2020年11月6日金曜日

Гадуур хооллоцгооё

Нэг хэсэг засгаас "Аялцгаая" гэсэн аян явуулсан. Дотоодын аялал жуулчлалын салбар, түүнийг дагалдах худалдааны салбараа аврах, дэмжих зорилготой. 

Энэ аянг тохиолдуулж олон олон хүмүүс дотооддоо аялаад байсан. Бид жаахан мааматай тул хамаагүй аялж чадахгүй. Жаахан маама чинь амны хаалт зүүхгүй, энд тэнд очиж өнхөрнө, хүрнэ гээд л. Хичнээн хичээгээд ч жаахан хэцүү тул. Тэвчих л хэрэгтэй, сайн сайхан цаг иртэл.

Буудалласан зочид буудал нь тодорхой хэмжээгээр хямдруулж өгнө. Мөн унааны зардал ч хөнгөлттэй. 

Тэгсэн саяхнаас "гадуур хооллоцгооё" аян өрнүүлж эхэлж байна. Тусгай талон худалдаж аваад, түүнийгээ хооллосон газраа үзүүлэх юм уу? нэг бол тэр талоноороо төлөх юм шиг байна лээ. 

Би ашиглаж үзээгүй тул нарийн ширийнийг мэдэхгүй л байна. Энэ аянг эхлэхээс өмнө тэснэ тэснэ гэхэд үүнээс илүү чадахгүй нь гээд тэвчээрийн хүлээс алдуураад гадуур хооллосон байдаг юм. 

Энэ тухай бичих гээд л урт оршил биччихлээ. СБА шүү...

Салат. Ийм салатанд дуртай. Гэрийнхэн минь бяслагт дуртай шүү. Өглөөд бяслагтай талх идэх нь олон. Муу байж магад гэж боддог ч...

Ээжийн захиалсан хоол. Яргай загастай гоймон. Хааяа идэх зүгээр тийм ээ? Ийм гоймон. Том зулзага бид хоёр дуртай...

Том зулзага захиалсан. Сам хорхой гоё тийм ээ. Гэртээ тэр бүр загас идээд байхгүй тул энд тэнд явахдаа аль болох л далайн гаралтай хүнс идэхийг хичээнэ ээ гэж.

Хань ижил, бусад зулзагын захиалга арай ирж амжаагүй байсан тул зураг дарахаа мартааский. Сүүлд нь хань ижил пицца захиалсан. Идээд амжсөөн би ч. Жилд нэг удаадаа пицца иддэг. Ялангуяа өвөл. Шинэ жил дөхөхөөр.

Гэснээс шинэ жил дөхлөө үү, модоо засна даа. Мод засахад сайн өдөр судар харж байгаад. Хи хи. 

За бүгдэд нь амжилт шүү.

2020年11月5日木曜日

Нарлаг өдөр

Нарлаг өдрийн мэнд ээ. Сэрүүн салхитай ч нар гарахаар сэтгэл санаа ч цаанаа л нэг цэлмэг болох юм. 

11 сар нэлээд завгүй, өрнөлттэй байна. 6 бага сургуульд очиж эх орноо танилцуулж, багш болно. Багшаа багшаа гээд л хөөрхөн хүүхдүүдээс энерги авна. Гурван зулзагаасаа өдөр бүр энерги авдаг ч, буцаагаад зарцуулчихдаг. 

Сүүл хавьд нэлээд зайтай хотод очиж Дүүриймаадна. Хоёр монгол бүсгүйтэй хамт. Нэг тэтгэлэгийн оюутан явах ёстой боловч амжихгүй гэсэн. Уул шугамандаа тэтгэлэг авч буй тул иймэрхүү сайн дурын ажилд гар хөлөө зэрэг өргөөд л оролцох ёстой л доо. 

Одоохондоо сэтгэхүйд нь сайн дурын үйл ажиллагааны ач холбогдлын тухай үр суугаагүй л байх шиг байна. Үнэхээр чухал ажилтай гэж хүндэтгэе дээ...

Дунд зулзагын дугуйлангийн бас нэг ууж идэх ажилтай. Одоогоор ээж явах уу? Аав явах уу? гэж эргэлзээстэй. Ээж гэхдээ бас тэр өдрийн өдөр нэгэн монгол бүсгүйтэй хамт тансаглахаар болзсон байгаа. 

Тансаглалынхаа зургийг орууламз...

Мөн дундуур нь урлагийн үзлэг нь болно. Энэ жилийн онцлог нь бусад ангийнхныг үзэхгүй. Өөрийн хүүхдийн ангийг гарах ээлж нь болоход л ирж үзнэ. Тэгээд мэдээж амны хаалтаа зүүнэ. Эцэг эхийг олноор нь цуглуулахгүй байх үүднээс эмээ өвөө нарыг аль болох ирээд хэрэггүй гэсэн байсан. 

