2025年8月17日日曜日
Зуны амралт ба цэцэг
2025年8月16日土曜日
5 секундын дүрэм
2025年8月15日金曜日
Төгөлдөр хуур
2025年8月13日水曜日
Үлээврийн тэмцээн
Ойрын сонин сайхнаасаа бичих үү дээ?
Зулзагын үлээвэр хөгжмийн тэмцээн болсон. Энэ жил ч гэсэн алт авсан. Гэхдээ харамсалтай нь цаашаа бүсийн тэмцээнд шалгарч явсангүй. Өнгөрдөг жил бүсийн тэмцээнд шалгарч явсан юм.
Энэ жил хэдийгээр алт авсан ч цаашаа бүсийн тэмцээнд шалгарч явдаг алт, явдаггүй алт гэж хоёр янз байдаг юм билээ.
За тэгээд хариугаа сонсчихоод бөөн л уйлаан майлаан. Дуугаа хураасан, барайсан л улс байлаа. Зулзага төгсөх анги тул хариуцлага нэлээд өндөртэй л тэмцээнд оролцсон.
![]() |
| Тэмцээн болсон тайз бүхий байгууламж |
Багаас нь төгсөх анги, дээд ангийн сурагчид нь доод ангийнхандаа үлгэрлэх, сургах, заах гээд л хариуцлага өндөртэй, үүрэгтэй болчихдог юм билээ. Сэнпай, коохай гээд.
Зулзага ч лимбэ тоглодог "коохай"-тай болоод бөөн баяр байсан. За тэгээд тэр коохай нь хөөрхөн мэрийлттэй, эвсэлтэй байвал бүр л хөөрөөд, баярлаад, чин сэтгэлээсээ зааж сургах гэж хичээдэг юм билээ.
Гурван жилийн турш шамдаж хичээллэсэн дугуйлангаа ерөнхийдөө ингээд төгсөнө. Намар хичээл эхлэхээр ганц нэг жижиг тоглолт бий. Тэмцээн бол биш. Тэгээд л өвлөөс ахлах сургуульд элсэх шалгалтандаа бэлдэнэ дээ.
![]() |
| Гадаах тоглоомын талбайн сагсны шийд. |
Бид захыг нь мушгина. Мөнгөө бэлдэнэ. "Хадгаламж хадгаламж хадгаламж" бас дахин хадгаламж.
Ахлах сургуулийн бэлтгэлийг сургуулиас нь бага багаар хангаад л байх шиг байсан. Ахлах сургуулиуд нээлттэй өдөр зохион байгуулаад, сонирхсон хүмүүс очиж танилцана.
Зарим идэвхтэй ээж аавууд хүүхэдтэйгээ хамт очиж танилцана. Бид архаг ээж аав юм болохоороо хамт яваагүй ээ. Би л нэг сургуульд хүргэж өгчихөөд л буцаад ажилдаа явсан.
Тэгсэн нэг хятад найз охинтойгоо хамт явж байна гэнэ шүү. Охин нь зулзагаас минь нэг дүү, ахлах сургуульд орох нь ч нэг жилийн хойно. Хятадууд нээрээ л айхтар юм аа, тийм ээ?
![]() |
| 20-р зуун лийрийн амттай мөхөөлдөс. Зулзага хариугаа хүлээж байх зуураа долоосон. |
Ганц хүүхэдтэй л дээ. Түүндээ хамаг байдаг чадлаараа л анхаарч, мөнгөө зарцуулна. хажууд нь би гурван зулзагатай, томдоо л жаахан анхаарсан. Дүү нарыг бол тэгсгээд л "халтуурдаад" байх шиг. Хэ хэ.
За энэ ахлах сургуулийн тухай тусад нь бичнэ ээ. Өмнөх том зулзагын тухай бичсэнтэй төстэй л байх болов уу? Бас ч гэж овоо хэдэн жил өнгөрсөн тул жижиг сажиг өөрчлөлт орж магад.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2025年8月4日月曜日
Хөгшин чоно ульсан нь
Монгол дахь таньдаг "сайн" ахаас "сайн" дүүдээ илгээсэн ном. Цаг төрийн үймээн романыг нь номын клубынхан минь хэдэн жилийн өмнө уншсан. Ихээ урт зохиол байж билээ. Харин энэ удаагийн тууж нь хөөрхөн, богинохон. Агуулга нь харин "зэвүүн". Хи хи.
