэн дүүлээд

Хүй орчлонд ингэж хэлэхдээ

           Эрүүл явах хосгүй сайхан

          Эрхэм дээдийн жаргал гэжээ

           Дайн дажингүй амар тайван

           Даяар олны жаргалан гэжээ

Арван хаврыг үдсэн охин

Алтан дэлхийгээс үүрд хальжээ

Тэсрэх бөмбөг дайны эсрэг

Тэмцэх хөшөө болон мөнхөрчээ

          Хөшөөн дээр ингэж сийлжээ

          Хөөрхий охины хүслийг  бичжээ

          Цацраг хордлого надаар дуусаг!  

          Цаасан шувуу нисэн хэл! гэжээ.

Энэ тухай мэдээллийн эх сурвалж нь https://www.japanguide.mn/v1/9/news/31 шүү. Орж уншина биз ээ? 

Цаасан шувууны түүхийг ярьж өгөөд, дараагаар нь бид дуулсан. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年6月27日木曜日

Хирошима

Хамгийн сүүлд хэзээ Хирошима хот явснаа санахгүй байна өө. Найзууд ирэхээр л ихэвчлэн явдаг юм. 

Энэ удаад эх орноос минь танилцах дадлагаар ирсэн 10 сурагчидтай хамт явав. 

Зугаатай байлаа. Сайн дурын хөтчөөр тайлбарлуулсан тул сонирхолтой байлаа. Мэддэггүй зүйлсээ ч мэдэж авлаа.

Зээ, алдартай барилга шүү дээ. "Гэнбакү доом" буюу дэлбэрэлтэд өртсөн барилга. Үнсэн товрого болчихоогүй ганц барилга. Мэдээж нурсан, эвдэрсэн. Ерөнхий араам нь хэвээр үлдсэн цорын ганц байшин. 

Тухайн үед "Аж үйлдвэрийн танхим" нэртэйгээрээ ашигладаг байж.

Энэ довцог дотор амь үрэгсдийн чандар хадгалаастай байдаг гэнэ. Хэн гэдэг нь тодорхойгүй хүмүүсийн чандар. 

1945 оны 8 сарын 6-ны өдрийн дүр зургийг сонсоод үнэхээр зүрх шимшрэм. Хотын жирийн иргэдийн цогцсон овоо, хүүр шатаах үнэр, амьдаараа хайлан урсан буй хүн...

Энэ солонгос хүмүүсийн дурсгалын хөшөө. Солонгост хийгээд, зөөж авчирсан гэсэн. Амь үрэгсдийн тоог нь санадаггүй ээ. Солонгосчууд их ирж залбирдаг гэсэн. 

Би сонирхоод та монгол хүмүүст хэр олон удаа хөтөч хийв? гэсэн чинь анх удаагаа гэсэн шүү.

За энэ Сасаки Садако охины тухай бол манайхан сайн мэднэ тийм ээ? Гэхдээ насан бага хүүхдүүд бас тэр бүр сайн мэдэхгүй байсан. Түүхийн хичээлд нь заадаг гэсэн байх аа?

Нэг барилгын газар доорх өрөө. Эндээс баримт бичиг авахаар орсон нэг л хүн амьд гарсан. Номүра Эизоо гуай. Цөмийн зэвсэг унасан төвөөс 170 метрийн зайд байрлах энэхүү ажлын байранд нь 37 ажилчид өглөө ажилдаа цуглаад байж. Номүра гуайгаас бусад нь бүгд амь үрэгдсэн байна.

Гарч ирээд харсан дүр зургаа бас бичиж, зурж үлдээсэн байдаг юм билээ. За тэгээд Хирошима хот орохоор бол үзэж сонирхоно биз дээ? Одоогийн нэр нь Rest House гэнэ.

Гоёхон цэнхэрхэн бөмбөрцгөөс минь цөмийн зэвсэг устаасай гэж л хүсье дээ. Цөмийн зэвсэгтэй улсууд нэг уур нь хүрээд хаа нэгтээ бас унагаачихыг үгүйсгэхгүй шүү дээ. Уран хэрэгтэй энэ тэр гээд байдаг хүмүүс нэг очоод үзчихвэл тийм ээ? 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2024年6月26日水曜日

Ном бол ертөнцийг харах цонх мөн

Заа, даллагатай 6 сардаа би хэдэн номтой болсон бэ гэхээр? Нийт 22 ном. "Ёстой сэргэлэн хүүхэн шүү" байна уу? Хэ хэ. 