Бид бага зулзагаа яадаг юм билээ? гэж ярилцаад л. Үдээс өмнө албанд нь өгдөг ч юм билүү?

Конкурсны том зулзага орохоор төлөвлөж буй их сургуулийнхаа загвар шалгалтыг өгнө. 10 сард нэгийг өгсөн. Дахин өгнө. Урдных нь сэтгэгдэл, мэдээж хэцүү байсан. Хамгийн сүүлд хийж дуусгасан. Тоо гэж том даваа байна аа л гэсэн. 

Ээж дотроо, "ээж нь ч тоондоо маруухан байсымөө, аргагүй аргагүй" гэж бодоостой. Ил бол хэлэхгүй...

Бага зулзагын алба харьцангуй тайван. Ханиад томуу тусаад халуурахгүй л бол албандаа явдгаараа явна. Өдрөөс өдөрт шинэ зүйл сурч байна. Тусад нь бичнэ ээ.

Хань ижил сая гурванд гольф тоглоод ирсэн. Ажлын газрын уламжлалт арга хэмжээ. Коронагаас болоод жилд хоёр удаа болдог арга хэмжээг нэг л удаа зохион байгуулсан. Түрүүлсэн. Гэхдээ их л дүрэм журамтайгаар л түрүүлсэн гэсэн. 

Түүнээс цойлоод түрүүлчихсэн юм бол байхгүй. Хэ хэ. Шагнал нь таалагдсан. Моолоос худалдаа хийх эрхийн бичиг. Ганц нэг мянгыг нь охиддоо бэлэглэсэн. Махаар бас л шагнуулсан. Оройд бага багаар хоолондоо хийж идэж байна.

Ээжид нэг их ажил алга. Үндсэн ажил, бага сургууль гээд л гүйнэ. Тэгээд л бусад цагаар гэрийн гишүүдийнхээ төлөө л гүйнэ. Гуалиг болчих юмсан энэ гүйлтээрээ...

Ганц нэг солонгос савангийн дуурь үзсэн. Донтох шинжтэй юм билээ. Одоо нэгийг үзээд дуусах гэж байгаа. Дуусахаар нь завсарлана аа. Цагийн дайсан. Нэг ном уншаад эхэлчихсэн. Олигтой урагшилдаггүй. Гарчиг нь сонирхолтой байсан.

Эхний хэдэн хуудас судалгаа энэ тэр гээд жаахан чухал чухал зүйл бичээстэй болохоор тэр байх...

Нэг хөөрхөн зураг орууллаа шүү. Угтаа зураггүй бичлэг болгох гэсэн чинь тэвчсэнгүй ээ. Гэрээр бас дүүрэн ийм улаан шаргал навчис хөглөрч буй. Бага зулзагатайгаа зугаалж явахдаа түүсэн.

11 сараа амжилттай дуусгахыг өөртөө хүсье. Мөн та нартаа ч бас амжилт шүү.

2020年11月4日水曜日

Токиогоос амттан

Байсхийгээд л идсэн уусан зураг оруулдагт уучлаарай. Гэхдээ мартахгүйн үүднээс л өөртөө зориулж оруулдаг шүү. СБА шүү.

Токиогоос манайхыг зорьж ирсэн. Гайхаж байна уу? Хаа байсан тэр холоос талх гээд. Их учиртай талх. Амттай болохоор хүн их авдаг, холоос зорьж очдог хүмүүс ч байдаг гэсэн.  

Хэт их нялуун биш, тун аятайхан амттай юм билээ. Дангаар нь л идчихсэн. Талхаа барьж эхэлдэг юм билүү гэж бодоод явдгаа хэрэгжүүлэх санаатай л дуншаад байгаа. Хи хи.

За тэр чоко бас учиртай. Талхтай хамт ирсэн л дээ. Кобэ хотод зардаг. Манайд хүмүүс хааяа бас өгдөг юм. Томчууд бид дуртай нь аргагүй идсэн. Бага зулзага мэдэхгүй болохоороо нэг их тоохгүй. 

Гэснээс саяхан эгчийнхээ зайрмаг долоож байсныг харчихаад дуурайж долоох гээд дайраад байсан. Болохгүй шүү л гэлээ. Нэг амтыг нь авчихвал ч...

Гэх мэтчилэн амттаны сар хаяанд тулжээ. Хүүхэд насны минь хамгийн гоё баяр тул, сэтгэл догдлоод бялуу зялууг хайр найргүй идчихдэг шүү, нөхөөр. Жин мингээ бодоорой гэж дотор хүн минь загнаастай...

Та нар бас дотоод хүнтэйгээ сайн зөвлөлдсний эцэст идэш мидэш, бялуу мялуугаа идээрэй мэдэв үү? Ккккк

Түр баяртай, амжилт хүсье.