Тухайн цаг үедээ хэвлэхийг хориглож байсан гэнэ. Уншаад, яг юуг нь эсэргүүцээд, яагаад хорьсон болохыг нь нэг л ойлгосонгүй. Зүгээр л нэг чонын тухай өгүүлсэн байх шиг.
Донровын Намдаг "Хөгшин чоно ульсан нь". Гэхдээ байна аа? Зүгээр ч нэг чонын тухай биш шиг байгаа юм. Цаад санаа нь хүний амьдралын бэрхшээл зовлон, тэсвэр тэвчээр, хатуужил, гоо сайхны үнэ цэн, хүчтэй хүчгүйн харилцаа, өтлөхийн жам ёсыг монгол чоноор төлөөлүүлэн өгүүлсэн шиг... Бодоод тунгаагаад суух нь ээ.
Нэг их сайхан бүсгүй байлаа. Олон эрчүүдийн харааг булаана. Сэтгэлийг гижигдэнэ. Араасаа гүйлгэнэ. Хамгийн хүчтэй нь сонгогдоно.2025年8月2日土曜日
Жолоодогч
8 дугаар сар минь сайн байна уу? Энэ сардаа ч олон олон ном унших болно оо. "Мангар өөдрөг бай" гээд нэг үг яваад байл уу? Өөдрөг, цоглог байхыг хичээнэ ээ...
6 сард Монгол явахдаа худалдаж авсан гурван жижигхэн номны нэг. Тэдэн дундаа хамгийн зузаан нь. Зузаан ч гэж дээ ердөө л 256 хуудас. 700 гаран хуудас ном уншчихдаг хүнд юухан байхав дээ, тийм ээ?
7 сард уншсан номны 5 дахь. Софийн ертөнцийг 6 дугаар сард эхлээд, ихэнхийг нь 6 сард уншсан тул 7 сард уншсан номны тоонд оруулахгүй гэж шийдэв. Хэ хэ.
Япон зохиолчийн ном. Сүүлийн үед япон хэлнээс их орчуулдаг болжээ. Сайхан санагдаж байгаа. Монголчууд япон хүний сэтгэхүй, оюуны цар хүрээнээс жаахан ч болтугай мэдэж аваад...
Китагава Ясүши зохиолчийн "Жолоодогч" гэдэг ном. Сонирхолтой санагдсан. Таалагдсан.Даатгалын компанийн хүмүүс их л явж харагддаг, ганц нэг хүнтэй уулзаж л байсан. Мөн сүүлийн үед манай монголчууд хүртэл даатгалын компанид ажиллах нь нэлээд түгээмэл болсон байна лээ.
Миний мэдэхийн нэлээд хэдэн бүсгүйчүүд бий.
Би ч нэг хэсэг даатгалын компанид ажилд ордог юм билүү? гэж бодоод амжсан шүү.
Гэх мэтчилэн зохиолын гол баатар даатгалын компанийн ажилтан гэж уншиж эхлээд л сонирхолтой санагдаад, нэг их хугацаа шаардалгүй уншаад дуусгав.
Гол дүрийн баатар Шиүчи даатгалын компанид ажилладаг. Ажилдаа нэг их дуртай ч биш, ашиг орлого, зарлага л бодсон, нэлээд бухимдалтай явдаг 45 настай эр. Шинээр үйлчлүүлэгч олж, даатгалд хамруулна гэдэг нь нэлээд самбаа, ур чадвар шаардсан ажил тул өөртөө итгэл муутэй, мөн өөрийн өдөр тутмын нэгэн хэвийн амьдралдаа сэтгэл хангалуун бус явдаг.
Түүний дүнсгэр царай, ажил ажил гээд ар гэртээ цаг гаргах цаггүй, цаггүй ч гэж дээ сэтгэлгүй байдал нь өнөө цагийн японы нийгмийн дүр төрх. Ялангуяа эрчүүдийнх нь нийтлэг зураглал.