Эдгээрээс 5 ширхэг нь бэлгэнд, үлдсэнийг нь би өөрөө мөнгөөрөө худалдаж авна. Хамгийн талархууштай нь нааш нь үнэгүй аваад ирсэнд. 

Гэхдээ мэдээж, номыг минь хаа байсан далай гатлаад аваад ирсэн хүмүүсээ дайлна, үйлчилнэ л дээ. Хи хи.

Үүнээс 2 нимгэн номоо уншсан. Одоо нэг зээлсэн япон номнуудаа дуусгачихвал дан монгол номоор дагнана гэж бодож байна өө. 

Эхэлсэн нэг номоо дуусгаж амждаггүй ээ. Яагаав өнөөх номыг хурдан уших тухай ном.

Энэ жижигхэн танилцуулга хуудас, эвхээстэй. Дунд сургуульд байхдаа уншсан байвал зохих 30 номны нэрс, бяцхан танилцуулга. Сургуулиас нь үе үе ингэж тараадаг. 

Зулзагууд нэг их тоохгүй, би л харж арааныхаа шүлсийг жаал асгаруулдаг. Ээж нь та нар шиг охин насандаа ийм их олон номтой газар өссөн бол ч гэж дотроо бодно. 

Охид харьцангүй ном сайн уншина л даа. Техник хөгжөөд сатаарах юм нь ихсээд л байна сүүлийн үед. Яалтай, нийгэм нь цаанаасаа шаардаад байгаа зүйлийг тийм ээ? 

Энэ хуудсыг сөхөж хараад миний уншсан нь гурван ширхэг л ном байх шиг байсан шүү. Жавхлан юм даа.

Олуулаа бужигнасан өдрүүд өндөрлөж, миний эморох үе эхэлсэн бөлгөө. Хэ хэ. Номнуудаа уншиж эморно оо. 

Эх орны минь хөөрхөн залуус бас уншдаг байгаасай гэж хүснэм...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年6月25日火曜日

Ажлын сиймхийгээр

Ажлынхаа сиймхийгээр бас идэж ууна өө, яаж зүгээр байхав. Ууж идэхгүй бол харангатаад уначихна биз дээ. Хэ хэ.

Нас ахихаар тэгээд "үдийн цай холдохыг даахаа болино" гээч нь л болох янзтай шүү. Хо хо.

Япон эмээгээр дайлуулаад. Гэм нь нэг дор уухад хэмжээ нь жаахан их байлаа. Би ихэвчлэн сүүгүй, сахаргүй уудаг. Гэртээ хааяа ориг сүү хийдэг. Түүнээс худалдааных нь сүү орлуулагч байдаг тул хэрэглэхгүйг хичээнэ. 

Энэ цагаан нь зайрмаг байсан. Дажгүй л амттай юм билээ.

Монголчуудаараа уусан кофе. Хажууд нь цагираган боовтой. Би талыг нь хань ижилдээ өгчихсөн. Амсаад л. Хи хи.

Гэснээс суугуул нутагт минь сүүлийн үед элэг нэгтнүүд минь нэмэгдсээр. Тэгж байгаад энд тэндхийн дэлгүүрт таарах байх даа. Сайн байна уу? гээд сайхан инээмсэглээд мэндлэх юм шүү. Хэ хэ. 

Нэг орой нь ингэж бас дарсаа ууна. Даруулга нь ааруул, аарцан үрэл. Шар айраг нэг их ууя гэхгүй л дээ, халуунд бол хааяадаа ч сайхан шүү. 

За тэгээд арван хэдтэй хүүхдүүдтэй хамт ганц нэг өдөр ажилласан чинь зугаатай байлаа. Голцуу эмээ өвөө нартай хамт ажилладаг хүн шүү дээ би. Залуусаас сайхан эрч хүч авлаа.

Мөн өөрөө ч тэдэнд аятайхан үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээлээ. Томчууд биднийг харж л байгаа тийм үү? 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

2024年6月22日土曜日

Эсгий үнэгний домог

Зээ, эх орноос минь 10 сурагч багштайгаа хамт сурсан япон хэлээрээ дадлага хийцгээхээр хүрэлцэн ирсэн гэж бичсэн дээ. Төвөг удаж, баахан ном авчруулаагүй юу. Буян нь бум бумаар үржиг ээ.

Эхнээсээ бид албан ёсны арга хэмжээнүүдээ амжилттай давж л явна. Би хариуцаж авсан нэг том ажил гэвэл мужийн харъяа номын сантай хамтарч монголын тухай танилцуулга, монгол хэлээр ном унших.