2020年11月3日火曜日

Алтан намар

Эх оронд минь алтан намар нь дуусаад өвөл цаг айсуй шиг...

Суугуул нутагт минь алтан намар үргэлжилж байна. Нэг хэсэг гэнэт өвөл болчих шиг байснаа, сүүлийн хэд хоног налгар байлаа. Ганц нэг бороотой өдөр байсан байсан...

Навч унаад, навч шаргалтаад, навч улайгаад. Би ийм унасан навчинд дуртай. Дээгүүр нь сажигнатал алхахаар таатай мэдрэмж авдаг. Хэ хэ. Ямар сайндаа жаахнаатайгаа алхахдаа навч түүж энэ тэр.

Ажлын газрын ойрхон алхжээ явахдаа дарсан зураг. Ойрд энэ зүг рүү алхаагүй, эсрэг зүгт алхсан байна лээ. Өнөөдөр бага зэрэг бороо шивирсэн романтик өдөр байсан. 

Гэм нь өдрийн цайныхаа цагаар тул яаран сандран алхаад, юун тэр романтик мэдрэмж энэ тэр авах. Хоцролгүйхэн шиг ажилдаа хүрэх...

Энэ гурван зураг нэг жижиг голыг дагаад л дараад явсан зураг шүү. Энэ жижиг гол их цэвэрхээн. Өөрийн эрхгүй төрөлх хотынхоо Сэлбэ голтойгоо харьцуулаад байдаг. Сэлбэ голоо тухайн үед хайрлан хамгаалах минь яав даа гэж бодно. 

Хүүхэд байж дээ гэж өөрийгөө цагаатгана. Ногоон нуурын эрэг хавиар ганц нэг тоглодог байлаа, хүүхэд нас минь.

Кооёо буюу эндхийн намар цагийн үзэсгэлэнт байгалийн дүр зургийг буулгахаар уул хад явна гэж төлөвлөж байсан чинь хань ижил гольф тоглоно гээд. Ажлынхан нь жилд нэг удаа гольфийн тэмцээн зохиодог, тэр нь таарчихаад. 

Чаддагаар нь уруулаа цорвойлгоод л үлдлээ. Гарахад нь бас дуугай байхгүй, амжилт хүссэн. Шагнал хаа юм? Ха ха ха.

Энэ жилийн өвөл цас их унана гэсэн. Хичээнэ ээ, бакалаа өмсөж байгаад л...

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2020年11月2日月曜日

Заал

Дунд зулзага долоо хоногийн 4 өдөр нь зааланд бэлтгэх хийдэг. Хичээлээ тараад хоёр өдөр, хагас бүтэн сайнд гээд нийлээд 4 өдөр. 

Арай л олон өдөр үү? гэж бодох ч гүйж харайдаг болоод буй зулзагаа бодохоор дэмий зурагт шагайж сууснаас л дээр гээд амаа жимийх.

Энд тэндхийн заалных нь гоё сайхныг гайхаад л явна шүү дээ. Энэ нэг хөдөөний нэгэн аймгийн жижигхээн бага сургуулийн заалны тааз. 

Таазнаас сагсны шийд бууж ирнэ. Хүүхдүүд бэлтгэлээ хийгээд дууссаны дараагаар буцаагаад дээш нь хураана. Мундаг уу? 

Гэх мэтээр юм үзэж нүд тайлаад ирэхээр эх орны минь арван жилийн сургуулийн орчин гэж бас л хөөрхий, үнэн гологдоно тийм ээ? 

Тамирын заалгүй сургууль ч байдаг гээд бодохоор иргэд нь яаж ч хөдөлгөөнтэй эрүүл саруул байхав дээ. Өөрөөсөө жишээ аваад харахад л хөдлөх, дасгал хийх асар дургүй хүн болж л хүмүүждэг байх. 

Мэдээж бүгд над шиг хөдлөх дургүй бол биш л дээ. Сүүлийн үед харин энд тэнд иога, фитнес гээд хөгжөөд, хүмүүс спорт сонирхож эхэлж байгааг овжин ашиглаад заал энэ тэр олширч л байгаа сурагтай. 

Гэхдээ мөнгөө төлөөд явах нь хэр билээ дээ. Тэгэхээр иргэдтэйгээ, ирээдүйтэйгээ ойрхноор нь цэцэрлэг, сургууль, их сургуулийн заал, гаднах спорт талбайг нь хэвээр нь үлдээх, хүүхдэд ээлтэй болгож тохижуулах л чухал юм шиг ээ. 

За тэгээд шинэ хотын дарга багаасаа спорт? хөөсөн хүн байна даа. Энэ талаар бодож байгаа байх даа. Ха ха. Бусад олон туслах? орлогч нар нь өөр өөр салбарыг нь бодоод явчих биз? гэж найднам...