Сургуулийн элдэв арга хэмжээ, хүүхдүүдийн асуудал, нийгмийн сайн дурын асуудал зэрэгт эрчүүдийн оролцоо бага, ихэвчлэн ээжүүд, эхнэрүүд л оролцдог юм.
Бодвол аавууд яг л энэ Шиүчи шиг л ажилдаа түүртсэн, бухимдсан, ар гэрийн асуудлыг ярьшигтай, төвөгтэй гэж боддог байхдаа гэж бодон уншлаа.
Азаар Шиүчи нэгэн азарган бороо шаагисан өдөр таксинд суун, охиныхоо сургууль руу явна. Тэрхүү таксиных нь жолооч болон таксины үйлчилгээ нь хачин жигтэй, түүнээс хойш үе үе уг такси гэнэт гарч ирэн жолооч нь түүнтэй ярилцана.
"Ямар ч байсан үүнийг битгий мартаарай. Аз огцом шовойдог эгшин, тийм газар гэж амьдралд байдаг юм. Түүнийг барьж авдаг антенна бүх хүн байдаг гээд ойлгочих. Тэр антенна таныг өөдрөг, цоглог байх үед хамгийн сайн ажилладаг юм. Эсрэгээрээ ааш муутай байх үед тэр антенна ажиллахгүй. Асар том аз дөхөөд ирж байсан ч ердөө л ааш муутай байснаасаа болж антенна нь ажиллахгүй хамаг азаа алдчихдаг..."
"Хаана ч, хэзээ ч өөдрөг, цовоо, гэгээлэг байхад л болно. Хаана ч, хэзээ ч шүү."
"Ямар ч үед хүний нүдэнд хоногшихуйц өөдрөг, цоглог бай."
Хэмээн таксины жолооч Шиүчид зөвлөдөг юм. Мань хүн гэхдээ эхэндээ чадахгүй ээ, гарч ирсэн азыг алдчихдаг.
Гэснээс ганц японд ч биш монголд ч дүнсгэр, ууртай хүн их тийм ээ? Монголд бол илт загнаад явчихдаг. Японд хаа очиж илт загнахгүй, хяламхийн эвгүй хардаг. Хи хи.
"Суурь төрх нь урвагар хүмүүс өдөр тутмын амьдралдаа таарах аз жаргалын үрийг яагаад ч анзаарч чадахгүй."
Гэж байна шүү. Ширүүн төрхтэй хүмүүс толинд харан, инээмсэглэл тотруулах, царайгаа зөөллөх дасгал хийх хэрэгтэй юм шиг санагдав.
"..."таны сонирхолтой гэж харж чадахгүй байгаа зүйлийг өөр хүн тэнд сонирхолтой" болгож хараад байна шүү дээ."
Үнэн. Миний сонирхохгүй зүйлийг бусад хүмүүс сонирхоод "амжилт" олоод байна. Хо хо.
"Бусдын аз жаргалын төлөө өөрийнхөө цагийг зарцуул."
"Хэн нэгний хичээл зүтгэл, шаргуу төрхөнд бусдын азыг даллах хүч ч байдаг юм."
"Эерэг хандлага гэдэг чинь амьдралдаа тохиолдсон юм бүхнийг миний амьдралд гарцаагүй шаардлагатай учраас тохиолдсон эрхэм чухал туршлага гэж бодож чадахыг хэлэх байх."
"Юуны өмнө хэн нэгэнтэй өөрийгөө жишихээ больсон нь дээр байх. Бусдын амьдралтай харьцуулахаа болиод, өөрийнхөө амьдралд л төвлөр."
"...таны өглөө идсэн ганц тагш будааг бэлдэхийн тулд ертөнц бүхлээрээ оролцдог."
Гэх мэт гоё гоё мөртүүдтэй таарсан.
За тэгээд ямар учиртай такси байгаад "Жолоодогч" нь хэн байв гэдгийг уншиж үзэж байж л мэдэх байх тийм үү?
Амьдралыг үзэх үзэл, өвөг дээдсийн ач гавъяа, өөрийн амьдрал, хандлага зэргийг эргэн харахад энгийн, сайхнаар хүүрнэн өгүүлсэн зохиол байлаа.