Монгол хэлээр, япон хэлээр гэж ээлжлэн ном уншсан. Далимд нь ганц нэг тоглоом наадгайг танилцуулах.

Энэ удаад миний сонгосон ном бол "Эсгий үнэгний домог"-ийн тухай. Япон хэлээр хэвлэгдэн гарсан энэхүү номыг сонгож уншсан. Хоёр багыгаа энд төрөхөд хань ижлийн хайчилж бэлдсэн эсгийн үнэгээ авч очиж танилцуулсан.

Номын нэр нь "Ээж ба зальт үнэг". Зургийг японд уран бүтээлээ туурвидаг зураач Б.Болормаа зурсан. Түүний хэд хэдэн номыг худалдаж аваад, улсаа танилцуулахдаа ашигладаг. 

Танихгүй ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье, мөн хөөрхөн агуулгатай ном бүтээдэгт баярлалаа. Ажилд минь их тус болдог шүү, номнууд нь.

Мөн крилл үсэг, босоо бичгээ танилцуулж, оролцогсод өөрсдийнхөө нэрийг бичсэн. Мэдээж крилл үсгээр. Монгол сурагчид шалгаад, зөв бичсэн хүмүүст улаан балаар "онц" дүн тавьсан.

Урт эгшиг бичихэд бага зэрэг алддаг юм. Тайлбарлаж хэлээд байхад л, хэхэ. Гадаад хэл сурахын хэцүүг заримдаа албаар ойлгуулах боломж гэж үзээд юм хэлэхгүй. Ха ха.

Номын сангийн ажилтнууд бэлдэж өрсөн номнууд. Монголын тухай ном нэлээд бий шүү. Бүгдийг нь уншаагүй л болохоос. Нэг завандаа уншина дээ гэсэн хэтийн зорилттой. Хо хо. 

Хагас сайны арга хэмжээ. Сурагчид ирээд 3 хоночихсон үе. Бүгчим халуун цаг таарч, ядарч байх шиг харагдсан. 

Угаасаа бид чинь сэрүүн газрын улс, сэрүүндээ, хүйтэндээ хийморь нь сэргэдэг улс дөө. Хүйтэн ундаа, зайрмагаар л халууныг давж байна дөө. 

Хоолой нь өвдчих вий гэж санаа зовно өө. Хи хи. 

Үлдсэн арга хэмжээнүүддээ амжилттай оролцохыг хүсье. 

Түр баяртай, уншигч олондоо ч амжилт хүсье.

2024年6月21日金曜日

Их Тээлийн даваа

Олон олон сайхан номоо нэг илж, нэг үнэрлэж, нэг зураг дарж, нэг гайхуулж хэсэг ширээн дээрээ үзэсгэлэн болгосон. 

Зулзагууд минь хүртэл үлгэр дуурайлал авна тийм үү? Ном гэж ямар чухал болохыг? яагаад тэр холоос ном зөөгөөд байгааг гайхан бодож, би ч бас унших ёстой юм гэж сэтгэлдээ тунгааж байвал болох нь тэр дээ.

Хамгийн нимгэн, хамгийн жижигхэн, хамгийн хөнгөнөөс нь сонгож цнхлээд гарав. Ажлын зав чөлөөгөөрөө унших тул, 3 хоногт уншсан. 

Хөдөөгийн амар амгалан мэдрэгдсэн ном байлаа. 

Он цагийн хувьд тэртээх 1980 онд бичигджээ. 

Мөн аварга тодруулдаг хэсэгт гарч буй арга нь дээхэн үеийн кинонд гардаг дүр зураг. 

Харин хүний хайлан болсон Тулга залуу, Гүнсмаа бүсгүй хоёрын хайр дурлал "хөөрхөн" юм өө. 

Сайхан Бадмаагийн дүр харин Дүүриймаагийн дүртэй яагаад ч юм давхцаад байна шүү. Мэдээж өөр өөр дүр хэдий ч цаанаа л нэг тийм хиймэлдүү, зохиомолдуу, хүний сайхныг олж харахдаа тааруудуу гэмээр. 

Цэдэн яахав дээ, хүний ариун цагаан хөдөлмөр, нинжин сайхан сэтгэлийг ашиглаж аварга болчихсон "сэргэлэн" залуу. 

Сэтгүүлч залуу харин үнэнийг олж харах билгийн нүдтэй, үнэнийг олонд түгээх чин хүсэлтэй нь сайхан санагдлаа. 