Өнөөдрийн бодрол нэг иймэрхүү. Гэснээс бага зулзагатаа шийдийг нь зоож өгсөн. Өнөөх нь "зоож" энэ тэр. Дараа зураг орууламз.Түр баяртай. 

Бүгдэд нь амжилт хүсье...

2020年11月1日日曜日

Туулайн бөөр

Туулайн бөөрийг энд их иднэ ээ, хүмүүс нь. Би ч нэг их тоодоггүй л юм. Байвал иднэ, байхгүй бол тэр бүр худалдаж аваад байдаггүй. Энд тэнд гадуур хооллохдоо цэсэнд нь туулайн бөөртөй будаа гэж байвал харин захиална. 

Нэлээд дээхэн уулынхан минь өгч явуулсан. Охидын захиалгаар будаандаа хамт агшааж идсэн. Боломжийн шүү. 

Энэ түүхийгээрээ байгаа байдал. Өөрөө зураг авч амжаагүй тул, интернетээс туучихлаа. Болж байна уу? Үгүй юу? 

Жимс гэж үздэг юм билээ тийм ээ? Ногоо гэхээр бас жаахан сонин уу? Самар ч юм уу? Японд ч бас жимсэнд тооцдог гэнэ. Тийм болоод л бялуу энэ тэрд их хэрэглээд байдаг юм байна шүү дээ. 

Мэдэж авлаа, урд нь нэг их сонирхдоггүй байж. 

За тэгээд будаатайгаа хамт агшаах гэсэн их ажиллагаа шаарддаг юм билээ. Эхлээд буцалсан халуун усанд минут орчим хэртэй байлгана. Гаргаад, хөргөөд гаднах бор хальсыг нь авна.

Тэгээд дараагаар нь доторх шар хальсыг нь авна. Үүнийг ч яахав хутгаар, нэг бол хальслагчаар авчихдаг юм билээ. Дээрх бор хальсыг нь болохоор жимснийхээ бөгсөн? хэсгийг нь хутгаар хэрчиж аваад, тэр эрчээр нь гараараа хальсалдаг юм байна лээ. 

Жаахан ойлгомжгүй тул та нар техник технологийн эрин үеэ ашиглаад олж мэдэж аваарай. Том зулзагын хэлэх дуртай үг "Техникийн хурдацтай цаг үед амьдарч байна. Түүнийгээ ашиглаж эрж хай, судал, суралц". 

Хүүе би ээж нь шүү гэж хэлмээр болдог шүү, хэ хэ. 

Энэ арилгаад, хэрчээд будаандаа хийчихээд байгаа нь. Том бол голоор нь хувааж хэрчихэд болдог юм билээ. Бага зэргийн давс, бага зэргийн хоолны архи, бага зэрэг мирин буюу sweet sake хийц хутгаад агшаана. 

Дажгүй амттай болсон. Болоод, тавагласан зураг дарж амжаагүй байна. Ирэх жил зөвхөн тийм зураг дарж оруулна аа. Амлая.

За өөр ч зүйлгүй дээ. Түр баяртай. Намын налгар өдрүүдээ сайхан өнгөрөөгөөрэй. Бүгдэд нь амжилт шүү...

2020年10月31日土曜日

Конкурсны хүүхэд 2

Том зулзага минь толгой өндийх завгүй л хичээл хийж байна. Гэж найдаж байгаа. Өрөөндөө ороод таг чиг байдаг тул. Хэ хэ. Хааяа л нэг пир пар гэж сандал энэ тэр нь түжигнэх чимээ гарна. 

Өнгөрдөг толоо хоногт шалгалттай байсан. Хагас сайнд нь бас шалгалт, дугуйлан гээд бүтэн өдөржин эзгүй байсан. 

Энэ хагас сайнд конкурс өгөх гэж байгаа их сургуулийнхаа загвар шалгалтыг өгнө. 2 удаагийн шалгалтыг 2-уланг нь өгнө. Дараагийнх нь 11 сар гараад байсан. 

За энэ шалгалт ч яахав байнга өгсөөр байгаад бид дөжирсөн. Өөрөө бол дөжрөөгүй л дээ, жаахан залхах янзтай...

Нэг том сонин нь гэвэл бид их сургуульдаа очиж шалгалт өгөх тул зочид буудлаа захиалсан. 2 долоо хоногийн өмнө л дөө. Хаа байсан ирэх жилийн 2 сард болох конкурс шүү дээ. Сүртэй юм гэж бодож байна уу? 

Сүртэй сүртэй. Эд чинь жилийн өмнөөс бүх ажлаа төлөвлөдөг улс шүү дээ. Зочид буудал аягүй л бол сул өрөөгүй болчихно. Шалгалт гээд сэтгэл санаа нь айдастай байгаа зулзагатаа өөр асуудлаар нэмэр дараа болчихгүй санаатай. 