Уншихад илүүдэхгүй хөөрхөн ном байлаа. Япон хэлээр нь унших хүсэл төрсөн.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2025年7月31日木曜日
Салют
Нохой гаслам, аагим халуун өдрүүд үргэлжилж байна. Зарим нэг өдөрт япондоо халуунаараа нэгт бичигдэнэ. 40 хэм хүрэх шахна. Саяхан Хёого мужийн нэгэн хотод 42 хэм хүрсэн.
Сауны бүгчим халуунд өдөр бүр, өдрийн 24 цаг сууна гэж бодохоор тэсэхгүй юм шиг санагдаж байна уу? Бушуухан л гараад явчихмаар санагддаг даа.
Гэхдээ гадаа тийм халуун байхаар хаашаа ч гарах билээ. Эх орон луугаа нисчихмээр санагдах нь олон.
Ийм л халуун өдрүүдээ аятайхан даваад туулахаар хичээнэ ээ, эд нар.
Өнгөрдөг хагас сайнд далайн эрэгт очих салют үзэв. Жил бүр очиж үздэг юм. Эртхэн очоод далайн эрэгт нар жаргахыг харан суух аяа бас л жаргал шүү дээ. Амьдралдаа жаахан зүйлээс аз жаргалыг, тааламжийг мэдрэх хэрэгтэй гэсэн шүү.2025年7月30日水曜日
Вавилоны хамгийн баян хүн 2
Өмнөх бичвэрт нэг хөөрхөн 7 аргыг танилцуулсандаа. Энэ удаад ганц нэг мэргэн үгсийг нь түүж бичих санаатай.
Бичиж дуусгаад номоо эвхэн, номын сандаа хураана. Дараагийн жижиг ном минь яг хажуунд нүдэнд тусна. Ээлжээ хүлээж буй нь тэр. Ээлжээ хүлээж буй ном ч их бий.
Би энд ирснээс хойш эхний хэдэн жил бол хөөрхөн л мөнгө хадгалдаг байлаа. Хариад байр авах, өөрийн гэсэн орон гэртэй болох мөрөөдөл зорилготой, хичээдэг байж. Монголоос их мөнгө асууна. Зээлээч л гэнэ, энд тэнд хүн өвдлөө, шагнууллаа...
Найр цэнгээнд бол нэг их өгч байгаагүй ч гуниг зовлон, уй гашуунд нэлээд өгдөг. Үүндээ бол харамсаад байдаггүй. Үхэл хагацал, өвчин бэрхшээл хэнд ч тохиолдоно. Амьдрал баялаг.
Одоо ч тэгээд ам бүл нэмээд, хүүхэд томроод сургууль соёл гээд хадгалах боломж бага болчихсон байсан юм.Үүнийг уншаад нээрээ л бага ч гэлтгүй хадгалах минь гэж шийдэв.
Мөн өөрөөсөө нарийлан хадгалсан хэдэн төгрөг минь хэн нэгний сонин бөгөөд миний үл ойлгох зүйлд зарцуулагдаад, миний мөнгийг аваад үрчихээр уур хүрээд, өөрөөсөө нэг их нарийлахгүй юм шүү гэж боддог болчихсон юм.
Тэгээд хааяа ч үрэлгэн загначих гээд байдаг байсныгаа эргэн нэг хараад, хянаад яавахаар шийдлээ. Бага гэлтгүй хуримтлал үүсгэх...
Өөртөө амжилт хүсье. Би чадна. Би болгоно оо. Эмээ болохдоо адаглаад л уншмаар байгаа номоо өөрөө авчихдаг, хааяа нэг эмнэлэгт үзүүлэхдээ зулзагуудынхаа гарыг хардаггүй л байх хэрэгтэй, тийм ээ?
Гэснээс Вавилоны хамгийн баян хүн хэн болж таарсан бэ? гэвэл Аркад.
"Улс орны хөгжил цэцэглэл ард иргэдийнх нь аж амьдарлаар хэмжигддэг."
"Хүний баялаг түрийвчиндээ байдаггүй юм шүү дээ. Баян нэг шуурганд."