Унших явцад өргөө цагаан гэр, өрөмтэй талх л бодогдсон "Монголын минь их амар амгалан" гэдэг үг далд ухамсарт минь хадаастай. Тэгэхээр би аргагүй л монгол хүн байх тийм ээ? Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

Сонгуулиар эх орноо гэсэн чин хүсэлтэй хүмүүс гараасай...

2024年6月20日木曜日

Даллагатай сар

Нэг дор ийм олон номтой болоод өө. 2 улсын найрамдалт харилцааны нэгэн ээлжит арга хэмжээгээр япон хэл суралцдаг 10 сурагч багштайгаа ирээд. 

Арын ажилд нь өөрийн боломжоороо оролцдог тул, том толгойлоод, багш нь ч уриалгахан нь аргагүй номоо захиад, дайгаарай гэхээр нь уухайн тас зөвшөөрөөд, ийм олон ном авчихлаа. 

Гайгүй байгаа? Хэ хэ.

Хөөрхөн сурагчид гар цүнхэндээ нэг нимгэн, нэг зузаан ном гэж цүнхлээд л нааш ниссэн. Маш их баярлалаа. Номын цагаан буян дэлгэрэг. 

Та бүхэн ч гэсэн ном сайн уншаарай. 

Ард нь харагдаж буй гэр бол миний үнэнч нөхөр. Эх орноо сурталчихад ихээхэн өндөр үүрэгтэй оролцдог. Бага зулзага энэ гэрэнд их хайртай. Гэр яасан бэ? гэж их асууна. Би ажил дээрээ хадгалдаг юм. Хо хо. 

За тэгээд жижиг номноос нь түүгээд уншиж байна. Мөн бидний ирэх жилд унших номнууд ч багтаастай. 

Гэснээс ирэх хагас сайнд дахин 3 ном наддаан ирнэ. Гоё уу? Атаархмаар уу? Хэ хэ. 

За сонгууль минь аятайхан сайхан, дүрмээрээ, хор хөнөөлгүй болж өнгөрөөд эх сайхан орон минь хөгжлийн замдаа эргэлт буцалтгүй чиглэнэ гэдэг итгэл төгс байна өө. 

Түр баяртай. Бүгдэд нь баярлалаа. 

2024年6月15日土曜日

Өөрийнхөөрөө дур 50 2

Номоо уншаад дуусав. Ярилцав. Ихэнх бүсгүйчүүдэд минь таалагдав. Бага залуу насанд нь иймэрхүү дэлгэрэнгүй ном байсан бол гэцгээв. 

Зарим нэгнийх нь гэрт иймэрхүү орос ном байсан гэх. Манайд бол иймэрхүү ном байгаагүй ээ. Ижий аав хоёр минь жирийн нэг ажилтан анги. Орос гэх мэт гадаад номноос хол. 

Харин монгол зохиолчдын ном, орчуулгын уран зохиолын ном бол их байсан. Аав минь уран зохиолын номонд дурладаг нэгэн. Түүний нөлөө нь надад их. 

За тэгээд дур тавихад юу саад болдог вэ? Энэ асуултанд хариулахын тулд нэлээд тойруу замаар, нэлээд нуршиж тайлбарласан байлаа. 

Нийгэмд эрт дээр үеэс "тогтчихсон", "зөв" гээд тархинд суулгачихсан ёс суртахуун ихээхэн сөргөөр нөлөөлдөг нь, өндөр үүрэг гүйцэтгэдэг нь эмэгтэйчүүдийн дур тавихад "саад" болдог байх нь. 
 
Би ямар харагдаж байгаа бол? Миний бэлгэ эрхтэн муухай учраас ичээд байна, жаахан дураараа, жаахан зүггүйтчихвэл намайг "завхай, олон хүнтэй унтсан" гээд бодчих вий гэх мэтээр нийгмийн соёлын хүрээнд бидний тархинд лав суучихсан бодлууд хүүхнүүдийн дур тавихад саад болдог байх нь. 
 
Дээрээс нь өнөөгийн нийгмийн элдэв стресс. Стресс, бухимдлыг арилгаж, илааршуулж байж бид сексийнхээ амьдралд таашаал мэдэрч чадах нь байна. 

"Өөрийгөө хайрлах, өөрийгөө байгаагаар нь, өөрийнхөө бэлгэ эрхтэнг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, чиний бүх зүйл хэвийн, чи эрүүл, чи хөөрхөн, чи үзэсгэлэнтэй" гэж өөртөө итгэлтэй болох нь чухал юм байна. 

Энэ номыг уншсанаар, мэдлэгтэй болж авснаар олон олон бүсгүйчүүд, охид бага зэрэг өөртөө итгэлтэй болж өөрийн биеэ элдвээр "эрэмдэглэхгүй" байхад суралцах байх гэж бодном. 