Ингэж эртнээс бэлдэж эхэлж байна. Зулзагатайгаа нэг өрөө биш, тус тусдаа өрөө захиалсан. Зоослог байна уу? Хэ хэ. Таньдаг ганц нэг хүнтэйгээ уулзах санаатай, ээж. Орж гарах гээд л төвлөрч суухад нь садаа болчихгүй санаатай. 

Аан тийм, конкурсныхаа өмнөх өдөр нь биш запас нэг өдрийн өмнө очиж буудаллана. Учир нь гэвэл өмнөх өдрийнх нь өглөө нь яг л конкурс өгөх гэж байгаа юм шиг хувцаслаж, үзэг бал энэ тэрээ бэлдээд гарна. Галт тэрэгээр, метрогоор гээд явж очдог тул цагийн багцаа энэ тэрээ мэдэж авэх гэж сургуулилалт хийнэ. 

Мундаг байна уу? Зарим хүмүүс тэгж сургуулилалт хийдэг гэсэн ээж ээ гэхийг хань ижил сонсоод, ер нь та 2 ч бас тэг, запас нэг өдрийн өмнө яваад оч гэсэн. 

Нээрээ л бодоод байсан, цаг нараа төлөвлөж, урьдчилан судлахгүй бол хоцорч барьвал хэцүүеэ, тийм ээ? Эд нараас суралцах зүйл их байх юм даа. Өнгөц харахад сүртэй юм шиг хэрнээ уужуухан бодоод үзэхэд аливаад хариуцлагатай л байх хэрэгтэй юм. 

Хоцорлоо гэхэд хүний өмнөөс конкурсдах гэж байгаа биш гээд хүлээж авах нь лөөлөө биз дээ?

Мөнгөө бодвол үгүй ээ л гэмээр. Хүн ч тэгээд үр зулзагынхаа төлөө мөнгийг цацдаг ч, хэмнэдэг ч байдаг юм байна. 

Хүний амьдралын дурсгалт өдөр, ганц л тохиох конкурсны хүүхэд хочыг нь хүндэтгээд, яг энэ удаад хэмнэнэ гэдэг үгийн сангаасаа авч хаясан. Тэртэй тэргүй наана нь ч, цаашид ч хэмнэх гэдэг үгийг амны уншлага болгох тул...

За тэгээд томоо маамаатай ээж аавуудад амжилт хүсье ээ.

2020年10月30日金曜日

Орчин 2

Нэг сургууль орсныгоо юу гэж бодоов? гэдэг шиг л. Тосгоны нэгэн ахлах сургуулийн орчинг биширч ирчихээд л, зураг дарсныгаа эндээ оруулж үлдээх санаатай...

Сургуулийн харъяа талбайн төв хаалга. Цаашаа бас нэлээд алхахаар засмал зам бий. Жаахан бүрхэг өдөр таарсан. 

Эхний зурган дээрх засмал замын хоёр хажуугаар ийм "ой мод"-той. Бага зулзагын минь хайртай Тоторо амьдарч буй юм шиг мэдрэмж төрүүлнэ.
 

Эд нар модыг их хайрлана аа. Олон зуун жилийн настай бол бүр ч их. Бүр хэдэн зуун жилийн өмнөөс ургаад, диаметр нь тэд гэж мэгээд, бүр жуулчдыг татдаг нэг зүйл болгочхдог хүмүүс шүү дээ.

Өөрийн эрхгүй эх орон минь ч ой модны орон болоосой гэж бодно оо. Өөрөө гадаадад гарчихаад юу гээд байгаа юм? гэж бодож байна уу? 

Чинагийн Галсан гуайг мэддэг, дуулсан биз дээ? Ирээдүйн Галсан ч болох юм билүү? Ерөөл бат оршиг. 

Эх орондоо буй та нар минь хичээгээрэй. Бүгдэд нь амжилт...

2020年10月29日木曜日

Хушга

Хушга хагалж иддэг л байсан биз дээ? Алхаар хага цохиж ирээд л тийм ээ?

Хань ижил түрүүчийн сар ганцаараа уу яваад ирсэн юм. Олон болзолтой явна аа,  замдаа зогсож элдэв үйлчилгээний газраар орохгүй байх, очоод ч бас хөдөөнийхөө ээж аавынхаас өөр айл хунараар орохгүй байх гээд л. Хэ хэ. 

Тэгсэн нэг орой нь хоол идээд сууж байсан тог тог гээд л дуугараад байж. Асуусан чинь хушганууд нь унаад байгаа юм аа л гэж. Маргааш нь хэрэг болгож сонирхоод, гарч түүсэн гэсэн.