"Хөлс дусалсан газарт хөрөнгө ургадаг юм."
"Хийсэн бүтээснийг чинь хэн ч тоож үнэлэхгүй үе бий. Гэсэн ч тэвчээртэ байж, уйгагүй хөдөлмөрлөж чадсан хүн хөдөлмөрийнхөө үр шимийг заавал хүртэнэ. Учир нь ашиг олох боломж үргэлж түүний талд байдаг болохоор тэр."
"Азийн тэнгэр ихэнхдээ боломжийн дүрээр ирдэг. Өөр бусдаар тааралдах нь бараг л үгүй."
"Үнэн гэвэл: Аз гэдэг боломжийг хүлээн авч, ашиглахын нэр юм."
"Хүссэн амжилтдаа хүрэхийн тулд ямар нэгэн алхам хийж байж л урагшилна."
"Хийх хүнд арга нь олддог."
"Хэрэв чи найздаа туслахыг хүсвэл өөрт түвэг учруулахгүй байдлаар л туслаарай."
"Тус болохыг хүссэн ч бусдыначааг өөртөө битгий ав."
"Алтны таван хууль"-ийг эндээ бичээд, номоо хаая.
1. Ирээдүйдээ зориулан, гэр бүл, үр хойчсынхоо тусын тулд орлогынхоо аравны гэнээг багагүйг хадгалдаг хүмүүнд алт өөрөө урсаад ороод ирдэг.
2. Алтыг өөртөө ажиллуулж чаддаг ухаалаг эзэнд алт үнэнчээр зүтгэж, тэр ч бүү хэл бэлчээр дэх хонин сүрэг адил өсөж үрждэг.
3. Ухаантай хүний зөвлөгөөгөөр хөрөнгө оруулж чаддаг болгоомжтой эзэндээ алт үргэлж үлддэг.
4. Мэдэхгүй, чадахгүй зүйлдээ хөрөнгө оруулдаг, хүний үг сонсдоггүй хүнээс алт урсаад алга болдог.
5. Туршлагагүй байдал, дэврүүн хүслийг чинь ашиглах гэсэн залилагч, луйварчдад итгэн, их мөнгө олох гэж санаархагчаас алт үргэн зугтдаг.
Гэнэ шүү. За олон л зүйл бичсэн байсан. Ямартай ч санаж явбал зохилтойг эндээ бичиж үлдээв.
Тур баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2025年7月29日火曜日
Вавилоны хамгийн баян хүн
Энэ номыг хэдийд, хэнд захилаа даа? Мартчихаж ээ. Ямартай ч энд тэнд номын тухай тэмдэглэл, подкаст сонсож байхад их яригддаг номны нэг тул захиж авчруулсан.
Хөөрхөн жижигхэн, дээрээс нь сонирхолтой ч юм билээ. Санхүүгийн боловсрол, мэдлэг олгох хамгийн анхан шатны ном шиг санагдсан. Их энгийн. Тогтооход хэцүү мэргэжлийн нэр томъёогүй, хөөрхөн түүхүүдээр, алтаар жишээ аваад биччихсэн байсан нь ихэд таалагдав.
Жорж С.Клесон зохиолчийн "Вавилоны хамгийн баян хүн" гэдэг ном. Яаж хурдан баяжих, яаж хялбар аргаар баяжих вэ гэдэг сургааль биш, их амьдралтай сургаалиуд байсан.
Нимгэн түрийвчийг эмчлэх долоон арга
Нэг. Хэтэвчээ зузаалагтун
Олсон орлого бүрээсээ 10 хувийг цааш нь хадгалдаг дадлыг өөртөө суулгах. Ямар ч хэмжээний орлого олсон бай түүнийхээ хамгийн багадаа л 10 хувийг нь цааш далд хийж хадгалах.
Орлого бүрээсээ заавал хуримтуул.
Хоёр. Зардлаа хяна
Бидний шаардлагатай зардал гээд байгаа зүйл зааг хязгаар тавихгүй л бол орлого өсөхийн хэрээр дагаад өсөж байдаг юм.
Амдралынхаа зуршил бүрийг сайтар ажигла.