Одоо чинь хүмүүс янз бүрийн л эрхтэнээрээ их оролдох болж тийм ээ? Хамар, уруул, өгзөг, бэлэг эрхтэн...

Угтаа төрсөн, байгаагаараа л эрүүл саруул баймаар, харагдах гадаад байдал биш тийм ээ? 

Мөн эрэгтэй хүмүүс ч гэсэн уншчихсан байхад илүүдэхгүй байх гэж бодсон. Эрчүүдийн дур тавилтанд хүүхнүүдийн нандин эрхтний өнгө, үзэмж нэг их нөлөөгүй шүү, хүүхнүүдийн дур тавилтын аргууд, таашаал мэдрэх мэдрэмж зэрэг нь бүгд өөр шүү гэдгийг мэдэхэд нь туслана тийм үү? 

Түүнээс багаасаа нийгмийнхээ соёлоос сонсож мэдсэн, элдэв цахим мэдээллээс авсан буруу ташаа мэдээлэл, найз нөхдийнхөө хэлсэн "үндэслэлгүй" бардамнаж ярьсан яриа зэргээс олж авсан эндүү ташаа, үндэслэлгүй мэдээлэлд тархиа угаалгахгүй, харин ч найз охин, бүсгүйгээ, гэргийгээ ойлгоход, түүнийхээ сэрлийг "зөв" өдөөхөд, "тансаг таатай дур тавихад" нь санаачилгатай байх, хамтдаа сексээс таашаал авах, хамтдаа дур тавихад нь хэрэгтэй санагдлаа. 

Мэдээж мэдээллээр хахсан өнөө цагт хэнтэй, хэрхэн бэлгийн харилцаанд орохоо судалдаг, төсөөлдөг, хамгаалдаг залуус олон байх. Цөөн ч байж магад. 

Гэхдээ бүсгүйчүүд минь өөртөө хайртай байгаарай, "хэн нэгэн эрийг нөхөн сэргээх төв" бүү болоорой. Ийм үг олж уншаад, эндээ хуулаад ирлээ. Зөвшөөрөлгүй хуулбарласанд уучлаарай, манайхаан.
 
Эмэгтэйчүүд гэдэг бол эрчүүдийг нөхөн сэргээх төв биш.
Эмэгтэйчүүд тэдэнтэй зууралдаж, тэднийг өөрчилж, асарч тойлох ёсгүй.
Эмэгтэй хүнд партнёр хэрэгтэй болохоос биш проект (төсөл) хэрэггүй.
- Джулия Робертс
 
Хөөрхөн охид минь, үзэсгэлэнт бүсгүйчүүд минь, намбалаг гэргий нар минь та бүхнийгээ өөртөө таашайлтайгаар, өөртөө итгэлтэйгээр, өөрийн хүссэнээрээ дур тавьж байгаарай гэж хүсье ээ. 
 
Яагаад ингэж бичив гэхээр? Цахимд хүүхнүүд их сонин сонин асуулт асууж, их сонин зүйлд шаналж явдаг, зөвлөгөө хүсдэг юм билээ. Заримдаа ч эмчид хандаа, сэтгэл зүйчид хандаа гээд хэлчихмээр санагддаг шүү.
 
Бас нэгэн чухал зүйл олж уншсанаа сийрүүлье. 

"Үтрээгээр хурьцахад дур тавих нь харьцангуй бага байдаг атал эмэгтэйчүүд энэ талаар яагаад байнга асуудаг хэрэг вэ? Үүнийг яагаад "дур тавих зөв арга" гэж үздэг вэ? Хариулт нь эцгийн эрхт ёс буюу "Үл ойшоогч эрчүүд" юм. 

Бид "туршлагатай" эрчүүдийг бараг л магтан дуулдаг хэрнэ ээ "туршлагатай" хүүхнүүдийг элдвээр хэлж доромжлох гээд байдаг тийм үү? Мэдээж олон хавьтагчтай бай гэж хэлэхгүй ч, гол нь тэгш эрхийн л асуудал л даа.

За тэгээд дур тавих чинь хүний "тархи"-тай л холбоотой юм билээ шүү. Түүнээс биеийн үйлдэл, хүүхнүүд тавихдаа тэгдэг, ингэдэг гэдэг чинь хүн бүрт өөр гэсэн шүү. 

Энэ хүргээд дуусгая. Олон юм бурахаасаа өмнө. 

Олж уншихыг бодно биз дээ? 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.