Гадуураа ийм хальстай байдаг юм байна. Ийм хальстай? гэдгийг анх удаагаа л мэдлээ гэсээр хань ижил тор дүүрэн хушгатай ирсэн. Хайр хүрмээр. Намайг дуртай, хааяа авч иддэг, нэлээд үнэтэй тул байнга бас түрийвч зөшөөрдөггүй гэж уулынхантайгай ярьсаар л түүсэн гэсэн.

Томоос нь авахуулаад эгнүүлж тавиад л зураг дарсан гэж байгаа. Үнэн завтай тийм ээ? Та нарт ойлгомжтой байлгах гэж тэр шүү дээ. Хүний хөдөлмөр үнэлнэ шүү, нөхөд.

Эхний хоёр нь хальстайгаа. Дараагийн гурав нь ястайгаа? Хамгийн сүүлийнх нь хушга гуай гэгээн дүрээрээ.

Хамгийн сонирхолтой нь бид арван хэдэн жил уулынхандаа очиж байж ерөөсөө мэдээгүй. Бодвол яг унадаг цаг үетэй нь таараагүй байх. Тэд нар өөрсдөө нэг их тоохгүй юм, тоодог байсан бол түүчихээд таваглах байсан байх даа. Зочломтгой улс шүү дээ...

Бас нэг сонин нь алхаар хагалж иддэггүй юм билээ. Тусгай бахиар базаж хагалдаг юм билээ. Хань ижил тэр бахийг нь зээлээд аваад ирсэн байвал яах уу? Хи хи. Дараа очихдоо аваачиж өгнө. 

Бахьных нь зургийг аваагүй байна. Би ажлаа муу хийсэн байна аа тийм үү? 

Дараа дараагийн ажлаа сайн хийнэ ээ. Хи хи. 

Ирэх жил очиж өөрөө түүж ирнэ ээ. Шуналтай хүн гэж...

Бүгдэд нь амжилт хүсье өө.

2020年10月28日水曜日

Илжгэн чих

Жил бүр л зураг хөрөг оруулдаг шүү. Та хэд минь СБА шүү тэгээд. 

Энэ жил ногоо цагаа, жимс жимсгэнэ нэлээд үнэтэй талдаа. Тийм болохоор наана нь худалдаж авахгүйг хичээгээд л. Хэ хэ. Таньдаг хүн, эмээ өвөө нарыгаа өгөхийг асар тэвчээртэй хүлээж энэ тэр. 

Энэ зурган дээрхийг ажлын газрын минь байнгын үйлчлүүлэгч бэлэглэсэн. Тор дүүрнийг авчраад, бид хувааж авсан. Тэгсэн орой нь хөрш эмээ минь идэх үү гэж мессеж бичиж байна. Иднэ ээ гээд л гүйж очоод  тор түүрнийг авсан. 

Тор дүүрнийхээ зургийг дарна даа гэж байсан чинь жимс маань дуусчихсан. Нэг л мэдэхэд. Голцуу би идсэн байна лээ. Ховдог чинь. Ингээд чи хөвсгөрөөсөө салахгүй байгаа юм мэдэв үү?

Одоо цаана нь хоёр ч хүн байх ёстой. Ижлгэн чих тариалдаг. Жил бүр хатаасныг нь надад өгч явуулдаг нэг залуу бий. Зун хальт таарахдаа энэ жил ч гэсэн өгөөрэй гэж хэлээд амжсан.

Гадилыг ч яахав, худалдаж авч иднэ ээ. Том зулзага, бага зулзага бид гурав сайн иднэ. Хань ижил, дунд зулзага хоёр л идэхгүй. Сонин. Хань ижил гэхдээ сайн дур нь хүрвэл иддэг. 

Би монголд анх гадил жимс зарж эхлээд л, гудамжиндаа жимсний орон шиг л жимс зардаг улиралд ээжтэйгээ хамт булагнаад авч идээд. Маш өндөр хүлээлттэй нэг хазаад л байхгүй. Гаргаж хаяж байснаа санадаг юм. Амт нь биш анх удаа тийм нялцгай зүйл идээд тэр байх гэж бодоод байдаг юм.

Ээж минь болохоор маш амтархан идсэн. Миний хувийг ч бас. Хэ хэ. Элдэм амттан, жимс ховор, тарчигхан ч гэсэн бага нас минь их эрүүл, амьд харилцаатай, хөдөлгөөнтэй, хөгжилтэй байж дээ гэж боддог шүү...

Самар, хушгыг том зулзага, хань ижил, бид гурав сайн иднэ. Хоёр бага минь идэхгүй. Самарны том паянтай шүү дээ бид чинь. Өмнөх блогт өнгөтөөр бичсэн байдаг шүү. Сонирхож байвал орж уншина биз дээ. 