Хэрэгцээт зардлаа тооцоолон бод. Түрийвчийг чинь зузаатгах учиртай орлогынхоо аравгы нэгт хэзээ ч бүү хүр.
Иөсөв тооцоогоо сайн бод, тэрхүү аугаа хүслээ гүйцэлдүүлэхэд чинь туслаөх болтугай.
Төсөв гарган зардлаа тооцож, хэрэгцээт зүйлдээ зоосоо зарцуул. Зугаа цэнгэлд мөнгө төлж, хүслүүдээ ч биелүүлж болох ч орлогынхоо аравны 9-с бүү хэтрүүл.
Гурав. Мөнгөө үржүүл
Дараа нь эд баялгийг хөдөлгөөнд оруулж, улам бүр өсгөх ухаанд суралцах хэрэгтэй.Түрийвчинд чинь буй зоос хадгалахад урамтай...
Хадгалсан алтнаасаа олох орлого бидэнд эд баялаг бүтээж өгөх учиртай.
Эд баялаг гэдэг түрийвчинд буй зоос биш, харин бүтээн буй болгосон орлого, түрийвч рүү чинь тасралтгүй урсаж, зузаатгах алтан урсгал юм шүү.
Эд баялгийн урсгал үргэлж түрийвч рүү чинь хандаж байх ёстой.
Дөрөв. Эрдэнэсээ алдахаас сэргийл
Мөнгийг бага гэлтгүй найдвартай арвилж сурна уу.
Өөрийн эд баялгаараа ямар нэгэн зүйл хийхийн өмнө анхааралтай судал. Мөнгө тань аюулгүй эргэн ирэх баталгаа нэг бүрийг шалга. Бушуухан шиг л баян болчих юмсан гэх дэврүүн мөрөөдөлдөө бүү хөтлөгд.
Мөнгө заран ашиг олж чаддаг, туршлагатай хүмүүсийн үгийг сонс. Ухаант мэргэдтэй зөвлөлд.
Үндсэн хөрөнгө чинь аюулгүй байхыг тооцон хөрөнгө оруулж эд баялгаа хамгаалаарай.
Тав. Орон гэртээ хөрөнгө оруул
Өөрийн гэсэн орон гэртэй бол. Өөрийн гэр оронтой хүнд ивээл хишиг арвин олддог. Аж төрөх зардал ч буурч, олсон орлогоо сайхан зүйлсэд кориулах боломж нэмэгдэнэ, олон олон хүсэл биелэх үүд нээгдэнэ.
Зургаа. Ирээдүйн орлогоо бататга
Насны наран гудайх өдрүүд ирэхэд санаа зовохгүй орлоготой болчихсон байвал зохино. Өтөл буурай болохын цагтаа хүн гэгч гэр бүл нь түүнгүйгээр амьдрах нөхцлийг бүрдүүлчихсэн, санаа зовохгүй тайван одох бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Бид маргааш биш, харин өнөөдөр амьдарч байгаа учраас бүгдэд нь боломж бий.
Туулайн чинээ мөнгийг тогтмол хадгалжчадвал уулын чинээ болдог.
Өтөл насандаа хэрэглэх хөрөнгөө эртнээс бэлтгэж, өрх гэр, үр хүүхдээ хамгаалаарай.
Долоо. Мөнгө олох арга ухаанаа сайжруул
Аливаа зүйлийг гүйцэлдүүлэхийг хүсвэл эхлээд "хүсэх" хэрэгтэй. Хүсэл тань эрмэлзлэлээр дүүрэн, басхүү тодорхой байх ёстой.
Өчүүхэн жижиг ч бай хамаагүй тодорхой нэгэн хүслээ биелүүлэх гэж тэмцээд сурчихвал үүнээс арай том зорилгод хүрэх шат болно гэсэн үг.
Хүсэл энгийн болоод тодорхой байх ёстой. Хэт олширчихвол утгаа алдаж, хүний оюун санаа ч төөрч будилан, аль ч үгүй хоцроно.
Хэрэв хүн өөрийн хийдэг зүйлээ төгөлдөржүүлж чадваас олох орлого нь ч дагаад нэмэгдэнэ.
Мэдлэг нэмэгдэхийн хэрээр орлого ч өснө. Хийдэг ажлынхаа талаар илүүг сурч мэдэх эрмэлзлэлтэй хүн заавал шагнуулдаг.
Хүний үйл хэрэг үргэлж өөрчлөгдөж, өсөн дэвчиж байдаг жамтай.
Хүч чадлаа нэмэгдүүл, аливаад суралцан илүү ухаантай бол, ур чадвараа дээшлүүл, өөрийгөө хүндэлж сур.
Ямартай ч хамгийн их бичигддэг "нимгэн түрийвчээ эмлэх 7 арга"-ыг нь блогтоо хууллаа. Дараа блогоо эргүүлэн харахад бэлэн байж байг.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2025年7月28日月曜日
Амралтын нэг өдөр
Та нар амралтын өдрөө хэрхэн өнгөрөөдөг вэ?
Миний зарим амралтын өдөр ихэд завгүй, зарим нэг амралтын өдөр ихэд завтай дуртай зүйлээ хийж өнгөрөөх нь бий.
Завгүй амралтын өрдүүд нь ихэвчлэн зулзагууд, хань ижилтэй холбоотой ажил төрөл, арга хэмжээтэй өдөр байна.
Завтай өдөр нь хань ижил ажилтай хагас сайн өдөр байх нь элбэг. Тийм өдөр аажуу уужуу босно. Өглөөний цай бэлдэхгүй. Учир нь зулзагууд түрүүлж босоод өөрсдөө иддэг зүйлсээ идчихсэн байдаг.
Босч ус уучихаад, хааяа юм иднэ, хааяадаа идэхгүй. Шууд номоо барьж авна. Нэг бол пс-гээ асааж аваад блогоо бичнэ. Өдөржин асаалттай байлгана. Тэр хооронд би нэг босч жаал жуул, ойр зуур юм хийнэ.
Тэгээд л буцаж суугаад бичнэ. Бичих юм олдохгүй болохоор нь зулзагатаа ном уншиж өгнө. Аяга угаагчаа нэхнэ. Монгол руу ярина. Утсаа маажна. Хөргөгч онголзуулна.
Ганц нэг "цэцэглээд" байгаа цааснаасаа хаяна. Мөн хаа нэгтээ "цэцэглээд" байгаа хувцсаа янзална.
Буцаад л дэлгэцийнхээ өмнө сууна. Ганц нэг өгүүлбэр бичнэ.
Оройн хоол хийх цаг дөхнө. Хань ижил харьж ирэх цаг болно. Дэлгэцээ унтраагаад сайн эхнэр, сайн ээжийнхээ дүрд хувирахаар бэлдэнэ.
Хоолоо хийнэ, хань ижлээ хүлээнэ.
Хамгийн их сэтгэл хангалуун болгодог зүйлс нь номоо уншсандаа, блогоо бичиж амжсандаа, аяга угаагчаа нэгийг ч болтугай нэхэж тавьсанд байдаг.
Энэ сард би жижиг голцуу номнуудаасаа уншаад, их урамтай байна. Нийтдээ 5 ном уншиж. Япон хэл дээр нэг япон хэлний сурах бичиг уншсан. Хөөрхөн агуулгатай жижигхэн текстүүд байсан юм.
Зулзагадаа бага зэрэг зузаандуу, зураггүй ном уншиж өгч байна. Мөн бага зэрэг аймшгийн талдаа. Эгч нар их уншдаг байсан юм. Хи хи. Сургуудийн сурагч болсон гээд зурагт номыг нь бага зэрэг хүндрүүлж буй ухаантай.
Эрэгтэй хүүхэд бодит наснаасаа дор хаяж 2 насаар бага байдаг шиг санагдаад байгаа. Тэгээд л төмс, хөлдүү гэх мэтээр хэлүүлдэг байх. Ха ха. Бид чадахгүй байх аа? гэхээс эгч нь битгий нялцайгаад бай, явуул, хийлгүүл гэж бид хоёрт үглээд л...