Тэрнээс хойш самрыг бага насны хүүхдэд ойртуулж ер болохгүй. Нэг хэсэг худалдаж авдаггүй байснаа, ойрд харин авчихаж. Самар бичдэгээ өөрөө нэг унших хэрэгтэй юм байна. 

Тавагтай самраа дээш нь тавих юм байна шүү...

Уншигч олондоо амжилт хүсье өө.

2020年10月27日火曜日

Ойр зуур

Өдөр бүр бичдэг хэрнээ ойр зуур гэчихжээ. Хэ хэ. 

Долоо хоногт 2 удаа үгийн сүлжээ таана аа гэж бичиж байсан санагдана. Япон хэл дээр тул мэдлэг хүрэхгүй ээ. Интернэт энэ тэрээс хайж, амьтан хүнээс асуух гээд бөөн сүр болж байж тааж дуусгана. 

Заримдаа бүр сачий хүрэхгүй, орхичихно оо. Зүйр үг, хэлц үг гээд зөндөө зүйл мэдэж авдаг тул угтаа бол дуустал нь л үзэж тарна. Шалгасан бүх үг хэллэгээ тэр бүр цээжлэхгүй ээ. Хоолтойгоо холиод идсэн байх тохиолдол олонтаа. 

Дээр нэг багшийн хэлснээр, мартчихдаг юм чинь гээд тоохгүй, сурахгүй явах дэмий. Аль болох эрмэлз, оролд, эхэндээ мартаад л байна, нэлээд сүүлд харин толгойд чинь орчихсон байна гэснийг санан санан бөглөнө өө гэж...

Багадаа гэрийнхэнтэйгээ нийлж үгийн сүлжээ их бөглөдөг байж билээ. Хүүхэд насны минь гэгээхэн нэгэн дурсамж. Ааваасаа их асууна аа. Ээж минь чимээгүйхэн ажиж сууснаа яг эгзэгтэй үед хэлж өгдөг байж билээ. 

Өө бас нэг үгийн сүлжээг гэртээ авч хариад дунд зулзагаараа таалгадаг. Зулзага минь мэдээж ээжээсээ, ааваасаа, эгчээсээ асууна. Таагаад дууссаныгаа гэрийн даалгаварын нэг хэсэг болох бие даалтандаа хайчлаад наачихдаг гэж байгаа. Хи хи. 

Үгийн сүлжээтэй сонин гардаг өдрийг тэсэн ядан хүлээдэг. Гэснээс 9 сард тэр хүүхдэ зориулсан сонинд Чингис хааны тухай цуврал гарсан. Түүнийг бас бие даалтандаа ашигласан.

Тухайн улиралдаа тохируулаад, улирлын онцлогтой зүйлс их таалгана. Таагаад буцаагаад шуудандвал уг нь шагналтай байдаг юм билээ. Би залхуураад л... Нэг нартай сайхан өдөр шуудандаж үздэг юм билүү?

Монголд гоё үгийн сүлжээтэй сонин гардаг хэвээрээ биз дээ? Дараа нээрээ тийм сонин захиж авчруулна аа. Сонин байх байх тийм ээ? 

...Эндээ л бухимдахгүй, гэгээлэг зүйл бичих юм дөө гэж. Нүүр ном шагайхаар бөөн бөөн хар мэдээ. Цирк, хотын дарга, хүүхдийн хүчирхийлэл, цар тахал, хилээ нээхгүй гэх мэт. Заримдаа ч эрүүл хүн ажилладаг болов уу гэж бодоход хүрэх. Гандан буурахгүй, түгээчихнэ ээ өнөөх чинь... Хэ хэ.

Уншигч олон бас үгийн сүлжээ их тааж байгаарай. Бүгдэд нь амжилт хүсье...

2020年10月26日月曜日

Зургийн хичээл

Шинэ долоо хоногийн мэнд ээ. Удахгүй сар дуусах нь. 

Бага зулзагатайгаа зургаа зурсаар л байгаа шүү. Сүүлийн үед зурагтаар Тоторогоо үзэх гэж нэхэж уйлаад байдаг болсон. Аминдаа зурагт үзүүлэхгүй санаатай, ингэж цаас дэлгээд л суудаг гэж байгаа.

За үүнийг том эгч нь дүүдээ зурж өгсөн. Сайхан ааш нь хөдлөхөөрөө дүүгээ ингэж саатуулж өгнө. Конкурсны хүүхэд гээд залаад ирсэн бурхан шиг байгаа гэсэн дээ. Үе үе бас сайхан ааш нь хөдлөх юм аа, бурхны минь. Хи хи.

Ээжийн зурсан нэг иймэрхүү. Гэхдээ ээж бас бага зэрэг сайжраад л байх шиг байна шүү. Хо хо. Авъяасгүй хүн гэж авъяасгүй л байдаг шиг ээ. Яаж ч хичээгээд нэг иймэрхүү. Хүнд үзүүлэхээс ч ичмээр дамшиг гэдэг шиг л болсон байгаа биз дээ?

Бага зулзагын уран бүтээл. Хамгийн хөөрхөн нь, хамгийн мундаг нь. Балаа маш эвлэгхэн барина. Дугуй дүрсийг маш чадварлаг зурна. Ээж хамгийн том шүтэн бишрэгч нь. Хоёр томыгоо ч бас тэгж л балейшигладаг байсан. Хүчинд нь намайгаа бодвол зурчихна аа.

Өчигдөр дунд зулзага тосон харандаануудаа гаргаад ирчихсэн, цугтаа зурж харагдана лээ. Дараа зургийг нь оруулна аа. Тосон харандаанууд ч хөөрхөн, элэгдсэн байсан. 

Нэг иймэрхүү амралтын өдрийн хүүхэд харах ажил өндөрлөлөө дөө. 

Бүгдэд нь шинэ долоо хоногтоо ажлаа, хичээлээ гээд л бүгдийг уламлзуулаад өгөөрэй гэж хүсье өө.

2020年10月25日日曜日

Шударга худалдаа

Монголоор ингэж орчуулдаг эсэхийг сайн мэдэхгүй ч, нетээс хайж үзсэн чинь нэг иймэрхүү л ойлголт гарч ирж байна.

Англиар Fair trade. Үүнийг нь японоор тэр чигээр нь хэрэглэдэг. Нэлээд дээхэн ийм шударга худалдаагаар зарагддаг боргол, шоколадны тухай уншиж байсан санагдана.  

Өнөөдөр энэ номыг уншиж дуусгав. Safia Minney гэдэг хүүхний бичсэн ном. дэлгэрэнгүй сонирхож байвал интернетээс хайгаад, уншина биз дээ? 

Номын гарчиг нь "Ганган эко дэлхийг аварна" гэх юм болов уу? Яруу сайхан орчуулга хийнэ гэдэг ч хүссэн бүхний ажил биш шиг байгаа юм. Ямартай ч уншаад л явах минь гэж боддог болоод өө, сүүлийн үед. 

За тэгээд анх яаж энэхүү шударга худалдааг мэдэж авсан? Олон хүнд танилцуулах, мэдүүлэхийн тулд хэрхэн ямар замыг туулсан, гэх мэт дурдатгал ном. Харьцангуй хүнд ханз ховор, уншихад урамтай байлаа. 

Шударга худалдаа гэдэг нь үйлдвэрлэгчдээс шууд бүтээгдэхүүнээ авах. Дундуур нь ченж энэ тэрээ орохгүй. Тэгвэл үйлдвэрлэгчид нь орлого нь сайжирна, элдэв химийн гаралтай нэмэлт зүйл хэрэглэхгүйгээр, аль болох ориг бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гар дээр очно. 

За тэгээд зээл авах, зээлээ хугацаанд нь төлөх, бараагаа борлуулах зэрэгт тулгардаг бэрхшээл зэргийг цухас дурджээ. 

Нөхөр нь ажлынх нь ч амьдралынх нь ч хамтрагч байж чадаж буй гэнэ. Бизнесээ хүүхдүүдтэйгээ хамт өсгөөд яваа гэнэ. Ээжийнхээ ажлын онцлогийг дагаад хоёр хүүхэд нь ч Fair trade-н талаар ойлголт сайтай, эргэн тойрондоо энэ талаар бас сайн сурталчилдаг гэнэ. 

Хүмүүс алив зүйлсийг худалдаж авахдаа цаана нь ямар хүмүүс хэрхэн зовж шаналж байж уг зүйлийг нь бүтээдэг болох? Байгаль орчин хэрхэн бохирдож байдаг талаар мэддэг байх хэрэгтэй. Хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байдаг бизнес ч байдаг. 

Нэлээд дээхэн очир эрдэнийн тухай ном уншаад, ер нь дэмий зүйл гэж мэдэж авсан юм даг. Урдныхаа блогт бичсэн байгаа шүү. 

Мөн энэхүү Fair trade-р худалдаа хийхээр дэлхийн хамгийн ядуу гэсэн орнуудын үйлдвэрлэгчид, иргэдэд орлого оруулж буй гэж бодохоор аз жаргал мэдэрдэг гэнэ. 

Би бас хойшид иймэрхүү бүтээгдэхүүнийг судлана аа. 

Мөн англид  "You are what you eat" гэдэг үг байдаг гэнэ. Хүнсний зүйлдээ ч их анхаардаг, гоо сайхны бүтээгдэхүүн нь ч Fair trade-нх байдаг гэнэ. 

За нэг иймэрхүү. Аль 10 жилийн өмнөх ном байна. Их л хоцорч байна даа би ч.

Бүгдэд нь амжилт хүсье. Сонголт бидний гарт...