Аавыг ажилтай, эгчийн дугуйлантай хагас сайн өдөр бол зулзага бид хоёрын эрх дураараа эрхлэлдэж, нялуурдаг өдөр. Хэн ч бидэн хоёрыг нялуурлаа, эрхийн балай боллоо, хэт хошуугаа дэвслээ гэж хэлэхгүй. Дураараа мөөмдөнө, дураагаа үнгэлж эрхлүүлнэ. Энэ тухай нууц шүү. Ха ха.
Амралтын өдөр мандтугай. Хааяадээ хийцгүйрэх ч зүгээр шүү.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
2025年7月26日土曜日
Халуун өдрүүд
Ойрд мужид маань япондоо хамгийн халуун өдрүүд үргэлжилж байна өө. Япон улс даяар халуун байгаа ч, муж маань хамгийн халуун нь гэхээр аяа бас л чанга байна шүү.
Ажилдаа ирж очихдоо алхаж буй тул сайхан л урсаж байна. Яг л зайрмаг шиг. Гэхдээ жин минь хасагдахгүй нь гайхалтай. Үүний шалтгаан нь миний биеийн даавар, идэж ууж буй зүйлс минь нягт холбоотой гэж мэдээд байгаа хэрнээ л...
Хясаа. Би ийм хясаанд дуртай. Наана нь харагдаж буй нь масло. Хамтад нь идэхээр амттай юм билээ. Гэртээ бол бас худалдаж авч идэхгүй ээ. Яаж болгох, яаж шарах вэ гэдэг нь бүрхэг, бөөн л ажил болно биз дээ?Махтай гэх боловч тэр бүр мах амтагддаггүй короккэ. Яг юу гэж орчуулах билээ? Сайн хэлж мэдэхгүй байна өө.
Солонгос хоол. Чижим буюу шарвин? Юм ютай холиод л хийдэг юм билээ. Багад эмээгийн хийсэн шарвин ч бас л амттай байлаа шүү дээ. Өөрөө бол хийхгүй ээ.
2025年7月25日金曜日
Нэрийн дэлгүүрийн эмэгтэй
2025年7月24日木曜日
Далайн өдөр
Сая Даваа гарагт энд бүх нийтийн амралтын өдөр таарав. Бидний нэрлэж заншсанаар "улаан өдөр". Гэхдээ 7 сарын энэ амралтын өдрийг нэг юм мэдээд байгаа юм. Учир нь ганц л улаан өдөртэй. Тэгээд зун.
Зун цаг гэхээр японд далай, тарвас, салют төсөөлөгдөнө. Тэгээд л шууд далайн өдөр гэж мэдээд, цээжилчихсэн. Бусад улаан өдрүүдийг яг юуных нь өдөр билээ? Шууд хэлж мэдэх нь цөөн.
8 сарын нэг улаан өдрийг бас хэлж мэдэх юм байна. "Уулын өдөр".
Энд нэг юм анзаарсан уу? Баяр биш, өдөр гэж нэрлэдэг.
Зээ, дээрээс нь зуны амралт эхэлсэн тул, амарч байгаа, ганц нэг томчуудын төлөвлөгөөгүй өдрөө эрх жаахан зулзагадаа зориулж, цаг гаргах санаатай далай явцгаав.
Бидний очдог эрэг их аятайхан газар байдаг юм. Яг эрэгтээ очтолоо жаахан бартаат зам туулдагийг эс тооцвол. За тэгээд гараад л шууд гэрийнх нь гадаа далайн эрэг байна гэж юу байхав дээ, тийм ээ?
Хүн гэж амьтан ийм л давруу шүү. Бүх юм аа гэрийнхаа гадаа, гарынхаа дор байлгах санаатай шүү.
Гэснээ бартаат зам туулаад тэгсэн үү? Миний шилбэ хүндүүр болжээ. Охин сонсчихоод, өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн хийдэггүй чинь л харагдаж байна даа, гэсэн.
Гэхдээ байна аа, би шинэ ажилд ороод өдөр бүр л алхаад байгаа юмсан. Аминдаа өөрийгөө хөдлөөд байна гэж бодоод байсан чинь үгүй байжээ. Хэ хэ.





















